Энэтхэг, ХП, Дарамсала – Зүглаг Хан дуганы өмнөх талбайд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг харахаар баяр хөөрөөр дүүрэн төвөд хийгээд гадаадийн иргэд олноороо цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн дуганд залран ирээд Жанрайсиг бурханы авшиг хүртээх бэлтгэл зан үйлээ эхэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганд морилон орж ирээд сэнтийндээ сууж байгаа нь. Энэтхэг,
ХП, Дарамсала. 2017.05.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Хэрэв бид бусдыг үнэхээр амар амгалантай болгохыг хүсч байгаа бол дэггүй сэтгэл зовлонгийн үндэс ба сахилага баттай сэтгэл биднийг аз жаргалтай болгоно гэдгийг тэдэнд тайлбарлан ойлгоуулах хэрэгтэй. Дэлхийн энх тайван бидний нэг нэгэндээ энэрэнгүй сайхан хандахаас эхлэх болно. Олон шашны янз бүрийн гүн ухааны үзэл онол нь тал бүрийн аргаар энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхийн төлөөд юм.”
“Бид 2600 гаруй жилийн уламжлал бүхий Бурхан Багшийн ном сургаалыг дагаж байна. Бурхан Багш хааны гэр бүлд мэндэлсэн боловч хааны ордныг орхиж, зургаан жилийн турш даянчилсан билээ. Миний баруун талд түүний хатуужил хийж байх үеийн дүр залаатай байна. Би багадаа Потала ордонд Бодьгаяа хотын зураг үзэж байхдаа Бурхан Багшийн хатуужил хийж байх үеийн асар туранхай эцэнхий зургийг олж үзэж билээ. Эх бүтээл нь Пакистаны Лахорын музейд хадгалагдаж байдгийг сүүлд мэдсэн юм. Бүр хожим Японд зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн үеэр уг бүтээлийг би бодитоор харсан билээ. Би тэр үед Бурхан Багшийн энэ дүрийг дуурайлган бүтээлгэж Дарамсалад залах нь түүний гэгээрлийн төлөө ийн хичээж байсныг бидэнд сануулж байхад тустай юм байна даа гэж бодсон юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хайрлаж байгаа нь. Энэтхэг,
ХП, Дарамсала. 2017.05.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Өвчтөний өвчнийг оношлох, түүнийг анагаах эм хэрэглэх, үүнд сувилагч тусалдагтай адил Бурхан Багш зовлонг таньж мэдэх, түүний эх үндсийг арилгах, зовлонгоос салсан гэгээрлийг олж авах, түүнд хүрэх арга замыг хөгжүүлэх тухай анх айлдсан байна.
Тэрээр цааш нь тайлбарлахдаа хэрэв та зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижирсан гэгээрлийн тухай үнэхээр ойлгож чадвал зовлонгийн уг үндэс уур хилэн, хүсэл шунал, мунхаг гурваас хагацахыг хүсч эхэлнэ гэсэн юм. Гурван хор бий болдог үндсэн шалтгаан нь юмс үзэгдлийн мөн чанарыг үнэнээр нь таньж чадаагүйгээс улбаатай ажээ. Хэзээ нэгэн цагт сөрөг сэтгэл хөдлөлүүдийг арилгаж болдгийг бүрэн гүйцэд ойлгож чадвал гэгээрэлд хүрж болно гэдгийг ойлгох болно гэлээ.
Мөн Дээрхийн Гэгээнтэн бурханы шашинд олон янзын гүн ухааны үзэл онол байдаг бөгөөд тэр бүгдийг анх үсэг сурч байгаатай адил тус бүрчилэн үзэж судлах хэрэгтэй гэж зөвлөсөн юм.

Сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас авшиг хүртэж байгаа нь. Энэтхэг,
ХП, Дарамсала. 2017.05.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн мөн ухамсарын ердийн үе, зүүдлэх үеийн ухамсар, гүн нойронд автах үеийн нарийн ухамсар, гэгээн гэрэл буюу үхэх үеийн машид нарийн ухамсар гэх оюун ухааны үе шатуудын талаар тайлбарласан юм. Зарим хүмүүс клиник үхэлд орсон ч бие махбодь нь муудахгүй байсан талаар ярив. Шинжлэх ухааны эрдэмтэд энэ явдлыг нарийн судалж байгаа гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь номлохдоо судрын ёс болон нууц тарнийн ёс хоорондоо хэрхэн холбогдох талаар тайлбарласан юм. Тэрээр оюун санаагаа бурханы дүр дээр төвлөрүүлэн бясалгах нь онцгой ач холбогдолтой гэлээ. Харин нууц тарнийн ёсоор бол бясалгалч нь өөрийгөө хоосон чанарын агаараас ядам бурхан болгож бясалгадаг талаар тайлбарлав. Тэрээр Төвөдийн их эрдэмтэн Нянгон Сунрав Бурхан Багшийн айлдвар номлолыг ерөнхий номлол буюу гэгээрэлд хүрэх арга замыг ерөнхий номлосон сургаал, онцгой шавь нарт зориулж гэгээрлийн замыг нууцлан айлдсан сургаал хэмээн хоёр хуваасныг эш татан ярьлаа. Эхний сургаал нь бүх нийтэд нээлттэй номлосон сургаал, хоёр дахь нь нууц тарнийн ном ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам авшигийн зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг,
ХП, Дарамсала. 2017.05.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Энэхүү увидсыг тэрээр багадаа өөрийн багш Тагдаг ринбочэгээс хүртсэн байна. Энэ авшгийг анх хүртэх үед түүнд хэд хэдэн удаа ер бусын сонин гайхамшигтай зүүд зүүдлэгдэж байжээ. Авшиг хүртсэний дараа зүүдэндээ V Далай Ламыг хананд өлгөөтэй хөргөөс гарч ирэхэд бие лагшинг нь урт шар хадгаар арчиж байна гэж зүүдэлсэн тухайгаа ярив.
Тэрээр “Энэ их адармаатай цаг үед Төвөдийн ард түмнийг удирдаж байгаагаараа би V Далай Ламтай нэлээд холбоотой байх ёстой.” гэж айлдав.
Авшиг хүртээж дууссаны дараа мөн Дөрвөн мутарт Жанрайсиг бурханы даган соёрхолыг хүртээв.
Төсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Ингээд миний ажил дууслаа. Одоо харин та бүхэнд 600 сая маань унших, маанийн үрэл хийх зан үйлд оролцох боломж нээлттэй байна. Та бүхэн маанийн бүтээлд оролцохдоо Жанрайсиг бурханы адистидийн хүчээр хамаг амьтан гэгээрэлд хүрэх болтугай гэж залбираарай.” хэмээн айлдсан юм.