Зуны эхэн сарын шинийн нэгэнд Жанрайсиг бурханы авшиг хайрлав

5-06-2017, 17:10  |  Хэвлэх

2017 оны 5 дугаар сар 27

Энэтхэг, ХП, Дарамсала – Зүглаг Хан дуганы өмнөх талбайд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг харахаар баяр хөөрөөр дүүрэн төвөд хийгээд гадаадийн иргэд олноороо цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн дуганд залран ирээд Жанрайсиг бурханы авшиг хүртээх бэлтгэл зан үйлээ эхэлсэн юм.

Зуны эхэн сарын шинийн нэгэнд Жанрайсиг бурханы авшиг хайрлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганд морилон орж ирээд сэнтийндээ сууж байгаа нь. Энэтхэг,
ХП, Дарамсала. 2017.05.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Өнөөдөр их онцгой өдөр тохиож байна. Бурхан Багшийн их дүйчэн өдөрт зориулан бид жил бүрийн энэ сард маанийн бүтээл хийдэг уламжлалтай билээ. Бид үүнийгээ эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан, ялангуяа энэ дэлхий дээр амьдарч буй хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулан уншдаг. Шантидева гэгээн “Бид зовлонг хүсдэггүй боловч өөрсдийн сөрөг сэтгэл хөдлөлдөө автан зовлонгийн хойноос гүйсээр байдаг.” гэж айлдсан юм. Бурхан Багш “таагүй зүйл бүү хий, сайн үйл хэргийг үйлд” гэж айлдсан. Ерөнхийдөө бол сайн үйл хэргийн үр дүнд аз жаргал ирдэг ба хортой үйл хэргийн үр дагаварт зовлон бий болно.”

“Хэрэв бид бусдыг үнэхээр амар амгалантай болгохыг хүсч байгаа бол дэггүй сэтгэл зовлонгийн үндэс ба сахилага баттай сэтгэл биднийг аз жаргалтай болгоно гэдгийг тэдэнд тайлбарлан ойлгоуулах хэрэгтэй. Дэлхийн энх тайван бидний нэг нэгэндээ энэрэнгүй сайхан хандахаас эхлэх болно. Олон шашны янз бүрийн гүн ухааны үзэл онол нь тал бүрийн аргаар энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхийн төлөөд юм.”

“Бид 2600 гаруй жилийн уламжлал бүхий Бурхан Багшийн ном сургаалыг дагаж байна. Бурхан Багш хааны гэр бүлд мэндэлсэн боловч хааны ордныг орхиж, зургаан жилийн турш даянчилсан билээ. Миний баруун талд түүний хатуужил хийж байх үеийн дүр залаатай байна. Би багадаа Потала ордонд Бодьгаяа хотын зураг үзэж байхдаа Бурхан Багшийн хатуужил хийж байх үеийн асар туранхай эцэнхий зургийг олж үзэж билээ. Эх бүтээл нь Пакистаны Лахорын музейд хадгалагдаж байдгийг сүүлд мэдсэн юм. Бүр хожим Японд зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн үеэр уг бүтээлийг би бодитоор харсан билээ. Би тэр үед Бурхан Багшийн энэ дүрийг дуурайлган бүтээлгэж Дарамсалад залах нь түүний гэгээрлийн төлөө ийн хичээж байсныг бидэнд сануулж байхад тустай юм байна даа гэж бодсон юм.”

Зуны эхэн сарын шинийн нэгэнд Жанрайсиг бурханы авшиг хайрлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хайрлаж байгаа нь. Энэтхэг,
ХП, Дарамсала. 2017.05.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа Бурхан Багш гэгээрлийн замаар замнаж эцэст нь хүрснийг тайлбарлалаа. Бурхан Багш бодь модны доор суугаад шөнө дунд бүхий л саад тотгорыг даван туулж, үүрийн гэгээгээр төгс гэгээрлийн хутгийг олж чаджээ. Ийнхүү гэгээрэлд хүрсэн хойноо “Би гайхамшигтай дээдийн номыг олж авлаа. Гэвч үүнийг бусдад номлоход хэн ч ойлгохгүй.” хэмээгээд хэсэг зуур ном номлоогүй байна. Гэсэн ч 49 хоногийн дараа Саранат хотод анхны номын айлдвар болох Хутагтын дөрвөн үнэн-зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос гэтэлсэн гэгээрэл үнэн, түүнд хүрэх арга зам үнэн хэмээх сургаалаа айлджээ.

Өвчтөний өвчнийг оношлох, түүнийг анагаах эм хэрэглэх, үүнд сувилагч тусалдагтай адил Бурхан Багш зовлонг таньж мэдэх, түүний эх үндсийг арилгах, зовлонгоос салсан гэгээрлийг олж авах, түүнд хүрэх арга замыг хөгжүүлэх тухай анх айлдсан байна.

