Энэтхэг, Дели, 2015 оны 3 дугаар сарын 24- Олон улсын хоёр өдрийн бага хурал өнөөдөр Делигийн их сургууль дээр эхэллээ. Энэтхэгийн эртний уламжлалт мэдлэгийг судлагч эрдэмтэн багш нар эд баялгийн зорилгоос гадна ёс зүйн үнэт зүйлийг бүх нийтийн бүрэн боловсролд тусгахад хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар авч хэлэлцэв. ДС Котарийн нэрэмжит Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсролын төвд нэээгдсэн уг арга хэмжээнд Делигийн их сургуулийн оюутнууд оролцсон байна. Эхний хуралдааныг даргалагч, проф. Минакши Тхапан: “Д.С.Котари нь шинжлэх ухаан, боловсрол, хүний үнэт зүйлсийг нэгтгэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөн гарамгай багш, агуу хүмүүжүүлэгч байсан” хэмээв. Түүний хувь нэмрээ оруулсан гол зүйлсийн нэг нь дунд боловсролын асуудлаархи Котарийн зөвлөлийг байгуулсан явдал ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делигийн их сургууль дээр зохион
байгуулагдсан “Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол” сэдэвт олон
улсын бага хурлын нээлтэн дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Дели, 2015.3.24. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Ахан дүүс нар аа, хүндэт профессор багш нар аа! Делигийн их сургууль Монголын талын дэмжлэгтэйгээр энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Бодит ертөнцийг танин мэдэх чухал арга барилыг шинжлэх ухаан бидэнд суулгадаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Аливаад хандах таны хандлага амьдралд ойр байгаасай гэж хүсч байгаа бол бол бодит ертөнцийг ойлгох нь чухал. Хэрвээ бид түүнийг ойлгоогүй бол аливаад амжилт гаргахгүй.”
“Би хүүхэд байхаасаа л шинжлэх ухааныг сонирхдог байсан. Юмс хэрхэн яаж ажилладаг нь надад дандаа сонин байдаг байсан. Надад өгсөн механик цаг, тоглоомуудаар нэг хэсэг тоглож байгаад, дараа нь хэрхэн ажилладгийг нь мэдэхийн тулд задалдаг байж билээ. Сүүлдээ би тоглоомоо эргүүлэн угсарч чаддаг болсон.”
Тэрээр шинжлэх ухааныг сонирхох хүсэлдээ хөтлөгдөн, ‘шинжлэх ухаан бол шашныг хөнөөгч’ гэсэн найзынхаа үгийг үл тоомсорлон, 30 гаруй жилийн өмнөөс эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлэх болсон байна. Үүний үр дүнд “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэн байгуулагдсан бөгөөд энэ удаагийн уулзалтыг тус хүрээлэн хамтран ивээн тэтгэж байгаа ажээ.
“Сэтгэл оюуны тухай эртний Энэтхэгийн мэдлэгийн талаар улам ихийг мэдэхийг өнөөдөр олон эрдэмтэн хүсэх боллоо. Оюун ухаан бол тархины бүтээгдэхүүн буюу тархинаас бүрэн хамааралтай зүйл учраас тархи үхвэл оюун ухаан үхнэ гэж тэд эхэндээ баталдаг байсан. Харин одоо сэтгэл оюуны дадлаар тархинд нөлөөлж болно гэдгийг баттай нотолж байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

“Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол” сэдэвт олон улсын бага хурал
дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хэлсэн үгийг сонсч байгаа
оюутнууд. Энэтхэг, Дели, 2015.3.24. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнээс нэг тэрбум нь аль нэг шашныг сонирхдоггүй гэдгээ хэлсэн байдаг. Ихэнхдээ шашинтай холбон тайлбарладаг хүний дотоод үнэт зүйлс нь хүний үнэт зүйлсийн бодит эх сурвалж учраас тэдгээр хүмүүст энэ ухагдахууныг хэрхэн хүргэх вэ хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуулаа. Шашны бүх уламжлалын хийгээд шашингүй үзэлтний үзэл бодлыг тэгш хүндэтгэн үзэх Энэтхэг уламжлал, иргэний хандлагаар ёс зүйд хандах шаардлагатай байгааг тэр тэмдэглэв. Шинжлэх ухааны ололтод тулгуурласан иргэний ёс зүй, нийтийн туршлага, эрүүл ухааныг иргэний боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхэд хэцүү биш. Хэрвээ үүнийг хийж чадвал 21 дүгээр зууныг энх тайвны, нигүүлслийн зуун болгох найдвар биелэх бодит боломж гарна хэмээн тэр өгүүллээ.
Сургуулийн дэд захирал, хинди хэлний багш, профессор, Судхиш Пачаури хинди хэлээр товч үг хэлэн, Дээрхийн Гэгээнтэн болон хурлын бусад төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв.

Профессор Гананат Обесекер илтгэл тавьж байгаа нь.
Энэтхэг, Дели, 2015.3.24. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Нэгэн хос гэр бүл болтол эхнэр нь үргүй байсан тухай түүхийг тэр хүүрнэв. Нөхөр нь хүүхэдтэй болохын тулд өөр нэгэн эмэгтэйтэй суутал хуучин эхнэр нь шинэ эхнэрийг нь хорложээ. Хордсон эхнэр өшөө авахаар тангарагласны улмаас хоёр эмэгтэй дараа дараагийн төрөлдөө муур ба тахиа, бар ба гөрөөс болон төрж, бие биенээ ангуучлах болжээ. Эцэст нь Буддагийн эрин үед тэдний нэг нь хүүхэд, нөгөө нь чөтгөр болон төрсөн байна. Будда ууртай чөтгөрт хүүхдээ тэврүүлэхийг хүүхдийн ээжээс хүсч, тэдний тэмцлийг зогсоох алхмыг хийжээ. Ээж хүүхдээ чөтгөрт тэврүүлэхэд, чөтгөрийн уур хилэн алга болж, уйлж эхэлсэн байна. Үлгэр ярих нь сургалтад асар том нөлөө үзүүлдэг хэмээн проф. Обесекер хэллээ.
Бурхан Багшийн шавь нарын хүсэл эрмэлзэл, оюуны чадавхи өөр өөр байсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тиймээс Бурхан Багш тэдгээрийг бодолцсоны үндсэн дээр адил бус сургааль номоо айлдсан. Хүмүүс харилцан адилгүй байдаг учраас янз бүрийн хандлагаар тэдэнд хандах шаардлагатай. Янз бүрийн шашинд ийм ялгаа байгаа ч, хайр энэрэл, нигүүлсэл гэсэн нийтлэг зорилготой гэдгийг олж харах нь чухал болохыг давтан хэллээ. Харин үүний оронд бид ялгаанд хэт ач холбогдол өгөх аваас ‘бид’ ба ‘тэд’ гэсэн ангилалд хуваагдаж, улмаар энэ нь зөрчилдөөн, хүчирхийллийг буй болгох эрсдлийг дагуулна.

Доктор Радхика Херзбергер үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дели.
2015.3.24. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Боловсролын ихэнх онолууд оновчтой байх ёстой атал өнөө цаг үед сургалт оновчтой онолоос тэр бүр бүрддэггүй, харин нийгмийн орчны нөлөөнд автсан бодол, мэдрэмжээс бүрдэж байна хэмээн хэлэв. Тэрээр сурах, анхаарах, санах, шийдвэр гаргахад болон нийгмийн үйл ажиллагаанд бидний сэтгэл хөдлөл ихээхэн нөлөөлдөг гэсэн сэтгэл судлаач Антонио Дамазиогийн хэлсэн үгнээс эш татлаа.
Хоёрдугаар хуралдааныг даргалагч, Японы нэрт сэтгэл судлаач Манабу Хонда доктор Мишигишийн Батааг танилцуулсан ба тэрээр Улаанбаатарт шашны боловсрол эзэмшсэнийхээ дараа Гавай болон Японд мэргэжил дээшлүүлсэн байна. Доктор Батаа 1990 онд Монгол улсад ардчилал, эрх чөлөө сэргэсний дараа буддын байгууллагуудаас нийгмийн харилцаанд ороход тулгарч байгаа асуудлуудыг судалдаг ажээ. Тэрээр мөн дахин сэргэн идэвхжсэн буддын шашны олон нийттэй харьцах харилцаа, соёлын, боловсролын түвшний харилцаа орчин үеийн нийгэмд хэрхэн ажиллаж байгааг судалдаг байна.

Доктор Мишигишийн Батаа бага хурал дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Дели, 2015.3.24. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Эрх чөлөөг арай илүү хүрээнд эдлээд эхэлснээс хойш орчин үежих боломж бүрдсэн.
Гэхдээ орчин үежинэ гэдэг нь хүний дотоод үнэт зүйлсээс илүү гадаад хөгжилд илүү анхаарал тавих хандлагатай байдаг” хэмээн тэр хэлэв. “Гэтэл дотоод үнэт зүйлс маш чухал ач холбогдолтой. Буддизм бол Монголын үндэсний онцлогийн нэг хэсэг бөгөөд түүнийг хамгаалах зохистой зам нь сум хийд болон бурхан бүтээхээр үл барам уламжлалт мэдлэгээ хадгалан хамгаалж, амьдралд хэрэгжүүлэх явдал юм.”
Хоёр дахь хуралдааны удаах илтгэгч Ха Винх Тхо Бутан болон Вьетнамд нигүүлсэхүй үзлийг сургалтын хөтөлбөрт тусгасан туршлагаасаа хуваалцав. Үүнтэй холбоотойгоор сургалтын 4 зарчмыг дэвшүүлсэн байна.
Суралцаж сурах
Хийж сурах,
Байж сурах,
Хамтдаа амьдарч сурах.

Ха Винх Тхо үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дели, 2015.3.24.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн илтгэлийг анхааралтай сонсож, видео бичлэгийг үзсэнийхээ дараа энд хийсэн зүйлүүдийг ихэд үнэлж буйгаа илэрхийлсэн байна. Танхимд суугаа нэгэн дээрх хөтөлбөрт эргэлзэж буйгаа илэрхийлэхэд “Энэ бол дараагийн залгамж үеэ хүмүүжүүлэхэд чиглэгдэнэ” хэмээн Ха Винх Тхо хариуллаа.
Маргааш бага хурлын үйл ажиллагаа үргэлжилнэ.