АНУ, Калифорниа, Сан Диего – Өтгөн манан буусан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калифорниагийн их сургуульд эргэн ирэхэд сургуулийн захирал Прадип Косла ахин түүнийг угтсан юм. Тус сургуулийн удирдах албаны хүмүүс эгнэн зогсож Дээрхийн Гэгээнтнийг хүндэтгэн угтав. Тэрээр сургуулийн бэлгэ тэмдэг бүхий малгайг өмссөн байх бөгөөд тайзан дээр гарахад олон нийт баяр хөөртэйгээр угтлаа. Төгсөлтийн баяр үндэсний сүлд дуугаар эхлэв.

Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн захирал Прадип Косла Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэлийн медал гардуулсны дараа цэцгэн эрхи өргөж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.17. Гэрэл зургийг Ерик Жепсен (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн уламжлал ёсоор яриагаа эхлэв.
“Хүндэт ахан дүүс минь! Би энэ баярыг англи хэлээр нэрлэж чадахгүй байна. Би 1940 оноос эхлэн англи хэл сурсан боловч өнөөг хүртэл бүрэн сайжраагүй минь миний залхуу сурагч байсантай холбоотой биз ээ. Ямартаа ч би энэхүү төгсөлтийн баярт оролцож байгаадаа туйлын баяртай байна.”
“Та нар шиг залуу хүмүүстэй уулзах бүрдээ та нарыг би хүн төрөлхтний ирээдүй гэж хардаг. 21-р зуун эхэлж буй энэ цаг үед залуус та нарт илүү их амар тайван, хүчирхийлэлгүй, баян ядуугийн гүн ангал арилсан шинэ дэлхийг бий болгох үүрэг хариуцлага ч бий, бас боломж ч бүрэн дүүрэн байна. Бидний ахмад хүмүүс тийм сайхан дэлхийг харж чадахгүй байж болох ч та нар харж чадна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төгсөлтийн баярт оролцон үг хэлж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.17. Гэрэл зургийг Ерик Жепсен (СДКИС)
“Та нар хичээл зүтгэл гаргасны эцэст өнөөдөр эрдмийн цолоо авч байна. Та бүхэнд ахин баяр хүргэе. Одоо та бүхэн өөрийн сурч мэдсэн зүйлээ хэн нэгэнд төвөг удахын төлөөд бус, амар амгалангийн төлөө хэрхэн ашиглах талаар сайн бодох хэрэгтэй. Бидний сайхан сэтгэл олон зүйлийг өөрчлөх болно. Та бүхэн өөдрөг бөгөөд шийдэмгий зоригтой, өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Бусдад хандсан сайхан сэтгэл биднийг улам хүчирхэг болгодог гэдгийг би өөрийн туршлагаараа мэднэ.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа өнөөдрийн эрдмийн цол хүртэж буй сурагч оюутнуудыг амжилтанд хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн багш нарт мөн талархал илэрхийлсэн юм.
Төгсөлтийн баярт Энэтхэгийн багш, сурагчид оролцож байгааг дуулгасанд Дээрхийн Гэгээнтэн өөрийн сурч мэдсэн мэдлэг боловсрол нь эртний Энэтхэгийн Наландагийн уламжлал мөн болохыг тэмдэглэн хэллээ. Тэрээр эртний Энэтхэгийн энэхүү мэдлэг боловсролыг хадгалж хөгжүүлэх нь хичнээн чухал болохыг тайлбарласан юм. Мөн тэрээр Хятад оюутнуудад хандан түүхэн талаас нь авч үзвэл Хятад улс эртний бурханы шашинтай орон болохыг тэмдэглэн хэлэв. Тэрээр саяхан Хятадын нэгэн сургууль ойролцоогоор 300 сая гаруй буддистууд Хятадад байгаа гэж тооцоолсныг мэдэгдэв. Тэдгээр бурханы шашинт хүмүүс өөрсдийн уламжлалт шашин, соёлдоо илүү их анхаарал хандуулах хэрэгтэй гэж зөвлөсөн юм.

