Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол –бага хурлын эхний өдөр

17-04-2015, 02:45  |  Хэвлэх

2015 оны 3 дугаар сарын 24

Энэтхэг, Дели, 2015 оны 3 дугаар сарын 24- Олон улсын хоёр өдрийн бага хурал өнөөдөр Делигийн их сургууль дээр эхэллээ. Энэтхэгийн эртний уламжлалт мэдлэгийг судлагч эрдэмтэн багш нар эд баялгийн зорилгоос гадна ёс зүйн үнэт зүйлийг бүх нийтийн бүрэн боловсролд тусгахад хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар авч хэлэлцэв. ДС Котарийн нэрэмжит Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсролын төвд нэээгдсэн уг арга хэмжээнд Делигийн их сургуулийн оюутнууд оролцсон байна. Эхний хуралдааныг даргалагч, проф. Минакши Тхапан: “Д.С.Котари нь шинжлэх ухаан, боловсрол, хүний үнэт зүйлсийг нэгтгэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөн гарамгай багш, агуу хүмүүжүүлэгч байсан” хэмээв. Түүний хувь нэмрээ оруулсан гол зүйлсийн нэг нь дунд боловсролын асуудлаархи Котарийн зөвлөлийг байгуулсан явдал ажээ.

Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол –бага хурлын эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делигийн их сургууль дээр зохион
байгуулагдсан “Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол” сэдэвт олон
улсын бага хурлын нээлтэн дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Дели, 2015.3.24. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Боловсролын тогтолцоонд иргэний ёс зүйг тусгах талаар мөн хүчин чармайлт гаргаж байгаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг бага хурлын нээлтийн ажиллагаанд урьсан байна.

“Ахан дүүс нар аа, хүндэт профессор багш нар аа! Делигийн их сургууль Монголын талын дэмжлэгтэйгээр энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Бодит ертөнцийг танин мэдэх чухал арга барилыг шинжлэх ухаан бидэнд суулгадаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Аливаад хандах таны хандлага амьдралд ойр байгаасай гэж хүсч байгаа бол бол бодит ертөнцийг ойлгох нь чухал. Хэрвээ бид түүнийг ойлгоогүй бол аливаад амжилт гаргахгүй.”

“Би хүүхэд байхаасаа л шинжлэх ухааныг сонирхдог байсан. Юмс хэрхэн яаж ажилладаг нь надад дандаа сонин байдаг байсан. Надад өгсөн механик цаг, тоглоомуудаар нэг хэсэг тоглож байгаад, дараа нь хэрхэн ажилладгийг нь мэдэхийн тулд задалдаг байж билээ. Сүүлдээ би тоглоомоо эргүүлэн угсарч чаддаг болсон.”

Тэрээр шинжлэх ухааныг сонирхох хүсэлдээ хөтлөгдөн, ‘шинжлэх ухаан бол шашныг хөнөөгч’ гэсэн найзынхаа үгийг үл тоомсорлон, 30 гаруй жилийн өмнөөс эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлэх болсон байна. Үүний үр дүнд “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэн байгуулагдсан бөгөөд энэ удаагийн уулзалтыг тус хүрээлэн хамтран ивээн тэтгэж байгаа ажээ.

“Сэтгэл оюуны тухай эртний Энэтхэгийн мэдлэгийн талаар улам ихийг мэдэхийг өнөөдөр олон эрдэмтэн хүсэх боллоо. Оюун ухаан бол тархины бүтээгдэхүүн буюу тархинаас бүрэн хамааралтай зүйл учраас тархи үхвэл оюун ухаан үхнэ гэж тэд эхэндээ баталдаг байсан. Харин одоо сэтгэл оюуны дадлаар тархинд нөлөөлж болно гэдгийг баттай нотолж байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол –бага хурлын эхний өдөр
“Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол” сэдэвт олон улсын бага хурал
дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хэлсэн үгийг сонсч байгаа
оюутнууд. Энэтхэг, Дели, 2015.3.24. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Өнөөдөр бид тархи хийгээд зүрх сэтгэлээ харилцан тэнцвэргүйгээр хөгжүүлж байгаагаас олон асуудалтай тулгарч байна хэмээн тэр тэмдэглэн хэллээ. Хүмүүс бидэнд сэтгэлийн сайхныг хөгжүүлэх асар их боломж байдгийг үл ойшоон, хүчирхэг тархи хөгжүүлэх асуудалд хэтэрхий их анхаарч байна. Эхийн хайрыг амталсан хэн боловч эргээд бусдад хайр энэрэл үзүүлэх чадамжтай болдог. Бие биендээ тусалж байгаа болон бие биендээ саад болж байгаа хүмүүсийн зургийг эрдэмтэд балчир хүүхдүүдэд үзүүлэн туршилт хийхэд хүүхдүүд тусламж үзүүлж байгааг илүү их үзэж байгаа нь харагдсан. Өгөөмөр байх, тусархаг байх нь хүний үндсэн мөн чанар гэдгийг дээрх явдал харуулж байна. Хэрвээ бид ядуу байсан ч, халуун сэтгэлтэй бол бид аз жаргалтай байх боломжтой, харин баян чинээлэг хэрнээ амин хувиа хичээсэн үзэл нь биднийг аз жаргалгүй болгоно гэдгийг эрүүл ухаанаар ойлгож болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнээс нэг тэрбум нь аль нэг шашныг сонирхдоггүй гэдгээ хэлсэн байдаг. Ихэнхдээ шашинтай холбон тайлбарладаг хүний дотоод үнэт зүйлс нь хүний үнэт зүйлсийн бодит эх сурвалж учраас тэдгээр хүмүүст энэ ухагдахууныг хэрхэн хүргэх вэ хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуулаа. Шашны бүх уламжлалын хийгээд шашингүй үзэлтний үзэл бодлыг тэгш хүндэтгэн үзэх Энэтхэг уламжлал, иргэний хандлагаар ёс зүйд хандах шаардлагатай байгааг тэр тэмдэглэв. Шинжлэх ухааны ололтод тулгуурласан иргэний ёс зүй, нийтийн туршлага, эрүүл ухааныг иргэний боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхэд хэцүү биш. Хэрвээ үүнийг хийж чадвал 21 дүгээр зууныг энх тайвны, нигүүлслийн зуун болгох найдвар биелэх бодит боломж гарна хэмээн тэр өгүүллээ.

Сургуулийн дэд захирал, хинди хэлний багш, профессор, Судхиш Пачаури хинди хэлээр товч үг хэлэн, Дээрхийн Гэгээнтэн болон хурлын бусад төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв.

Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол –бага хурлын эхний өдөр
Профессор Гананат Обесекер илтгэл тавьж байгаа нь.
Энэтхэг, Дели, 2015.3.24. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Эхний хуралдааныг даргалагч, проф. Тхапан Шри Ланкад төрж, өсч бойжсон боловч Принстон их сургуулийн хүндэт профессор, антропологийн багш болсон Гананат Обесекерийг танилцууллаа. Тэрээр залуу байхдаа хийсвэр номын үгээр буддын сургаалийн тухай уншсан хуурай илтгэлүүдийг сонсч байснаа ярив. Энэ нь даяанчлан явж, бусад багш, даяанч нарын хууч яриаг сонсохоос тэс өөр зүйл байсан.

Нэгэн хос гэр бүл болтол эхнэр нь үргүй байсан тухай түүхийг тэр хүүрнэв. Нөхөр нь хүүхэдтэй болохын тулд өөр нэгэн эмэгтэйтэй суутал хуучин эхнэр нь шинэ эхнэрийг нь хорложээ. Хордсон эхнэр өшөө авахаар тангарагласны улмаас хоёр эмэгтэй дараа дараагийн төрөлдөө муур ба тахиа, бар ба гөрөөс болон төрж, бие биенээ ангуучлах болжээ. Эцэст нь Буддагийн эрин үед тэдний нэг нь хүүхэд, нөгөө нь чөтгөр болон төрсөн байна. Будда ууртай чөтгөрт хүүхдээ тэврүүлэхийг хүүхдийн ээжээс хүсч, тэдний тэмцлийг зогсоох алхмыг хийжээ. Ээж хүүхдээ чөтгөрт тэврүүлэхэд, чөтгөрийн уур хилэн алга болж, уйлж эхэлсэн байна. Үлгэр ярих нь сургалтад асар том нөлөө үзүүлдэг хэмээн проф. Обесекер хэллээ.

Бурхан Багшийн шавь нарын хүсэл эрмэлзэл, оюуны чадавхи өөр өөр байсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тиймээс Бурхан Багш тэдгээрийг бодолцсоны үндсэн дээр адил бус сургааль номоо айлдсан. Хүмүүс харилцан адилгүй байдаг учраас янз бүрийн хандлагаар тэдэнд хандах шаардлагатай. Янз бүрийн шашинд ийм ялгаа байгаа ч, хайр энэрэл, нигүүлсэл гэсэн нийтлэг зорилготой гэдгийг олж харах нь чухал болохыг давтан хэллээ. Харин үүний оронд бид ялгаанд хэт ач холбогдол өгөх аваас ‘бид’ ба ‘тэд’ гэсэн ангилалд хуваагдаж, улмаар энэ нь зөрчилдөөн, хүчирхийллийг буй болгох эрсдлийг дагуулна.

Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол –бага хурлын эхний өдөр
Доктор Радхика Херзбергер үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дели.
2015.3.24. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Оюутны нийтийн хоолны газар Дээрхийн Гэгээнтэн, төлөөлөгчид, оюутнууд хамтдаа үдийн зоог барьсны дараа хуралдаан үргэлжлэв. Жидду Кришнамуртигийн үүсгэн байгуулсан Риши Вэлли Боловсролын Төвийн захирал, доктор Радхика Херзбергер илтгэл тавилаа. Кришнамуртигийн үзэл санааг давтан хүнийг өөрчлөхөд мэдлэг ямар үүрэгтэй вэ гэсэн асуудлыг хөндөв.


Боловсролын ихэнх онолууд оновчтой байх ёстой атал өнөө цаг үед сургалт оновчтой онолоос тэр бүр бүрддэггүй, харин нийгмийн орчны нөлөөнд автсан бодол, мэдрэмжээс бүрдэж байна хэмээн хэлэв. Тэрээр сурах, анхаарах, санах, шийдвэр гаргахад болон нийгмийн үйл ажиллагаанд бидний сэтгэл хөдлөл ихээхэн нөлөөлдөг гэсэн сэтгэл судлаач Антонио Дамазиогийн хэлсэн үгнээс эш татлаа.

Хоёрдугаар хуралдааныг даргалагч, Японы нэрт сэтгэл судлаач Манабу Хонда доктор Мишигишийн Батааг танилцуулсан ба тэрээр Улаанбаатарт шашны боловсрол эзэмшсэнийхээ дараа Гавай болон Японд мэргэжил дээшлүүлсэн байна. Доктор Батаа 1990 онд Монгол улсад ардчилал, эрх чөлөө сэргэсний дараа буддын байгууллагуудаас нийгмийн харилцаанд ороход тулгарч байгаа асуудлуудыг судалдаг ажээ. Тэрээр мөн дахин сэргэн идэвхжсэн буддын шашны олон нийттэй харьцах харилцаа, соёлын, боловсролын түвшний харилцаа орчин үеийн нийгэмд хэрхэн ажиллаж байгааг судалдаг байна.

Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол –бага хурлын эхний өдөр
Доктор Мишигишийн Батаа бага хурал дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Дели, 2015.3.24. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
1979 онд Москвагаар дайран Монголд анх удаа очиход эрх чөлөө Гандан хийдийн дотор багахан, гадна талд нь бараг байгаагүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

“Эрх чөлөөг арай илүү хүрээнд эдлээд эхэлснээс хойш орчин үежих боломж бүрдсэн.
Гэхдээ орчин үежинэ гэдэг нь хүний дотоод үнэт зүйлсээс илүү гадаад хөгжилд илүү анхаарал тавих хандлагатай байдаг” хэмээн тэр хэлэв. “Гэтэл дотоод үнэт зүйлс маш чухал ач холбогдолтой. Буддизм бол Монголын үндэсний онцлогийн нэг хэсэг бөгөөд түүнийг хамгаалах зохистой зам нь сум хийд болон бурхан бүтээхээр үл барам уламжлалт мэдлэгээ хадгалан хамгаалж, амьдралд хэрэгжүүлэх явдал юм.”

Хоёр дахь хуралдааны удаах илтгэгч Ха Винх Тхо Бутан болон Вьетнамд нигүүлсэхүй үзлийг сургалтын хөтөлбөрт тусгасан туршлагаасаа хуваалцав. Үүнтэй холбоотойгоор сургалтын 4 зарчмыг дэвшүүлсэн байна.

Суралцаж сурах
Хийж сурах,
Байж сурах,
Хамтдаа амьдарч сурах.

Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол –бага хурлын эхний өдөр
Ха Винх Тхо үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дели, 2015.3.24.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Сүүлийн хоёр мөр нь хүүхдүүдийн нийгмийн болон сэтгэл хөдлөлийн ур чадварыг хөгжүүлэх шаардлагыг үзүүлж байгаа ажээ. Нигүүлсэл, энэрэнгүй үзэл, сайхан сэтгэлийг төлөвшүүлэн хэвшүүлж болно гэдгийг сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаа харуулж байна. “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнтэй хамтран боловсруулсан “Халамжийн дуудлага” хөтөлбөрийг Израиль, Бутан, Вьетнам зэрэг оронд туршиж байгааг сэтгэл хөдлөн ажиглаж буйгаа Ха Винх Тхо хүүрнэлээ. Энэхүү хөтөлбөрт гурван төрлийн халамжийг онцлон тэмдэглэх бөгөөд эдгээр нь халамж хүртсэнээр талархал илэрхийлэх, өөрийгөө халамжилснаар хувийн зохион байгуулалттай болох, халамжийг түгээснээр бусдад нигүүлсэн хандах явдал юм.

Дээрхийн Гэгээнтэн илтгэлийг анхааралтай сонсож, видео бичлэгийг үзсэнийхээ дараа энд хийсэн зүйлүүдийг ихэд үнэлж буйгаа илэрхийлсэн байна. Танхимд суугаа нэгэн дээрх хөтөлбөрт эргэлзэж буйгаа илэрхийлэхэд “Энэ бол дараагийн залгамж үеэ хүмүүжүүлэхэд чиглэгдэнэ” хэмээн Ха Винх Тхо хариуллаа.

Маргааш бага хурлын үйл ажиллагаа үргэлжилнэ.

Үзсэн: 2 387

Холбоотой мэдээ:
  • "Оюун ухаан, бие, шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний хурал. Франц, Страсбург, Страсбургийн их сургууль. 2016.09.16.
  • Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол -бага хурлын хоёр дахь өдөр
  • Химачал Прадешийн Централ Их Сургууль Далай Ламд хүндэт докторын зэрэг гардуулан ёслол хийв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам Делигийн их сургууль дээр “Шинжлэх ухаан, ёс зүй ба боловсрол” сэдэвт уулзалт ярилцлагад оролцлоо
  • Бангалор хот дахь айлчлал. 2012 оны 11 сарын 26-27
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц