Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Трентод уригдан “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай амьдрах нь” сэдэвт илтгэл тавив

13-04-2013, 18:25  |  Хэвлэх

2013 оны 4 дүгээр сарын 12

Итали, Өмнөд Тирол, Болзано - Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Трентод уригдан Адиж голын дагуу хагас цаг орчим явлаа. Дээрхийн Гэгээнтнийг Трентогийн Автономит мужийн ордонд хүрэлцэн ирэхэд ерөнхийлөгч ноён Алберто Пакер болон хэвлэл мэдээллийн албаны дарга Робэрто Пинтер нар угтан авлаа. Ерөнхийлөгчийн ажлын өргөөнд морилон харилцан ярилцав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Трентод уригдан “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай амьдрах нь” сэдэвт илтгэл тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Трентогийн Автономит мужийн
Ерөнхийлөгч Алберто Пакертай ерөнхийлөгчийн албаны өргөөнд
уулзав. Итали, Тренто, 2013.04.11 Зураг/Жереми Расселл/ДЛО
Тэндээс Мужийн Зөвлөлийн Танхимд зочлон очиход Зөвлөлийн Ерөнхийлөгч угтан авч орчин үеийн хийц загвар бүхий тойрог хэлбэртэй зөвлөлийн танхимыг танилцууллаа. Тэрээр халуун дотноор угтан авч мэндчилэн Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхийг хүсэн индэрт урихад:

“Та бүхэнтэй ах эгч дүү нар минь гэж мэндлэхийг хүсч байна. Учир нь бидэнд тулгаран буй олон асуудлын шалтгаан нь бид хоёрдугаар шатны ялгаанд хэт их анхаарч үндэс суурь болсон нэгэн адил хүн төрөлхтөн гэдгээ үл ойшоосноос үүдэлтэй. Хүмүүн гэдэг утгаараа оюун ухаан, бие бялдар, сэтгэл санааны хувьд ч бид бүгдээрээ адилхан. Бид энэ ухамсараа нэмэгдүүлэх хэрэгтэй.”

Мужийн Зөвлөлийн Гишүүдийн өмнө илтгэж байгаа минь нэр төрийн хэрэг юм. Төвдөд хүүхэд ахуй насандаа ардчилалын талаар анх сонсч байсан бөгөөд тэр үеэс эхлэн бахдан боддог болсон тухайгаа тэмдэглэн хэлэв. Манай дэлхий хүн төрөлхтөн бид бүгдэд хамаатай. Улс орон бүр зөвхөн тухайн улсын хаан ерөнхийлөгчид бус тэнд амьдран буй ард олонд хамаатай. Тиймээс ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж удирдан залж яваа та бүхэнтэй уулзсандаа туйлын баяртай байна.

Тэрээр 1951-53 онд Төвдийн үйл хэргийг удирдан зохион байгуулж шинэчлэл хийхийг оролдож байжээ. 1959 онд Энэтхэгт очсоныхоо дараа Төвдөд ардчилалыг нэвтрүүлж 2001 оноос эхлэн сонгуулийн системээр удирдагчаа сонгодог болсон байна. 2011 оноос өөрийн эрх мэдлээ шинээр сонгогдсон удирдагчид шилжүүлэн өгч үүрэгт ажлаасаа бүрэн чөлөөлөгдсөнөөр үл барам XVII зууны дунд үеэс V Далай Ламаас эхлэн дөрвөн зуугаад жил Далай Лам удирдсан уламжлалыг төгсгөл болгожээ.

Тэрээр өөрийн гурван гол зорилгынхоо талаар айлдахдаа:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Трентод уригдан “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай амьдрах нь” сэдэвт илтгэл тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мужийн Зөвлөлийн танхимд
үг хэлэв. Итали, Тренто, 2013.04.11 Зураг/Жереми Расселл/ДЛО
“Хүн гэдэг утгаараа миний сайн сайхан байх нь бусдаас хамаатай билээ. Хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөө зөвхөн залбиран мөргөснөөр сайхан ирээдүйг цогцлооно гэж бодох нь бодитой хэрэг бус юм. Энэхүү үйл хэрэгт үйл ажиллагаагаараа оролцох хэрэгтэй. Тиймээс эхний зорилго маань хүмүүсийг аз жаргалтай байлгахад өөрийн чадахын хирээр хувь нэмрээ оруулах. Хоёрдугаарт Бурханы шашинтан лам хүний хувьд өөрийн туршлагаас харахад бүхий л томоохон шашнууд хайр, энэрэнгүй үзлийн талaар номлосон байдаг. Тиймээс хоёр дахь зорилго маань шашин хоорондын эв нэгдэл харилцан нөхөрлөлийг бэхжүүлэх явдал. Гуравдугаарт Төвд хүний хувьд, хэдийгээр улс төрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч Төвдийн Буддист соёл, Төвдийн байгаль, хүрээлэн буй орчин устан үгүй болох вий хэмээн сэтгэл тавьж хамгаалж хадгалан үлдэхийн төлөө ажилладаг” хэмээв. “Энд байгаа минь нэр төрийн хэрэг. Баярлалаа” хэмээлээ.

Зөвлөлийн Ерөнхийлөгчид цагаан хадаг барихын өмнө түүний бэлгэдлийн талаар товчхон тайлбар өгөв. Энэ заншил нь хүндэтгэл илэрхийлж хүзүүний ороолт барьдаг Энэтхэг зан үйлээс эхтэй. Торгомсог материалыг Төвдөд үйлдвэрлээгүй Хятадад үйлдвэрлэсэн ч Төвд зохиомжийн дагуу Төвд хэлээр өлзий хутаг дэлгэрэхийн ерөөлийг дэвшүүлсэн бичигтэй. Хадаг барьж байгаа маань Энэтхэгийн эв нэгдлийн уламжлалыг харуулж, Хятад материал, Төвд заншлын хослол нь шүүн тунгааж, найдвар хүлээлгүйгээр нөхөрлөлөө бэхжүүлье гэсэн бэлгэдэл хэмээн тайлбарлалаа.

Дараа нь хэвлэлийн бага хурал дээр Дээрхийн Гэгээнтэн:
“Хаана ч явсан хүмүүстэй уулзахад бид бүгдээрээ адилхан гэсэн сэтгэгдэл байнга төрдөг. Та бүхэн аз жаргалтай амьдрахыг хүсдэгийн адил би ч ялгаагүй. Бусдад чадахын хэрээр тусла, тусалж эс чадваас хорлол эс үйлдэх нь хувь хүн, гэр бүл, орон нутаг, улс үндэстэн, дэлхийн ертөнцийн хэмжээнд аз жаргалтай амьдралын үндэс болно. Учир нь өгөөмөр нинжин сэтгэл аз жаргалын эх үүсвэр болж байдаг.
Хэвлэл мэдээллийн та нарт аз жаргал, амар амгалангийн ундарга нь амар тайван сэтгэл юм гэдгийг түгээн тэрхүү ухамсрыг нь нэмэгдүүлэх бололцоо бүрэн байгаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Трентод уригдан “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай амьдрах нь” сэдэвт илтгэл тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийнхэнтэй уулзав.
Итали, Трэнто, 2013.04.11 Зураг/Төвдийн Женев дэх Хороо
Шашнаас ангид ёс зүйн ухамсрыг хэрхэн дээшлүүлэх вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн “Материаллаг үнэ цэнэ рүү хэлбийсэн боловсролын тогтолцооны гажуудлын цаг үе болжээ. Хааяа нэгхэн энэ талаар лекц яриа хийснээр асуудлыг шийдэж чадахгүй. Энэ ёс зүйг сургалтын хөтөлбөрт оруулж өгөх нь зүйтэй. Үүнийг шинжлэх ухааны ололтонд түшиглэн, бодитойгоор харж шашнаас ангид ёс зүйн ерөнхий хэм хэмжээнд тулгуурлан үр дүнтэй аргыг сонгох нь чухал.

Төвдөд газар аваад байгаа өөрийгөө золиослох үзэгдлийн талаар асуухад энэ нь улс төрийн асуудалтай холбоотой эмзэг асуудал. Энэ талаар хариулахад амаргүй байдаг. Энэхүү гунигтай үйл явдал нь тэдэнд тулгараад буй учир шалтгааны уршиг юм. Хятадын эрх баригч нар үүний шалтгааныг судалж үзэх хэрэгтэй. Мэдээж тэдгээр хүмүүс архидан согтуурсны улмаас эсвэл гэр бүлийн асуудлын улмаас ийм үйлдэлд хүрээгүй. Тулгараад байгаа тэсч тэвчихийн аргагүй нөхцөл байдал, баривчилгаа, зовлон тарчилгааг эсэргүүцэхийн эрхэнд ийм үйлдэлд хүрч байна. Тэдгээр хүмүүс бусдад хор хөнөөл учруулахаас зайлсхийн өөрийн амьдралыг зольж байгаа юм.

Мөн тэрээр:
“Нэгэнт надад өөр хувилбар, арга зам байхгүйгээс хойш тэдэнд хэрхэх тухай хэлж чадахгүй. Асуудлыг бид хүчээр шийдэх боломжгүй. Сүүлийн тавь, жар гаруй жилийг Хятадууд хүчээр шийдэх гэж оролдсон ч амжилтгүй болж байгааг харж байна. “Үнэнийг нотолгооноос хай” гэдэг Дин Сиао Пиний сургааль болон бодит байдалд тулгуурласан арга барилыг ашиглавал Хятадын удирдлагууд амжилтанд хүрнэ. Эдгээр асуудлыг мөрөөдөл мэт бодлоор шийдвэрлэж чадахгүй. Тиймээс шинэ удирдлага асуудалд бодитойгоор, цэцэн ухаанаар хандана гэдэгт найдаж залбирч байна.”

Дээрхийн Гэгээнтэн Итали-Төвдийн Нийгэмлэгийн 25 жилийн ой тохиож байгаа талаар:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Трентод уригдан “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай амьдрах нь” сэдэвт илтгэл тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Итали-Төвдийн Нийгэмлэгийн
гишүүдтэй уулзав. Итали, Тренто, 2013.04.11
Зураг/Жереми Расселл/ДЛО
“Ах дүү нар минь, Бидний нөхөрлөл мөнгө санхүү, эрх мэдлийн төлөө бус хүнд хэцүү цаг үед биднийг ойлгож дэмжиж байдагт гүнээ талархдаг. Бид найз нөхөд дэмжигч нараа Төвдийн төлөө хүн, Хятадын эсрэг хүн мэтээр тодорхойлдоггүй. Шударга ёсны төлөөх тэмцэл учраас олон хүмүүсийн тэр ч бүү хэл Хятадуудын дэмжлэгийг ч хүлээдэг. Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Засгийн Газрын түвшинд АНУ, Европын Холбоо, Энэтхэг зэрэг орнууд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.”

Төвдийн асуудал зөвхөн хүний эрхээр хязгаарлагдахгүй, байгаль экологийн ч асуудал орно. Жишээ нь азийн томоохон гол мөрнүүд Төвдийн нутаг дэвсгэр дээгүүр урсдаг. Төвдийн байгаль орчныг хамгаалан үлдэх нь даруй нэг тэрбум хүний ундны усны эх үүсвэртэй шууд холбоотой. Мөн түүнчлэн дэлхий нийтээрээ өөрсдийн үйл ажиллагаанаас үүдэн асуудалд ороод буй энэ цаг үед амар амгалан, энэрэн нигүүлслийн өв соёл болсон Төвдийн соёлыг хадгалан авч үлдэх нь цаг үеийн шаардлага болоод байгаа юм.

Эцэст нь 1959 оноос хойш 50 гаруй жил өнгөрчээ. Үе үеийнхэн өөрчлөгдөн байгаа ч Төвдүүдийн хүсэл тэмүүлэл хүчтэй хэвээр байгаа юм. Төвдийн хүсэл тэмүүлэл Бурхан багшийн сургаалиар тэтгэгдэн бадарч байдаг тухай Хятад нөхөддөө ярьснаа дурьдав. Бурхан багшийн сургаалийн талаар мэдэхийг хүсч буй хүмүүсийн сонирхол дэлхий даяар өсөн нэмэгдэж байна. Жишээ нь эрдэмтэд хүний сэтгэлийн үйл хөдлөлийг Бурхан Багшийн сургаальд юу гэж номлосон байдаг талаар сонирхон судалж байна. Хятад улсад ч статистикийн мэдээгээр гурван зуугаад сая хүн өөрсдийгээ буддист хэмээн үздэг тухай мэдээлжээ. Төвдийн хүсэл эрмэлзэл хүчтэй хэвээр байж Хятадын коммунист намын дангаар удирдах дэглэм суларч байна. Хятадын эдийн засаг хичнээн хүчирхэг болсон ч өнөөгийн чиг хандлагыг өөрчлөх боломжгүй юм.
Цааш нь үргэлжлүүлэн хэлэхдээ:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Трентод уригдан “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай амьдрах нь” сэдэвт илтгэл тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Итали-Төвдийн Нийгэмлэгийн
гишүүд сонсож байгаа нь. Итали, Тренто, 2013.04.11
Зураг/Төвдийн Женев дэх Хороо
“Нөхцөл байдлаас үнэн зөвийг харж бодитой асуудалд хандан зөв гарцыг олох байх хэмээн найдан залбирч байна. Бид Төвдийг эзлэгдсэн орон гэж үзэж байгаа. Төвд орон VII, VIII, IX зууны үед тусгаар улс байсан. Цаг үе өөрчлөгдөж байна. Бид салан тусгаарлах гэсэнгүй. Жинхэнэ утгаар нь автономит улс болж өөрсдийн хэл соёлоо харилцан хүндэтгэх хэрэгтэй байна.”
“Үнэн мөний хүч, бодитойгооор харах чадвар нь өөрөө их хүчтэй зүйл юм. Хятад улс өөрчлөгдөж байна. Удирдагч нар нь ч өөрчлөгдсөн. Та бүхний дэмжлэг, олон улсын зүгээс үзүүлэх дэмжлэг юу юунаас чухал байна. Би үүнийг Хятадын эсрэг байрь сууринаас хэлж байгаа бус шударга ёсны төлөө давтан хэлж байгаа юм.”

“Би та бүхний дэмжлэгийг өндрөөр үнэлж байна. Миний найз, энэ нийгэмлэгийн ерөнхийлөгч бие бялдар, нас намба гүйцсэн энэ том хүн бидэнд тохиолдож буй асуудлыг сонсоод гашуудаж байхыг нь харахад миний сэтгэл үнэхээр хөдөллөө. Баярлалаа.”
Мужийн зүгээс үдийн зоог барьсны дараа мужийн ордны туурь байсан Палатренто стадион руу зорилоо. Тэнд 4500 гаруй хүмүүс “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай амьдрах нь” илтгэлийг сонсохоор цугласны ихэнхи нь залуу үеийнхэн байсан бөгөөд бараг мянга гаруй нь дунд сургуулийн сурагчид байв.
Роберто Пинтер сүрлэг сайхан танилцуулсны дараа Дээрхийн Гэгээнтэн Төвдийн хувьд асуудлыг түрэмгийллийн бус аргаар шийдвэрлэнэ хэмээн давтан хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Трентод уригдан “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай амьдрах нь” сэдэвт илтгэл тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай
амьдрах нь" сэдэвт илтгэлийн үеэр. Итали, Тренто, Палатренто
Стадион, 2013.04.11 Зураг/Жереми Расселл/ДЛО
Тэрээр та бид бүхэн оюун санаа, бие бялдар, сэтгэл санааны хувьд адилхан хүмүүс төдийгүй бүгд аз жаргалтай амьдрах эрхтэй. Миний өөрийн туршлагаас харахад амар амгалан сэтгэлийн ундарга нь хүн бүрийн дотор байдаг. Эндээсээ бид хүч чадал, өөртөө итгэх итгэлээ олдог билээ. Өгөөмөр нинжин сэтгэл, хайрлах дадал, энэрэн нигүүлсэх нь бидний уураг тархинд эерэг тусгал болж сэтгэлийн амар амгалан нь биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр хүч түрэмгийлэл нь асуудлыг шийдэх буруу арга зам болж үзэн ядалт, муу хүслийг өрддөг.
“XXI зууны залуу үеийнхэн та нарт сайхан ирээдүйг бүтээх үүрэг хариуцлага ногдож байна. Энэ та нарын гарт байна. Асуудлыг бодитооор харж, түүнд цогц байдлаар хандах чин сэтгэл, цэцэн ухаан хэрэгтэй.”

Хэрхэн аз жаргалтай байдлаа тогтоон барьдаг талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн хүнд бэрхшээлтэй үеийн туршлага дүгнэлтээсээ харахад “Нүүрлээд буй асуудлыг даван туулж, шийдвэрлэж чадахаар бол санаа зовоод байх хэрэггүй. Хэрэв шийдвэрлэж чадахааргүй бол санаа зовохын хэрэг мөн гарахгүй шүү дээ” хэмээв. Үргэлжлүүлэн айлдахдаа:

“Тиймээ, зарим үед зан өөрчлөгдөх үе гардаг ч удаан үргэлжилдэггүй. Муу сэтгэл хөдлөлтэй хэзээ ч эвлэрдэггүй бөгөөд тийм үе ирэхэд тэднийг буцаан гаргадаг.”

Нэгэн хятад охин асуулт асуусанд:
“Асуулт асуусанд маш их баяртай байна. Хятад улс уламжлал ёсоор Буддист орон. Энэ уламжлал эргээд сэргэж байна. Өөрийн уламжлал, соёлын өвөө хамгаалж аав, ээж ахмад настнаа хүндэтгээрэй. Хэрэв Буддист болохыг зорьж байгаа бол ХХI зууны, шинэ үеийн Буддист болоорой. Оюун санаагаа хэрхэн дадлагжуулахыг мэдэх хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Трентод уригдан “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай амьдрах нь” сэдэвт илтгэл тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор
4500 гаруй хүн цугласан байлаа. Итали, Тренто,
Палатренто Стадион, 2013.04.11
Зураг/Жереми Расселл/ДЛО
Буддизм оюун ухаанаа хамгийн үдр дүнтэй хэрхэн ашиглахад нэмэр тус болохоос гадна хэрхэн бүтээлчээр суралцахад тустай юм. Мөн бас муу сэтгэл хөдлөлийг дарах арга болдог. Хэрэв боломжтой бол Төвдөд боловсролыг сайжруулах сан байгуулаарай. Мөн намайг муу санаат чөтгөр хэмээн нэрлэн буй тэдгээр албаны хүмүүст намайг сайн явж байна лээ. Тэрээр өөрийн үйл хэргээ үргэлжлүүлнэ! хэмээн хэлээрэй.
“Баярлалаа” гэлээ.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Швейцарийг зорино.
Үзсэн: 2 908
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц