Арга зам өөр ч, хүрэх зорилго нэг – Тайландын буддистуудын Дээрхийн гэгээнтэн Далай ламтай хийсэн уулзалт

16-12-2012, 10:19  |  Хэвлэх

Энэтхэг, Шинэ Дели – 2600 жилийн өмнө Буддизм үүсч дэлгэрсэн Энэтхэг орны нийслэл Шинэ Дели хотноо өнөөдөр 50 орчим лам хийгээд эрдэмтэд, ахмадуудаас бүрдсэн Тайландын төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзан Бурханы шашны дотоод асуудлаар ярилцлага хэлэлцүүлэг хийсэн нь чухал ач холбогдол бүхий, урам зориг өгсөн арга хэмжээ боллоо. Хэлэлцүүлэгт Тайландын талаас Праражнянакави, Пра др. Анил Сакья, Пра Пайсел Висало, др.Сексан Пресерткул, др. Криссанапонг Киртикара болон др. Веератай Сантипрабхоб нар оролцсон бол Дээрхийн Гэгээнтнийг дагалдаж проф. Самдон Ринбочи болон гэвш Агваан Самдан, гэвш Доржэ Лхагдор болон гэвш Доржэ Дамдул нар байлцлаа. 300 орчим Тайланд сүсэгтэн буддистууд тэдний хэлэцүүлгийг сэтгэл догдлон сонссон байна.

Арга зам өөр ч, хүрэх зорилго нэг – Тайландын буддистуудын Дээрхийн гэгээнтэн Далай ламтай хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайландын буддистууд,
лам нартай уулзалт хийхийнхээ өмнө танхим дахь
хүмүүст хандан хүндэтгэл үзүүлж залбирав.
Энэтхэг, Шинэ Дели, 2012.12.15. Зургийг Жереми Рассел (ДЛО)
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Буддхадаса Индапанно архивын төлөөлөгч эмэгтэй нээлтийн бөгөөд хүндэтгэлийн үгийг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Тайландын хоёр эрхэмтэй Дээрхийн Гэгээнтний тогтоосон шашны нөхөрлөлийг онцлон тэмдэглээд, Тайланд хийгээд Төвдийн уламжлалын харилцаа холбоо улам цэцэглэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Тэрээр энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь дарма буюу дээдийн номонд итгэх итгэлийг бэхжүүлэх, Тайланд болон Төвдийн харилцаа холбоог эрчимжүүлэх болон бусад буяны үйлсийг хөгжүүлэхэд оршино гэв.

1972 онд Дээрхийн Гэгээнтний Тайландад хийсэн хоёр дахь айлчлалын тухай богино хэмжээний кино үзүүлсний дараа 100 насыг зооглож байгаа Тайландын шашны эрхэм дээд тэргүүний илгээлтийг уншиж сонсгов. Энэхүү уулзалт нь Бурхан багшийн үеэс дамжиж ирсэн уламжлалын дагуу зохион байгуулагдаж байгаагаараа чухал ач холбогдолтой болохыг тэрээр тэмдэглэн хэлсэн байна. Бурхан багш гайхалтай нээлттэй хүн байсан бөгөөд бусдын үгийг сонсоход хэзээд бэлэн байсны дээр түүнээс хүссэн тохиолдолд л үзэл бодлоо айлддаг байсан гэлээ. Тэрээр цааш нь Бурханы шашин хэдийгээр олон газарт олон өөр хэлбэр төрхийг олж дэлгэрсэн ч, эдгээр ялгаа нь ялгаварлан гадуурхах хуумгай бодлын үндэс болох бус, харин үл ойлголцлыг арилгах талаар хамтдаа яриа хэлцэл хийх үйлст биднийг зоригжуулах ёстой хэмээн тэрээр илгээлтэндээ тэмдэглэжээ.

Дээрхийн Гэгээнтэн мэндчилгээндээ, “Эрхэм олон хувраг, бурханы шашинт ахан дүүс нар аа, тавтай морилно уу. Энд Тайландын буддистууд, түүний дотор олон лам хувраг нартай уулзаж байгаадаа би туйлын баяртай байна. Тайланд оронд анх би 1967 онд очоод Бурханы шашны хүчтэй нөлөөг хараад гайхан биширсэн билээ. Тэр үед би шашны эрхэм дээд тэргүүнтэй уулзаж ярилцсан бөгөөд түүнээс Христийн шашны эрэгтэй, эмэгтэй лам нар нийгэмд хандсан өргөн хүрээний ажил хийж байхад бид буддистууд ийм үйл ажиллагаа хийхгүй байгаад хэрхэн хандаж байгаа талаар нь асууж байснаа одоо эргэн санаж байна. Тэрээр хариулахдаа буддын лам нар сүм хийддээ сууж, суралцах, мөн шамата буюу сэтгэл оюунаа төвшитгөн төвлөрөх ёс жаягтай гэсэн юм.”

Сүүлийн 14 хоног өмнөд Энэтхэгт 20,000 лам хуврагт нийт 60 цагийн ном айлдаад дөнгөж буцаж байгаа, мөн бага зэрэг ханиад хүрсний улмаас Дээрхийн Гэгээнтний хоолой бага зэрэг сөөнгө байлаа.

Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа, аливаа нэгдмэл үзэгдэлтэй адил лугаа Бурханы шашин ч байнгын бус, алга болж болох ч, өөрийн шүтэн бишрэгчид, ялангуяа лам нарын дэмжлэгийн ачаар 2600 жил оршин тогтнож чадсан болохыг тэмдэглэв. Өнөөдөр XXI зуунд Бурханы шашны уламжлал дэлгэрээгүй орнуудад ч энгийн ард иргэд хийгээд эрдэмтдийн дунд Буддизмыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байна. Тайландын Бурханы шашин бараг бүхэлдээ харьяалагддаг Пали уламжлал нь нийт Бурханы шашны уламжлалын жинхэнэ үндэс мөн хэмээн үздэгээ тэрээр хэллээ. Vinaya буюу винайн ёсонд заасан ёс суртахуун хийгээд сахилга бат нь төвлөрөл (shamatha) болон мөн чанарын ухаарлыг (vipassana) хөгжүүлэхийн үндэс мөн. Төвлөрлийн хүчээр бидний оюун ухаан оршин тогтнох чадавхийг эзэмшиж, дүн шинжилгээ хийсний ачаар бид аливааг ойлгоно гэдгийг тэрээр нарийвчлан тайлбарлав.

“Гэхдээ бид хүн төрөлхтний үлдсэн хэсгийн талаар санаж байх ёстой. Хэрвээ бид илүү амар амгалан дэлхий ертөнцийг бүтээж чадвал үүний үр өгөөжийг хүн бүр хүртэнэ. Үүний тулд бид ёс зүйг төлөвшүүлэх шашны гэхээсээ илүү иргэний хандлагыг баримтлах шаардлагатай байна. Каруна буюу нигүүлслийн хүчээр дотоод амар амгалан хийгээд дотоод хүч үнэхээр бий болдог. Нигүүлслийг хэвшүүлсэн хэн ч болов илүү тайван болж, айдас хүйдэст өртөх нь бага болдог” хэмээн Далай Лам айлдсан билээ.

Үүний нотолгоо болгож тэрээр хэлэхдээ нигүүлслийн сэтгэлийг өөртөө хөгжүүлэх аваас таны бие бялдрын хийгээд оюуны эрүүл мэнд сайжирна гэдгийг эрдэмтэд мөн баталсан гэв.

Асуулт, хариултын цаг болоход Дээрхийн Гэгээнтэн эхлээд өөрийн зүгээс хэдэн асуулт тавьсан юм. Тэрээр Тайландын буддизмд гэлэнмаа нарын сахил, өөрөөр хэлбэл эмэгтэй лам нарын бүрэн сахилын талаар ямар нэг уламжлал байдаг талаар тэрээр мэдэхийг хүссэн бөгөөд учир нь Бурхан багшийн сэрүүн залран ахуй үед ийм уламжлал байсан ажээ. Түүнчлэн модонд сахил хүртээх ёсны талаар тэрээр мэдэхийг хүсэв. Модонд ламын өмсгөл өмсүүлж хамгаалдаг байсан болох нь тодорхой болсон бөгөөд энэ нь Тайландад бүх нийтийн хүндэтгэлийг хүлээдэг байна.

Арга зам өөр ч, хүрэх зорилго нэг – Тайландын буддистуудын Дээрхийн гэгээнтэн Далай ламтай хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Тайландын лам
хуврагууд хэлэлцүүлгийн үеэр.
Энэтхэг, Шинэ Дели. 2012.12.15 Зургийг Жереми Рассел (ДЛО)
Энгийн хүмүүсийн буддизмыг даган мөрдөх тухай асуултад Дээрхийн гэгээнтэн хариулахдаа энгийн хар хүн ч, лам хүн ч орчлонгийн хүлээснээс ангижирч, гэгээрэлд хүрэхэд адил боломж, ижил чадавхиар хангагдсан хэмээн Бурхан багш үзсэн тухай хэллээ. Гэхдээ гэр бүлийн өмнө хүлээх хариуцлагаас ангид лам нарын тухайд зөвхөн өөрсдийгөө анхаардаг учраас ном ёсоо сахих илүү цаг завтай байдаг. Амьдралын хүрд хийгээд нирвааны салшгүй байдлын тухай Төвдийн эшлэлийн талаархи өөр нэг асуултыг сонсоод тэрээр инээмсэглэж, хэрвээ бид үүнийг байгаа чигээр нь ойлговол Бурхан багш юуны тулд хааны амьдралаа огоорч, хүнд хэцүүг сонгон, зургаан жилийн турш бясалгал хийсэн юм болоо гэж гайхах ёстой болно хэмээв. Аз жаргалын тухай асуудлыг тодруулан тайлбарлахдаа, хөгжим сонсох, амттай хоол идэх зэрэг мэдрэхүйн түр зуурын сэтгэл ханамж болон оюун ухааны жаргалаас ундран гарах арай бат бэх баяр баясал хоёрын ялгааг хэлж өгөв. Энэ бол цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай зүйл бөгөөд үүнийг зохих ёсоор авч үзэхэд англи болон барууны бусад хэл хангалттай бус байдаг тухай тэр тэмдэглэн хэлсэн юм.

Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн “Дэлхий дахины хүндрэлтэй асуудлын шийдэл” сэдвээр ярихдаа, зарим түүхчдийн хэлж байгаагаар 200 сая хүн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан XX зууны тодотгол болсон хүчирхийлэл болон цус урсгалтын талаар дурьдлаа.

Тэрээр хэлэхдээ “Илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгох шинэ арга барилыг бид хайх хэрэгтэй байна. Цаг уурын өөрчлөлт, хүн амын хэт өсөлт, баян ядуугийн ялгаа, авилга зэрэг бидэнд шийдэх ёстой томоохон асуудлууд тулгараад байна. Хүмүүс ертөнцийн төгсгөл удахгүй ирэх тухай эртний Маяагийн зөгнөлийн талаар санаа зовцгоох юм, гэтэл бид хорт хавдар лугаа авилга, хээл хахуультай тэмцэхгүй бол бидэнд жинхэнэ гамшиг нүүрлэх болно. Шашин маш чухал боловч үүнийг хянаж чадаагүй. Ардчилал, хуулийг дээдлэх ёс, хэвлэл мэдээллийн эрх чөлөө хээл хахуулийг зогсоох чадвартай байх ёстой ч, мөн л дийлэхгүй байна. Дээрх бүх үнэт зүйл үгүй, засгийн бүх эрх төвлөрсөн Хятадад хүртэл авилга хээл хахууль цэцэглэж байна. Үүнд нөлөөлж байгаа үндсэн хүчин зүйл бол хувийн сахилга бат болон ёс суртахууны зарчим үгүйлэгдэж байгаа явдал юм” хэмээлээ.

Эрүүл сэтгэлгээ хийгээд шинжлэх ухааны ололт дээр суурилсан иргэний ёс суртахууныг хөгжүүлэх арга замыг хайх шаардлагатай гэдгийг Далай лам дахин онцлон хэлсэн юм.

“Бурхан Багш бүх хүн төрөлхтний тусын тулд сургаалиа айлдсан гэдгийг бид санах ёстой. Бид ч тэрхүү хүн төрөлхтний нэгээхэн хэсэг мөн. Дээрх асуудлуудыг шийдэхийн тулд бид хамтдаа ажиллах үүрэгтэй. Төвдийн буддист хүний хувьд миний бие нийт хүн төрөлхтний тухайд санаа тавьж байгаатай адил та бүхэн ч Тайланд, Бангкокоос давж сэтгэх ёстой.”

Дэлхийн эдийн засгийн хямралын тухай асуултад тэрээр хариулахдаа хямрал болсон тухай сонсоод ихэд гайхаж, шалтгааных нь талаар найз нараасаа асуусан тухайгаа дурслаа. Хэт их шунал, ашиг хонжооны хойноос улайран хөөцөлдсөний улмаас болон ямар нэг хэмжээний мунхгийн гайгаар хямрал үүссэн тухай тэд түүнд хэлсэн байна. Орчлонгийн хүлээснээс ангижирч, Бурханы хутгийг олох гэх мэт эерэг хүсэл байж болох учраас шунал хийгээд хүслийг ялгаж ойлгохын чухлыг тэрээр онцлон тэмдэглэлээ.

Нигүүлслийн тухайд өөрийнхөө ойр дотныхноо илүүд үзэх нигүүлсэл болон дайснаа ч тусламж хэрэгтэй байгаа адилхан хүн гэсэн утгаар энэрэн хайрлаж чадах цэвэр нигүүлсэл хоёрын ялгааг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан айлдсан юм.

Уншлага залбирлаар нирвааны хутгийг олохгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн өнгөрсөн жил зарласныг сануулаад, зүй ёсны үзэл бодлыг хэрхэн төлөвшүүлэх ёстойг түүнээс асуухад “Илүү цогц, бодит үзэл бодлыг төлөвшүүлэхэд цаг хугацаа, нөр их хүчин чармайлт шаардлагатай. Саяхан өмнөд Энэтхэгт 20,000 ламд урт бөгөөд бүрэн хэмжээний ном заагаад ирсэн гэдгээ би та бүхэнд хэлсэн. Гэхдээ энэ нь тэдний оюун ухааныг тэр дор нь өөрчлөх үү? Би үүнд эргэлзэж байна. Тэд энэ асуудал дээр удаан хугацаанд нухацтай ажиллах шаардлагатай. Өнөөдрийн тухайд бидний өмнөө тавих зорилго бол сэтгэлийн тэнцвэрт байдлыг хангах явдал бөгөөд сэтгэлийн сөрөг хандлагаа засахад бидэнд хүндрэлтэй байж болох ч үүнийг хийж болно. Бид үүнийг дадуулахдаа уйгагүй байх хэрэгтэй. Та бүхэнд баярлалаа, маргааш уулзатлаа баяртай ” хэмээн хариулав.
Үзсэн: 3 528
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц