Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Монгол дахь айлчлал эхлэв

22-11-2016, 04:51  |  Хэвлэх

2016 оны 11 дүгээр сар 19

Монгол Улс, Улаанбаатар хот. 2016.11.19 - Өчигдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Японоос Монголыг зорин нислээ. Онгоц Улаанбаатарт буух дөхөхөд үүлний цаанаас газар тэр чигээрээ цав цагаан цасанд хучигдсан нь харагдаж байв. Онгоцны үүднээс түүнийг Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэн лам хуврагууд, Энэтхэгийн ЭСЯ-ны төлөөлөгч, Далай ламын ОХУ болон Монгол дахь албан ёсны төлөөлөгч Дилав хутагт нар угтан авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Монгол дахь айлчлал эхлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Чингис хаан нисэх онгоцны
буудал дээр угтаж байгаа нь. Монгол, Улаанбаатар.
2016.11.18. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн өөрийг нь угтахаар ирсэн олон лам хуврагууд болон албаны хүмүүстэй хэдэн хором ярилцсаны дараа Монголын үндэсний олон нийтийн телевизэд богино ярилцлага өгөв. Тэрээр Монголд дахин айлчилж байгаадаа баяртай байна гээд Бурханы шашны ном айлдах, Гандантэгчэнлин хийдээр айлчлах, залуучуудтай уулзалт хийх зэрэг ойрын дөрвөн өдөр болох арга хэмжээнүүдийг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлэв. Дараа нь тэрээр буудалдаа ирж амарлаа.


2016 оны 11 дүгээр сар 20

Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандантэгчэнлин хийдэд морилов. Тэрээр эхлээд Очирдарын дуганд саатан зул өргөж мөргөл үйлдсэний дараа Гандан хийдийн гол дуганд морилж лам хуврагуудын хамт хурал хурав. Хамба лам Чойжамц Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд лагшин, зарлиг, таалалын шүтээн, мандал өргөв. Энэ үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн зохиосон “Энэтхэгийн 17 бандидагийн магтаал” номын аман эш хүртээлээ.

Дараа нь Гандантэгчэнлин хийдийн зүгээс уламжлалт монгол гэрт Дээрхийн Гэгээнтэнд зориулан хүндэтгэлийн үдийн зоог барьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Монгол дахь айлчлал эхлэв
Дээрхийн Гэгээнтэн Идгачойлин дацанд лам хуврагуудад айлдвар
айлдаж байгаа нь. Монгол, Улаанбаатар. 2016.11.18.
Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)
Үдээс хойш хэдэн мянган хүн гадаах тэсгим хүйтнийг үл хайхран Дээрхийн Гэгээнтэнтэй мэндлэхээр Жанрайсиг дацангийн урд талбайд цугласан байв.

Цугласан олонд хандан тэрээр Монголд айлчилж байгаадаа туйлын их баяртай байгаагаа ярив. Мөн сүсэгтэн олонд хандан зөвхөн зан үйл болон залбирал үйлдэх бус, бурханы шашны сургаалийн үнэн утга санааг судлан дадуулахыг уриалав. Маргаашийн номын айлдвараар хэрхэн дадуулах талаар тайлбарлах болно гэсэн юм.

Идгачойлин дацанд Дээрхийн Гэгээнтний айлварыг сонсохоор мянга гаруй лам хуврагууд цугласан байлаа. Тэрээр 30 гаруй жилийн турш сансар судлал, нейробиологи, физик, ялангуяа квант физик, мөн сэтгэл судлал гэх энэ дөрвөн салбарт анхаарлаа хандуулан орчин цагийн эрдэмтэн, судлаачидтай яриа хэлэлцүүлэг хийж ирсэн тухайгаа яриад энэ уулзалт нь аль аль талыг мэдлэгээр баяжуулдаг, бие биенээсээ их юм сурдаг харилцан ашигтай хурал болдог гэсэн юм.

“Анх би энгийн сониуч зангаар эрдэмтэдтэй ярьж эхэлсэн. Ярих тусам бидний хэлэлцүүлэг улам гүнзгийрч, орчин үеийн шинжлэх ухааны зарим зүйлсийг бидний Буддын шашны сүм хийдүүд судлах хэрэгтэй гэдгийг ойлгох болсон. Ингээд Энэтхэгийн томоохон шашны их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт шинжлэх ухааны зарим сургалтыг оруулсан юм.”

Мөн Дээрхийн Гэгээнтэн Наландагийн их багш нарын зохиосон сонгодог бүтээлүүдийг судлан сурах нь маш чухал гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Монгол дахь айлчлал эхлэв
1000 гаруй лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
айлдварыг сонсов. Монгол, Улаанбаатар. 2016.11.18.
Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)
“Зөвхөн мухар сүсэгтэй байх нь хангалтгүй. Бидний итгэл үнэмшил нь мэдлэг, учир шалтгаан дээр суурилах нь чухал. Иймд би өнөө үед төвөдүүдэд 21-р зууны буддист байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ нь Бурхан Багшийн сургаалыг зөв ойлголт, гүнзгий судалсан мэдлэг дээр үндэслэн дадуулах ёстой гэсэн үг юм. Мөн итгэл үнэмшил болон шашны уламжлалыг орчин үеийн мэдлэг чадвар дээр тулгуурлан бататгаж явах нь чухал. Тиймээс би монголчууд та бүгдийг мөн адил 21-р зууны буддистууд байгаарай гэж зөвлөе.”

Дээрхийн Гэгээнтэн ирсэн хүмүүсийн хэд хэдэн асуултанд хариу өгөөд энэ өдрийн ажлаа өндөрлөв.
Үзсэн: 2 479
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц