Энэтхэг, Шинэ Дели- Өнөө өглөө хүний үнэт чанарын тухай сургалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа ажлын хэсэгтэй уулзахаар явах замдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын унаа зам хөндөлсөн аажуу тайван алхах зааны хоёр ч том сүргийг хүлээж өнгөрөөх хэрэг гарлаа.
Зорьсон газар очиход Байрны эзэн ноён Аналжит Сингх болон түүний хүү Вир нараар угтсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн уулзалт эхэлснийг билэгдэн зул өргөв. Өнөөдрийн хуралдааныг гэвш Лхакдор удирдан явуулсан бөгөөд төлөөлөгчид өчигдрийн хэлэлцүүлгийн талаарх саналаа Дээрхийн Гэгээнтэнд танилцуулсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Аналжит Синх, түүний хүү Вир нар хурлын нээлтийн зул өргөж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.28. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Боловсролын 6 байгууллагын төлөөлөл сургалтын хөтөлбөр боловсруулах ажилд гаргасан ололт болон цаашид хийх ажлынхаа талаар танилцуулав. Эмори их сургуулийг гэвш Лувсан Дэнзэн Нэги төлөөлсөн бөгөөд тус сургууль Дээрхийн Гэгээнтнийг 10 сард зочлох үед сургалтын хөтөлбөрөө эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэтхэгийн 8 хотын 9 сургуульд хэрэгжүүлэх сургалтын хоёр загварыг 7 сар гэхэд бэлэн болгохоо Оюун Ухаан ба Амьдрал байгууллагын үйл ажиллагааг Энэтхэгт дэлгэрүүлэн дэмжих үүднээс Мирутад байгуулагдсан Аюургян Ниас байгууллагын төлөөлөгч, хатагтай Дипти Гулати хэлэв.
Нийгмийн шинжлэх ухааны Тата их сургуулийн захирал, профессор С. Пурасураманыг орлож ирсэн хоёр ажилтан нь иргэний ёс зүйг дэлгэрүүлэх чиглэлд хийсэн ажлаа танилцууллаа. Тэдгээр ажлын сэдэв нь Би гэдгээ таних, өөрчлөлтийг хийх, бодит үр дүн гаргах зэрэг асуудлыг багтаасан байв.
Эрх чөлөө, тэгш байдал, хүний үнэт чанар дээр төвлөрсөн эерэг хандлагыг төлөвшүүлэх тухай Дээд Боловсролын Бодлогын Судалгааны төвийн төлөөлөл доктор Нидхи Сабхарвал ярилаа. Тэд хөтөлбөрийн загвараа ирэх 8 сард бэлэн болгохоор зорьж байгаа ажээ.
Энх тайвныг түгээх төвийн ивээл дор Хувьсал, Энэтхэгийн үндэсний хөгжим рааг, Эрх чөлөөний төлөөх тэмцэл зэрэгт анхаарлаа хандуулах замаар бүх нийтийн боловсролын чиглэлд анхлан хэрэгжүүлж байгаа ажлаа Васант Валли сургуулийн захирал Арун Капур танилцуулав.

Васант Валли сургуулийн захирал Арун Капур илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.28. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Тайлан илтгэлүүд тавигдсаны дараа Гэвш Лхакдор тэмдэглэн хэлэхдээ, Төвөдийн Төв Захиргааны Болосрол болон Шашин, соёлын яамд дээрх асуудлуудад онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд сайд нар энэхүү хуралдаанд өөрсдийн биеэр хүрэлцэн ирснийг мэдэгдэв.
Цайны завсарлагын дараа Арун Капур тус нийгэмлэгээс хийх ажлын талаар танилцуулсан юм. Тэрээр сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгох хэд хэдэн төлөвлөгөөг танилцууллаа. Ажлын хэсгийн бараг бүх гишүүд энэ жилийн 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд материалуудаа бэлэн болгоно гэж зөвшилцөв.
Дараа нь Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхийг хүслээ.
“Юуны түрүүнд би эдгээр олон байгууллага, боловсролын олон институт энэ ажилд идэвхтэй оролцож байгааг нэн ихээр дэмжиж байна.
“Өнөөдөр бидэнд тохиож буй олон асуудал нь бид хүний төрөлх чанарыг ашиглаж чадаагүй, мөн саруул оюун ухааныг зөв зохистой ашиглаагүйн улмаас бий болсон юм. Бид хүмүүсийг хэрхэн боловсролтой болгох арга замыг хайх хэрэгтэй. Эдийн засаг болон эрх мэдлийн талаарх яриа үүнд нэмэр болохгүй байна. Хүн төрөлхтний нэгдмэл байдал, бүгд нэгэн гэр бүлийн гишүүд гэдэг ойлголтыг төрүүлэх тал дээр илүү их анхаарах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.28. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Энэрэнгүй хот” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн Америкийн хэд хэдэн хотоор би зочлохдоо энэ ажилд хотын дарга нар идэвхтэй оролцож байгааг мэдсэн юм. Тэд эелдэг бөгөөд энэрэнгүй байх хөтөлбөрийг боловсруулсан нь оюутан залуус болон уг хөтөлбөрт хамрагдсан бүх хүмүүст онцгой өөрчлөлт авчирсан байна. Тэдний хийсэн ажлын үр дүн та нарт сонирхолтой байж болох юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа сэтгэл судлал, учир шалтгаан болон гүн ухаанд суурилсан эртний Энэтхэгийн боловсролыг сэргээн хөгжүүлэхийн төлөө хичээж байгаагаа дурдлаа. Тэрээр өдөрт 9 цаг унтдаг, өглөө 3 цагт сэрээд 4-5 цагийн турш эртний Энэтхэгийн ном сургаалыг үзэж судлан оюун ухаанаа хөгжүүлдэг тухайгаа ярьсан юм.
Энэтхэгийн Хүний нөөцийн хөгжлийн яамны төлөөлөгч хоёр өдрийн турш уг хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд боловсрол дээр суурилсан хүний үнэ цэнийг хөгжүүлэх ажил олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн гэдийг мэдэгдлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөр боловсруулж буй ажлын хэсэгт үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.28. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Шашнаас ангид ёс суртахуун нь шашны олон уламжлалд хэр нөлөөтэй байх талаар хэлэлцүүлэг өрнөв. Дээрхийн Гэгээнтний байр суурь маш тодорхой байлаа.
“Шашин үлдэнэ. Шашин хүний үнэт чанарыг улам хүчжүүлж байдаг. Шашнаас ангид ёс суртахуун гэдэг нь бүх шашны уламжлалын үндсэн суурь бөгөөд бүгдэд нь хамааралтай билээ. Шашнаас ангид ёс суртахуун гэдэг үгийг би хэрэглэхдээ бүх шашинд хүндэтгэлтэй хандах ба шашингүй хүнийг ч хүндэтгэнэ хэмээн тайлбарладаг энэтхэг ойлголтыг ашигладаг юм.”
Мөн кастаар ялгавралан гадуурхах үзлийг нийгмийн зарим салбарт эсэргүүцэж байгаа талаар хэсэг ярилцлаа. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ ардчилсан нийгэмд үеэ өнгөрөөсөн кастын системийн эсрэг Энэтхэгийн оюун санааны манлайлагч нар нэгдэх хэрэгтэй гэж уриалсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөр боловсруулж буй ажлын хэсгийн хамт. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.28. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлсэн бөгөөд ялангуяа энэхүү хурлын үйл ажиллагааг найрсаг зохион байгуулсан хамт олонд талархал илэрхийллээ. Хүн бүхэн тухтай сууж үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотын зүг нисэхээр онгоцны буудлыг зүг хөдөлсөн юм.