Майтрипа коллежид хойд насны амьдрал симпозиум, Южинд Амар амгалан хийгээд аз жаргалын зам

14-05-2013, 09:16  |  Хэвлэх

2013 оны 05дугаар сарын 11

АНУ, Орегон, Портланд, 2013.05.10 – Майтрипа Коллеж нь анх 2005 онд Портландад байгуулагдсан Төвдийн Буддист Коллеж бөгөөд 2008 онд анх төгсөлтийн баяраа хийж уг үйл явдалд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уригдан ирж байлаа. Нар туссан гудамаар дүүрэн хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг даллан, сайн сайхныг хүсч уг сургуулийн үүсгэн байгуулагч Ерөнхийлөгч Яанси Ринбүүчи үүдэнд угтан авав. Гол танхимд орохын өмнө барилга байгууламжийг үзүүлээд сэнтийдээ залрахын өмнө бурхан шүтээнд мөргөв. Орегоны боловсролын зөвшөөрлийн ажилтан хадагтай Женифер Диалло товчхон нээж үг хэлэхдээ тус сургууль нь боловролын зэрэг дэв олгох шалгуурыг зүй ёсоор давсан талаар тайлбар хийлээ.

Дараа нь “Амьдралын дараах амьдрал” сэдэвт богино хэмжээний симпозиум боллоо. Мэдрэл судлалын эрдэмтэн “Диваажингийн туршилт: Мэдрэлийн мэс засалчийн амьдралын дараах аялал” номын зохиолч Др. Эбэн Александр өөрт тохиолдсон туршлагаасаа хуваалцав. Тэрээр дөрвөн жил хагасын өмнө хүнд менингит тусч ухаангүй хэсэг хугацаанд байсан ажээ. Энэ үед түүний оюун ухаан нь уураг тархины хязгаараас чөлөөлөгдөн гайхалтай сэрэмжийг мэдэрсэн байна. Энэхүү туршлага нь түүний өнгөрсөн ба ирээдүйн амьдралыг үзэх үзлийг орвонгоор нь өөрчилжээ.

Майтрипа коллежид хойд насны амьдрал симпозиум, Южинд Амар амгалан хийгээд аз жаргалын зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Майтрипа Коллежид
айлдвар хийв. Портланд, Орегон муж. 2013.05.10
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дараа нь буддист судлаач Др. Хосе Кабезон хойд насны талаар академик талаас нь ярилаа. Дахин төрнө хэмээх ойлголт Энэтхэгт хүчтэй байдаг ба эртний ном зохиол Ведаст ч энэ талаар бага зэрэг дурьдсан байдаг. МЭӨ VIII зууны үеэс Бурханы шашны ном зохиолд ч мөн дурьдсан байдаг талаар таамаг бий. Энэтхэгийн зарим эрдэмтэд учир шалтгаан ба туршилт дээр үндэслэн нотлох оролдлого хийжээ. Дармакирти жишээ нь материалистуудад хандан ухамсрын мөн чанар нь материэс өөр төдийгүй тасралтгүй үргэжилдэг болохыг нотолсон байдаг. Урьд насны амьдралыг нотолсон туршилт судалгаа Энэтхэгт ховорхон бий. XI зуунд Төвдөд ирсэн Адиша гэгээнтэн эдгээр зүйл нь ил гарах ёсгүй хувийн чанартай зүйл хэмээн үздэг байсан аж. Гэвч Төвдүүд энэ талаар өөр үзлээр хандан III Гармаба Дүйсэм Чэнба “Амьдралын Аливаа Явдлууд” номны эхний мөрөнд өгүүлсэн байдаг ажээ.

Дээрхийн Гэгээнтэн өгүүлэхдээ шинжлэх ухааны нотолгоо найдвартай хэдий ч зарим нэг үзэгдэл ялангуяа дахин төрөх гэх зэргийн үзэгдлийг судлах боломж хязгаарлагдмал билээ.Тэрээр гурван төрлийн үзэгдэл байдаг. Үүнд: бодит, далд, маш далд үзэгдлүүд багтана. Шинжлэх ухаан баримт дээр тулгуурладаг ч гаргалгаа нь нуугдмал үзэгдлийг хөнддөг. Гуравдугаар ангиллын маш далд үзэгдэл нь хэн нэгний субьектив туршлагаар л мэдрэгддэг. Энэ нь үүнийг гэрчилж чадах эсэхээс хамаарна. Үүнд итгэх үнэмшил тухайн зүйлийн мэдээллийн магадлалаас хамаарна. Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухаанаас хол давсан аливаа зүйлийг судлах нь шинжлэх ухаанаар нотолсон зүйлээс өөр нарийн болохыг онцлов.

“Миний өөрийн ажигласанаар, шинжлэх ухаан сэтгэлийн өөр өөр төлөвийн ач холбогдлыг судлаж эхэлж байна. Эрдэмтэдтэй сүүлийн 30 гаруй жил уулзан ярилцсан ч энэ талын судалгаа эхлэл төдийд байгаа юм. Ухамсрын онол боловсруулахаар оролдож байгаа ч энэ нь маш нарийн үзэгдэл агаад зөвхөн уураг тархи, эрхтэн дээр тулгуурлах нь асуудалтай. Шинжлэх ухааны судалгаа нь ихэвчлэн амьтадын тархин дээр хийгддэг. Тэдний тархи жижигхэн, хүний уураг тархинаас өөр” хэмээн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн санскрит хэлнээс төвд хэлнээ орчуулсан Бурханы шашны 300 гаруй боть номын тухай өгүүлээд энэхүү номонд Бурханы шашны сургаал номлолоос гадна буддист философи, шинжлэх ухааныг ч мөн агуулсан байдаг. Үүнийг академик түвшинд судалж болно. Энэ ном сударт хүний сэтгэл, түүний бүтцийн талаар баялаг мэдлэгийг агуулсан байдаг нь орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдийн анхаарлыг татаж болзошгүй.

Дээрхийн Гэгээнтэн Майтрипа Коллеж энэ бүхэнд суралцах төв болсонд таатай байгаагаа илэрхийлээд энэ нь Эртний Энэтхэгийн Наландагийн Их Сургуулийг онцгой болгосон юм гэж үгээ өндөрлөв.

Майтрипа коллежид хойд насны амьдрал симпозиум, Южинд Амар амгалан хийгээд аз жаргалын зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Южин дэх Орегоны Их
Сургуулийн Энх Тайвны өргөөнд үдийн зоог барив.
Орегон муж. 2013.05.10 Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Порландаас Южин рүү ниссэн ба буудал дээр Сажа Гонма Ринбүүчи, Нгало Ринбүүчи, Жигэм Ринбүүчи нар угтан авч Портландын Их сургууль руу хөдлөв. Тэнд “Балмо” энх тайвны төвд үдийн зоог барив. Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн:

“Та бүхэнтэй энд байгаадаа их баяртай байна. Энх тайвны төвийн зорилго нь заавал Буддизм гэлтгүйгээр энх тайвныг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулдаг гол зорилгодоо хүрэхэд тустай. Хүнд хүргэх гол мэдээ нь шашин шүтлэгтэй эсэхээс үл хамааран хайр, энэрэлийг түгээх билээ” хэмээв.

Дараа нь 10000 гаруй хүн цугласан Матью Найт Аренад Дээрхийн Гэгээнтнийг урин залж, танилцуулаад Орегоны Их сургуулийн Ерөнхийлөгч Майкл Р. Готфредсон ерөнхийлөгчийн нэрэмжит медаль гардуулав.

“Би үргэлж ах дүү нар минь гэж яриагаа эхлэн мэндчилдэг. Учир нь бид бүгд адилхан хүмүүн гэдгээ мэдрэх нь чухал. Гадаад байдлаасаа ялгаатай хэдий ч оюун ухаан, бие бялдар, сэтгэл санааны хувьд бид бүгд адилхан. Та бүхнээс сайхан сэтгэл, муухай сэтгэл аль аль нь гарах боломжтойн адил надад ч мөн адил бий. Бид бүгд аз жаргалтай амьдралыг хүсч зовлон шаналангаас хол байхыг хүсдэг. Энэхүү эрх нь ч бидэнд буй.”

“Би явсан газар бүртээ нэгэн цогц хүн төрөлхтөн гэдэг үзлээ тууштай илэрхийлдэг. Бид дэлхий дээр болж буй нөхцөл байдлыг судлаад үзэх юм бол байгалийн гамшиг бидний хараа хяналтаас гадуур хэдий ч хүчирхийлэл, шударга бус байдал, ядуурал зэрэг асуудлуудыг хүмүүс бид өөрсдөө бий болгосоор байна.”
“Хэрэв би та бүхнийг өөр нэгэн хүн, харийхан гэж бодож өөрийгөө “би Төвд хүн, Буддист, гэгээрсэн Далай Лам” хэмээн хоёрдугаар шатны ялгаанд анхаарваас нэн даруй хана босгож өөрийгээ ганцаардалд унагах юм.”

Бидний бодож байгаа зүйл болон бодит байдлын хооронд асар их зөрүү байдаг. Бид зөвхөн өөрсдийн бодсонд итгэх нь бодит байдалтай нийцдэггүй. Бид аливаа зүйлийг цогц байдлаар авч үзэхэд сурч, дадлагажих хэрэгтэй.

Жишээ нь хувиа хичээх нь бидний бодож мэдэрч байгаа зүйл ба бодит байдал хоёрын хооронд зөрүү гаргадаг нэгэн шалтгаан болдог. Нью-Йорк хотноо болсон нэгэн уулзалтын үеэр “Би, Миний, Манай” гэж ярьдаг хүмүүс зүрхний шигдээст өртөх нь элбэг байдаг талаар эрдэмтэд олж тогтоосныг сонсч байсан тухайгаа өгүүлээд хувиа хичээхийн эсрэг тал нь энэрэнгүй байж, бусдын төлөө санаа тавих юм. Энэ нь дотоод сэтгэлийн хүчийг төрүүлж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Ингэснээр шударга, нээлттэй ил тод байж халуун дулаан, нөхөрсөг орчныг бүрдүүлэх болно.

Энэрэнгүй үзлийг зөвхөн шашны үзэл мэтээр бодвол эндүүрэл болно. Энэ нь хүний суурь үнэ цэнэ бөгөөд балчир бага насандаа ээжээсээ авдаг хайр энхрийллээс эхтэй байдаг.

Майтрипа коллежид хойд насны амьдрал симпозиум, Южинд Амар амгалан хийгээд аз жаргалын зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Южин дэх Орегоны Их
Сургуулийн Матью Найт Аренад 10000 орчим хүмүүст илтгэл
тавилаа. Орегон муж. 2013.05.10 Зургийг Курт Смит
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн арван таваас бага, хориос бага, гучаас бага, жар болон далаас их настай нь гараа өргөнө үү хэмээн асуугаад жараас дээш насныхан надтай адил өнгөрсөн XX зууныхан билээ. Харин гучаас доош насны XXI зууныхан та нарт энэ зууныг өөрчлөх боломж байгаа. XX зуун ололт амжилтын зуун байсан ч хүчирхийлэл, цуст халдлагаар дүүрэн зуун болж түүхчид ойролцоогоор 200 гаруй сая хүн золиос болсон гэсэн тооцоо гаргажээ. Үүний гол алдаа нь асуудлыг яриа хэлцэл, эвээр бус хүчээр шийдэхийг оролдож байсанд оршино.

“Залуу үеийнхэн та нарт илүү нөхөрсөг, амар тайван, аз жаргалтай ирээдүйг бүтээх боломж байна. Мэдээж буддист ламын хувьд залбирч бясалгадаг ч үүнд зөвхөн залбиран мөргөснөөр хүрч чадахгүй. Дэлхийгээ өөрчлөхийн тулд бодитой зорилго, алсын хараатай байж үүний төлөө ажиллах хэрэгтэй. Энэхүү зорилгын дотор зэвсэглэлгүй дэлхийтэй болох зорилго ч мөн багтана.”

Энэ хүрээнд бид боловсролын тогтолцоог дахин харах хэрэгтэй байна. Орчин үеийн боловсрол оюун мэдлэгт түшиж зүрх сэтгэлийг зөнд нь орхигдуулсан. Одоо бидэнд дотоод сэтгэлийн үнэ цэнэ рүү анхаарлаа хандуулах цаг болжээ. Бид аливаад энэрэнгүй үзлээр хандахыг түлхүү анхаарах хэрэгтэй. Тиймээс эмэгтэйчүүд энэ тал дээр илүү манлайллын үүргийг гүйцэтгэж чадна. Энэрэнгүй байхын үндэс суурийг ээжийнхээ элбэрэл хайраас бид авдаг. Мөн түүнчлэн энд байгаа та бүхэн ч үр хүүхдүүдээ хайрлан тэдэнд цаг заваа зориулж байгаарай.

“Энд байгаа минь нэр төрийн хэрэг. Ирээдүй сайхан болно гээд алмайрч бүү суугаарай. Өргөн хүрээнд сэтгэж бусдын сайн сайхан байдал миний ч сайн сайхан байдал гэж цогцоор авч үзэж бодож тунгаагаарай. Үүнд чин сэтгэл, өөдрөгөөр харах хэрэгтэй. Тааруухан зан төлөв, гутранги байдал нь бүтэлгүйтэхийн дохио. Цэцэн ухаан, өгөөмөр сэтгэл нь амжилтын үндэс” хэмээгээд танхимд суугаа хүмүүст гараа даллахад алга нижигнэн ташив.
.
Үзсэн: 3 478
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц