Хүний үнэт чанарыг сургалтын хөтөлбөрт тусгах ажлын хэсэг тайлангаа тавив

6-05-2017, 04:54  |  Хэвлэх

2017 оны 4 дүгээр сар 28

Энэтхэг, Шинэ Дели- Өнөө өглөө хүний үнэт чанарын тухай сургалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа ажлын хэсэгтэй уулзахаар явах замдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын унаа зам хөндөлсөн аажуу тайван алхах зааны хоёр ч том сүргийг хүлээж өнгөрөөх хэрэг гарлаа.

Зорьсон газар очиход Байрны эзэн ноён Аналжит Сингх болон түүний хүү Вир нараар угтсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн уулзалт эхэлснийг билэгдэн зул өргөв. Өнөөдрийн хуралдааныг гэвш Лхакдор удирдан явуулсан бөгөөд төлөөлөгчид өчигдрийн хэлэлцүүлгийн талаарх саналаа Дээрхийн Гэгээнтэнд танилцуулсан юм.

Хүний үнэт чанарыг сургалтын хөтөлбөрт тусгах ажлын хэсэг тайлангаа тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Аналжит Синх, түүний хүү Вир нар хурлын нээлтийн зул өргөж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.28. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Багш, сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэх тухайд, тэд сургалтын удирдамжийг төгс эзэмшээд зогсохгүй, зааж байгаа ёс зүйн тал дээр өөрсдөө үлгэрлэх ёстой гэдэг дээр бүгд санал нийлсэн байна. Далай Ламын төсөөлж байгаа иргэний ёс зүй, хүн төрөлхтний үнэт зүйлсийг хөгжүүлэх аливаа хөтөлбөрийн үндэс нь Эмори их сургуулийн боловсруулсан Нийгмийн, Сэтгэл санааны, Ёс зүйн сургалт байх болно гэдгийг мөн бүгд хүлээн зөвшөөрлөө. Хэлэлцэх асуудалд түүнчлэн үндсэн хөтөлбөр, түүнийг шинэчлэх асуудал, хяналт, Далай Ламын офисоос магадлан итгэмжлэх ба батлах зэрэг асуудал орсон байна.

Боловсролын 6 байгууллагын төлөөлөл сургалтын хөтөлбөр боловсруулах ажилд гаргасан ололт болон цаашид хийх ажлынхаа талаар танилцуулав. Эмори их сургуулийг гэвш Лувсан Дэнзэн Нэги төлөөлсөн бөгөөд тус сургууль Дээрхийн Гэгээнтнийг 10 сард зочлох үед сургалтын хөтөлбөрөө эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэтхэгийн 8 хотын 9 сургуульд хэрэгжүүлэх сургалтын хоёр загварыг 7 сар гэхэд бэлэн болгохоо Оюун Ухаан ба Амьдрал байгууллагын үйл ажиллагааг Энэтхэгт дэлгэрүүлэн дэмжих үүднээс Мирутад байгуулагдсан Аюургян Ниас байгууллагын төлөөлөгч, хатагтай Дипти Гулати хэлэв.

Нийгмийн шинжлэх ухааны Тата их сургуулийн захирал, профессор С. Пурасураманыг орлож ирсэн хоёр ажилтан нь иргэний ёс зүйг дэлгэрүүлэх чиглэлд хийсэн ажлаа танилцууллаа. Тэдгээр ажлын сэдэв нь Би гэдгээ таних, өөрчлөлтийг хийх, бодит үр дүн гаргах зэрэг асуудлыг багтаасан байв.

Эрх чөлөө, тэгш байдал, хүний үнэт чанар дээр төвлөрсөн эерэг хандлагыг төлөвшүүлэх тухай Дээд Боловсролын Бодлогын Судалгааны төвийн төлөөлөл доктор Нидхи Сабхарвал ярилаа. Тэд хөтөлбөрийн загвараа ирэх 8 сард бэлэн болгохоор зорьж байгаа ажээ.

Энх тайвныг түгээх төвийн ивээл дор Хувьсал, Энэтхэгийн үндэсний хөгжим рааг, Эрх чөлөөний төлөөх тэмцэл зэрэгт анхаарлаа хандуулах замаар бүх нийтийн боловсролын чиглэлд анхлан хэрэгжүүлж байгаа ажлаа Васант Валли сургуулийн захирал Арун Капур танилцуулав.

Хүний үнэт чанарыг сургалтын хөтөлбөрт тусгах ажлын хэсэг тайлангаа тавив
Васант Валли сургуулийн захирал Арун Капур илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.28. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Төгсгөлд нь Дели их сургуулийн профессор Минакши Тхапан Ёс суртахуун ба Боловсрол чиглэлээр Риши Валли сургуультай хамтран хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Багш нар хүүхдүүдийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэдэг ч, Энэтхэгт тэд өөрсдийгөө дутуу үнэлдэг хэмээн тэрээр тэмдэглэн хэллээ.

Тайлан илтгэлүүд тавигдсаны дараа Гэвш Лхакдор тэмдэглэн хэлэхдээ, Төвөдийн Төв Захиргааны Болосрол болон Шашин, соёлын яамд дээрх асуудлуудад онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд сайд нар энэхүү хуралдаанд өөрсдийн биеэр хүрэлцэн ирснийг мэдэгдэв.


Цайны завсарлагын дараа Арун Капур тус нийгэмлэгээс хийх ажлын талаар танилцуулсан юм. Тэрээр сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгох хэд хэдэн төлөвлөгөөг танилцууллаа. Ажлын хэсгийн бараг бүх гишүүд энэ жилийн 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд материалуудаа бэлэн болгоно гэж зөвшилцөв.

Дараа нь Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхийг хүслээ.

“Юуны түрүүнд би эдгээр олон байгууллага, боловсролын олон институт энэ ажилд идэвхтэй оролцож байгааг нэн ихээр дэмжиж байна.

“Өнөөдөр бидэнд тохиож буй олон асуудал нь бид хүний төрөлх чанарыг ашиглаж чадаагүй, мөн саруул оюун ухааныг зөв зохистой ашиглаагүйн улмаас бий болсон юм. Бид хүмүүсийг хэрхэн боловсролтой болгох арга замыг хайх хэрэгтэй. Эдийн засаг болон эрх мэдлийн талаарх яриа үүнд нэмэр болохгүй байна. Хүн төрөлхтний нэгдмэл байдал, бүгд нэгэн гэр бүлийн гишүүд гэдэг ойлголтыг төрүүлэх тал дээр илүү их анхаарах хэрэгтэй.”

Хүний үнэт чанарыг сургалтын хөтөлбөрт тусгах ажлын хэсэг тайлангаа тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.28. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Амьтад дайнд бусдыг өдөөн хатгадаггүй, хүмүүс л үүнийг хийдэг. Хэрэв хүний үндсэн чанар нь уур хилэн байсан бол итгэл найдвар байхгүй гэсэн үг. Өдгөө бидэнд нүүрлээд буй олон асуудал бэрхшээл нь өнөөгийн боловсролын систем учир дутагдалтай байгаагийн илрэл билээ. Энэ бүгдийг өөрчлөхөөр ажиллаж буй та нар надад онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Та бүхэн энэ ажлыг дуусгахаар яарах хэрэггүй, гагцхүү үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулах нь чухал билээ.”

“Энэрэнгүй хот” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн Америкийн хэд хэдэн хотоор би зочлохдоо энэ ажилд хотын дарга нар идэвхтэй оролцож байгааг мэдсэн юм. Тэд эелдэг бөгөөд энэрэнгүй байх хөтөлбөрийг боловсруулсан нь оюутан залуус болон уг хөтөлбөрт хамрагдсан бүх хүмүүст онцгой өөрчлөлт авчирсан байна. Тэдний хийсэн ажлын үр дүн та нарт сонирхолтой байж болох юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа сэтгэл судлал, учир шалтгаан болон гүн ухаанд суурилсан эртний Энэтхэгийн боловсролыг сэргээн хөгжүүлэхийн төлөө хичээж байгаагаа дурдлаа. Тэрээр өдөрт 9 цаг унтдаг, өглөө 3 цагт сэрээд 4-5 цагийн турш эртний Энэтхэгийн ном сургаалыг үзэж судлан оюун ухаанаа хөгжүүлдэг тухайгаа ярьсан юм.

Энэтхэгийн Хүний нөөцийн хөгжлийн яамны төлөөлөгч хоёр өдрийн турш уг хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд боловсрол дээр суурилсан хүний үнэ цэнийг хөгжүүлэх ажил олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн гэдийг мэдэгдлээ.

Хүний үнэт чанарыг сургалтын хөтөлбөрт тусгах ажлын хэсэг тайлангаа тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөр боловсруулж буй ажлын хэсэгт үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.28. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Эртний Энэтхэгийн мэдлэг боловсролын талаарх ярианд эргэн ороход Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд хэлэнд орчуулагдсан эртний Энэтхэгийн 300 гаруй боть номыг сэтгэл судлалын шинжлэх ухааны хэсэг, гүн ухааны хэсэг, шашны хэсэг хэмээн гурав ангилдаг талаар тайлбарлан ярив. Тэрээр шинжлэх ухаан болон гүн ухааны сургаал нь академик түвшний судалгааны үүднээс сонирхолтой байх бөгөөд шашны сургаал нь зөвхөн бурханы шашинтан нарт зориулагдсан гэдгийг онцолсон юм. Мөн тэрээр сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд зохион байгуулсан шинжлэх ухааны эрдэмтэдтэй хийсэн уулзалтыг хоёр талдаа ашигтай байсан гэдгийг битүүхэн хэллээ. Орчин үеийн сэтгэл судлал нь эртний Энэтхэгийн оюун санаа хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх сургалт судалгаатай харьцуулбал анхан шатанд явагдаж байгаа гэдгийг тэмдэглэн хэлэв.

Шашнаас ангид ёс суртахуун нь шашны олон уламжлалд хэр нөлөөтэй байх талаар хэлэлцүүлэг өрнөв. Дээрхийн Гэгээнтний байр суурь маш тодорхой байлаа.

“Шашин үлдэнэ. Шашин хүний үнэт чанарыг улам хүчжүүлж байдаг. Шашнаас ангид ёс суртахуун гэдэг нь бүх шашны уламжлалын үндсэн суурь бөгөөд бүгдэд нь хамааралтай билээ. Шашнаас ангид ёс суртахуун гэдэг үгийг би хэрэглэхдээ бүх шашинд хүндэтгэлтэй хандах ба шашингүй хүнийг ч хүндэтгэнэ хэмээн тайлбарладаг энэтхэг ойлголтыг ашигладаг юм.”

Мөн кастаар ялгавралан гадуурхах үзлийг нийгмийн зарим салбарт эсэргүүцэж байгаа талаар хэсэг ярилцлаа. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ ардчилсан нийгэмд үеэ өнгөрөөсөн кастын системийн эсрэг Энэтхэгийн оюун санааны манлайлагч нар нэгдэх хэрэгтэй гэж уриалсан юм.

Хүний үнэт чанарыг сургалтын хөтөлбөрт тусгах ажлын хэсэг тайлангаа тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөр боловсруулж буй ажлын хэсгийн хамт. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.28. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Олон энэтхэгчүүд, мөн барууны олон хүн материаллаг амьдралын хойноос явж байна. Бидэнд бие махбодийн таатай орчин хэрэгтэй нь мэдээжийн хэрэг боловч үүнтэй зэрэгцэн дотоод сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрэх талаар мэддэг байх ёстой. Энэтхэг орон сэтгэл оюуны талаар гүн мэдлэгийг дэлгэрүүлсэн бөгөөд үүнийгээ орчин үеийн боловсролтой уялдуулж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг юм. Ингэж чадвал Энэтхэг орон нь бусад улс орнуудад гэрэл гэгээ болно.”

Хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлсэн бөгөөд ялангуяа энэхүү хурлын үйл ажиллагааг найрсаг зохион байгуулсан хамт олонд талархал илэрхийллээ. Хүн бүхэн тухтай сууж үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотын зүг нисэхээр онгоцны буудлыг зүг хөдөлсөн юм.
Үзсэн: 2 514
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц