Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2015 оны 7 дугаар сарын 29 –Спитүк хийд орой дээр нь сүндэрлэх хадан уулын өвөрт Пегон Пагспа Настан Бакула их сургуулийн оюутны байр байрладаг. Тэндээс холгүй өндөр ургасан улиангар моддын дунд энэ удаагийн “зуны их чойр” арга хэмжээний нээлтийн ажиллагаанд зориулж асар тэргүүтнийг зассан байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Пегон Пагспа Настан Бакула их
сургууль дээр зохион байгуулагдаж байгаа "Зуны их чойр" арга
хэмжээний нээлтийн ажиллагаан дээр. Энэтхэг, Жамму Кашмир,
Ладак, Лех, 2015.7.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Ладакийн Буддын Диалектикийн сургуулийн захирал, гэвш Гончиг Ванду энэ удаагийн арга хэмжээний талаар танилцуулсан байна. Тэрээр, Ладакийн шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, шашны боловсролыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн номын мэтгэлцээ явуулах арга хэмжээ зориулагдаж байгааг тэмдэглэн хэлэв. Буддизмын утга учир юунд орших, өнөөгийн нийгэмд хэрхэн зохицох, буддизмыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар Дээрхийн Гэгээнтэн онцлон анхааруулдаг учраас мэтгэлцээний гол сэдэв нь Билгүүний зүрхэн сургааль байх ажээ. Дээрхийн Гэгээнтний удирдлага, сургаалийн ачаар сүүлийн жилүүдэд буддизмыг ойлгох ойлголт бүс нутагт өсөн нэмэгдэж байгааг тэр батлан илэрхийллээ.
Лин ринбучигийн багш, гэвш Түвдэн Рабгие Дээрхийн Гэгээнтэн, Гандан Ширээт, Ладакийн албаны хүмүүс болон лам хувраг, эрдэмтэд, зочид гийчидтэй мэндчилэв. Өнгөрсөн жил Ликир хийдэд зохион байгуулагдсан зуны мэтгэлцээн нь цаашид даган мөрдвөл зохистой үлгэр дууриалыг болсныг тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сэнтийн өмнө залуу Бакула
ринбочэ ном хаялцаж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак,
Лех, 2015.7.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Жамму Кашмир мужийн төрийн сайд Цэрэн Дорже олонд хандан үг хэлэхдээ, орон нутгийн сүм хийдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын удирдлаган дор буддын гүн ухаан болон ном хаялцах ухааныг амжилттай нэвтрүүлж байгааг цохон тэмдэглэлээ. Ном хаялцах зуны арга хэмжээ нь өвлүүлэн үлдээвэл зохих зүйлийн нэг гэдгийг тэрээр хэлэв.
Ладакийн зарим залуус үндэсний өв соёл, зан заншлын үнэт зүйлсийн талаар төөрөлдсөн байгаа тухай Ладакийн Өөртөө Засах Уулын Хөгжлийн Зөвлөлийн гүйцэтгэх тэргүүн Ригзин Спалбар ярилаа. Өнгөрсөн үед эцэг эхчүүд үр хүүхдүүддээ энэ талаар зааж сургадаг байсан бол өнөө үед залуу үе эцэг эхийнхээ үгийг бага анхаардаг болсон хэмээн тэр хэлэв. Тиймээс буддын сургааль өнөө үед хэрхэн зохицох талаарх ойлголтод Дээрхийн Гэгээнтний зөвөлгөө онцгой тустай байгаа ажээ.
Хуучны юм ул болж, хүмүүс тогтсон зан заншлыг сонирхохгүй болж байгаа талаар Гандан Ширээт Ризон ринбочэ нэмж ярилаа. Гэхдээ Дээрхийн Гэгээнтний хүчин зүтгэлийн ачаар буддизмыг сонирхох сонирхол нэмэгдэж, буддизмын тухай ойлголт гүнзгийрч байгаа хэмээн дурдав. Буддизм бол урьдчилсан таамаглал бус, харин учир шалтгаан дээр суурилсан өв уламжлал бөгөөд шүтэн барилдлагыг үндсэн үзэл баримтлалаа болгосон ганц шашин билээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зуны мэтгэлцээний арга хэмжээний
нээлтийн үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак,
Лех, 2015.7.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
"Тэдгээр хүндрэлтэй асуудлын шийдлийн төлөө бид залбиран мөргөж болох юм” хэмээн хэлээд тэр инээв. “Гэхдээ бид өөрсдийн биеэр үйл хөдлөл хийж байж л жинхэнэ зөв шийдлийг олно. Энд байгаа настай хүмүүс бол өнгөрсөн 20 дугаар зууны иргэд бөгөөд тэр өнгөрсөн зуун маань аймшигтай цусан зуун байсан. Харин 21 дүгээр зуун ямар байх нь энд байгаа залуу үеийнхнээс хамаарна. Хэрвээ та бүхэн энэ зууныг амар амгалан, аз жаргалын зуун болгохын төлөө хөдөлмөрлөх аваас энэ мөрөөдөл биелэх боломжтой. Харин та бүхэн уур хилэн, шунал хүсэлдээ хөтлөгдөх аваас энэ зуун өрсөлдөөн тэмцэл, зовлон шаналлын зуун болон хувирна. Англи улс Энэтхэгийг захирч байх үедээ нэвтрүүлсэн нэг эерэг зүйл нь боловсрол мөн. Энэ үнэт зүйлийг бид өнөөдөр хадгалан үлдэх шаардлагатай ч, орчин үеийн боловсролыг уламжлалт дотоод үнэт зүйлстэйгээ хослуулах ёстой.”
"21 дүгээр зууныг энх тайвны зуун болгохын тулд сэтгэлийн амар амгаланг хэрхэн хэвшүүлж, сэтгэлийн сөрөг хандлагыг хэрхэн дарах талаар бид суралцах хэрэгтэй. Хэрвээ бидний бие өвдөхөд өвчнийг оношилж, зохих эм танг олж уудаг. Сэтгэл оюуны эрүүл мэнддээ бид дээрхийн адил хандах ёстой. Мансууруулах бодис хэрэглэн, эсвэл архи ууж согтуурснаар сэтгэлийн сөрөг хандлагаа тайтгаруулж чадахгүй. Бодит оршихуй хийгээд сэтгэлийн үйл ажиллагааг илүү тодорхой ойлгосны үндсэн дээр бид сэтгэл оюуны эрүүл ахуйг хангаж чадна.
"Буддын шинжлэх ухаан, гүн ухаан хийгээд буддын шашин тусдаа гэж би бодож байна. Буддын шашинтай бус хүмүүс шашны уламжлалд анхаарал хандуулах албагүй. Гэхдээ буддын шинжлэх ухаан болон гүн ухааныг судалж үр өгөөжийг нь авах хүсэлтэй хүн бүрт тэдгээр ухаан хэрэг болохуйц билээ. Буддын эх сурвалжид агуулагдаж байгаа сэтгэлийн тухай мэдлэг, бодит оршихуйн гүн гүнзгий тайлбарыг нэртэй эрдэмтэд сүүлийн үед сонирхох болсон.

Зуны мэтгэлцээний арга хэмжээний дүр төрх Энэтхэг, Жамму
Кашмир, Ладак, Лех, 2015.7.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
" Ном хаялцах үед эерэг утгаараа өрсөлдөх нь тустай байж болох бөгөөд гагцхүү өөртөө болон өрсөлдөгчдөө амжилт хүссэн сэтгэл байх ёстой. Кам мужийн Кардзе хотын лам хувраг болон энгийн хүмүүст буддын ном зааж, ном хаялцах аргыг сургасан нэгэн ламын талаар та бүхэнд ярьж өгөхийг хүсч байна. Хотын ойролцоо Агба хийд байсан бөгөөд гэрийн эзэд тэндэхийн лам нарыг урьж, зан үйл хийлгэдэг байжээ. Удалгүй энгийн хүмүүс номонд суух үедээ лам нарын хариулж чадахааргүй асуултуудыг тавих болсон тул тэдэнд ном хаялцах талаар сургах нь буруу гэсэн гомдол гаргаж байсан гэдэг. Ер нь ямар ч байсан, 'сонгосон сэдвийн' хүрээнд эхлээд “Билгүүний зүрхэн” сургаалийн талаар ном хаялцах нь ахиж дэвжихийн үндэс гэж үзэж байна."

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хийх уулзалтад хүрэлцэн ирсэн
Ладакийн Өөртөө Засах Уулын Зөвлөлийн гишүүд ба зочид.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2015.7.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхийг урихад тэрээр өөрийгөө дэлхийн 7 тэрбум хүний нэг хэмээн үздэгээ тэмдэглэн хэлэв. Египет, Хятад, Инд мөрний хөндий эртний соёл иргэншлийн өлгий болж байсан бол Инд мөрний хөндийгөөс агуу сэтгэгчид, гүн ухаантнууд, шашны их багш нар төрөн гарсанд анхаарлаа хандуулахыг уриаллаа. “Өнөөдөр 21 дүгээр зуунд ч эртний Энэтхэгийн үзэл санаа, тухайлбал ахимса, хүч үл хэрэглэх зарчим ач холбогдлоо огтхон ч алдаагүй байгаа билээ. Энэтхэг улс ийм замаар дэлхийн бүх шашин энх тайвнаар, эв зохицолтойгоор зэрэгцэн оршиж болдгийн үлгэр дууриалыг өнөөдөр дэлхий дахинд үзүүлж байна.”
21 дүгээр зуунд иргэний ёс зүйг хэвшүүлэхийн ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Иргэний ёс зүй нь аль нэг шашинд тухайлан үйлчлэхгүй, бүх нийтэд хамаатай үнэт зүйл хэрнээ бүх шашинд, мөн шашингүй хүмүүсийн үзэл бодолд ч хүндэтгэлтэй хандах хандлага мөн. Сэтгэлийн мөн чанар хийгээд сэтгэл хөдлөлийн тухай гүн гүнзгий мэдлэгийг агуулсан Наландагийн уламжлалаас суралцахыг Дээрхийн Гэгээнтэн уриалсан байна. Тэрээр,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Синдху Санскрит Кенпра танхимд
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2015.7.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Хурлын танхимын ард байрлах амфитеатрт бэлдсэн үдийн зоогт Дээрхийн Гэгээнтэн бусад зочдын хамт уригдлаа. Зоогийн төгсгөлд Бүх Энэтхэгийн Радиогийн сэтгүүлч түүнээс саяхан таалал төгссөн, ерөнхийлөгч асан Абдул Каламын талаарх бодлыг нь асуув.
"Доктор Абдул Калам таалал төгссөн мэдээг сонсоход надад гунигтай байсан. Тэр маш эелдэг, онцгой нэгэн байсан. Хүн шиг хүн байх агуу чанарууд түүнд цогцолсон байсныг би эн тэргүүнд үнэлдэг байсан. Хоёрдугаарт, тэр лалын шашинтан, агуу эрдэмтэн байсны дээр энэ агуу ард түмний ерөнхийлөгч болтлоо өсч дэвшиж чадсан нэгэн. Өндөр албан тушаалд очсоны дараа ч түүний хүнлэг чанар алдагдаагүй билээ. Нигүүлслийн тухай буддын ном судрыг тэр ихэд сонирхдог байсан. Тэр бол миний насан эцэс болтлоо санан дурсаж байх эрхэм анд минь бөгөөд түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэхийг хүсч байна.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулсан байна.
Тэрээр маргааш богино хэмжээний ном айлдсаны дараа насны авшиг хүртээнэ. Чогламсарын ойролцоох Шивацел сургалтын төвд Дээрхийн Гэгээнтэнд зориулж урт наслахуйн даншүг өргөх ёслол болно.