Тэрээр цааш нь тайлбарлахдаа хэрэв та зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижирсан гэгээрлийн тухай үнэхээр ойлгож чадвал зовлонгийн уг үндэс уур хилэн, хүсэл шунал, мунхаг гурваас хагацахыг хүсч эхэлнэ гэсэн юм. Гурван хор бий болдог үндсэн шалтгаан нь юмс үзэгдлийн мөн чанарыг үнэнээр нь таньж чадаагүйгээс улбаатай ажээ. Хэзээ нэгэн цагт сөрөг сэтгэл хөдлөлүүдийг арилгаж болдгийг бүрэн гүйцэд ойлгож чадвал гэгээрэлд хүрж болно гэдгийг ойлгох болно гэлээ.

Мөн Дээрхийн Гэгээнтэн бурханы шашинд олон янзын гүн ухааны үзэл онол байдаг бөгөөд тэр бүгдийг анх үсэг сурч байгаатай адил тус бүрчилэн үзэж судлах хэрэгтэй гэж зөвлөсөн юм.

Зуны эхэн сарын шинийн нэгэнд Жанрайсиг бурханы авшиг хайрлав
Сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас авшиг хүртэж байгаа нь. Энэтхэг,
ХП, Дарамсала. 2017.05.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Хутагтын дөрвөн үнэний сургаалыг анхдугаар номын хүрд гэж үздэг ба Ражгир хотод айлдсан хоосон чанарыг голлосон билиг барамидын сургаалыг хоёрдугаар номын хүрд гэдэг. Үүнд Билгүүний зүрхэн судраас эхэлсэн Найман мянгат, Арван найман мянгат гэх мэт билиг барамидын хөлгөн судрууд багтдаг байна. Харин Бурхан Багшийн сэтгэлийн мөн чанар, гэгээн гэрлийн тухай тайлбарлан айлдсан сургаалыг гурав дугаар номын хүрд гэж үздэг тухай айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн мөн ухамсарын ердийн үе, зүүдлэх үеийн ухамсар, гүн нойронд автах үеийн нарийн ухамсар, гэгээн гэрэл буюу үхэх үеийн машид нарийн ухамсар гэх оюун ухааны үе шатуудын талаар тайлбарласан юм. Зарим хүмүүс клиник үхэлд орсон ч бие махбодь нь муудахгүй байсан талаар ярив. Шинжлэх ухааны эрдэмтэд энэ явдлыг нарийн судалж байгаа гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь номлохдоо судрын ёс болон нууц тарнийн ёс хоорондоо хэрхэн холбогдох талаар тайлбарласан юм. Тэрээр оюун санаагаа бурханы дүр дээр төвлөрүүлэн бясалгах нь онцгой ач холбогдолтой гэлээ. Харин нууц тарнийн ёсоор бол бясалгалч нь өөрийгөө хоосон чанарын агаараас ядам бурхан болгож бясалгадаг талаар тайлбарлав. Тэрээр Төвөдийн их эрдэмтэн Нянгон Сунрав Бурхан Багшийн айлдвар номлолыг ерөнхий номлол буюу гэгээрэлд хүрэх арга замыг ерөнхий номлосон сургаал, онцгой шавь нарт зориулж гэгээрлийн замыг нууцлан айлдсан сургаал хэмээн хоёр хуваасныг эш татан ярьлаа. Эхний сургаал нь бүх нийтэд нээлттэй номлосон сургаал, хоёр дахь нь нууц тарнийн ном ажээ.

Зуны эхэн сарын шинийн нэгэнд Жанрайсиг бурханы авшиг хайрлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам авшигийн зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг,
ХП, Дарамсала. 2017.05.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтний энэ удаа айлдаж буй авшиг нь V Далай Ламын ариун үзэгдлээс гарсан гүн нарийн увидас болохыг тэмдэглэн хэлсэн юм.

Энэхүү увидсыг тэрээр багадаа өөрийн багш Тагдаг ринбочэгээс хүртсэн байна. Энэ авшгийг анх хүртэх үед түүнд хэд хэдэн удаа ер бусын сонин гайхамшигтай зүүд зүүдлэгдэж байжээ. Авшиг хүртсэний дараа зүүдэндээ V Далай Ламыг хананд өлгөөтэй хөргөөс гарч ирэхэд бие лагшинг нь урт шар хадгаар арчиж байна гэж зүүдэлсэн тухайгаа ярив.

Тэрээр “Энэ их адармаатай цаг үед Төвөдийн ард түмнийг удирдаж байгаагаараа би V Далай Ламтай нэлээд холбоотой байх ёстой.” гэж айлдав.
Авшиг хүртээж дууссаны дараа мөн Дөрвөн мутарт Жанрайсиг бурханы даган соёрхолыг хүртээв.

Төсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Ингээд миний ажил дууслаа. Одоо харин та бүхэнд 600 сая маань унших, маанийн үрэл хийх зан үйлд оролцох боломж нээлттэй байна. Та бүхэн маанийн бүтээлд оролцохдоо Жанрайсиг бурханы адистидийн хүчээр хамаг амьтан гэгээрэлд хүрэх болтугай гэж залбираарай.” хэмээн айлдсан юм.
Үзсэн: 1 605
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц