Спитүк хийдэд “зуны их чойр” арга хэмжээ эхэллээ

6-08-2015, 10:34  |  Хэвлэх

2015 оны 7 дугаар сарын 30

Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2015 оны 7 дугаар сарын 29 –Спитүк хийд орой дээр нь сүндэрлэх хадан уулын өвөрт Пегон Пагспа Настан Бакула их сургуулийн оюутны байр байрладаг. Тэндээс холгүй өндөр ургасан улиангар моддын дунд энэ удаагийн “зуны их чойр” арга хэмжээний нээлтийн ажиллагаанд зориулж асар тэргүүтнийг зассан байв.

Спитүк хийдэд “зуны их чойр” арга хэмжээ эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Пегон Пагспа Настан Бакула их
сургууль дээр зохион байгуулагдаж байгаа "Зуны их чойр" арга
хэмжээний нээлтийн ажиллагаан дээр. Энэтхэг, Жамму Кашмир,
Ладак, Лех, 2015.7.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг сэнтийд заларсан даруйд Спитүк хийдийн тэргүүн, Бакула ринбучигийн залуу хойд дүр,бие, хэл, сэтгэлийг бэлгэдэл болсон лагшин, зарлиг, таалалын шүтээнийг түүнд өргөн барилаа.

Ладакийн Буддын Диалектикийн сургуулийн захирал, гэвш Гончиг Ванду энэ удаагийн арга хэмжээний талаар танилцуулсан байна. Тэрээр, Ладакийн шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, шашны боловсролыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн номын мэтгэлцээ явуулах арга хэмжээ зориулагдаж байгааг тэмдэглэн хэлэв. Буддизмын утга учир юунд орших, өнөөгийн нийгэмд хэрхэн зохицох, буддизмыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар Дээрхийн Гэгээнтэн онцлон анхааруулдаг учраас мэтгэлцээний гол сэдэв нь Билгүүний зүрхэн сургааль байх ажээ. Дээрхийн Гэгээнтний удирдлага, сургаалийн ачаар сүүлийн жилүүдэд буддизмыг ойлгох ойлголт бүс нутагт өсөн нэмэгдэж байгааг тэр батлан илэрхийллээ.

Лин ринбучигийн багш, гэвш Түвдэн Рабгие Дээрхийн Гэгээнтэн, Гандан Ширээт, Ладакийн албаны хүмүүс болон лам хувраг, эрдэмтэд, зочид гийчидтэй мэндчилэв. Өнгөрсөн жил Ликир хийдэд зохион байгуулагдсан зуны мэтгэлцээн нь цаашид даган мөрдвөл зохистой үлгэр дууриалыг болсныг тэмдэглэн хэллээ.

Спитүк хийдэд “зуны их чойр” арга хэмжээ эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сэнтийн өмнө залуу Бакула
ринбочэ ном хаялцаж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак,
Лех, 2015.7.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Амьд биес дотоод оршихуйтайэсэх талаарх ширүүн мэтгэлцээнээр Спитүк хийдийн лам нар ном хаялцаж эхэлсэн байна. Тэдний араас Бакула ринбучигийн залуу хойд дүр ном хаялцахад оролцсон бөгөөд тэрээр диалектикийн ухаанаас дөнгөж суралцаж эхэлж байгаа ч уран яруу, өөртөө итгэлтэйгээр 'cонгосон сэдвийн' дагуу мэтгэлцэж байлаа. Түүний номын мэтгэлцээг халуун алга ташилтаар мялааж байлаа. Дараа нь орон нутгийн сургуулийн охид хөвгүүдээс бүрдсэн багууд Хутагтын Дөрвөн Үнэний үндсэн асуудал, бодь сэтгэлийг хөгжүүлэх хүслийг төрүүлэх хийгээд хөгжүүлэхийн ялгаа, арга замын талаар мэтгэлцсэн байна.

Жамму Кашмир мужийн төрийн сайд Цэрэн Дорже олонд хандан үг хэлэхдээ, орон нутгийн сүм хийдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын удирдлаган дор буддын гүн ухаан болон ном хаялцах ухааныг амжилттай нэвтрүүлж байгааг цохон тэмдэглэлээ. Ном хаялцах зуны арга хэмжээ нь өвлүүлэн үлдээвэл зохих зүйлийн нэг гэдгийг тэрээр хэлэв.

Ладакийн зарим залуус үндэсний өв соёл, зан заншлын үнэт зүйлсийн талаар төөрөлдсөн байгаа тухай Ладакийн Өөртөө Засах Уулын Хөгжлийн Зөвлөлийн гүйцэтгэх тэргүүн Ригзин Спалбар ярилаа. Өнгөрсөн үед эцэг эхчүүд үр хүүхдүүддээ энэ талаар зааж сургадаг байсан бол өнөө үед залуу үе эцэг эхийнхээ үгийг бага анхаардаг болсон хэмээн тэр хэлэв. Тиймээс буддын сургааль өнөө үед хэрхэн зохицох талаарх ойлголтод Дээрхийн Гэгээнтний зөвөлгөө онцгой тустай байгаа ажээ.

Хуучны юм ул болж, хүмүүс тогтсон зан заншлыг сонирхохгүй болж байгаа талаар Гандан Ширээт Ризон ринбочэ нэмж ярилаа. Гэхдээ Дээрхийн Гэгээнтний хүчин зүтгэлийн ачаар буддизмыг сонирхох сонирхол нэмэгдэж, буддизмын тухай ойлголт гүнзгийрч байгаа хэмээн дурдав. Буддизм бол урьдчилсан таамаглал бус, харин учир шалтгаан дээр суурилсан өв уламжлал бөгөөд шүтэн барилдлагыг үндсэн үзэл баримтлалаа болгосон ганц шашин билээ.

Спитүк хийдэд “зуны их чойр” арга хэмжээ эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зуны мэтгэлцээний арга хэмжээний
нээлтийн үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак,
Лех, 2015.7.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн хурсан олны амар мэндийг эрэн яриагаа эхэллээ. Ладак өөрчлөгдөж байгаа ч, бүх өөрчлөлт эерэг бус байгааг тэрээр мөн тэмдэглэн хэлэв. Урьд өмнө барагтаа дуулдаж байгаагүй амиа хорлох явдал сүүлийн үед ихэсч байгаа тухай сонсоод сэтгэл зовниж буйгаа тэр дуулгалаа. Үүнийг тэрээр дэлхий дахинд нүүрлэж байгаа ёс суртахууны хямралын үр дагавар хэмээн харж байгаа ажээ. Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнд тулгарч байгаа олон асуудлыг хүмүүс өөрсдөө буй болгосон.

"Тэдгээр хүндрэлтэй асуудлын шийдлийн төлөө бид залбиран мөргөж болох юм” хэмээн хэлээд тэр инээв. “Гэхдээ бид өөрсдийн биеэр үйл хөдлөл хийж байж л жинхэнэ зөв шийдлийг олно. Энд байгаа настай хүмүүс бол өнгөрсөн 20 дугаар зууны иргэд бөгөөд тэр өнгөрсөн зуун маань аймшигтай цусан зуун байсан. Харин 21 дүгээр зуун ямар байх нь энд байгаа залуу үеийнхнээс хамаарна. Хэрвээ та бүхэн энэ зууныг амар амгалан, аз жаргалын зуун болгохын төлөө хөдөлмөрлөх аваас энэ мөрөөдөл биелэх боломжтой. Харин та бүхэн уур хилэн, шунал хүсэлдээ хөтлөгдөх аваас энэ зуун өрсөлдөөн тэмцэл, зовлон шаналлын зуун болон хувирна. Англи улс Энэтхэгийг захирч байх үедээ нэвтрүүлсэн нэг эерэг зүйл нь боловсрол мөн. Энэ үнэт зүйлийг бид өнөөдөр хадгалан үлдэх шаардлагатай ч, орчин үеийн боловсролыг уламжлалт дотоод үнэт зүйлстэйгээ хослуулах ёстой.”

"21 дүгээр зууныг энх тайвны зуун болгохын тулд сэтгэлийн амар амгаланг хэрхэн хэвшүүлж, сэтгэлийн сөрөг хандлагыг хэрхэн дарах талаар бид суралцах хэрэгтэй. Хэрвээ бидний бие өвдөхөд өвчнийг оношилж, зохих эм танг олж уудаг. Сэтгэл оюуны эрүүл мэнддээ бид дээрхийн адил хандах ёстой. Мансууруулах бодис хэрэглэн, эсвэл архи ууж согтуурснаар сэтгэлийн сөрөг хандлагаа тайтгаруулж чадахгүй. Бодит оршихуй хийгээд сэтгэлийн үйл ажиллагааг илүү тодорхой ойлгосны үндсэн дээр бид сэтгэл оюуны эрүүл ахуйг хангаж чадна.

"Буддын шинжлэх ухаан, гүн ухаан хийгээд буддын шашин тусдаа гэж би бодож байна. Буддын шашинтай бус хүмүүс шашны уламжлалд анхаарал хандуулах албагүй. Гэхдээ буддын шинжлэх ухаан болон гүн ухааныг судалж үр өгөөжийг нь авах хүсэлтэй хүн бүрт тэдгээр ухаан хэрэг болохуйц билээ. Буддын эх сурвалжид агуулагдаж байгаа сэтгэлийн тухай мэдлэг, бодит оршихуйн гүн гүнзгий тайлбарыг нэртэй эрдэмтэд сүүлийн үед сонирхох болсон.

Спитүк хийдэд “зуны их чойр” арга хэмжээ эхэллээ
Зуны мэтгэлцээний арга хэмжээний дүр төрх Энэтхэг, Жамму
Кашмир, Ладак, Лех, 2015.7.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Ном үзэх уламжлалт аргын тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, эртний Энэтхэг, Төвөдийн эрдэмтэд, сэтгэгчид зохиол туурвих, ном хаялцахдаа баримталдаг байсан зарчим нь бусдын үзэл бодлыг үгүйсгэж, өөрийнхийгөө батлан, холбогдох шүүмжлэлийг няцаах явдал байсныг тайлбарлав. Энэхүү арга барилыг Нагаржуна гэгээн болон түүний шавь нар, дараа нь Дармакирти, Дигнага, Шантаракшита нар өвлөн авснаар Төвөдөд дамжигдан ирснийг өнөө ч нягт нямбай хадгалж байгааг тэр тэмдэглэн хэллээ. Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдэд энэхүү арга барил ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн ба үүнийг өөр салбарт хэрэглэж болох талаар тэд сонирхон асуух болжээ. Төвөдийн сургууль, сүм хийдийн оюутан сурагчид байгалийн шинжлэх ухаан хийгээд математикийн асуудлуудаар мэтгэлцээн өрнүүлэх болсныг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ. Өөрийн үзэл бодлыг батлахын тулд эх сурвалжаас эш татах ёстой бөгөөд эшлэл нь зөвхөн учир шалтгаанд суурилсан байх ёстойг нэмж хэлэв.

" Ном хаялцах үед эерэг утгаараа өрсөлдөх нь тустай байж болох бөгөөд гагцхүү өөртөө болон өрсөлдөгчдөө амжилт хүссэн сэтгэл байх ёстой. Кам мужийн Кардзе хотын лам хувраг болон энгийн хүмүүст буддын ном зааж, ном хаялцах аргыг сургасан нэгэн ламын талаар та бүхэнд ярьж өгөхийг хүсч байна. Хотын ойролцоо Агба хийд байсан бөгөөд гэрийн эзэд тэндэхийн лам нарыг урьж, зан үйл хийлгэдэг байжээ. Удалгүй энгийн хүмүүс номонд суух үедээ лам нарын хариулж чадахааргүй асуултуудыг тавих болсон тул тэдэнд ном хаялцах талаар сургах нь буруу гэсэн гомдол гаргаж байсан гэдэг. Ер нь ямар ч байсан, 'сонгосон сэдвийн' хүрээнд эхлээд “Билгүүний зүрхэн” сургаалийн талаар ном хаялцах нь ахиж дэвжихийн үндэс гэж үзэж байна."

Спитүк хийдэд “зуны их чойр” арга хэмжээ эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хийх уулзалтад хүрэлцэн ирсэн
Ладакийн Өөртөө Засах Уулын Зөвлөлийн гишүүд ба зочид.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2015.7.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн Спитүк хийдийн ном хаялцах арга хэмжээнээс гараад Шанти Энх тайвны суваргын дэргэд байрлах Синпху Санскрити Кендра хурлын танхим буюу амфитеатрыг зорин хөдөллөө. Тэргүүн Гүйцэтгэх дарга (ЛӨЗУЗ) Ригзин Спалбар уригдсан 500 зочид төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ, түүний удирдаж байгаа 4 дэх Зөвлөл олон ололт амжилатад хүрсний ачаар Лех хот цэвэр цэмцгэр болж, бохирдол багасан, боловсролын байгууламжуудын нөхцөл сайжран, дэд бүтэц болон хөдөө аж ахуйд эерэг нөлөө бүхий хөгжлийн төлөвлөгөө хэрэгжих болсон тухай дурдсан байна. Тэрээр 'Дөрөвдүгээр Уулын Зөвлөлийн ололт амжилт' хэмээх ном гаргаснаа зарлаад, энэ тухай танилцуулахыг хүссэний дагуу Дээрхийн Гэгээнтэн номыг олонд танилцуулав.

Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхийг урихад тэрээр өөрийгөө дэлхийн 7 тэрбум хүний нэг хэмээн үздэгээ тэмдэглэн хэлэв. Египет, Хятад, Инд мөрний хөндий эртний соёл иргэншлийн өлгий болж байсан бол Инд мөрний хөндийгөөс агуу сэтгэгчид, гүн ухаантнууд, шашны их багш нар төрөн гарсанд анхаарлаа хандуулахыг уриаллаа. “Өнөөдөр 21 дүгээр зуунд ч эртний Энэтхэгийн үзэл санаа, тухайлбал ахимса, хүч үл хэрэглэх зарчим ач холбогдлоо огтхон ч алдаагүй байгаа билээ. Энэтхэг улс ийм замаар дэлхийн бүх шашин энх тайвнаар, эв зохицолтойгоор зэрэгцэн оршиж болдгийн үлгэр дууриалыг өнөөдөр дэлхий дахинд үзүүлж байна.”

21 дүгээр зуунд иргэний ёс зүйг хэвшүүлэхийн ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Иргэний ёс зүй нь аль нэг шашинд тухайлан үйлчлэхгүй, бүх нийтэд хамаатай үнэт зүйл хэрнээ бүх шашинд, мөн шашингүй хүмүүсийн үзэл бодолд ч хүндэтгэлтэй хандах хандлага мөн. Сэтгэлийн мөн чанар хийгээд сэтгэл хөдлөлийн тухай гүн гүнзгий мэдлэгийг агуулсан Наландагийн уламжлалаас суралцахыг Дээрхийн Гэгээнтэн уриалсан байна. Тэрээр,

Спитүк хийдэд “зуны их чойр” арга хэмжээ эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Синдху Санскрит Кенпра танхимд
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2015.7.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
"Мөргөл залбирал хийж, лам хувраг, сүм хийдэд мөнгө хандивлах нь хангалттай биш ээ. Хэрвээ танд хураасан мөнгө байгаа бол ном худалдан авч, тэдгээрийг уншиж судлахад зориулах хэрэгтэй. Би 80 настай ч, өнөө хэр суралцсаар байна. Боломжтой цач мөч бүрт би ном уншдаг. Буддистуудтай уулзах бүртээ миний хэлдэг шиг, хэрвээ та 21 дүгээр зууны буддист байхыг хүсч байгаа бол буддизм гэж юу болохыг ойлгох хэрэгтэй. Энэ нь дан ганц 'Буддам саранам гачами' хэмээн залбирахаас хамаагүй өргөн утгатай зүйл билээ. Орчин үеийн хөгжлийг уламжлалт үнэт зүйлстэй хослуулах арга замыг хайх нь чухал гэдгийг өнгөрсөн жил Делид болсон VHP уулзалтын үеэр би хэлж байсан. 1966 онд Ладакт анх хөл тавьж байсан цагаас хойш энд дэд бүтэц, боловсролын салбарт асар том өөрчлөлт гарчээ. Ирэх 10 жилийн хугацаанд дахин ирнэ гэж найдаж байгаа ч, 90 хүрчихвэл яахыг мэдэхгүй байна" хэмээн хэлэв.

Хурлын танхимын ард байрлах амфитеатрт бэлдсэн үдийн зоогт Дээрхийн Гэгээнтэн бусад зочдын хамт уригдлаа. Зоогийн төгсгөлд Бүх Энэтхэгийн Радиогийн сэтгүүлч түүнээс саяхан таалал төгссөн, ерөнхийлөгч асан Абдул Каламын талаарх бодлыг нь асуув.

"Доктор Абдул Калам таалал төгссөн мэдээг сонсоход надад гунигтай байсан. Тэр маш эелдэг, онцгой нэгэн байсан. Хүн шиг хүн байх агуу чанарууд түүнд цогцолсон байсныг би эн тэргүүнд үнэлдэг байсан. Хоёрдугаарт, тэр лалын шашинтан, агуу эрдэмтэн байсны дээр энэ агуу ард түмний ерөнхийлөгч болтлоо өсч дэвшиж чадсан нэгэн. Өндөр албан тушаалд очсоны дараа ч түүний хүнлэг чанар алдагдаагүй билээ. Нигүүлслийн тухай буддын ном судрыг тэр ихэд сонирхдог байсан. Тэр бол миний насан эцэс болтлоо санан дурсаж байх эрхэм анд минь бөгөөд түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэхийг хүсч байна.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулсан байна.

Тэрээр маргааш богино хэмжээний ном айлдсаны дараа насны авшиг хүртээнэ. Чогламсарын ойролцоох Шивацел сургалтын төвд Дээрхийн Гэгээнтэнд зориулж урт наслахуйн даншүг өргөх ёслол болно.

Үзсэн: 2 303
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц