Энэтхэг, Карнатака, Билакуппе – Сэра Жэ дацан нь Сэра хийдийн цогчэн дуганы хажууханд байрлах ажээ. Тиймээс Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цогчэн дуганаас явган морилж олон хүмүүс цугласан талбайд ирэх зуураа урьдын адил хүмүүстэй уулзаж, ярилцаж явж байлаа. Ялангуяа ахмад хүмүүстэй уулзаж, ярилцаж, тэдэнд хүндэтгэл үзүүлж байв. Тэрээр чойрын талбайн эхэнд хүрэхийн өмнө Индра Гандигийн нэрэмжит үндэсний их сургуультай Сэра Жэ дацан хамтран явуулж буй төслийн хүрээнд байгуулсан Тусгай сургалтын төвийн нээлт хийлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам суудалдаа суусан хойноо өглөө эрт авшиг хүртээх хувийн бэлтгэлээ бүрэн дууссан тухайгаа мэдэгдэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээхээр бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Нинмавын ёсонд есөн хүрдийн тухай дэлгэрэнгүй номлодог. Есөн хүрд нь ширвага, брадига, бодьсадвын гурван хөлгөн, крияа, упа, йогийн дандар гэх гадаад гурван дандар, маха йога, ану йога, ати йога гэх дотоод гурван дандар юм. Ширвагын хөлгөн нь Хутагтын дөрвөн үнэнийг голлон судалж, тэдгээрийн 16 мөн чанар, гэгээрлийн 37 хүчин зүйлд суралцдаг. Харин брадигабудда нар арван хоёр шүтэн барилдлага дээр төвлөрөх бөгөөд бодьсадва нар билиг барамидад суралцдаг.”

Энэ удаагийн авшигт 15,000 гаруй сүсэгтнүүд хамрагдлаа. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Хаянхирва ядмын авшиг хүртээх зан үйлийн номыг V Далай Ламын арилсан үзэгдлээс гарсан 25 хэсэг бүхий “Маш нууц тамгат” номоос авсан гэдгээ ярьсан юм.
“Би жоохон хүүхэд байхдаа Хаянхирва ядмын авшигийг Дагдаг ринбочэгээс хүртсэн юм. Дагдаг ринбочэ XIII Далай Ламын багш Пүрба Чогоос хүртсэн байна. Хэдийгээр би Дагдаг ринбочэгээс Хаянхирвагийн номын аймгийг бүхэлд нь хүртсэн боловч Аюуш бурханы үүднээс Их Төгсгөлийн анхааран авлага үйлдэх тал дээр ахин эргэлзээтэй байсан тул Дилго Чэнзэ ринбочэгээс энэ тухай номлосон “Шимийг гаргахуй” номыг заалгасан юм. Дараа нь энэ номын дагуу бясалгалд суусан билээ.”

Сэра Жэ дацанд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдвар явагдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Сэра Жэ дацангийн хамба лам авшиг хүртээхийг хүсэж Дээрхийн Гэгээнтэнд бурханы лагшин, зарлиг, таалалын шүтээн өргөв.
Дээрхийн Гэгээнтэн авшиг хүртээхийн өмнө Карнатака муж дахь төвөдийн суурин газар анх хэрхэн яаж бий болсон тухай дурсан ярьсан юм. Билакуппе дахь энэхүү төвөдийн суурин газар нь анхны газруудын нэг байжээ. Тухайн үед Майсур хотыг Нижалингаппа удирдаж байсан бөгөөд тэрээр Төвөдийн томоохон дэмжигчдийн нэг байсан байна. Дээрхийн Гэгээнтэн түүнтэй анх 1956 онд уулзаж байжээ. Анх энэ газарт төвөдүүд мод унагаж, газар шороог цэвэрлэж байсан туай дурсан ярьлаа. Энд юу ч үгүй байсан тул анх ирсэн төвөдүүд хулс модоор сүүдрэвч хийн амьдарч байсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хаянхирва ядмын авшиг хүртээх үеэр. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“8-р зуунд Шантаракшита гэгээн Самъяа хийдийг байгуулахдаа орчуулгын, бясалгалын, ариун санваарт шавь нарын, нууц тарнийн ёсны хэмээх хэдэн хэсэгтэйгээр байгуулжээ. Тухайн үед бясалгалын хэсэгт Хятад лам нар байсан бөгөөд хожим тэдний буруу номлолыг Энэтхэгээс уригдаж ирсэн Шантаракшита гэгээний шавь ловон Гамалашила няцаасан юм. Энэ хоёр багшийн үндэслэсэн чанд нарийн, учир шалтгааны зарчмаар суралцдаг арга барил өдгөөг хүртэл бидэнд өвлөгдөн үлдсэн билээ. Учир шалтгааны арга зарчим дээр үндэслэдэг Төвөдийн буддизмын онцлог нь нэг талаараа Хятадын буддизмаас өөр, нөгөөтэйгүүр Наландагийн уламжлалтай холбогддогт оршдог юм. Энэ уламжлал маань сүүлийн гуч гаруй жил орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хийсэн ярилцлагыг илүү үр дүнтэй болгосон юм.”

Авшиг хүртэж буй энгийн иргэд. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цогчэн дуган луу буцахын өмнө Сэра Жэ дацанд үдийн зоог барив. Маргааш тэрээр Сэра Мад дацангийн чойрын шинэ талбайн нээлт хийж тэндээ Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал” номыг тайлбарлан айлдах болно.