Энэтхэг, Ж,К муж, Ладак, Спүтик хийд. Спитүк хийд. 2015.07.27 – Баяр хөөр болсон Ладакийн ард иргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтан авахаар Кушок Бакула ринбочийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр цугласан байлаа. Мужын нисэх онгоцоор хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтнийг Гандан Ширээт Ризон ринбочэ, Бакула ринбочийн хойд дүр, мөн Тиксей ринбочэ болон бусад олон лам хуврагууд албан ёсоор угтав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг онгоцын буудал дээр хүлээн
авч байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2015.07.27
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Нисэх онгоцны буудлаас Спүтик хийд хүртэл хэдэн мянган сүсэгтэн нар хадаг, хүж, цэцэг барин түүнийг баяр хөөртэйгээр угтав. Тэд өөр өөрсдийн үндэсний онцлогт хувцсаа өмсөн зогсож байгаа нь үнэхээр содон байлаа. Мөн лам хуврагууд бүрээ бишгүүр үлээж, Ладакийн үндэсний бөмбөрчид бөмбөр тоглосон юм.
Спүтик хийдэд хүрэлцэн ирсний дараа энэ удаагийн айлчлалыг удирдан зохион байгуулж буй Гандан Ширээт Ризон ринбочэ болон Бакула ринбочийн хойд дүр бяцхан хувилгаан нар уламжлалт ёсоор хүндэтгэл үзүүлсэн ба шинэ дуганд бараа болж танилцуулав. Дээрхийн Гэгээнтэн шинэ дуганд залсан арван зургаан архадын хөрөг дүрийг харж хүндэтгэл үзүүлээд суудалдаа суув.
Хүндэтгэлийн цай уух зуураа Дээрхийн Гэгээнтэн: “Сүүлийн арваас хорин жилийн хугацаанд очсон газар бүртээ бурханы шашны сонгодог судар, шастрыг судлах хэрэгтэй гэж байнга хэлж ирсэн миний саналыг ажил хэрэг болгосонд би маш их баяртай байгаагаа юуны түрүүнд хэлье. Би саяхан АНУ, Англи, Герман орнуудаар явсан бөгөөд айлчлал маань нэлээд шахуу хөтөлбөртэй байлаа. Үүнээс өмнө Дарамсала хотод миний 80 насны ойн баярыг тэмдэглэсэн. Энэ бүгдийн эцэст би багахан ядарсан байна. Ладакт цаг агаар хуурай, таатай байгаа тул би хэд хоног байх төлөвлөгөөтэй ирлээ. Гэвч та бүхэн намайг цөөн хоногоор ирсэнд сэтгэл гонсойх хэрэггүй, би ирэх жилийн найман сард нэлээд удаан хугацаатай ирэх болно.” гэж ярив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Спүтик хийдэд үг хэлэв.
Энэтэх, Ладак, Лех. 2015607.27 Фото Тэнзин Чойжор (ДЛО)