Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мундгод дахь Төвөдийн сууринд хүрэлцэн ирлээ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мундгод дахь Төвөдийн сууринд хүрэлцэн ирлээ

2017 оны 12 дугаар сар 11

Энэтхэг, Карнатака, Мундгод – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мумбай хотоос Хубли хотын зүг онгоцоор нисэн ирэв. Түүнийг онгоцны буудал дээр Шарба цорж, Брайбун хийдийн Ширээт лам болон бусад хийдийн төлөөлөгч нар угтсан юм. Тэндээс Төвөдийн суурин хүрэх замын хоёр талаар хүүхэд хөгшид, лам хуврага тэргүүтэй олон төвөд хүмүүс гартаа хадаг, цэцэг барин Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтахаар жагссан байлаа. Түүнийг Брайбун Лачид хүрэлцэн ирэхэд Гандан Ширээт асан Ризон ринбочэ, мөн Шарба цорж нар хүндэтгэлтэйгээр угтлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мундгод дахь Төвөдийн сууринд хүрэлцэн ирлээ
Шарба цорж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Хубли хотын онгоцны буудал дээр угтаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Хубли. 2017.12.11. Гэрэл зургийг Жерреми Рассел
Дуганд орсон хойноо Дээрхийн Гэгээнтэн бурхан шүтээнд мөргөн залбираад суудалдаа суув. Энэ зуур Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын шавдан бататгах ерөөл уншиж, дараа нь хүндэтгэлийн цай, брээс түгээв.

Ингээд Дээрхийн Гэгээнтэн одоогийн хамба лам нар, мөн хуучин хамба болон хутагт хувилгаад нарт хандан үг хэллээ. Энэ жил тэрээр Сэра, Гандан, Брайбун хийдүүдээр богино айлчлал хийж гол төлөв лам хувагуудад сахил хайрлах зорилготой байгаагаа мэдэгдэв. Мөн үүнийн зэрэгцээ Брайбун Лосалин дацангийн Шинжлэх ухаан ба бясалгалын төвийн нээлт, мөн Сэра Мад дацангийн чойрын шинэ талбайн нээлт хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мундгод дахь Төвөдийн сууринд хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Лачи хийдийн бурхан шүтээнд мөргөж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Хубли. 2017.12.11. Гэрэл зургийг Жерреми Рассел
“Та бүхэнтэй эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Цагаачлан ирснээсээ хойш та нар өөрсдийн бүхий л чадвараа, мөн төвөд хүний хүчин чадлыг бүрэн дүүрэн гаргаж чадсан билээ. Жишээлбэл Гандан Ширээт асан Ризон ринбочэ энд морилон ирсэн байна. Би түүнээс нэлээдгүй олон номын хөтөлбөр хүртсэн бөгөөд тэрээр бурханы шашинд өөрийн бүхий л хүчийг дайчлан үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.”

“Бидэнд, бидний шашин соёлд хүнд нөхцөл үүсэн цаг үед хүн бүхэн өөрсдийн хүч чадлаа бүрэн дайчилж, хичээнгүйлэн ажиллаж чадвал асар их буян хураах нь дамжиггүй. Үүний үр дагаварт бид төрлөөс төрөл дамжин бурханы шашинтай холбогдсоор байх болно. Та бүхэн өөрсдийн энэ амьдралыг хамаг амьтдын төлөө гэгээрэлд хүрье гэсэн зорилготойгоор үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мундгод дахь Төвөдийн сууринд хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам угтах ёслолын үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Хубли. 2017.12.11. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Бурхан Багш одоогоос 2500 гаруй жилийн өмнө нирваан болсон, дараа нь хутагт Нагаржуна тэргүүтэй их багш нар ирээд буцсан хэдий ч тэдгээрийн айлдал сургаал өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн юм.”

“Төвөдийн бурханы шашин нь цэвэр Наландагийн уламжлал мөн гэж би хүмүүст байнга хэлдэг. Энэхүү уламжлал нь сэтгэл хөдлөл хийгээд оюун санаа хэрхэн ажилдаг талаарх гүнзгий мэдлэг бөгөөд үүнийг гол төлөв Брайбун, Сэра, Гандан, Дашлхүнбо хийдүүд маань хадгалан авч үлдсэнд би үнэхээр сэтгэл хангалуун байдаг юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мундгод дахь Төвөдийн сууринд хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам угтах ёслолын үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Хубли. 2017.12.11. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Өнөөгийн дэлхий ертөнцөд энэрэнгүй сэтгэл, хүчирхийллийн бус арга зам маш чухал, онцгой их шаардлагатай болсон. Учир шалтгааны үүднээс сэтгэл хөдлөл, оюун санаа хэрхэн ажилдаг талаар судалдаг бидний боловсрол маань үүнд үнэтэй хувь нэмэр оруулах бүрэн боломжтой. Гэвч үүнийг бид тайлбарлаж ойлгуулахын тулд иргэний хийгээд академик замыг сонгох хэрэгтэй. Ийм учраас эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг орчин үеийн Энэтхэгт дэлгэрүүлэхийн төлөө би хичээсээр байгаа юм.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа Далай Лам нар хийгээд Сэра, Брайбун хийдүүд II Далай Лам Гэндүнжамцаас эхлэн нарийн холбоотой болсон тухай дурсав.

Тэрээр зулын хорин тавны дүйчэн өдрийг тааруулж энд хүрэлцэн ирсэн тул маргааш Лосалин дацангийн чойрын талбайд ном айлдана гэдгээ мэдэгдэв.
20-12-2017, 03:37
Вернуться назад