Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Эрдэнийн эрхи’ном айлдаж, олон шашинтны уулзалтад оролцлоо

29-06-2015, 05:07  |  Хэвлэх

2015 оны 6 дугаар сарын 11

Австрали, Квинсленд, Брисбан, 2015 оны 6 дугаар сарын 11- Дээрхийн Гэгээнтэн Далай лам энэ өглөө Брисбаний хурлын болон үзэсгэлэнгийн танхимд зочилж, энд амьдарч байгаа 300 гаруй төвөд, бутан, монгол иргэдэд яриа хийлээ. Тэрээр төвөдийн хаан Тисрон Дэзан, гэгээн Шантаракшита, их багш Бадмасамбава нар хэрхэн Наландагийн уламжлалыг Төвөдөд түгээсэн тухай ярив. Энэ уламжлал ийнхүү Гималайн бус нутгаар тархан түгэж, улмаар 13 дугаар зуунд Дрогон Чойжал Пагва болон Сажа бандида нарын хүчин зүтгэлээр Монголд дэлгэрсэн байна. Хожим нь 3 дугаар Далай лам Сономжамц Монгол орноо морилж, тэндээ таалал төгсжээ. Түүний хойд дүр 4 дүгээр Далай Лам Ёндонжамцаар Монголын язгууртны хүү тодорсон байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Эрдэнийн эрхи’ном  айлдаж, олон шашинтны уулзалтад оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд, бутан, монгол иргэдийн
төлөөлөлтэй уулзлаа. Австрали, Квинслэнд, Брисбан. 2015.6.11.
Гэрэл зургийг Расти Стьюарт
“Энэ бол Төвөд Монголын хооронд онцгой харилцаа байсныг илтгэж байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. “Бүүр сүүлд, 1979 онд анх удаа намайг Монголд очиход Монгол улс коммунист дэглэмтэй байсан. Шашны эрх чөлөө Гандан хийдийн хашаагаар хязгаарлагдаж байсан юм. Надад зориулж лам хуврагууд урт наслахуйн ерөөлийг төвөд хэлээр уншиж байсныг би санаж байна. Дараа нь тэд мандал өргөхдөө уншлагаа маш чанга уншиж, миний сэтгэл ихэд хөдөлж билээ.

Монголчууд дээр үед Гандан, Сера хийдэд ном үзэж байсан ч ихэнх нь Брайбун Гоман хийдэд шавилж байсан. Тэд их эрдэм номтой байсан учраас заримыг нь би номын туслах багшаар авч байсан.”

Монголчуудын олсон эрх чөлөөг тэрээр үнэлээд тэнд цугларсан төвөд, бутан, монголчуудад хандан, орчин үеийн эрдэм мэдлэгийг өөрийн уламжлалт мэдлэгтэй хослуулахыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө. Дараа нь тэр ном айлдах танхимд морилон, айлдвар сонсохоор ирсэн 2500 хүнтэй ахан дүүс нар аа хэмээн мэндчилэв.

“Бид бол хүн төрөлхтөн гэх нэгэн гэр бүлийн гишүүд билээ” хэмээн яриагаа эхэллээ. “ Аз жаргалтай амьдрах эрх бид бүгдэд маань ижил заяасан. Бид бүгдэд ижил заяасан сэтгэл хөдлөлийн зарим нь дотоод эрч хүч, баяр баяслыг төрүүлдэг бол зарим сэтгэл хөдлөл айдас, уур хилэн, үзэн ядалтыг бий болгож байдаг. Бид зовж шаналахыг хүсдэггүй учраас сэтгэл хөдлөлөө цэгнэж, алийг нь хөгжүүлж, алийг нь дарахаа шийдэж байх хэрэгтэй. Хүний оюун ухаан аль нь ашигтай, аль нь хөнөөлтэй гэдгийг дүгнэх боломж бидэнд байдаг бол амьтанд ийм ухаан байхгүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Эрдэнийн эрхи’ном  айлдаж, олон шашинтны уулзалтад оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брисбенд ном айлдаж байгаа нь.
Австрали, Квинслэнд, Брисбан. 2015.6.11.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Сатавахана вант улсын Яажна Шри Сатакарни хаанд зориулж Нагаржуна гэгээний зохиосон ‘Эрдэнийн эрхи’ номыг хөтлөн тайлбарлах гэж буйгаа Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Нагаржуна гэгээн бол агуу их сэтгэгч төдийгүй, физикч, алхимич байсан гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ. Түүнийг шинжлэх ухааны эрдэмтэн хэмээн үзэж болох бөгөөд тэрээр хурц оюун, уужим сэтгэлтэй буддын лам хүн байсан. Уг бүтээл нь хаан хүнд зориулагдсан учраас гүн ухаан хийгээд шашны зөвөлгөөнөөс гадна нийгмийн сайн сайхан болон сайн засаглалын асуудлыг хөндсөн байдаг.

Дээрхийн Гэгээнтэн Буддын шашны үндэс болсон Хутагтын Дөрвөн Үнэний 16 шинж чанарыг тайлбарлахад үдээс өмнөх цагийн ихэнхийг зориуллаа. Энэ сургаалийг Бурхан Багш винайн ёсны нэгэн адил Дээдийн номны эхний хүрдний үед айлдсан бөгөөд энэ сургааль буддын шашны бүх урсгал чиглэлд адилхан байдаг. Айлдварын эхний хэсгийн төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн ‘Эрдэнийн эрхийг” нээгээд Нагаржуна гэгээн Бурхан Багшид аврал одуулсан хэсгийг уншлаа.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн айлдвараа үргэлжлүүлэхдээ, Нагаржуна гэгээний захисны дагуу эртний Энэтхэгийн шашны бүх уламжлалд нийтлэг номлодог ёс зүй, төвлөрөл, гүн ухаарлын дадлыг хэрэгжүүлэхдээ болгоомжтой хандахыг сонсогчдод хандан анхаарууллаа. Тэдгээрийн ялгаа нь бие даасан Би буюу ‘атман’-ыг хүлээн зөвшөөрдөг, эсвэл буддистуудын нэгэн адил үгүйсгэдэг гэдэгт оршино. Эндээс юмс, үзэгдлийн тухай урт маргаан эхэлсэн ч, Нагаржуна гэгээний айлдсанаар энэ нь хэдий түгшүүр төрүүлэх боловч бодит үнэний гэрэл гэгээг тусгана.

26
"Би байхгүй, ирээдүйд ч үл байна
Надад юу ч үгүй, ирээдүйд ч үл байна”
Үүнээс ахар ухаантнууд айна
Харин саруул ухаантнуудын айдас сарнина


99
Хэлбэр дүрс агуулсан аливаа үзэгдэл,
Сансар огторгуй ч мөн нэр төдий учраас,
Юмс хэрхэн дүрстэй байх билээ?
Тиймээс нэр төдий зүйл орших үндэс байхгүй


Энэ өдрийн айлдвараа өндөрлөөд маргааш бодийн сэтгэл үүсгэх тухай тайлбарлана хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Эрдэнийн эрхи’ном  айлдаж, олон шашинтны уулзалтад оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирэхэд Брисбений Хамба
лам Марк Колеридж угтан авч байгаа нь. Австрали, Квинслэнд,
Брисбан. 2015.6.11. Гэрэл зургийг Расти Стьюарт
Хурлын танхимыг орхин Дээрхийн Гэгээнтэн Брисбаны Ромын католик шашны гэгээн Стефений сүмд болох олон шашинтны уулзалт болон энх тайвны мөргөлд оролцохоор хөдөллөө. Түүнийг хүрэлцэн очиход Брисбаний хамба лам Марк Колеридж угтан авч, шашны бусад тэргүүн нар байгаа танхимд урин залав. Танхим дүүрэн суусан олны өмнө Хамба лам мэндчилгээний үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтнийг бүхий л соёлын хүмүүстэй үг хэлээ олох чадвартай, уй гашууныг танин мэдэхийн хамт аз жаргалыг түгээгч нэгэн хэмээн зарлав. Тэрээр,

“Би таныг танихгүй нэгэн бус, харин анд нөхрийн хувьд угтан авч байна. Амар амгалан таньтай хамт байг” хэмээн хэлэв.

“Шашны эрхэм хүндэт удирдагчид аа, ахан дүүс нар аа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. ”Үнэн хэрэгтээ бид бүгд адил замаар төрж, мөн адил замаар үхэх нь гарцаагүй. Бид адилхан хүн болж төрсний хувьд ахан дүүс мөн. Энэ ариун газарт намайг хүлээн авч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Дэлхийн томоохон бүхий л шашны төлөөлөгчид ирсэн мэт харагдаж байгаа энэ арга хэмжээнд оролцох нь шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх миний нэгэн үүрэгтэй нийцэж байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Эрдэнийн эрхи’ном  айлдаж, олон шашинтны уулзалтад оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ариун Стефений сүмд болсон шашин
хоорондын уулзалт дээр үг хэлж байгаа нь. Австрали, Квинслэнд,
Брисбан. 2015.6.11. Гэрэл зургийг Расти Стьюарт
“Пап лам Жон Пол II Ассисид зохион байгуулсан шашин хоорондын уулзалтдаа намайг урьж билээ. Аль ч шашин хайр, хүлээцтэй байдал, уучлах сэтгэлийн эх үүсвэр байдаг учраас тэдний эв зохицол чухал ач холбогдолтой болохыг тэгэхэд бид ойлгосон. Шашнуудын гүн ухааны үзэл баримтлал өө өөр байж болох ч бүгд хайр, нигүүлслийг номлодог. Хайр энэрэл бол итгэлцлийг бий болгож, итгэлцэл нь нөхөрлөлийн үндэс болдог. Нийгмийн амьтад болсон хүмүүст чухал шаардлагатай зүйл бол нөхөрлөл юм. Нөхөрлөлийг бид худалдаж авч чадахгүй, харин хүмүүс бие биенээ чин сэтгэлээсээ энэрэн хайрласнаар нөхөрлөл бий болдог.

Тиймээс шашны янз бүрийн уламжлалууд хайр энэрлийг хөгжүүлэх өөр өөр арга барилын үндэс болсон гүн ухааны ялгаатай үзэл баримтлалаасаа үл хамааран аз жаргалтай хувь хүн, гэр бүл, нутаг зоноос эхлээд илүү аз жаргалтай хүн төрөлхтнийг бий болгоход хувь нэмрээ оруулж чадна. 21 дүгээр зуунд бид өөрсдийн бий болгосон асар их асуудалтай нүүр тулж байна. Тэдгээрийг өөрсдөө шийдэхээс өөр аргагүй. Даян дэлхийд амар амгалан тогтоохын тулд хүчирхийлэлд дулдуйдахгүйгээр сайхан сэтгэлийг хөгжүүлэх ёстой. Та бүхэнд баярлалаа.”

Кураби сүмийн имам, профессор Махамад Абдалла хариу үг хэлэхээр босоход Дээрхийн Гэгээнтэн түүнийг тэвэрлээ. Энх тайван, хүлээцтэй байдал, өршөөл уучлалын талаар үг хэлсэнд нь тэрээр Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлээд, шашны эв зохицол бол хэзээ хэзээнээс илүү өнөөдөр нэн шаардлагатай байна хэмээн хэлэв.

“Хайр, нигүүлсэл, өршөөл уучлалаар бид амар амгалан хийгээд итгэлцлийн уур амьсгалыг бүрдүүлэх ёстой. Нэг хүн төрөлхтний гишүүдийн хувьд бид хамтдаа ажиллах ёстой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Эрдэнийн эрхи’ном  айлдаж, олон шашинтны уулзалтад оролцлоо
Шашин хоорондын уулзалтын оролцогчид. Австрали, Квинслэнд,
Брисбан. 2015.6.11. Гэрэл зургийг Расти Стьюарт
Дараа нь шашны тэргүүнүүд ээлж дараалан урагш гарч үг хэлэхийн хамт залбирал үйлдлээ. Бахайн шашны нэрийн өмнөөс доктор Жанет Хан үг хэлэв. Бага хөлгөний шашныг төлөөлж Шри Ланкийн гурван лам Пилиманталава Самахитха тхеро, Ихалагонагава Нанда тхеро, Алутгамгода Гнанавеера тхеро нар пали хэл дээр аврал одуулав. Хинду шашныг төлөөлж ноён Сурендра Прасад санскрит хэл, дараа нь англи хэл дээр залбирал үйлдэв. Иудын шашныг төлөөлж ноён Ариел Хебер залбирал үйлдсэний дараа Их хөлгөний шашныг төлөөлж ламтан Чуе Шан хятад хэлээр танри уншлаа. Лалын шашныг төлөөлж профессор Махамад Абдалла араб хэлээр залбирал үйлдсэн байна. Ноён Ранжит Сингх сикхийн шашны судраас уншлаа. Эцэст нь Брисбаны Англикан сүмийн Хамба лам, доктор Филип Аспаналл энх тайван тогтоохыг хүссэн залбирлаа Исус Христэд хаягласан байна.

Монсеньор Петер Менили уулзалтад хүрэлцэн ирсэн шашны тэргүүнүүд төдийгүй, төр, нийгмийн зүтгэлтнүүд, тухайлбал Квинслендийн захирагчид талархлаа илэрхийллээ.

Шашны тэргүүнүүд сүмийн хашаанд өөр хоорондоо цөөн хэдэн үг солилцсоны дараа Дээрхийн Гэгээнтэн эхлэн хөдөлж, бусад нь араас нь тарцгаав.
Үзсэн: 2 411
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц