Энэтхэг, Аруначал Прадеш, Бомдила – Тасралтгүй орох бороо Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Аруначал Прадеш мужид айлчлах ажлыг ахин төлөвлөхөд хүргэв. Ингээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө нисдэг тэргээр Таваны зүг хөдлөх байсан төлөвлөгөөг өөрчилж машинаар Аруначал мужийн зүг хөдөлсөн юм. Түүнтэй хамт Аруначал мужийн захирагч Пема Хандү явлаа.
Хүчтэй аадар бороо бага зэрэг намдсан тул зам чөлөөтэй болсон байв. Ажлын төлөвлөгөөг бага зэрэг өөрчилсөн нь тэр даруй Таванд тарсан байлаа. Замын цэргүүд зам хэвийн байгааг байнга илтгэж байв. Тосгодоор дамжин өнгөрөхөд нутгийн сүсэгтэн олон нэгэн дор цуглаж, үнэрт хүж, алд цагаан хадаг барин Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг баяр хөөртэйгээр угтаж байсан юм. Олон тосгонд сан уугиулж, уламжлалт арвайн гурил барин угтсан бөгөөд зарим үед Дээрхийн Гэгээнтэн түр саатаж байв. Тэрээр түр саатах үедээ тосгоны төлөөлөл бүхий хүмүүст аяга дүүрэн будаа адислан өгч тосгодын иргэдэд тараахыг хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ассам болон Аруначал мужийн хил дээр байрлах Энэтхэгийн засгийн газрын амралтын газарт түр саатан цай уух зуураа мужийн захирагч Пема Кандү болон Баруун Каменгийн дарга доктор Сонал Сварууп нартай ярилцаж байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тэнзин Ганг дахь төвөдийн
суурингийн хүмүүстэй уулзаж ярилцаж байгаа нь. Энэтхэг,
Аруначал Прадаеш. 2017.04.04. Фотог Жерреми Рассел (ДЛО)
Үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам аялалаа цааш үргэлжлүүлж Бомдила хотод хүрэлцэн ирлээ. Ахин бороо орж эхэлсэн боловч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг харахыг хүссэн олон хүн үүнийг үл ажран байв. Тэрээр Тхүвчок Гацел Лин хийдэд морилон ирээд мөргөл үйлдэж, хүндэтгэлийн цай, будаа зооглоод амрахаар өөрийн өргөөндөө морилов.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Бомдила хотын Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэнд Цагаад Дарь Эхийн насны авшиг хайрлаж, үдээс хойш ахлах сургуулийн талбайд олон нийттэй уулзаж ярилцана.