Латвийн Рига дахь айлдварын эхний өдөр

7-05-2014, 19:08  |  Хэвлэх

2014 оны 5 дугаар сарын 6

Латви,Рига, 2014.5.5 - Балтийн тэнгисийн жихүүн салхи хүйтний эрчийг нэмсэн энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кипсала олон улсын үзэсгэлэнгийн төвд морилон ирж, индрийн зүг залагдлаа. Танхимд түүний айлдварыг сонсохоор Латвиас болон Оросын Европын хэсгээс ирсэн, нас насны төлөөлөл болсон 3500 орчим хүн хуран цугласан байв. 
Тэрээр “Та бүхэн энэ уулзалтыг хүссэн, харин би одоогийн нөхцөл байдалд Орос оронд очих боломжгүйн улмаас та бүхнийг Энэтхэгт дуудсанаас энд уулзалдах нь илүү амар байх хэмээн бодсон юм.” хэмээгээд “Боломжтой бол энэ уулзалтыг зохион байгуулж өгөхийг би орон нутгийн хүмүүсээс хүссэн бөгөөд тэд энэ бүхнийг хэрэгжүүлж өгсөнд талархаж байна. Түүнээс гадна энд хүрэлцэх ирэхийн тулд хүчин чармайлт гаргасан та бүхэнд бүхнээс илүү гүн талархлаа илэрхийлэхийг хүсч байна.” гэв.

Латвийн Рига дахь айлдварын эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай лам айлдвар
эхлэхийн өмнө танхимд цугларсан
олонтой мэндчилж байгаа нь.
Латви, Рига. 2014.5.5.
Гэрэл зургийг Дэнзин Чойжор/ДЛО
Буддын их хөлгөний урсгалын орнууд болох Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Төвд, Монгол зэрэг оронд уншдаг билиг бармидын сургаалийн хураангуй болох “Билгүүний Зүрхэн” судрыг энд номлох болсноо тэрээр өгүүлэв. Айлдварын хоёр дахь ном нь Төвдийн эрдэмтэн Тогмэд Санбуугийн зохиосон ‘Бодьсадвын 37 Гарын Авлага’ юм. Номын айлдвар бүрийн дараа танхимд цугласан олны асуултад хариулах цаг гаргах болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Тэрээр лам гурван эрдэнэд аврал одуулах тарнийг пали хэл дээр уншсаны дараа өөрийн анд, энэтхэг лам Тэнзин Прияпаршигаас “Билгүүний Зүрхэн” судрыг уянгат сайхан санскрит хэлээр уншихыг хүссэн юм. Дараа нь саяхан латви хэлэнд орчуулагдсан тэрхүү тарнийг давтан уншихыг орон нутгийн иргэдээс хүсэв.

Өнөөгийн хүн төрөлхтөнд шашин, эсвэл оюун санааны хөгжил яагаад хамаатай вэ гэсэн асуултыг Дээрхийн Гэгээнтэн тавиад, учир нь хүний дотоод үнэ цэнэ, цаашлаад дотоод амар амгалантай холбогддог тухай тайлбарлан хариуллаа. Тэрээр хэлэхдээ,

“Эд материал болоод технологийн дэвшлээр бүрэн дүүрэн амар амгалан, аз жаргал бүрддэгсэн бол хөгжингүй орнуудын хүн ард үнэхээр аз жаргалтай байх байтал ихэнх нь тийм биш байдаг. Эд материалын хөгжил нь бие махбодийн тав тухыг хангахаас оюун санааны амар амгаланг бий болгодоггүй. Бид мэдрэхүйн, бие махбодийн, эсвэл оюун санааны аль ч түвшинд өвдөлт болон сэтгэл ханамжийг мэдэрч чадна. Спортын тоглолт үзэх, эсвэл сайхан хөгжим сонсох зэрэг мэдрэхүйн түвшний тааламжтай байдал харьцангуй богино настай байдаг бол оюун санааны түвшний сэтгэл ханамж буюу жишээ нь бидний мэдрэмжээс ангид оршдог хайр болон итгэл бол илүү бат бөх оршдог.”

Бие махбодийн өвдөлтийг сэтгэлийн тэнхээгээр даван туулах боломжтой байдаг бол сэтгэл санааны зовнилыг гадаад тав тухаар намдаахгүй хэмээн тэрээр айлдлаа. Сэтгэл санаа тогтворгүй, дарамттай, эсвэл айсан үед маань сайхан байшинтай байх, эсвэл гайхалтай сайхан хөгжим сонсох нь бидний сэтгэлийг бага зэрэг л хөнгөвчилнө. Уймарсан оюун ухаан дан ганц бие махбодийн ханамжаар номхрохгүй. Аглагт даяанч маягаар таван жил суухдаа амь зуулга болгон талх, усаар өл залгуулж байсан христийн ламтай Монтсерратын сүмд тааралдсанаа Дээрхийн Гэгээнтэн жишээ болгон дурсан ярив. Түүний даяанчлалын тухай Далай Ламын асуусан асуултад тэрээр хариулахдаа хайрын тухай бясалгасан гэжээ. Тэр үгээ хэлэхэд нь түүний асар их сэтгэл ханамжийг илтгэж, нүдэнд нь оч гялалзаж байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.

“Нөгөө талаас өөртөө хэрэгтэй бүхнийг, тэрнээс ч илүүг бүрдүүлсэн атлаа туйлын аз жаргалгүй байдаг тэрбумтнуудтай ч уулзаж байлаа. Сэтгэлийн амар амгалан нь бидний бие махбодид ч тустай болохыг эрдэмтэд баталсан. Түүнээс гадна оюун санааны дасгалын хүчээр бид зан төлвөө өөрчилж болох бөгөөд үр дүнд нь илүү аз жаргалтай байх боломж бий болно гэдгийг тэд нотолсон юм. Хүний оюун ухаан бол аз жаргалын эх уурхай боловч, хэрвээ буруу ашиглавал бухимдал, сэтгэлийн дарамтын эх үүсвэр ч бас болно.”

Гагцхүү хүн л шашинд итгэх итгэлийг хөгжүүлж чадна хэмээн тэрээр айлдав. Ийм төрлийн итгэл анх наранд мөргөл үйлдэхээс эхэлж, цагийн уртад ертөнцийг бүтээгч Эзэн байдаг гэсэн үзэл бий болон, улмаар хэрвээ тэр нь бүхнийг бүтээсэн аваас хүн бүрт Эзэний оч буй гэсэн үзэл бүрэлдсэн байж болох юм. Бүх шашны номлодог хүлээцтэй, тэвчээртай байх номлолд үзэн ядалт саад болдог учраас тэд бүгд хайр энэрэл, нигүүлсэхүйн сургаалийг дэлгэрүүлдэг. Шунал тачаал ч бас саад болдог учраас тэд энгийн агаад сэтгэл хангалуун байхыг сургадаг. Бүтээгчийн тухай үзлээс татгалздаг Самкхьи, Жэйн, Буддизм зэрэг урсгалд бүтээгчид хандахын оронд шинжлэх ухааны үзэлтэй төстэй учир шалтгааны зарчим болох шүтэн барилдахуйн хуулийг номлодог юм.

Латвийн Рига дахь айлдварын эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 3500 сонсогчийн өмнө эхний өдрийн
сургаалаа номлож байгаа нь. Латви, Рига. 2014.5.5.
Гэрэл зургийг Дэнзин Чойжор /ДЛО
Үүнээс гадна Буддизмын өвөрмөц онцлог нь бие даан, өөрийн эрхээр оршихуйг хүлээн зөвшөөрөх нь бүх төрлийн зөрчлийг зугаацуулна хэмээн сургадагт оршино. Германы тархи судлаач эрдэмтэн Вольф Зингер бие даасан би гэж байхгүй гэсэн үзэлтэй уялдуулан тархинд төвлөрсөн ямар ч эрх мэдэл байдаггүй хэмээн Дээрхийн Гэгээнтэнд өгүүлж байжээ.

Хайр энэрэл, нигүүлсэхүй, хувийн сахилга батын тухай сургаснаараа бүх шашин хүн төрөлхтөнд маш их тус хүргэдэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн дахин айлдлаа. Гэхдээ шашны ганц урсгал хүн бүрийн сэтгэл ханамжийг буй болгож чадахгүй учраас шашны олон төрөл байх хэрэгцээ байдаг. Хэрвээ бид аль нэгнийг нь сонгосон бол түүндээ чин сэтгэлээсээ, нухацтай хандах ёстой. Тэрээр цааш нь хэлэхдээ,

“Хэдийгээр би буддист ч хаа явсан газраа энгийн иргэний ёс суртахууны шаардлагын тухай ярьдаг. Ёс суртахуун нь өөртөө итгэх итгэлийн гол дэмжлэг болсон дотоод үнэ цэнийг бэхжүүлснээр биднийг утга учиртай амьдрах боломжийг бий болгодог.”

Өнөөдөр газар сайгүй нүүрлээд байгаа хүндрэлтэй хоёр асуудал буюу баян ядуугийн ялгаа, гүнзгийрэн тэлж байгаа авлигын асуудлыг сөхөөд, тэрээр танхимд байгаа хүмүүсээс тэдний амьдарч байгаа газар дээрх хоёр асуудал их бага байгааг гараа өргөн мэдэгдэхийг хүслээ. Хүмүүс тэрхүү хоёр том асуудлыг шийдэх шаардлагатай байгааг гар өргөн илэрхийлсэн юм. Хүч хэрэглэснээр хүн тэрхэн зуур сэтгэл ханамжийг авч байгаа мэт болох ч асуудлыг хэзээ ч бүрэн шийдвэрлэж чадахгүйгээс гадна дараагийн асуудал бий болох нөхцлийг тавьдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Түрүүчийн зуунаас ялгаатай нь энэ зуун бол яриа хэлцлийн зуун байх ёстой хэмээн тэрээр батлан хэлэв.

Танхимаас ирсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, багш нар гагцхүү мэдлэгийг дамжуулахад бус, мөн ёс зүйн жишээ суулгах талаар санаа тавих ёстой хэмээв. Үүний зэрэгцээ эцэг эхчүүд үр хүүхдүүддээ хайр энэрлээ үзүүлж байх нь туйлын чухал. Шашны зан үйлийг хүн бүр сонирхохгүй байж болох ч, хайр нигүүлсэхүйн тухай зөвөлгөөнөөс хэн ч татгалзах ёсгүй хэмээн тэрээр онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн буддын шашны гайхалтай онцлогийн нэг буюу заасан болгоныг сүсэг бишрэлээр бус, харин сайтар нягталж шалгахыг сургасан Бурхан Багшийн өөрийн сургаалийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлсэн юм. Үүнийг Далай Лам шинжлэх ухааны үзэл баримтлалтай зүйрлэв.

Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн Буддын шашны талаар болон зарим цаг үед Бурхан Багшийн дараа санскрит урсгал, их хөлгөний шашныг түүний сургааль биш гэсэн эсэргүүцэл хэрхэн гарсан тухай ярив. Харин Нагаржуна, Бхававивека, Майдар болон Шантидева нар шашны энэ урсгалыг хамгаалж, зохиол бүтээлээ туурвисан тухай тэрээр өгүүллээ. Пали хэлний уламжлал нь Бурхан багшийн олон түмэнд айлдсан номыг тэмдэглэн үлдээсэн бол ‘Билгүүний Зүрхэн” судрыг дотроо агуулсан билиг бармидын сургаалийг Бурхан Багш тодорхой тооны хүмүүст номлосон ажээ. Нэг талаас нь харахад тэдгээр номыг олон нийтэд заагаагүй боловч нөгөө талаас нь харахад номын агуулга нь Бурхан багшийн сургааль мөн болохыг илтгэдэг байна. Тэдгээр нь бурханы номын даацтайг илэрхийлдэг. Хутагтын дөрвөн үнэний сургааль нь пали хэлний уламжлалын сургаалийн нэг бол түүний нарийн тодорхой тайлбар нь санскрит хэлний уламжлалд байдаг. Бурхан Багшийн айлдсан нь хязгаарлагдмал, харин шавь нарынх нь айлдсан нь илүү тодорхой байсан гэж хэлбэл алдас болно.

Латвийн Рига дахь айлдварын эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Рига хотноо айлдвар айлдаж
байгаа нь. Латви, Рига. 2014.5.5. Гэрэл зургийг
Дэнзин Чойжор/ДЛО
Бурханы шашны бүх урсгалын хувьд винайн ёс бол нийтлэг сэдэв гэдгийг Дээрхийн Гэгээнтэн сануулан хэллээ. Тэрээр Австрали улсад болсон Дэлхийн Шашны Парламентын үеэр Бирмийн хоёр ламтантай уулзсан тухайгаа хуучилсан юм. Тэд Далай Ламд хэлэхдээ бид бүгд Бурхан Багшийн шавь нар боловч бидний уламжлалт ёсонд ялгаа буй хэмээсэн байна. Дээрхийн Гэгээнтэн тэдэнтэй санал нийлсэн боловч, ядаж л бидний винайн ёс нийтлэг юм даа гэжээ. Бирмийн лам нар Төвдөд винайн ёсыг баримталдаг гэдгийг сонсоод гайхаж байгаагаа илэрхийлж байсан байна.

Энэтхэг дэх буддизмын түүхийг тодруулан ярихдаа Далай Лам агуу том их сургуулиуд болох Таксила, Наланда болон Бригамашилагийн талаар дурдлаа. Өөрийн ард өлгөгдсөн байгаа зураг дээр Бурхан Багшийн эргэн тойронд байгаагаар дүрслэгдсэн арван долоон их багшийн зургийг заагаад, тэд бол зүгээр нэг лам төдийгүй агуу эрдэмтэд, учир шалтгааны ухааны гарамгай сэтгэгчид байсан хэмээлээ. Төвдийн буддизм нь зарим зохиолчдын тодорхойлон бичсэн шиг шарын шашин бус, харин цэвэр Наланда уламжлалын үргэлжлэл хэмээн тэрээр тодотгосон юм.

Зарим үед Бурхан Багш "Хүн сэтгэхүй болон бие махбодийн таван цогцос бүхий бодьгалыг тодорхойлсон бөгөөд тэдгээрийг ачаа мэтээр үүрч явдаг хэмээсэн бол зарим үед тэдгээр цогцсоос ангид хүн гэж үгүй хэмээн айлдсан юм. Хожим нь Төвдөд буддын шашныг үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Шантаракшита болон түүний шавь Камалашила нараас эхлээд бусад Энэтхэг эрдэмтэд учир шалтгаан болон танин мэдэхүйн онолоор эрчимтэй туурвих болсон. Үр дүнд нь Саж Пандита зэрэг Төвдийн эрдэмтэд Бурханы сургаалийг учир шалтгааны ухаанаар эргэцүүлэл хийн судлах болсон байна.

“Хятадын болон Төвдийн буддизм аль аль нь Наландагийн уламжлалаас эхтэй. Тоглохыг эн тэргүүнд тавьдаг наснаасаа буюу 6 настайгаасаа эхлэн би ийм байдлаар судалж эхэлсэн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн дурсаад, “Хоосон чанар хийгээд энэрэнгүйн үзлийг ойлгох нь сэтгэлийн амар амгаланг авчирдаг гэдгийг миний өчүүхэн туршлага харуулсан” хэмээв.

Латвийн Рига дахь айлдварын эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын ном айлдаж буй Кипсала
олон улсын үзэсгэлэнгийн төвийн индрийн байдал. Латви, Рига.
2014.5.5. Гэрэл зургийг Дэнзин Чойжор/ДЛО
Дээдийн номын гурван хүрдийг тайлбарлахдаа, Дээрхийн Гэгээнтэн эхний номын хүрдийн нэг хэсэг нь винайн ёс, амь бие үл хайрлахыг өргөн дэлгэр номлосон билиг бармидын сургааль нь хоёр дугаар номын хүрд, сэтгэл оюуны мөн чанарын тухай хэсэг нь гурав дугаар номын хүрд хэмээв. Тиймээс нэг дүгээр номын хүрд нь анхаарал, биеэ шинжихүйн үндэс гэдгээр нь ёс суртахууны асуудлыг, хоёр дахь нь хоосон чанарыг, гурав дахь нь бодь сэтгэлийг үүсгэх болон сэтгэлийн мөн чанар талаас нь хоосон чанарыг бясалгах бясалгалыг хөнддөг. Тэрээр сэрүүн үеийн, зүүдний болон гүн нойрны гэсэн сэтгэл оюуны нарийн чанарын янз бүрийн түвшин байдаг тухай дурдаад, буддын дандрын ёсонд хамгийн нарийн түвшин нь Бурханы хутгийг олох үндэс болдог хэмээн нэмж хэлэв.

Билиг бармидын сургаалийн эмхэтгэл нь 100000, 25000, 18000, 8000 мөрт болон Хятадад түгээмэл тархсан 100 мөрт ‘Очироор Огтлогч” судар ба энд байгаа 25 мөрт ‘Билгүүний Зүрхэн” судар гэсэн хувилбаруудтай. Бурхан Багш энэ мэтийн сургаальдаа гэгээрлийн арга замыг заасан бөгөөд тэдгээрийг амьдралд хэрэгжүүлснээр ашиг тусыг нь хүртэнэ хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. “Зарим утгаар Бурхан Багшийг эрдэмтэн хүнтэй харьцуулмаар” хэмээн тэрээр өгүүлэв.

“Билгүүний Зүрхэн” судрын талаар цааш нь айлдахдаа юмс өөр бусад хүчин зүйлсээс хамаарч оршдог учраас бие даан дангаараа үл оршдог тухай тайлбарласан юм. Хоосон чанар юмсыг хоосон болгодоггүй, харин уг үзэгдэл нь бие даан оршдоггүй учраас мөн чанартаа хоосон. Шалтгаан буй газар үр дагавар буй гэх шалтгаан, үр дагаврын харилцан хамаарлын талаар эш татав. “Билгүүний Зүрхэн” судар нь “Хэлбэр бол хоосон, хоосон бол хэлбэр” гэсэн илэрхийллээр бие даасан оршихуй гэж үгүй болохыг харуулсан ажээ. Хоосон бол хэлбэрийн шинж чанар, хэлбэр бол хоосны шинж чанарын үндэс суурь мөн. Хэрвээ та хэлбэрийг эрэлхийлбэл хоосныг олж харна. Дотоод оршихуйтайгаа зууралдах холбоосыг эвдэлдэг зүйл бол энэ. Тэрээр ухамсар хэтэрхий хоосон гээд хоосон чанарыг бясалгах нь оюун ухааны дасгал төдийхөн бус, харин бидний сэтгэлийн сөрөг хөдлөлийг дарахад үр дүнтэй зүйл гэдгийг тэмдэглэн хэллээ. Сэтгэлийн сөрөг хөдлөл нь сэтгэл оюуны мөн чанараас гардаггүй бөгөөд сэтгэлийн гэрэл гэгээг бөхөөж үл чадна.

Дараагийн асуулт нь Дээрхийн Гэгээнтнээс Москвад барихаар төлөвлөж байгаа буддын сүмийн үйл ажиллагааны талаар асуусан юм. Тухайн ажлыг зохион байгуулах хорооны гишүүдтэй уулзахдаа тэрхүү сүм нь сургалтын төв, сурч мэдэх үйлст зориулагдсан газар байх ёстой хэмээн тэрээр айлдсан гэлээ. Буддын шинжлэх ухаан, гүн ухаан, шашны утгаар нь буддын утга зохиолыг дахин шүтэн бишрэх болсноо тэрээр өгүүлэв. Буддын шинжлэх ухаан ба гүн ухаан нь дэлхийн нийтийн ашиг сонирхлын асуудал байж болох бол, харин шашны хэсэг нь зөвхөн буддистуудын асуудал юм. Энэ утгаараа буддын шинжлэх ухааны талаархи номыг бэлтгэн гаргаж, дэлхийн олон хэлнээ орчуулж байгаа тухай тэрээр дурдлаа. Тэдгээр олон хэлний нэг нь орос хэл байх болно хэмээн тэрээр нэмж хэлэв.

Латвийн Рига дахь айлдварын эхний өдөр
Танхимаас Дээрхийн Гэгээнтэн Далай ламд асуулт тавьж байгаа нь.
Латви, Рига. 2014.5.5. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Урьд төрлийн амьдралын тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн, урьд төрлийн амьдрал бол аль хэдийнээ урьд төрөлдөө болоод дууссан хэмээн хэлж сонсогч олныг хөгжөөв. Харин маргааш, дараа төрлийн амьдрал илүү чухал бөгөөд түүнийг цогцлоох хүч одоохондоо бидэнд байгаа хэмээн тэр хэлсэн юм. Ухамсарт эхлэл, төгсгөл байдаггүй учраас оюун ухааны дорвитой шалтаг нь оюун ухаан мөн хэмээн тэрээр өгүүлэв. Тиймээс өнөөдөр бид утга учиртай амьдарвал тэр нь дараагийн сайхан амьдралын баталгаа болно.

Өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн хувь нэмрээ оруулж болох тухай асуусан Украйн залуу эмэгтэйн асуултад нилээд эмзэг сэдвийн асуулт байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Гэхдээ бодит байдалд нийцүүлэн хөдлөхийг зөвлөсөн Шантидевагийн зөвөлгөөг тэрээр санал болгов. Хамгийн чухал нь аль болох олон хүн эндээс ашиг тусыг олоход оршино. Хэрвээ ямар нэг зүйл илүү их асуудал үүсгэж байвал түүнээс зайлсхий. Тэрээр винайн ёсноос жишээ татан өгүүлэхдээ, анчны хөөж байсан бугыг хэрвээ лам харсан бол хаашаа явсныг нь асуусан анчны асуултад бугыг хамгаалахын тулд “Би зөвхөн шувуу харсан” гэж хариулах эрхтэй гэв.

“Хүчирхийллийг тунхаглах нь үргэлж буруу байдаг, одоо бол хүчирхийлэл үйлдэж байх эрин үе биш болсон. Хүчирхийлэл нь таамаглаагүй үр дагаврыг бий болгодог. Хүч хэрэглэх нь хуучирсан арга, хүч хэрэглэснээр айдас хүйдэс, үл итгэлцлийг бий болгох ба энэ нь асуудлыг шийдэхэд тусалж үл чадна хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

“Сайхан амраарай, маргааш дахин уулзацгаая” гэснээр уулзалт өндөрлөлөө.
Үзсэн: 2 855
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц