Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ

3-01-2018, 09:27  |  Хэвлэх

2017 оны 12 дугаар сар 20

Энэтхэг, Карнатака, Билакуппе – Сэра Жэ дацан нь Сэра хийдийн цогчэн дуганы хажууханд байрлах ажээ. Тиймээс Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цогчэн дуганаас явган морилж олон хүмүүс цугласан талбайд ирэх зуураа урьдын адил хүмүүстэй уулзаж, ярилцаж явж байлаа. Ялангуяа ахмад хүмүүстэй уулзаж, ярилцаж, тэдэнд хүндэтгэл үзүүлж байв. Тэрээр чойрын талбайн эхэнд хүрэхийн өмнө Индра Гандигийн нэрэмжит үндэсний их сургуультай Сэра Жэ дацан хамтран явуулж буй төслийн хүрээнд байгуулсан Тусгай сургалтын төвийн нээлт хийлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам суудалдаа суусан хойноо өглөө эрт авшиг хүртээх хувийн бэлтгэлээ бүрэн дууссан тухайгаа мэдэгдэв.

Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээхээр бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Хаянхирва нь ханьцашгүй дээд дандрын ядам юм. Тиймээс зарим онцгой тохиолдолд 25 хүнээс илүүгүйгээр авшиг хүртээх ёстой байдаг боловч энэ удаад ихэнх шавь нар сүсэг бишрэл сайтай байгаа тул олон нийтэд хүртээх нь зүйтэй гэж би бодлоо. Хаянхирва ядам нь Жанрайсиг бурханы машид догшин дүр юм. Төвөдүүд бид урт хугацааны туршид Жанрайсиг бурхантай нарийн барилдлагатай явж ирсэн билээ. 7-р зуунд Жанрайсиг бурхантай нарийн холбоотой Сронзонгамбу хааны үед манай түүхэн сүм хийдүүд баригдсан юм.”

“Нинмавын ёсонд есөн хүрдийн тухай дэлгэрэнгүй номлодог. Есөн хүрд нь ширвага, брадига, бодьсадвын гурван хөлгөн, крияа, упа, йогийн дандар гэх гадаад гурван дандар, маха йога, ану йога, ати йога гэх дотоод гурван дандар юм. Ширвагын хөлгөн нь Хутагтын дөрвөн үнэнийг голлон судалж, тэдгээрийн 16 мөн чанар, гэгээрлийн 37 хүчин зүйлд суралцдаг. Харин брадигабудда нар арван хоёр шүтэн барилдлага дээр төвлөрөх бөгөөд бодьсадва нар билиг барамидад суралцдаг.”

Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ
Энэ удаагийн авшигт 15,000 гаруй сүсэгтнүүд хамрагдлаа. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь номлохдоо Бурхан Багш гурав дугаар номын хүрдийг айлдахдаа гэгээн гэрлийг субьектив талаас нь тайлбарласан бол хоёр дугаар номыг хүрдийг эргүүлэхдээ обьектив талаас нь тайлбарласан гэдгийг дурдсан юм. Мөн дотоод хүрд буюу маха, ану, ади йог нь сэтгэлийн мөн чанар гэгээн гэрлийг ил гаргах зорилготой болохыг тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн Хаянхирва ядмын авшиг хүртээх зан үйлийн номыг V Далай Ламын арилсан үзэгдлээс гарсан 25 хэсэг бүхий “Маш нууц тамгат” номоос авсан гэдгээ ярьсан юм.

“Би жоохон хүүхэд байхдаа Хаянхирва ядмын авшигийг Дагдаг ринбочэгээс хүртсэн юм. Дагдаг ринбочэ XIII Далай Ламын багш Пүрба Чогоос хүртсэн байна. Хэдийгээр би Дагдаг ринбочэгээс Хаянхирвагийн номын аймгийг бүхэлд нь хүртсэн боловч Аюуш бурханы үүднээс Их Төгсгөлийн анхааран авлага үйлдэх тал дээр ахин эргэлзээтэй байсан тул Дилго Чэнзэ ринбочэгээс энэ тухай номлосон “Шимийг гаргахуй” номыг заалгасан юм. Дараа нь энэ номын дагуу бясалгалд суусан билээ.”

Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ
Сэра Жэ дацанд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдвар явагдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Энэ номын хэд хэдэн хувилбар байдаг боловч бид дүрвэх үедээ авчирч чадаагүй. Дараа нь Чүши Гандүкт байлдаж явсан цэрэг Мустангаас нэгэн хувийг олсон байна. Хожим түүнийгээ Дарамсала хотод авчирч Тижан ринбочэд үзүүлэхэд тэрээр ихэд баясаж хүлээн авсан гэдэг. Тэр номын дагуу би авшиг хүртэх, нямба бүтээл хийх зан үйлийг шинэчилсэн юм. Төвөдөд байхдаа анх авшиг хүртэхэд зүүдэнд онцгой шинж тэмдэг мэдэгдсэн бөгөөд дараа нь нямба бүтээлд суух үед мөн адил онцгой шинж тэмдэг мэдэгдсэнийг би тэмдэглэж авсан билээ.”

Сэра Жэ дацангийн хамба лам авшиг хүртээхийг хүсэж Дээрхийн Гэгээнтэнд бурханы лагшин, зарлиг, таалалын шүтээн өргөв.

Дээрхийн Гэгээнтэн авшиг хүртээхийн өмнө Карнатака муж дахь төвөдийн суурин газар анх хэрхэн яаж бий болсон тухай дурсан ярьсан юм. Билакуппе дахь энэхүү төвөдийн суурин газар нь анхны газруудын нэг байжээ. Тухайн үед Майсур хотыг Нижалингаппа удирдаж байсан бөгөөд тэрээр Төвөдийн томоохон дэмжигчдийн нэг байсан байна. Дээрхийн Гэгээнтэн түүнтэй анх 1956 онд уулзаж байжээ. Анх энэ газарт төвөдүүд мод унагаж, газар шороог цэвэрлэж байсан туай дурсан ярьлаа. Энд юу ч үгүй байсан тул анх ирсэн төвөдүүд хулс модоор сүүдрэвч хийн амьдарч байсан байна.

Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хаянхирва ядмын авшиг хүртээх үеэр. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Алгуур суурин газрууд хөгжиж ирэхийн хэрээр Баксад байсан лам нарыг нүүлгэн шилжүүлэхээр шийджээ. Ийнхүү Өмнөд Энэтхэгт Брайбун, Гандан, Сэра гэх гурван томоохон хийд ахин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Мөн үүнтэй хамт Пенор ринбочэ Сэра хийдтэй ойр Номдоллин хийдийг байгуулжээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хийдүүдэд буддын гүн ухаанд суралцах уламжлалыг ахин сэргээж, мөн зарим нэг зан үйлийн дацан хийдүүдэд буддын гүн ухаанд суралцах шинэ ёс гаргажээ. Үүнд эмэгтэйчүүдийн хийд багтсан байна.

“8-р зуунд Шантаракшита гэгээн Самъяа хийдийг байгуулахдаа орчуулгын, бясалгалын, ариун санваарт шавь нарын, нууц тарнийн ёсны хэмээх хэдэн хэсэгтэйгээр байгуулжээ. Тухайн үед бясалгалын хэсэгт Хятад лам нар байсан бөгөөд хожим тэдний буруу номлолыг Энэтхэгээс уригдаж ирсэн Шантаракшита гэгээний шавь ловон Гамалашила няцаасан юм. Энэ хоёр багшийн үндэслэсэн чанд нарийн, учир шалтгааны зарчмаар суралцдаг арга барил өдгөөг хүртэл бидэнд өвлөгдөн үлдсэн билээ. Учир шалтгааны арга зарчим дээр үндэслэдэг Төвөдийн буддизмын онцлог нь нэг талаараа Хятадын буддизмаас өөр, нөгөөтэйгүүр Наландагийн уламжлалтай холбогддогт оршдог юм. Энэ уламжлал маань сүүлийн гуч гаруй жил орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хийсэн ярилцлагыг илүү үр дүнтэй болгосон юм.”

Сэра Жэ дацангийн чойрын талбайд Хаянхирва ядмын авшиг хүртээлээ
Авшиг хүртэж буй энгийн иргэд. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.20. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн үдийн цайны цагаас өмнө авшиг бүрэн хүртээж дууслаа. Эцэст нь тэрээр хурсан олон хүмүүст хандан бодь сэтгэл үүсгэхийн төлөө онцгой их зүтгэл гаргаж, хоосон чанарыг таниж мэдэх саруул оюун ухааныг төрүүлэхэд ч мөн адил анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн юм. Энэ хоёр нь дотоод сэтгэлийг өөрчлөхөд амин чухал хүчин зүйл болдог гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цогчэн дуган луу буцахын өмнө Сэра Жэ дацанд үдийн зоог барив. Маргааш тэрээр Сэра Мад дацангийн чойрын шинэ талбайн нээлт хийж тэндээ Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал” номыг тайлбарлан айлдах болно.
Үзсэн: 1 375
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц