Энэтхэг, УП, Сарнат – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үүр шөнөөр Варанас хотын зүг нислээ. Төвөд Судлалын Төв Институтын дэд захирал, гэвш Агваан Самдэн түүнийг Варанас хотын Лал Бахадур Шастри олон улсын нисэх онгоцны буудал дээр угтав. Тэндээс Дээрхийн Гэгээнтэн Далай Лам машинаар Сарнат дахь Төвөд судлалын төв институтын зүг зорьсон юм. Түүнийг түр буудаллах газарт хүрэлцэн ирэхэд гартаа цэцэг, хүж, цагаан хадаг барьсан оюутнууд инээмсэглэн угтаж, Төвөдийн уламжлалт Даши Шолба бүжиг бүжиж, дуу дуулж байв. Тэрээр машинаас буусан даруйдаа шинээр төрсөн хэдэн хүүхдийг адислав. Төвөдийн уламжлалт хувцсаа өмссөн залуу хүүхдүүд уламжлал ёсоор арвайн гурил барин угтлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинээр мэндэлсэн нялх хүүхдийг адислаж байгаа нь. Энэтхэг, УП, Сарнат. 2018.03.19. Гэрэл зургийг Жереми Расселл
Төвөд Судлалын төв институтын бүх гишүүдийн өмнөөс нээлтийн үг хэлэхдээ гэвш Агваан Самдэн урилга хүлээн авсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлэв. Мөн тэрээр уг хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлж, ялангуяа Энэтхэгийн хамгийн эртний хот болох Варанас хотод их сургуулиудын холбооны чуулган болж байгаад баяртай байгаагаа мэдэгдэв. Мөн энэхүү газарт Бурхан Багш анхны номын айлдвараа айлдсан тул ирэх 3 хоногийн туршид үргэлжлэх хуралд хүмүүс саруул оюун ухаанаа уралдуулан шилдэг сайхан санаа гаргана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Оюутнууд Мангал Чарам судрыг санскрит хэлээр уншиж байгаа нь. Энэтхэг, УП, Сарнат. 2018.03.19. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дэлхийн банкны гуравдагч боловсролын мэргэжилтэн, профессор Франциско Мармолежо үг хэлэхдээ дэлхийн хамгийн олон залуу иргэдтэй Энэтхэг улсын хувьд томоохон боломж нээлттэй байгааг дурдлаа. Энэтхэг улсын хөгжил нь бусад улс орнуудад ч чухал байгааг тэмдэглэн хэлэв. Үүний тулд хүний үнэ цэнийг эрхэмлэсэн мэдлэг боловсрол чухал болохыг мэдэгдээд энэ нь зүгээр нэг мэдлэг бус, илүү үр дүнтэй чухал мэдлэг боловсрол байх ёстой гэсэн юм.
Холбооны ерөнхийлөгч ноён Шарма үг хэлэхдээ чанар, ач холбогдол, ур чадварыг онцлон дурдаад, шунал болон эх захгүй үйл явдлаас шалтгаалж үнэ цэнэ алдагдаж байгааг тэмдэглэн хэлэв. Тэрээр ЭИСХ-ны ерөнхийлөгч асан доктор Сарвепали Радхакришнаны “Боловсролын эцсийн бүтээгдэхүүн нь түүхэн хийгээд байгалын үнэт зүйлд сөргөөр нөлөөлж буйг тууштай тэмцэгч чөлөөт иргэн мөн” хэмээх үгийг эш татлаа.

ЭИСХ-ны жилийн тайлан болон бусад ном товхимолыг хүндэт зочидод түгээв. Энэтхэг, УП, Сарнат. 2018.03.19. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Хүндэт ахан дүүс минь! Би үг хэлэх бүртээ ингэж эхлэхийг хүсдэг. Учир нь эх дэлхийн 7 тэрбум хүмүүс бүгд нэг нэгэндээ ахан дүүс шиг хандаж чадвал энэ гаригийн олон бэрхшээл зовлон зөнгөөрөө арилах болно гэж би боддог. Гэтэл “бид” ба “тэд” гэж хуваагдсаны улмаас олон бэрхшээл бидэнд үүссээр байна. Дэлхий ертөнц маань улам жижгэрч, улам л нэг нэгнээсээ хамааралтай болжээ. Дэлхийн эдийн засаг нь ямар нэгэн хил хязгаарт баригдахгүй болж, цаг агаарын өөрчлөлт бүх дэлхийд нөлөөлж байна. Бидний амьдрал уснаас хамааралтай боловч сүүлийн үед усны асуудал нэлээд хурц болж ирлээ. Шинэ бодит нөхцөл байдалд тааруулж шинэ арга зам, шинэ үйл хөдөлгөөн хийх хэрэгтэй болж байна.”
“Хүчирхийлэл, дайн тулаан нь үеэ өнгөрөөсөн арга зам бөгөөд бид үүнийг өдгөө таслан зогсоох ёстой. Хуучин цагт хүмүүс жад сэлэм, хоцрогдсон буугаар байлдаж, энэ нь өргөн нийтийг хамарсан их хэмжээний хохирол авчирч чадахааргүй байв. Харин өдгөө хэдэн мянган цөмийн зэвсэгийг цэнэглэж, хэрэглэхэд бэлэн болгожээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ЭИСХ-ны 92 дахь чуулганд үг хэлж байгаа нь. Энэтхэг, УП, Сарнат. 2018.03.19. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Хэн нэгэн хүн бусдын амийг егүүтгэвэл шоронд ордог. Гэтэл дайны үед хэдэн мянган хүний амийг егүүтгэсэн хүн баатар болж байна. Үүнийг бид эргэцүүлэн бодож үзэх хэрэгтэй. Хүчирхийлэл нь уур хилэн, айдсаас бий болдог. Үүнийг л бид арилгах хэрэгтэй байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож буй хурлын төлөөлөгчид. Энэтхэг, УП, Сарнат. 2018.03.19. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Би түрүүнд хэлсэнчлэн 20-р зуунд олон газарт хөгжил дэвшил өргөн хүрээнд явагдсан боловч дайны хөлд нэлээдгүй нь үрэгдсэн юм. Эдүгээ ч хуучны чиг хандлагыг баримталсаар байх аваас хүчирхийллийн арга замруу л хазайх болно. Энэ нь үнэндээ үеэ өнгөрөөсөн шүү дээ. Дайн тулаан, хүчирхийлэл олон нийтэд ямар нэгэн үр дүнтэй байсан бол үүнийг хүлээн зөвшөөрөх байлаа. Гэвч энэ нь хэзээд ашигтай байгаагүй юм. Ийм учраас энэ цаг үеийг яриа хэлэлцээрийн эрин зуун болгож, бусдыг өөрсдийн нэг хэсэг хэмээн үзсэнээр бидний дунд өрнөж буй олон зөрчилдөөнийг арилгах болно.”
“Энэ тал дээр боловсрол чухал үүрэгтэй. Эртний Энэтхэгийн оюун ухаан болон сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг нь үүнийг бодитоор биелүүлэх боломж олгож чадна. Хүүхдүүдэд биеийн эрүүл мэндийн талаар мэдлэг олгодог шиг сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийг хэрхэн олох тал дээр анхаарах хэрэгтэй байна.”

Энэтхэгийн их сургуулиудын холбооны 92 дахь чуулган явагдаж буй байдал. Энэтхэг, УП, Сарнат. 2018.03.19. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Тэрээр Энэтхэгийн эртний уламжлал болох хүчирхийллийн бус хийгээд иргэний гэх уламжлал өдгөө цагт чухал ач холбогдолтой байгааг дурдав. Энэтхэг оронд дэлхийн томоохон бүх шашин хаяа дэрлэн эв найртай оршиж байна гэв.
“Бурхан Багш эртний Энэтхэгийн бүтээгдэхүүн бөгөөд бид бүгд үүнд сэтгэл хангалуун байдаг. Өнөөдөр бид эртний Энэтхэгийн сэтгэл хөдлөл болон оюун санааны талаарх гүн гүнзгий ойлголтыг орчин үеийн мэдлэг боловсролтой холбох хэрэгтэй. Бид шинжлэх ухааны ололтонд итгэж болно. Би өнгөрсөн 30 жилийн хугацаанд шинжлэх ухааны эрдэмтэдтэй ярилцсан бөгөөд харилцан ашигтай хурлууд болсон юм. Ража Рамана надад нэгэн удаа квантын физикийн ухаан өнөө цагт цоо шинэ зүйл мэт боловч үнэндээ олон зууны өмнө хутагт Нагаржунайн сургаалд энэ онол байсан гэж билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон хурлын хүндэт зочид хамтдаа дурсгалын зураг татуулав. Энэтхэг, УП, Сарнат. 2018.03.19. Гэрэл зургийг Жереми Расселл
“Та бүхэн энд чухал бөгөөд үр дүнтэй хурал зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Та нарт баярлалаа.”
Төвөд судлалын төв институтын нарийн бичгийн дарга доктор Упадаяа талархалын үг хэллээ. Үндэсний сүлд дуу явахад бүгд хүндэтгэл үзүүлэн зогслоо. Дараа нь хүндэт зочид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хамт дурсгалын зураг татуулав. Бүгд хамтдаа үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн буцав.