Дээрхийн Гэгээнтэн Далай лам Мумбай хотод амьтдыг энэрэн хайрлах өдрийн арга хэмжээнд оролцов

3-12-2012, 05:26  |  Хэвлэх

2012 оны 11 дүгээр сарын 28

Энэтхэг, Мумбай – Бангалорт манантай байсны улмаас нислэг ялигүй саатсан ч Дээрхийн Гэгээнтнийг Энэтхэгийн санхүүгийн нийслэл болох Мумбайд морилох үед тэнгэр цэлмэж, дулаарсан байлаа. Зочид буудалд түүнийг буудлын эзэн, ахмад Кришнан Найр болон бусад хүмүүс угтав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Мумбай хотод амьтдыг энэрэн хайрлах өдрийн арга хэмжээнд оролцов
Дээрхийн Гэгээн Далай лам Дэлхийн Энэрэнгүй өдрийн
арга хэмжээг зохион байгуулагчидтай уулзаж байгаа нь.
Энэтхэг, Мумбай. 2012.11.28. Фотo/Жереми Рассел (ДЛО)
Үдийн зоогийн дараа Дээрхийн гэгээнтэн Дэлхийн Энэрэнгүй өдрийн баярын арга хэмжээ болон Олон улсын Хүмүүнлэгийн Нийгэмлэгийн (HSI) Энэтхэгийн салбар, АНУ-ын Хүмүүнлэгийн Нийгэмлэгийн (HSUS) олон улсын салбарын нээлт болон амьтдын сайн сайхны төлөө байгууллагын арга хэмжээнд уригдан оролцов.

Арга хэмжээг зохион байгуулагчид болон тусгай зочидтой хийсэн хувийн уулзалтын үеэр амьтдыг хамгаалахад шашны гүйцэтгэж болох үүргийн талаар түүнийн бодлыг асуусан асуултад тэрээр хариулахдаа 7 тэрбум дэлхийн хүн амын ихэнх нь шашинд итгэдэггүй, итгэдэг гэж хэлдэг олон хүн итгэдэггүй юм шиг биеэ авч явдаг. Тиймээс шашны замналыг сонгосон л бол үүндээ чин сэтгэлээсээ хандахын чухлыг анхааруулсан юм. Цааш нь хэлэхдээ, “Харин амьтдын тухайд гэвэл тэд гагцхүү амьд байгаад зогсохгүй, баяр баясал хийгээд зовлон шаналлыг мэдрэх мэдрэмжтэй. Төвдийн ард түмний нэгэн адил бид тэдэнд хүндэтгэлтэй хандах ёстой” гэсэн юм.

Тэрээр АНУ-д цагаачлаад, нэгэн их сургуулийн гал тогоонд эхнэртэйгээ хамт ажиллаж байсан Төвдийн албан хаагч асны түүхийг ярьсан билээ. Тэд ногоо арилгаж байхдаа өт хорхой, эсвэл шавьж гарч ирвэл тэдгээрийг ажлын өдөр дуустал шилэн саванд хадгалаад, дараа нь аюулгүй газарт аваачиж тавьдаг байсан байна. Юу хийж байгааг нь асуусан хамт ажиллагсаддаа хорхой шавьжийг хамгаалж байгаа тухайгаа тайлбарлан ярихад, цагаа дэмий үрж байна гэцгээдэг байсан тухай тэрээр Дээрхийн Гэгээнд ярьжээ. Тэгсэн хэрнээ ажиллагсдын ихэнх нь удалгүй тэдний жишээг даган дууриаж байгааг тэд анзаарсан байна.

Өөрийн амьдардаг Дарамсалагаас Патанкот, эсвэл Жамму руу машинаар явах үедээ хоолны газрын гадаа торонд хоригдсон тахиануудын өрөвдөлтэй байдлыг хараад харамсдаг тухайгаа Далай лам ярилаа. Хөдлөх ямар ч эрх чөлөөгүй, хэт халуун, эсвэл хэт хүйтний аль ч улиралд хоригдсон тэд үнэхээр өрөвдөлтэй харагддаг бөгөөд хүмүүс тэдний амьдрал, мэдрэмжийг үл тоомсорлон хүнсний ногоо лугаа харьцдаг нь илэрхий байдаг. Төвдийн соёлд хэрвээ чи шавьж шувуу мэтийн жижиг амьтанд санаа тавьж чадвал өөрийн адил хүмүүний төрөлд зохих ёсоор хүндэтгэлтэй хандаж, санаа тавьж чадна гэсэн хатуу ёс байдгийг тэрээр тэмдэглэн хэлэв.

2012 оны Дэлхийн Энэрэнгүй өдрийн арга хэмжээнд оролцсон ноён Притиш Нанди Далай ламд баяр хүргэхийн хамт АНУ-ын Хүмүүнлэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Уэйн Пасел, Болливуудын ахмад жүжигчин Анил Капур, нэрт зохиолч Четан Багат нарыг танилцуулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Мумбай хотод амьтдыг энэрэн хайрлах өдрийн арга хэмжээнд оролцов
Дээрхийн Гэгээн Далай лам 2012 оны Дэлхийн Нигүүлслийн
өдрийн арга хэмжээнд үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Мумбай. 2012.11.28.
Фото /Жереми Рассел (ДЛО)
Анил Капур хэлсэн үгэндээ бид хүнсний хомсдол, усны хомсдлын талаар сонсдог боловч бидэнд нилэнхүйдээ хамгийн их дутагдаж буй нигүүлсэхүй сэтгэлийн талаар ярих нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Дэлхийн ихэнх хүмүүсийн амьтадтай тогтоосон хамгийн дотно харьцаа бол тэднийг хоол хүнсэндээ хэрэглэх үед л тогтоосон харьцаа юм гэж Уэйн Пасел үргэлжлүүлэв. Гэхдээ энд Энэтхэгт нэг хүн жилд дунджаар 3.5 кг мах идэж байхад, АНУ болон Францад нэг хүн жилд дунджаар бараг 100 кг мах идэж байгааг тодотгон хэллээ. Тиймээс Энэтхэгт амьтадтай илүү найрсаг харьцах үндэс суурь байгаа тул түүнийг хөгжүүлж, дэмжих шаардлагатай хэмээлээ.

Далй лам энэхүү сэдвээр ярихдаа, “Ахан дүүс нар аа, Амьтдад энэрэнгүй хандаж, илүү сайн хамгаалах асуудлаархи уулзалтанд оролцох боломж олдсонд туйлын баяртай байна. Миний анд нөхөр, эрдэмтэн Франсиско Варела асан бид хоёр амьд биетийг хэрхэн тодорхойлох тухай асуудлаар удаан хугацаанд мэтгэлцэж ирсэн билээ. Тэгээд нэг газраас нөгөө газар луу өөрийн дураар хөдөлж хүрч чадах бүх биет, тухайлбал бид эргэн тойрондоо харж байгаа амёбоос эхлээд амьтныг амьд биет хэмээнэ гэсэн дүгнэдтэд хүрсэн юм. Харин жишээлбэл, наранцэцэг нарны гэрлийн зүг тэмүүлэн эргэх хөдөлгөөн хийх боловч үүнийг өөрийн хүслээр хийсэн үйлдэл гэхээс илүү химийн урвал гэлтэй” хэмээв.

Бидний хоол ундны дэглэмийн тухайд цагаан хоолтон байх нь дээр боловч түүний хувьд бусдад ингэхийг зөвлөх төдий юм. Учир нь Дээрхийн гэгээнтэн эрүүл мэндийн шалтгаанаар цагаан хоолтон болох боломжгүй байгаа тухайгаа өгүүлсэн юм. 1965 онд Керала мужид нэгэн тогооч тахиа гаргаж байгааг харснаасаа хойш Дээрхийн гэгээнтэн цагаан хоолтон болохоор хатуу шийдэж байснаа дурслаа. Тэр энэхүү дэглэмээ хүнд хэлбэрийн шар өвчин тусах хүртлээ 20 сар үргэлжлүүлсэн бөгөөд түүний төвд, аллопат, аюурвед эмч нар эрүүл мэндээ нөхөн сэргээх хүртэл цагаан хоолны дэглэмээ бага багаар зогсоохыг түүнээс хүссэн байна. Нөгөө талаас тэрээр Төвдөд байхдаа албан ёсны бүхий л хүлээн авалт, зоогонд зөвхөн цагаан хоол өгч байх тухай зарлиг гаргаж байсан ба Энэтхэг дэхь Төвдийн сүм хийдүүдийн ихэнх нь цагаан хоолны дэглэмтэй гэлээ.

Түүнчлэн Хятадын эрэгтэй, эмэгтэй лам нар цагаан хоол идэх хатуу дүрэмтэй байдаг бол Тайланд, Бирм, Шриланкийн лам нар цагаан хоолтон ч биш, махан хоолтон ч биш байдаг тухай тайлбарлав. Учир нь тэдгээр орны лам нар бусдын өглөгөөс хамааралтай байдаг тул юу идэхээ сонгох бус харин тэдэнд юу өгснийг хүртэх ёстой байдаг ажээ.

Төвдийн малчин ард хоол хүнсний өөр эх сурвалжаар хомс байдаг тул малаасаа аль нэгийг нь үе үе гаргахаас өөр аргагүй байдаг ч, амьтны амийг авч байгаагаа бүрэн ухамсарладгийн хувьд тэрхүү амьтныг эргээд сайн төрөл олох тухайд залбирал үйлддэг байна. Дээрхийн гэгээнтэн саяхан Японд айлчлахдаа тэнд загас барих спортын төрлөөр хүмүүс хичээллэдэг болохыг олж мэдээд үнэхээр гайхсан тухайгаа ярилаа. Барьсан загасаа ихэнхдээ буцаагаад тавьдаг ч, гох дэгээ загасны амыг нэгэнт хүндээр гэмтээсний дараа шүү дээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Мумбай хотод амьтдыг энэрэн хайрлах өдрийн арга хэмжээнд оролцов
Дээрхийн Гэгээний яриаг танхимд суусан
хүмүүс анхааралтай сонслоо.
Энэтхэг, Мумбай. 2012.11. 28.
Фото/Жереми Рассел (ДЛО)
“Аз жаргалтай амьдралын гол эх сурвалж бол өгөөмөр зөөлөн сэтгэл мөн. Энэ нь өөртөө санаа тавьдаг шигээ бусдын төлөө санаа тавих гэсэн үг юм. Хэрвээ бид энэрэнгүй сэтгэлтэй бол биднийг найз нөхөд аяндаа хүрээлнэ гэдгийг бид ойлгодог. Уур хилэн ба үзэн ядалт бидний дархлааг муутгадаг бол харин өгөөмөр, нигүүлсэхүй сэтгэл бидний эрүүл мэндэд тустай болохыг эрдэмтэд өнөөдөр нотлоод байна. Саяхан Нью Йорк-д миний уулзсан нэгэн эрдэмтэн яриандаа “Би” гэдэг үгийг ихээр хэрэглэдэг хүмүүс зүрхний шигдээс өвчинд илүү өртөмтгий байдгийг нотолсон байна” хэмээн Далай лам хэллээ.

Тэрээр нэг, хоёр, эсвэл 100,000 хүнтэй харьцсан ч, ярилцаж байгаа хэнийг ч болов харах бүртээ, “Бид бүгд ижил. Би таньтай л адилхан аз жаргалтай амьдрахыг хүсч байна” гэсэн бодлыг агуулдаг тухайгаа дурьдлаа. Харин өөрийгөө Буддист, Төвд хүн, эсвэл Далай лам хэмээн бодох тэр мөчөөс түүний болон бусад хүний хооронд зай үүсдэг гэнэ. Бид бүгд эхийн хэвлийгээс унаж, эхийн хайр ивээлээр хүн болсон, өөрөөр хэлбэл бүх хүн ижил гарал үүсэлтэй. “Энэ л үндсэн дээр бид тэдний төлөө санаа тавих сэтгэлийг төлөвшүүлэх бөгөөд учир нь тэд бидэнтэй адил. Нэгэнт бид үүнийг хийж чадвал цаашид энэ сэтгэлээ өргөжүүлэн амьтныг болон бусад амьд биетийн төлөө санаа тавихад хялбар болно.”

Четан Багат Дээрхийн гэгээнтэнд арай хялбар асуулт тавихыг хүслээ. Энэ үед нэрт зураач Пареш Майти Дээрхийн гэгээнтний зургаан фут квадрат зургийг зурж дуусгасан ба зохион байгуулагчид дараа нь зургийг дуудлага худалдаагаар зарах найдлагатай байгаагаа нийтэд дуулгасан юм. Четан Багат өөрийн зүгээс асуултаа тавьж эхэллээ. “Бидний ихэнх хүндрэлтэй асуудал эрх мэдлийг буруугаар ашигласны улмаас үүсч байна. Энэтхэгт эрх мэдлийг буруугаар ашиглах явдлыг хэрхэн өөрчлөх вэ?” гэсэнд Дээрхийн гэгээнтэн “Боловсролоор. Бусдын төлөө санаа тавих нь өөрийнх нь эрх ашигт нийцнэ гэдгийг ард иргэдэд ойлгуулах ёстой” гэж хариулав.

Малын эмч эмэгтэй өвчтэй болон зовж байгаа амьтдыг унтуулахыг хүсч хүмүүс түүн дээр их ирдэг тул энэ талаар Далай лам юу бодож байгааг мэдэхийг хүслээ. Тэрээр хариулахдаа хэдийгээр техник үйлдлийн хүчээр амьтны амийг тасалж байгаа боловч амьтан үнэхээр зовж байгаа, дээр нь эдгэрэх ямар ч найдлага байхгүй бол энэ нь зөв ч байж болох юм. Гэхдээ энэ бол тухайн тохиолдлоос хамааран шийдэх асуудал учраас ерөнхийд нь хавтгайруулан хэлэх амаргүй гэдгийг онцолсон юм.

Мумбай хотын цагдаагийн дарга Сатяпал Сингх хэлэхдээ хэрвээ үнэхээр энэрэнгүй байхыг хүсч байгаа бол дээд хүчинд итгэх ёстой, хүн төрөлхтний нэгдмэл чанарт итгэж, өөрийн үйл хөдлөлийн үр дагаврыг хүлээж авахын тулд цагаан хоолтон байх ёстой гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Мумбай хотод амьтдыг энэрэн хайрлах өдрийн арга хэмжээнд оролцов
Пареш Майтигийн зурсан, Мумбайд дуулага худалдаанд
орох зураг дээр Дээрхийн Гэгээн гарын үсэг зурж байгаа нь.
Энэтхэг, Мумбай. 2012.11.28. Фотo/Жереми Рассел (ДЛО)
Индрээс буухынхаа Дээрхийн гэгээнтэн Пареш Майтигийн зурсан зурган дээр гарын үсгээ зурлаа. Сүүлчийн зөвөлгөө болгож тэрээр хэлэхдээ “Нигүүлслийг хэрэгжүүлэх эсэх нь сайн дурын асуудал байх ёстой учраас та эхлээд хийх гэж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй байх ёстой. Үүнд бид оюун ухаанаа дайчлах шаардлагатай. Хэрвээ бид энэ дэлхий дээр нигүүлсэл илүү үр өгөөжтэй дэлгэрээсэй гэж хүсч байгаа бол хүүхдүүддээ, ирээдүй хойч үедээ энэрэнгүй байх тухай зааж сургах ёстой” хэмээн айлдлаа.

Хэвлэлийнхэнтэй тусгайлан хийсэн уулзалтын үеэр түүнээс Хятадын шинэ удирдлагын талаархи үзэл бодлыг нь сонирхож асуув. Тэрээр хариулахдаа дарангуйлан захирах дэглэм уналтанд орж байна. Шинэ удирдлага хууль ёсыг дээдлэх, ардчиллыг тогтоох дэлхий нийтийн хандлагыг дагах ёстой боловч ингэх эсэхийг хэлэхэд дэндүү эрт байна гэсэн юм. “Хүлээгээд харцгаая. Шинэ удирдлагад байгаа хүмүүс хүний хувьд сайн байж болох ч тэдний үйл ажиллагаагаа явуулж буй тогтолцоо нь хатуу чанга юм” гэлээ.

Хятадуудыг хэдий хүртэл энэрэн үзэх бодолтой байгааг нь түүнээс асуухад “Үхэн үхтлээ. Уур хилэн бол үр дүнтэй стратеги биш” хэмээн хариулсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Мумбай хотод амьтдыг энэрэн хайрлах өдрийн арга хэмжээнд оролцов
Дээрхийн Гэгээн Далай лам Мумбайд амьдардаг
Төвд хүмүүстэй уулзаж байгаа нь.
Энэтхэг, Мумбай. 2012.11.28.
Фотo/Жереми Рассел (ДЛО)
Дээрхийн гэгээнтнийг буудалд буцаж ирэхэд ахмад Найр түүнээс өөрийн ажилтнууд болон цугларсан Төвд хүмүүст яриа хийж өгөхийг хүсэв. Далай лам түүнийг адисласан учраас тэрээр амжилтанд хүрсэн хэмээн ахмадыг хэлэхэд энэ бол таны хүчин зүтгэлийн үр шим хэмээн Дээрхийн гэгээнтэн хариулсан юм. Буддист хүний хувьд тэрээр санаа сэдэл чухал гэдэгт итгэдгээ хэллээ. Хэрвээ санаа сэдэл зөв бол хамтын ажиллагаа аяндаа бий болж, та амжилтанд хүрнэ. 91 настай ахмад руу инээмсэглээд “Өчигдөр Тумкурт ламтан Свами 106 насыг, харин энд та 91 насыг зооглож байна. Өндөр настай ийм эрхмүүдтэй сүүлийн хэдэн өдөр уулзсан маань надад урам зориг, эрч хүч өгч байгаа учраас би ч мөн урт насалж чадна” хэмээв.

Мумбайн дараа Дээрхийн Гэгээн “Бодь Мөрийн Зэрэг” (ламрим) ном айлдахаар Карнатака мужийн Мундгод дахь Төвдийн суурин руу хөдөллөө.
Үзсэн: 3 153
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц