Австрали, Квинсленд, Брисбан, 2015 оны 6 дугаар сарын 11- Дээрхийн Гэгээнтэн Далай лам энэ өглөө Брисбаний хурлын болон үзэсгэлэнгийн танхимд зочилж, энд амьдарч байгаа 300 гаруй төвөд, бутан, монгол иргэдэд яриа хийлээ. Тэрээр төвөдийн хаан Тисрон Дэзан, гэгээн Шантаракшита, их багш Бадмасамбава нар хэрхэн Наландагийн уламжлалыг Төвөдөд түгээсэн тухай ярив. Энэ уламжлал ийнхүү Гималайн бус нутгаар тархан түгэж, улмаар 13 дугаар зуунд Дрогон Чойжал Пагва болон Сажа бандида нарын хүчин зүтгэлээр Монголд дэлгэрсэн байна. Хожим нь 3 дугаар Далай лам Сономжамц Монгол орноо морилж, тэндээ таалал төгсжээ. Түүний хойд дүр 4 дүгээр Далай Лам Ёндонжамцаар Монголын язгууртны хүү тодорсон байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд, бутан, монгол иргэдийн
төлөөлөлтэй уулзлаа. Австрали, Квинслэнд, Брисбан. 2015.6.11.
Гэрэл зургийг Расти Стьюарт
Монголчууд дээр үед Гандан, Сера хийдэд ном үзэж байсан ч ихэнх нь Брайбун Гоман хийдэд шавилж байсан. Тэд их эрдэм номтой байсан учраас заримыг нь би номын туслах багшаар авч байсан.”
Монголчуудын олсон эрх чөлөөг тэрээр үнэлээд тэнд цугларсан төвөд, бутан, монголчуудад хандан, орчин үеийн эрдэм мэдлэгийг өөрийн уламжлалт мэдлэгтэй хослуулахыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө. Дараа нь тэр ном айлдах танхимд морилон, айлдвар сонсохоор ирсэн 2500 хүнтэй ахан дүүс нар аа хэмээн мэндчилэв.
“Бид бол хүн төрөлхтөн гэх нэгэн гэр бүлийн гишүүд билээ” хэмээн яриагаа эхэллээ. “ Аз жаргалтай амьдрах эрх бид бүгдэд маань ижил заяасан. Бид бүгдэд ижил заяасан сэтгэл хөдлөлийн зарим нь дотоод эрч хүч, баяр баяслыг төрүүлдэг бол зарим сэтгэл хөдлөл айдас, уур хилэн, үзэн ядалтыг бий болгож байдаг. Бид зовж шаналахыг хүсдэггүй учраас сэтгэл хөдлөлөө цэгнэж, алийг нь хөгжүүлж, алийг нь дарахаа шийдэж байх хэрэгтэй. Хүний оюун ухаан аль нь ашигтай, аль нь хөнөөлтэй гэдгийг дүгнэх боломж бидэнд байдаг бол амьтанд ийм ухаан байхгүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брисбенд ном айлдаж байгаа нь.
Австрали, Квинслэнд, Брисбан. 2015.6.11.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн Буддын шашны үндэс болсон Хутагтын Дөрвөн Үнэний 16 шинж чанарыг тайлбарлахад үдээс өмнөх цагийн ихэнхийг зориуллаа. Энэ сургаалийг Бурхан Багш винайн ёсны нэгэн адил Дээдийн номны эхний хүрдний үед айлдсан бөгөөд энэ сургааль буддын шашны бүх урсгал чиглэлд адилхан байдаг. Айлдварын эхний хэсгийн төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн ‘Эрдэнийн эрхийг” нээгээд Нагаржуна гэгээн Бурхан Багшид аврал одуулсан хэсгийг уншлаа.
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн айлдвараа үргэлжлүүлэхдээ, Нагаржуна гэгээний захисны дагуу эртний Энэтхэгийн шашны бүх уламжлалд нийтлэг номлодог ёс зүй, төвлөрөл, гүн ухаарлын дадлыг хэрэгжүүлэхдээ болгоомжтой хандахыг сонсогчдод хандан анхаарууллаа. Тэдгээрийн ялгаа нь бие даасан Би буюу ‘атман’-ыг хүлээн зөвшөөрдөг, эсвэл буддистуудын нэгэн адил үгүйсгэдэг гэдэгт оршино. Эндээс юмс, үзэгдлийн тухай урт маргаан эхэлсэн ч, Нагаржуна гэгээний айлдсанаар энэ нь хэдий түгшүүр төрүүлэх боловч бодит үнэний гэрэл гэгээг тусгана.
26
"Би байхгүй, ирээдүйд ч үл байна
Надад юу ч үгүй, ирээдүйд ч үл байна”
Үүнээс ахар ухаантнууд айна
Харин саруул ухаантнуудын айдас сарнина
99
Хэлбэр дүрс агуулсан аливаа үзэгдэл,
Сансар огторгуй ч мөн нэр төдий учраас,
Юмс хэрхэн дүрстэй байх билээ?
Тиймээс нэр төдий зүйл орших үндэс байхгүй
Энэ өдрийн айлдвараа өндөрлөөд маргааш бодийн сэтгэл үүсгэх тухай тайлбарлана хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирэхэд Брисбений Хамба
лам Марк Колеридж угтан авч байгаа нь. Австрали, Квинслэнд,
Брисбан. 2015.6.11. Гэрэл зургийг Расти Стьюарт
“Би таныг танихгүй нэгэн бус, харин анд нөхрийн хувьд угтан авч байна. Амар амгалан таньтай хамт байг” хэмээн хэлэв.
“Шашны эрхэм хүндэт удирдагчид аа, ахан дүүс нар аа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. ”Үнэн хэрэгтээ бид бүгд адил замаар төрж, мөн адил замаар үхэх нь гарцаагүй. Бид адилхан хүн болж төрсний хувьд ахан дүүс мөн. Энэ ариун газарт намайг хүлээн авч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Дэлхийн томоохон бүхий л шашны төлөөлөгчид ирсэн мэт харагдаж байгаа энэ арга хэмжээнд оролцох нь шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх миний нэгэн үүрэгтэй нийцэж байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ариун Стефений сүмд болсон шашин
хоорондын уулзалт дээр үг хэлж байгаа нь. Австрали, Квинслэнд,
Брисбан. 2015.6.11. Гэрэл зургийг Расти Стьюарт
Тиймээс шашны янз бүрийн уламжлалууд хайр энэрлийг хөгжүүлэх өөр өөр арга барилын үндэс болсон гүн ухааны ялгаатай үзэл баримтлалаасаа үл хамааран аз жаргалтай хувь хүн, гэр бүл, нутаг зоноос эхлээд илүү аз жаргалтай хүн төрөлхтнийг бий болгоход хувь нэмрээ оруулж чадна. 21 дүгээр зуунд бид өөрсдийн бий болгосон асар их асуудалтай нүүр тулж байна. Тэдгээрийг өөрсдөө шийдэхээс өөр аргагүй. Даян дэлхийд амар амгалан тогтоохын тулд хүчирхийлэлд дулдуйдахгүйгээр сайхан сэтгэлийг хөгжүүлэх ёстой. Та бүхэнд баярлалаа.”
Кураби сүмийн имам, профессор Махамад Абдалла хариу үг хэлэхээр босоход Дээрхийн Гэгээнтэн түүнийг тэвэрлээ. Энх тайван, хүлээцтэй байдал, өршөөл уучлалын талаар үг хэлсэнд нь тэрээр Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлээд, шашны эв зохицол бол хэзээ хэзээнээс илүү өнөөдөр нэн шаардлагатай байна хэмээн хэлэв.
“Хайр, нигүүлсэл, өршөөл уучлалаар бид амар амгалан хийгээд итгэлцлийн уур амьсгалыг бүрдүүлэх ёстой. Нэг хүн төрөлхтний гишүүдийн хувьд бид хамтдаа ажиллах ёстой.”

Шашин хоорондын уулзалтын оролцогчид. Австрали, Квинслэнд,
Брисбан. 2015.6.11. Гэрэл зургийг Расти Стьюарт
Монсеньор Петер Менили уулзалтад хүрэлцэн ирсэн шашны тэргүүнүүд төдийгүй, төр, нийгмийн зүтгэлтнүүд, тухайлбал Квинслендийн захирагчид талархлаа илэрхийллээ.
Шашны тэргүүнүүд сүмийн хашаанд өөр хоорондоо цөөн хэдэн үг солилцсоны дараа Дээрхийн Гэгээнтэн эхлэн хөдөлж, бусад нь араас нь тарцгаав.