Монгол Улс, Улаанбаатар хот. 2016.11.19 - Өчигдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Японоос Монголыг зорин нислээ. Онгоц Улаанбаатарт буух дөхөхөд үүлний цаанаас газар тэр чигээрээ цав цагаан цасанд хучигдсан нь харагдаж байв. Онгоцны үүднээс түүнийг Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэн лам хуврагууд, Энэтхэгийн ЭСЯ-ны төлөөлөгч, Далай ламын ОХУ болон Монгол дахь албан ёсны төлөөлөгч Дилав хутагт нар угтан авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Чингис хаан нисэх онгоцны
буудал дээр угтаж байгаа нь. Монгол, Улаанбаатар.
2016.11.18. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)
2016 оны 11 дүгээр сар 20
Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандантэгчэнлин хийдэд морилов. Тэрээр эхлээд Очирдарын дуганд саатан зул өргөж мөргөл үйлдсэний дараа Гандан хийдийн гол дуганд морилж лам хуврагуудын хамт хурал хурав. Хамба лам Чойжамц Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд лагшин, зарлиг, таалалын шүтээн, мандал өргөв. Энэ үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн зохиосон “Энэтхэгийн 17 бандидагийн магтаал” номын аман эш хүртээлээ.
Дараа нь Гандантэгчэнлин хийдийн зүгээс уламжлалт монгол гэрт Дээрхийн Гэгээнтэнд зориулан хүндэтгэлийн үдийн зоог барьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Идгачойлин дацанд лам хуврагуудад айлдвар
айлдаж байгаа нь. Монгол, Улаанбаатар. 2016.11.18.
Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)
Цугласан олонд хандан тэрээр Монголд айлчилж байгаадаа туйлын их баяртай байгаагаа ярив. Мөн сүсэгтэн олонд хандан зөвхөн зан үйл болон залбирал үйлдэх бус, бурханы шашны сургаалийн үнэн утга санааг судлан дадуулахыг уриалав. Маргаашийн номын айлдвараар хэрхэн дадуулах талаар тайлбарлах болно гэсэн юм.
Идгачойлин дацанд Дээрхийн Гэгээнтний айлварыг сонсохоор мянга гаруй лам хуврагууд цугласан байлаа. Тэрээр 30 гаруй жилийн турш сансар судлал, нейробиологи, физик, ялангуяа квант физик, мөн сэтгэл судлал гэх энэ дөрвөн салбарт анхаарлаа хандуулан орчин цагийн эрдэмтэн, судлаачидтай яриа хэлэлцүүлэг хийж ирсэн тухайгаа яриад энэ уулзалт нь аль аль талыг мэдлэгээр баяжуулдаг, бие биенээсээ их юм сурдаг харилцан ашигтай хурал болдог гэсэн юм.
“Анх би энгийн сониуч зангаар эрдэмтэдтэй ярьж эхэлсэн. Ярих тусам бидний хэлэлцүүлэг улам гүнзгийрч, орчин үеийн шинжлэх ухааны зарим зүйлсийг бидний Буддын шашны сүм хийдүүд судлах хэрэгтэй гэдгийг ойлгох болсон. Ингээд Энэтхэгийн томоохон шашны их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт шинжлэх ухааны зарим сургалтыг оруулсан юм.”
Мөн Дээрхийн Гэгээнтэн Наландагийн их багш нарын зохиосон сонгодог бүтээлүүдийг судлан сурах нь маш чухал гэлээ.

1000 гаруй лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
айлдварыг сонсов. Монгол, Улаанбаатар. 2016.11.18.
Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн ирсэн хүмүүсийн хэд хэдэн асуултанд хариу өгөөд энэ өдрийн ажлаа өндөрлөв.