Сургуулиа төгсөж буй оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.17. Гэрэл зургийг Ерик Жепсен (СДКИС)
“Бид сэтгэл хөдлөлийн системийг бүрэн гүйцэд ойлгосны үндсэн дээр сөрөг сэтгэл хөдлөлөө арилгаж, сэтгэлийн амар амгаланг олох тул энэ талаарх мэдлэг боловсрол өнөөгийн дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүнд чухал хэрэгтэй зүйл болоод байна. Энэ нь урд хойд насны тухай асуудал бус, там диваажингийн тухай ч биш ээ. Өнөөдрийн бодит нөхцөл байдалтай холбоотой ойлголт мөн. Мэдрэхүйн таашаал нь богино хугацаанд үргэлжилдгийг бид мэднэ. Чинхүү амар амгалан бидний оюун санааны түвшинд оршдог. Бид ухамсарт хүмүүс мөн тул оюун санаа болон сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг боловсролыг олох боломжтой. Эртний Энэтхэгийн сэтгэл судлал өндөр түвшинд хөгжсөн бөгөөд бид бүгдэд хэрэгтэй байх болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Саруул оюун ухаан, сайхан сэтгэл дээр үндэслэсэн аз жаргалтай хувь хүн, нийгэм, бүр цаашлаад аз жаргалтай дэлхийг бий болгохын тулд энэ бүгдэд анхаарал хандуулах хэрэгтэй гэж би өнөөгийн Энэтхэгчүүдэд зөвлөж, мөн энэ талын ажлыг дэмжиж байгаа. Та бүхэнд баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн төгсөлтийн баярт оролцон үг хэлж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.17. Гэрэл зургийг СДКИС
Дэд захирал Питер Кавхи сургуулиа төгсөж буй удирдлагын болон хүмүүнлэгийн, биологийн шинжлэх ухаан, инжинерийн, нийгмийн ухаан, физикийн шинжлэх ухаан, анагаах ухааны чиглэлээр төгсөж буй оюутнуудын нэрсийг дуудсанаар оюутнууд сургуулийн захирлаас эрдмийн цол зэргээ гардан авлаа.
Үйл ажиллагааны төгсгөлд захирал Косла Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлсэн юм.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургуулийн удирдах албаны хүмүүсийн хамт үдийн зоог барьсан юм. Энэ үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн хуучны анд Ричард Блумыг танилцууллаа. Ричард Блум Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэхдээ сүүлийн 45 жилийн турш дотно нөхөрлөж байгаагаа дурдаад Дээрхийн Гэгээнтнийг 113 нас наслана гэж зөгнөсөнд нэн их баяртай байгаагаа мэдэгдсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургуулийн удирдах албаны хүмүүсийн хамт үдийн зоог барьж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.17. Гэрэл зургийг Ерик Жепсен (СДКИС)
“Зарим онцгой хүмүүс ирээдүйг харах чадвартай байдаг. Ердийн үед бидний оюун ухаан энгийн байдаг боловч зүүдлэх үед оюун ухаан маань нарийн хэлбэрт шилжсэн байдаг. Гүн нойронд автах үед улам нарийсах бөгөөд хамгийн нарийн оюун ухаан үхэх явцад илэрдэг.” хэмээн ярьлаа.
“Сүүлийн 40 жилийн хугацаанд 30 гаруй хүмүүс клиник үхэлд орсон ч машид нарийн оюун ухааны хүчээр бие махбодь нь муудалгүй олон хоног байсан баримт бий. Миний багш 13 хоногийн турш ийм байдалтай байсан юм. Орчин үеийн шинжлэх ухаан үүнийг тайлбарлаж чадахгүй байгаа ч судалгааны ажил эхэлсэн.”
“Нарийн оюун ухааны төлөвт орсон хүмүүс ирээдүйг харж чаддаг бөгөөд өнгөрсөн цаг үеийг ч тодорхой харж чаддаг. Одоогоос 200 гаруй жилийн өмнө хойд Төвөдөд төрсөн нэгэн лам миний төрөх жилийг, мөн 113 нас наслана гэдгийг зөгнөн хэлсэн байдаг. Мөн би үүнийг нотлох мэт хэд хэдэн удаа 113 наслана гэж зүүдэлсэн юм. Бие маань түргэн шаламгай биш болсон ч оюун ухаан маань хурц хэвээр байна. Ямартаа ч хичнээн урт наслах нь чухал бус, хэдий утга учиртай амьдрах нь илүү чухал билээ. Утга учиртай амьдрах нь хөрөнгө мөнгө цуглуулах, нэр хүнд олох бус, бусдад үйлчлэх, бусдад туслах гэсэн үг юм. Үүнийг бусдад аль чадлаараа туслах, хэрэв чадахгүй бол адаглаад бусдыг хорлохгүй байх гэж ойлгоно.”
Шинжлэх ухааны эрдэмтэд оюун ухааны талаар нарийн судалгаа хийж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн олон хүн дотоод сэтгэлийн үнэ цэнэд анхаарлаа хандуулж эхэлсэн нь Дээрхийн Гэгээнтэнд итгэл найдвар төрүүлж байгаа ажээ. Захирал Косла хаалтын үг хэлэхдээ өөрийн саруул оюун ухааны мэдлэг боловсролоосоо хуваалцсан Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ирээдүйн хагалгааны эмчилгээний тоног төхөөрөмжтэй танилцаж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.17. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Маргааш тэрээр Сан Диегогийн амьтны хүрээлэнгээр зочилно.