Цагаан сарын шинийн 15-ны дүйчэн өдрийг тэмдэглэв

16-03-2017, 08:08  |  Хэвлэх

2017 оны 3 дугаар сар 12

Энэтхэг, Дарамсала, Зүглаг Хан. 2017.03.12 – Дхауладарын уулсын оройд хурц наран мандсан цэлмэг энэ өглөө олон хүмүүс Зүглаг Хан дуганы өмнөх талбайд цугласан байлаа. Хэдэн өдрийн турш бороо орсны улмаас уулсын толгойд цастай байх тул цаг агаар бага зэрэг сэрүүн байв. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвар эхлэхээс өмнө бэлтгэл зан үйл хийхээр эртлэн ирсэн юм. Энэ зуур Жүддод дацангийн лам хуврагууд буддын гүн ухааны номын мэтгэлцээн өрнүүлж байлаа.

Цагаан сарын шинийн 15-ны дүйчэн өдрийг тэмдэглэв
Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урин залав.
Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.03.12. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Ингээд 8 цаг болоход Намжал дацангийн лам хуврагууд бүрээ бишгүүр, дун үлээн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урин залж ирэв. Тэрээр сэнтийндээ залрахын өмнө олон нийтийн зүг хандан мэндчиллээ. Унзад лам Билгүүний Зүрхэн судар, дамжлагын багш нарын залбирал болон номын айлдвар айлдахыг хүссэн мандал өргөх уншлагуудыг удирдан уншив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ удаагийн номын айлдварын талаар товч ярьлаа. 2600 жилийн тэртээгээс Энэтхэг оронд олон шашин зэрэгцэн оршиж ирснийг дурдаад тэд хүмүүсийг өөрсдийн шашны зам мөрөөр явуулахыг хүсэж үүнтэйгээ уялдуулан өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулсаар ирснийг ярив. Харин бурханы шашны хувьд арай өөр ажээ. Бурхан Багш “би үгүй”-н онол болон шүтэлцэн оршиж буй хоосон чанарын тухай ойлголтыг чухалчилдаг буюу үзэл онолоо ойлгуулахыг урьтал болгож байсан тухай ярив. Тэрээр мөн бид юмсын эцсийн мөн чанарыг таниагүйн улмаас сөрөг сэтгэл хөдлөлийн эрхэнд байдаг, үүний улмаас зовлон бий болдог хэмээн тайлбарлалаа.

Дээрхийн Гэгээнтэн энэ тухай үргэлжлүүлэн ярихдаа сансрын хүрдтэй холбон тайлбарласан юм.

“Бид үйл хийдэг учраас зовдог, тэрхүү үйлийг сөрөг сэтгэл хөдлөлийн эрхээр үйлддэг. Энэ нь юмс үзэгдлийн эцсийн мөн чанар болох шүтэн барилдах хоосон чанарыг ойлгоогүйгээс улбаатай. Тэнд буй ургаа модыг харахад шүтэлцэн оршиж байгаа нь тодорхой байна. Модыг хэсэг тус бүрээр нь, их бие, мөчир салаа, навч гэх мэт тус бүрчилэн үзэхэд мод гэж энэ байна гэх зүйлийг олж чадахгүй. Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд ч юмс үзэгдлүүд обьектив талаас орших боломжгүй хэмээн тайлбарлаж байна. Бурхан Багш юмсын эцсийн мөн чанар-хоосон чанарыг айлдсан билээ.”

“Бурхан Багшийн айлдсан “би үгүй”-н онол болон хоосон чанарын онол нь бусад шашны багш нарт ойлгомжгүй байсан юм. Ингээд бусад шашны багш нар нэгдэж Бурхан Багштай өрсөлдөхүйд тэд бүгдийг ялсан нь өдгөө бидний тэмдэглэж буй дүйчэн өдрүүд юм. Үүнийг төвөдөд Богд Зонхов өргөн нийтээр тэмдэглэх их дүйчэн өдөр болгож цагаан сарын их ерөөлийн хурлыг дэглэсэн билээ. Энэ нь Богд Зонховын алдартай дөрвөн их үйлийн нэг нь байлаа.”

“Төвөд дэх бурханы шашны эхэн үеийн дэлгэрэлт нь хэсэг хугацааны дараа бууран одсон юм. Хоёр дахь үеийн дэлгэрэлт нь Ринчин Самбугийн үе байлаа. Энэ үед Адиша гэгээн төвөдөд уригдаж “Бодь мөрийн зул” номоо зохиосон. Тэрээр гурван дамжлага бүхий гаадамбын урсгалыг үндэслэсэн юм. Гаадамбын урсгал нь Бурхан Багшийн “Төрөл цадиг”, “Дармапада” тэргүүтэй 6 номыг чухалчилан үздэг билээ. Цагаан сарын үеэр номлодог “Төрөл цадиг” нь Бурхан Багшийн бодьсадва байх үеийн намтруудыг гаргадаг юм.”

Цагаан сарын шинийн 15-ны дүйчэн өдрийг тэмдэглэв
Зүглаг Хан дуганд номын айлдвар явагдаж буй байдал. Энэтхэг,
ХП, Дарамсала. 2017.03.12. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр Бурхан Багшийн гучин дөрвөн төрлийн намтраас хамгийн сүүлийн намтрыг тайлбарлан уншсан юм. Энэ үлгэр нь бодьсадва нэгэн төрөлдөө тоншуул болж төрсөн тухай намтар байв.

“Нэгэн удаа тоншуул нисэх үедээ зовлон шаналалд автсан арсланг олж харжээ. Тэрээр арслангийн дэргэд очин юу болсон талаар асуухад арслангийн залгисан яс нь түүний хоолойд тээглэж, үүний улмаас хөдөлж ч чадахгүй байгаагаа хэлжээ. Маш хэцүү байгаагаа хэлээд туслахыг гуйсанд тоншуул түүний амыг ангайлган тээглэсэн ясыг гаргажээ. Бодьсадва шувуу ийнхүү арсланг зовлонгоос ангижруулсан байна.

Хэсэг хугацааны дараа тоншуул хоол олж чадахгүй, ихэд өлсөх үедээ өнөөх арслангийн дэргэд очиж хүнс гуйхад арслан архираад ойртуулсангүй гэнэ. Гэвч тоншуул шувуу үүнд гомдсонгүй.”

Энэхүү үлгэр нь бусдад туслахдаа хариу нэхэхгүй туслах ёстой гэдгийг харуулж байна.

Номын хэсгийн сүүлийн хэсэгт хүрээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлал ёсоор номын эхнээс нь ахин уншлаа. Зохиогч Аръяашура нь зүгээр нэг буддын шашныг эсэргүүцэгч байсангүй, тэрээр чадварлаг мэтгэлцэгч нэгэн байжээ. Наландагийн лам хуврагууд түүнтэй мэтгэлцэх үеэр ялагдал хүлээхээс эмээж хутагт Нагаржуна гэгээнээс тусламж хүссэн байна. Хутагт Нагаржуна өөрийн шавь Аръяадева гэгээнийг төлөөлүүлэн явуулжээ. Аръяашура түүнд зүй ёсоор ялагдаж Аръяадева гэгээнд шавь орсон байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дараа нь өөрийн зохиосон Бурхан Багшийн магтаалыг багтаасан хутагт Нагаржунайн “Дорж Сэмба бурханы магтаал”-ыг олон нийтэд танилцуулсан юм. Энэхүү магтаалын хувийг хүн бүрт тараасны дараа тайлбарлан айлдлаа. Зарим шашин угаал үйлдэх гэх мэт биеийн зан үйлийг голлодог тухай энэ үед ярив. Жишээлбэл ведийн шашинд дуунд төвлөрөх зан үйл хүртэл байдаг аж. Харин Бурхан Багшийн сургаал нь оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх тухай айлдсан хэмээн дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Цагаан сарын шинийн 15-ны дүйчэн өдрийг тэмдэглэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цагаан сарын шинийн 15-ны дүйчэн
өдөр номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала.
2017.03.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Өнөөдөр 3 дугаар сарын 12-ны өдөр тохиож байна. Төвөдийн эмэгтэйчүүд Хятадын бодлогыг эсэргүүцэж тэмцсэн тэр өдрөөс хойш 58 жил өнгөрчээ. Энэ жил Төвөдийн төв захиргаанаас “Төвөдийн эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна.

Дөрвөн гэвшмаа “Их бодь мөрийн зэрэг” номын төгсгөлийн ерөөлийг уншив. Тэдний дараа төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны эмэгтэй “Төвөдийн эмэгтэйчүүдийн тэмцлийн өдрийн дуу”-г дуулав.

Сижон Лувсан Сэнгэ Төвөдийн төв захиргааны үйл хэрэгт эмэгтэйчүүдийн хүчин нөлөө нэлээдгүй хэрэгтэй байгааг дурдлаа. Түүний дараа төвөдийн эмэгтэйчүүдийн тэмцлийн өдөрт оролцож байгаа Австрали, Францаас ирсэн эмэгтэй зочид төвөдийн эмэгтэйчүүд болон Төвөд дэх нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 7, 8, 9-р зуунд Төвөд, Монгол, Хятадын гэх гурван эзэнт гүрэн байсан тухай Хятадын түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдгийг дурдлаа. Өнөөдөр Хятадууд төвөдүүдийг хагалан бутаргагч гэж үзэж байна гэлээ. Тэрээр Төвөдийн тэмцэл нь учир шалтгаантай бөгөөд дэлхийн олон улс орны анхаарлыг татаж байгаа гэсэн юм.

Цагаан сарын шинийн 15-ны дүйчэн өдрийг тэмдэглэв
Дөрвөн эмэгтэй гэвшмаа нар "Төвөдийн эмэгтэйчүүдийн өдөр"-ийг
тохиолдуулан ерөөл уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала.
2017.03.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мөн бурханы шашин дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш байдал адилхан байдгийг дурдаад Бурхан Багш эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан гэлэн санваар хайрласан боловч эмэгтэй гэлэн санваар Төвөдөд дэлгэрээгүй хэмээн ярив. Түүхэндээ биеийн хүч чадалтай нь удирдагч болж байсан үе байдаг боловч бурханы шашны хувьд бүх амьтдын төлөө “эх болсон зургаан зүйлийн хамаг амьтад” гэж залбирдаг тухай ярив. Тэрээр бурханы шашны их хөлгөний болон нууц тарнийн номлолд эмэгтэй хүнийг муушааж, муухай харж ч үл болох сургаалтай байдгийг тэмдэглэн хэллээ.

“Бид цагаачлахдаа Төвөдийн нийгмийг сайн байгуулж чадсан, гэвч цаашид улам хичээх хэрэгтэй.”

Тэрээр цааш нь ярихдаа шинжлэх ухааны эрдэмтэд хүний мөн чанарыг энэрэнгүй гэж үзсэн нь итгэл найдвар төрүүлж байна гэж тэмдэглэн хэллээ.

“Энх тайвныг тэмцэл тулаанаар бус, энэрэн нигүүлсэх, дотоод сэтгэлийн энх тайвныг бүрдүүлснээр бий болгоно. Бид бүхэнд энх тайван хэрэгтэй, үүнд эмэгтэйчүүд голлох үүрэгтэй. Миний ээж надад энэрэн нигүүлсэхүйг заасан анхны багш минь байлаа.”

“Би Төвөдийн эмэгтэйчүүдийн тэмцлийн 58 жилийн ой, анхны Төвөдийн эмэгтэйчүүдийн өдөрт оролцож байна. Төвөдийн эмэгтэйчүүдийг аль болох хүчин нөлөөтэй, удирдах түвшинд хүрч ажиллахыг хүсэж байна.”

Маргаашнаас Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр өдрийн турш Гамалашила гэгээний “Бясалгалын зэргэмж”, Тогмэ Санбугийн “Бодьсадвын гучин долоон гарын авлага” номуудыг тайлбарлан айлдана.
Үзсэн: 1 566
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц