Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар

16-04-2013, 07:25  |  Хэвлэх

2013 оны 4 дүгээр сарын 13

Швейцарь, Фрайбург - Фрайбургийн Форумд оролцохоор Далай лам буудлаасаа Морат нуурын эргээр явахдаа Швейцарын хөдөө нутгийн үзэсгэлэн, ногоон тал болон ой мод, алсад харагдах цаст оргилыг харж явлаа. Арга хэмжээг зохион байгуулагчдын төлөөлөл түүнийг дагалдан танхимын тайзан дээр гарахад 8000 гаруй хүн Адиша Гэгээний “Бодь Мөрийн Зул" айлдварыг сонсохоор цугласан байв. Өндөрлөг газар байрлуулсан гоёмсог хээтэй сэнтий бэлдсэн байсан боловч тэрээр түшлэгтэй сандлыг сонгож, үзэгчдийн царайг ойроос харахын тулд сандалаа тайзны ирмэгт авч ирэн суулаа. Дээрхийн Гэгээнтэн маш баяртайгаар нээлтийг эхлүүлэв.

Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Фрайбургийн Форумд айлдвараа
эхлэхийн өмнө хурсан олонтой мэндчилэв. Швейцарь, Фрайбург.
2013.04.13. Зургийг Мануэл Бауэр
“Швейцарьт эргэн ирсэндээ маш их баяртай байна. Энэ жижигхэн улс 1961 оны үед Гималай уулын бэлээр замын ажил хийдэг байсан 1000 гаруй дүрвэгсэдийн орон гэр болсон юм. Би анх 1973 онд ирснээс хойш олон жил өнгөрчээ. Цаг хугацаа улиран өнгөрч үүнийг юу ч зогсоож чадахгүй. Гэвч гол асуудал нь бидэнд байгаа цаг хугацаагаа хэрхэн ашиглаж байгаад оршино. Цаг хугацааг яаж утга төгс, зорилготой ашиглах вэ? Хэрэв бид ойр зуурын жаргал хөөж амьдарвал харамсалтай хэрэг болно. Тиймээс бидний энд цугларсны зорилго нь бидэнд байгаа цаг хугацаагаа хэрхэн зөв зарцуулах вэ гэдгийг бодохын тулд юм.”

Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, бид бүгд хүмүүн учраас зовлон жаргалын аль алиныг нь амсдаг бөгөөд үүний улмаас жаргах хүсэл бидэнд төрдөг. Зовлон жаргал нь мэдрэхүйн өгөгдлөөс үүсдэг болон оюун ухаанаас хамааралтай гэсэн хоёр бүрэлдэхүүнээс үүснэ. Бидний оюун санаа тайван байвал бусад хүчин зүйлс бидний тайван байдлыг алдагдуулахгүй. Бидний оюун санаа амар амгалан бус бол мэдрэхүйн таашаалууд ч түүнийг тайвшруулж чадахгүй. Тиймээс эх нь хүүхдийнхээ хувьд сэтгэл санааны тайван байдлын баталгаа болдогийн нэгэн адил бэлтгэгдсэн оюун санаа нь жирийн өдөр тутмын бэрхшээл тулгарахад маш их хэрэг болдог.

Бүтээгч эзэнд итгэдэг шашнууд түүнд итгэл найдвараа өгдөг. Бүтээгч эзэнд итгэдэггүй шашин Буддистууд, Жейнс нар учир шалтгаан, үйлийн үрэнд итгэдэг. Аливаа юмс учир шалтгаантай, тохиолдлын юмс гэж үгүй гэдэг үзэл юм. Эдгээр шашнууд өөр өөрийн философи, үзэлтэй байдаг хэдий ч бүгдээрээ хайр, энэрэн нигүүсэл нь аз жаргалтай амьдралд хөтөлдөг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Мөн бусдад сайн сайхныг түгээх нь өөрийн сайн сайханд тустай, бусдад хор учруулах нь өөрт бас уршигтай гэдэгтэй санал нийлдэг. Эдгээр шашин нь хүмүүнийг хайрын сэтгэл, энэрэн нигүүлслийг төрүүлж сайн хүн болгох зорилготой байдаг.

Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Фрайбургийн Форумд сургааль
айлдаж байгаа нь. Швейцарь, Фрайбург, 2013.04.13
Зургийг Мануэл Бауэр
Энэ утгаараа хэд хэдэн өөр шашин байхад ганцхан үнэн байна гэдэг нь зөрчилдөөн үүсгэх болно.
Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан хэлэхдээ хувь хүний зүгээс нэг үнэн нэг шашин байх нь ойлгомжтой. Гэхдээ өргөн олноор нь авч үзвэл бид хэд хэдэн үнэн хэд хэдэн шашныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүний гол арга нь өөрийн уламжлалт шашинд итгэн биширч бусдын итгэл бишрэлийг хүндэтгэх юм. Тэрээр цааш айлдахдаа:

“Би Бурханы шашинтан хүн. Тэр ч байтугай гуйвшгүй Бурханы шашинтан хүн. Гэсэн ч энэ маань намайг бусад шашин шүтлэгийг үл хүндэтгэх өчүүхэн бээр ч шалтаг болдоггүй.”

Хэн нэгэн бурханы шашныг заагаад өгөөчээ гэж хүсэлт тавиагүй үед суралцахыг тулган шаардах хэрэггүй. Дээрхийн Гэгээнтэн өөр уламжлалт бишрэлтэй хүнийг шашин шүтлэгээ солихыг төдийлэн сайшаадаггүй бөгөөд өөрсдийн унаган сүсэг бишрэлээ дагахыг зөвлөдөг байна. Гэвч Бурханы сургааль, номлол тэдний амьдралд онцгой чухал хэмээн гэж үзэж байвал бурханы шашинтан болж болох хэдий ч тэд өөрсдийн уугуул шашиндаа хүндэтгэлтэй хандах нь чухал.

Нөгөөтэйгүүр, шашингүйн үзэлтэн хэмээх тэдгээр хүмүүсийн зарим нь хайр, тэвчээр, энэрэнгүй сэтгэлийг шашны номлол гэж үзэж үүнийг үл ойшоох хандлага ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүс ч аз жаргалтай амьдрах эрхтэй тул тэдний сэтгэлийг амар тайван байлгах мэдлэгийг олгох шашнаас ангид арга барил хэрэгтэй байна. Шашнаас ангид байдлаар дотогшоо хандсан сэтгэлийн эрхэм чанарын үнэ цэнийг илүү түгээх хэрэгтэй.

Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ноён Робэрт Фордод Төвдийн
Үнэний Зул ОУ-ын компанит ажлын шагналыг гардуулав.
Швейцарь, Фрайбург, 2013.04.13 Зургийг Мануэл Бауэр
Дээрхийн Гэгээнтэн таван эрхэм хүмүүс болон тэдний гэр бүлийнхэнтэй хамт үдийн зоог барив. Тэдэнд “Төвдийн үнэний зул” олон улсын компанит ажлын шагналыг гардуулав. Тэдний дотор Робэрт Форд (Англи), тэрээр Чамдо дахь Төвдийн засгийн газрын радиод хөтлөгчөөр ажиллаж, Хятадуудад баривчлагдан хоригдож байсан байна. Профессор Щварц-Шиллинг Германаас ирсэн бөгөөд өөрийн улс төрийн болон эрдмийн ажлаараа Төвдийг байнга дэмжсээр иржээ. Швейцарийн Зигрид Жосс-Арнд Төвдийн улаан загалмайн нийгэмлэгт ажилладаг ажээ. Нидерландын Тео ван Вовэн хүний эрхийн төлөө ажилладаг, Уругвайн Вайлдэр Тайлэр олон улсын Өмгөөллийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нар байлаа. Дээрхийн Гэгээнтэн бүгдтэй нь мэндлээд үнэний гэрлийг билгэддэг Төвдийн тосон зул бэлэглэв.

Тэрээр хэлэхдээ: “Та бүхэн бидний он удаан хугацааны найзууд бөгөөд Төвдийн ард түмнийг дэмжсээр ирсэнд бид туйлын баярлаж явдаг. Төвдийн ард түмний хүсэл зорилго өчүүхэн ч мохоогүй бөгөөд үнэний хүч хэвээр байгаа юм.”

Өглөөний айлдварыг товчлон хүргэвэл, Дээрхийн Гэгээнтэн аливаа зовлон бэрхшээл нь учир шалтгаанаас үүдэлтэй бөгөөд үндсэн шалтгаан нь тогтворгүй сэтгэлээс эхтэй. Тиймээс бид эхлээд сэтгэлээ номхруулах хэрэгтэй. Бурхан багшийн сургаальд “Хутагтын дөрвөн үнэн” номлолоор хэлсэн байдаг бөгөөд аливаа юмс учир шалтгаантай байдаг ба үйлийн үрийн үр дагавар хэмээсэн байдаг. Бидний даван туулахыг зорьж буй хүнд хэцүү зовлон шаналал нь карма болон төөрөгдлөөс үүсдэг бөгөөд үүний эх үүсвэр нь мунхагийн харанхуй байдал юм. Мунхагийн харанхуй байдал нь учир шалтгааныг мэдэхгүй байх буюу бодит байдлыг буруу ойлгох явдал юм. Дээрхийн Гэгээнтний ажигласнаар:

Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Фрайбургийн Форум дахь
айлдварын тайз засал. Швейцарь, Фрайбург, 2013.04.13
Зургийг Мануэл Бауэр
“Хэрэв та согтуу эсвэл галзуу биш л бол өөрийгээ зовоохыг хүсэхгүй байлтай. Гэсэн ч бид үүнийг хийгээд л байна. Яагаад? Энэ нь гагцхүү өөрсдийн мунхаг харанхуйгаас болж байгаа юм. Бид юмсын гаднах төрхөд хууртаад тохирохгүй арга барилыг сонгож байна. Хэрэв бид зовлон гуниг, түүний шалтгааныг эцэс болгохыг хүсвэл бид бодит байдлыг нягтлан харах хэрэгтэй.”

Оюун санааны ариун тунгалаг байдал нь түүний мөн чанар бөгөөд түүнийг сэтгэлийн янз бүрийн үйлээр бохирдуулан сэвтээхгүй байж чадваас зовлонгоос ангижрах болно. Үүний тулд бид сургааль номлолыг сонсож амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг ойлгон, ойлгосноо бясалган тунгааж итгэл бишрэлээ арвижуулах хэрэгтэй. Сэтгэлийг бохирдуулдаг муу сэтгэлийн үйлийг арилгахын тулд өөрийн биеийг үл огоорохын ухаанд суралцан ёс зүй, оюун бодлын төвлөрөлд суралцах хэрэгтэй. Ёс зүй нь ухамсартай холбоотой ба өөрийн биеийг шинжих нь төвлөрөх чадварыг дээшлүүлдэг. “Гурван дээд суртгааль” дагуу ёс суртахуун буюу сахил санваар, билиг билгүүн буюу цэцэн ухаан болон бясалгал эрдэмд шамдах хэрэгтэй. Цэцэн ухаан нь төвлөрлөөс шалтгаална, төвлөрөл нь ёс зүгээс шалтгаална.

Сронзон Гомбу хаан VII зуунд Хятад, Непал хатантай гэрлэж дараа нь төрөлх нутагт нь Бурханы сургаалийг суралцахаар Энэтхэгт буцаж иржээ. Төвдийн Тирсон Дэзан хаан Энэтхэгээс Наланда хийдийн хамба Шантаракшита багшийг Төвдөд урин залж байсан юм. Шантракшита багш Төвдөд их хөлгөний сургааль номлолыг их багш Нагаржуна, Асанга, цогт Чандракрити нарын үзлийн дагуу агуу ихээр дэлгэрүүлсэн юм. Тэрээр Бурханы шашныг Төвдөд бэхжүүлэх үүрэг хүлээж орчуулах ажлыг эхлүүлжээ.

Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Фрайбургийн Форум дахь
айлдварт 8000 гаруй хүн оролцлоо. Швейцарь, Фрайбург.
2013.04.13. Зургийг Мануэл Бауэр
XI зуунд Төвд орон хэсэг бүлэг хуваагдсан байх үед баруун Төвдийн хааны үр сад Жанчив Ву их бандида Викрамашила, Дибамгара Адиша нарыг Төвдөд урьжээ. Хэдийгээр хүнд бэрхшээлтэй тулгарч байсан ч түүнийг энэхүү номыг Төвдүүдэд зориулан бичихийг хүсчээ. Ийнхүү Атиша Гэгээн “Бодь Мөрийн Зул” номыг бичсэн байна. Сүүлд энэ ном нь Төвдөд Бурханы шашныг дэлгэрүүлэх үе шатны үндэс нь болсон юм. Гурван зуу гаруй ботиос бүрдэх Ганжуур, Данжуурт ихэвчлэн Бурханы сургаалийг өгүүлсэн байдаг бол “Бодь Мөрийн Зул” номонд Бурханы сургаалийг амьдралд хэрэгжүүлэн зохих журмын дагуу шат шатаар хэрхэн гэгээрэлд хүрэхийг номлосон байдаг юм.

Дээрхийн Гэгээнтэн энэхүү номыг маш сайн анхааран авлага болгосон Цэншаб Сэргон ринбүүчигээр тайлбарлуулан хөтлүүлжээ. Ингээд номын гарчиг, нэгдүгээр бадгийг тайлбарлан хүргээд үлдсэн хэсгийг маргааш товчлон номлоно. Мөн энгийн иргэдэд увш санваар хүртээх ба V Далай Ламаас дамжигдаж ирсэн Цагаан Дарь Эх бурханы жэнан хайрлах болно.
Үзсэн: 3 666
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц