Билакуппе дахь Сэра хийдэд морилон ирлээ

2-01-2018, 17:51  |  Хэвлэх

2017 оны 12 дугаар сар 19

Энэтхэг, Карнатака, Билакуппе – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан хийдээс машинаар хөдөллөө. Хийдийн лам хуврагууд болон энгийн олон ард иргэд түүнийг үдэхээр замын хоёр талаар жагссан байх бөгөөд дацангийн хамба лам нар олон км хамт явж үдсэн юм. Шимогга хотод нэгэн шөнийг өнгөрүүлээд өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Билакуппе хотод хүрэлцэн ирэв.

Олон мянган төвөд иргэд, лам хуврагууд, сургуулийн сурагч хүүхдүүд замын хоёр талаар жагсан баяр хөөртэйгээр Дээрхийн Гэгээнтнийг угтлаа. Гандан хийдийн цогчэн дуганд Гандан Ширээт, Шарба болон Жанзэ цорж нар, мөн хийдийн хамба лам нар, бүжигчид, хөгжимчид нийлсэн энгийн иргэд хамтдаа Дээрхийн Гэгээнтнийг ёс төгөлдөр угтахаар цугласан байлаа.


Билакуппе дахь Сэра хийдэд морилон ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэра хийдэд морилон ирснийхээ дараа хүмүүстэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билалкуппе. 2017.12.19. Гэрэл зургийг Тэнзчин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн дуганд морилсон хойноо зарим хүмүүстэй уулзан ярилцаж, бэлдсэн суудалд суув. “Ертөнцийн зургаан чимэг, хоёр дээд” хэмээн алдаршсан эртний Энэтхэгийн их эрдэмтдийн магтаал, арван зургаан архадын магтаалыг уншиж байх зуур хүндэтгэлийн цай, брээсийг цугласан олонд түгээж байлаа.

“Би энд эргэн ирсэндээ баяртай байна. Ялангуяа олон зууныг дамнан агуу баялаг уламжлалыг хадгалан авч яваа нэгэн хийдэд ирээд байгаадаа баяртай байна. Та нарын ихэнхийг би олон жилийн өмнөөс мэднэ. Та бүхэнд маш их талархаж байна.”

“Өмнөд Энэтхэгийн томоохон хийдүүдээр явах миний үндсэн төлөвлөгөө маань лам нарт гэлэн санваар хүртээх байсан боловч хүнд ханиад хүрсний улмаас бие маань нэлээдгүй ядарсан юм. Хэдэн өдрийн турш эмчилгээ хийлгэж биеэ сувилснаар одоо бараг эдгээд байна.”

“Маргааш би Сэра Жэ дацанд Хаянхирва ядмын авшиг хүртээж, нөгөөдөр Сэра Мад дацангийн чойрын шинэ талбайн нээлт хийн Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал” номыг тайлбарлан номлох болно.”

Билакуппе дахь Сэра хийдэд морилон ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам угтах ёслол дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билалкуппе. 2017.12.19. Гэрэл зургийг Тэнзчин Чойжор
“Замдаа би тухтай унтаж чадаагүй. Харин урд шөнө сайхан унтаж амарлаа. Би өглөө эрт 3 цагт сэрдэг бөгөөд орой 5, заримдаа 6 цагт орондоо ордог. Дагдаг ринбочэ 70 настайдаа нойргүйдэх өвчтэй байсан бол надад ийм асуудал байхгүй. Саяхан би Гандан хийдэд мэдэгдсэнтэй адил өдгөө би 83 хүрэх гэж байна, гэвч би маш сайна байна. Надад бүү санаа зов.”

“Сүүлийн үед би эртний Энэтхэгийн мэдлэгийг өнөөгийн Энэтхэгт буцаан сэргээх хэрэгтэй гэж олон дахин ярьж буй бөгөөд хүмүүс ч үүнд анхаарал хандуулж эхлээд байна. Энэхүү санаа маань Энэтхэгийн 17 бандидагийн магтаалыг зохиох үед төрсөн юм. Энэтхэгийн их багш нар оюун санаа хэрхэн ажилдаг талаарх гүнзгий ойлголтыг бидэнд үлдээсэн бөгөөд тэр нь өдгөө манай дэлхий дахинд нэн чухал болоод байгаа билээ. Энэ нь зөвхөн надад хамааралтай хэрэг бус, уг мэдлэгийг хүн бүхэн ойлгон авч, олон нийтэд түгээх ажилд хүн бүхэн оролцох боломжтой юм.”

“Шантаракшита гэгээн Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлэхдээ эхнээс нь л учир шалтгааны ухаанаар буддын гүн ухаанд суралцах ёс тогтоосон юм. Үүнийг нь бид Энэтхэг эргүүлэн сэргээх хэрэгтэй байна. Энэтхэг орон дэлхийн хамгийн том ардчилсан орон тул иргэний бөгөөд академик мэдлэг олгох эртний Энэтхэгийн уламжлал энд ахин дэлгэрснээр Ази дахинд түгэх бүрэн боложтой.”

Билакуппе дахь Сэра хийдэд морилон ирлээ
Сэрагийн цогчин дуганд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтах ёслол боллоо. Энэтхэг, Карнатака, Билалкуппе. 2017.12.19. Гэрэл зургийг Тэнзчин Чойжор
“Цагаачилж ирсний дараа лам хуврагууд Баксад ном үздэг байлаа. Дараа нь олон газарт Төвөдийн сууринг шинээр байгуулсан бөгөөд сургалтын олон төвөө нээж чадсан юм. Ингэж л бид Наландагийн уламжлалыг хадгалсан билээ. Олон хийдүүд маань Наландагийн уламжлалд суралцахын зэрэгцээ өдгөө орчин үеийн шинжлэх ухаанд ч суралцсаар байна. Бидний сурч мэдсэн, хадгалж ирсэн уламжлал хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгнө гэдэгт би бүрэн итгэлтэй байна.”

Дээрхийн Гэгээнтэн айлдвараа дуусгаад Сэра хийдийн цогчэн дуганы дээр байрлах ордонд амрахаар мориллоо. Маргааш тэрээр Сэра Жэ дацанд морилж, нөгөөдөр Сэра Мад дацанд морилно.
Үзсэн: 1 349
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц