Дээрхийн Гэгээнтэн буддизм хийгээд иргэний ёс суртахууны талаар айлдлаа

14-05-2014, 06:41  |  Хэвлэх

2014 оны 5 дугаар сарын 12

Голланд, Роттердам, 2014.5.11- Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Роттердамд саатсан хоёр дахь өглөө цонх нүдэн шаагих бороон дуутай хамт эхэллээ. Ахой цэнгэлдэх хүрээлэн рүү хөдлөхийн өмнө Далай Лам 3 ярилцлага өгсний эхнийхийг НОС Үндэсний мэдээний сэтгүүлч Флорис Харм ван Луин авч, Голландын гадаад хэргийн сайдтай хийсэн өчигдрийн уулзалтын талаар асуусан байна.

Дээрхийн Гэгээнтэн буддизм хийгээд иргэний ёс суртахууны талаар айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Буддын нэвтрүүлгийн сэтгүүлч
Бэттине Вриесекоопт ярилцлага өгч байгаа нь. Голланд, Роттердам.
2014.5.11. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Шашны чиглэлээр ток-шоу хөтөлдөг Якобине Хил шашны сүм хийдүүд болон уламжлалт тахил хэрэгслэлийн ач холбогдлын талаар, Далай Ламын илгээлтийг яагаад хүмүүс сонсох ёстой зэрэг асуултуудыг уйгагүй тавьж байлаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, аз жаргалтай байхыг хүсдэг түүнтэй л адилхан хүмүүс өөрийг нь сонсдог бөгөөд хэрвээ тэдгээр хүмүүс сонирхдог, мөн хэлсэн зүйлийнх нь талаар боддог бол тэрээр зөвөлгөө өгдөг гэлээ. Хэрвээ тэд ашигтай гэж үзвэл ажил хэрэг болгоно, ашиггүй гэж үзвэл мартана. Буддын нэвтрүүлэг эрхлэн хөтөлдөг Бэттине Вриесекооп Дээрхийн Гэгээнтнээс Хятадад буддизмыг сэргээх сонирхол байгаа эсэх талаар асуулаа. Хятад бол Төвдтэй харьцуулахад буддизмыг түрүүлж дэлгэрүүлсэн орон бөгөөд Хятадад ерөнхийдөө буддизмыг эргэн сонирхох сонирхол нэмэгдэж байгаагийн дотор олон хүн Төвдийн буддизмыг сонирхож буй гэсэн нотолгоо байгаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Дээрхийн Гэгээнтнийг Ахой цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирэхэд Голландад оршин суудаг гэвш нар болон арга хэмжээг зохион байгуулсан хүмүүс угтан авав. Түүнийг индэр дээр гарахад 11,000 хүн нижгэр алга ташилтаар угтан авсан юм.

“Номын нөхөд, ахан дүүс нар аа. Та бүхэнтэй энд уулзаж байгаадаа би маш их баяртай байна. Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн бүгд адил гэж би хаа явсан газраа тэмдэглэн хэлдэг. Аз жаргалтай амьдралаар амьдрахыг бид бүгд хүсдэг. Бид бүгд хүмүүний гэсэн нэг л гэр бүлд харьяалагддаг гэдгээ байнга санаж байх хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Бүтээгчийн тухай ойлголттой, эсвэл буддизм шиг бүтээгч байдаггүй гэж үздэг шашны хоёр уламжлал байна гэж тэрээр үргэлжлүүлэн ярив.Түүнээс гадна бие даасан би, бие махбодь болон оюун ухаанаас ангид би гэж байдаггүй гэж буддизмд үздэг. Ном айлдахын өмнө Мангала судрыг боломжтой бол пали хэл дээр уншихыг тэрээр хүсдэг гэлээ. Өнөөдөр Зэн буддизмын төлөөллөөс ‘Билгүүний Зүрхэн’ судрыг япон хэл дээр уншихыг хүсэв.

Дээрхийн Гэгээнтэн буддизм хийгээд иргэний ёс суртахууны талаар айлдлаа
Ахой цэнгэлдэх хүрээлэнд 11,000 гаруй хүн Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын айлдварыг сонсч байгаа нь. Голланд, Роттердам.
2014.5.11. Гэрэл зургийг Донкерс
“Бодит байдлыг тайлбарлах буддын хандлага нь оюун ухаанаа бүрэн дайчлахад оршдог. Нагаржуна болон Наландагийн бусад их багш нар ч учир шалтгаанд тулгуурладаг байсан. Бурхан Багшийн сургаалийг сүсэг бишрэл хийгээд өөрийгөө зориулах үүднээс бус, харин сайтар судлан нягталж, шинжлэхийг зарлигдсан сургаалийг тэд дагасан юм. Номын гурван хүрдэн тухай сургаалийн үед Бурхан Багш шавь нарынхаа оюуны чадавхиас хамааран номоо айлдсан. Тэдний заримд сэтгэхүй-бие махбодийн нэгдлийг хувь хүнд оногдсон ачаа мэтээр заасан бол, заримд нь тусдаа байдаг мэтээр заасан билээ.”

Хамаг амьтны нэгэн адил бид зовлонг бус, жаргалыг хүсдэг учраас зовлон жаргал хэрхэн бий болдог талаар мэдэх хэрэгтэй хэмээн тэр хэлэв. Зовлон бол өөр юуны ч бус, гагцхүү бидний үйлдлийн үр дүн хэмээн хэлсэн Нагаржунагийн үгийг тэрээр эш татав. Бурхан Багш, ‘Зовлонг таньж болно, зовлонгийн шалтгааныг арилгаж болно, зовлонг гэтэлж болно, гэтлэх арга замыг олох болно’ гэж заасан. Шүтэн барилдлагын тухай буддын номлол нь шалтгаанаас хамааран үр дүн бий болдог тухай учир шалтгааны хууль юм. Гэхдээ бас үр дүнгээс хамааран шалтгаан буй болдог. Үр дүн байдаг учраас шалтгаан нь шалтгаан болдог. Энэ нь үр дүнгээс шалтгаан гардаг гэсэн утга бус, харин үр дүн үгүй бол тэр нь шалтгаан бус гэсэн үг юм. Дээрхийн Гэгээнтэн дээрхийг квантын физик дэх материаллаг зүйлсийн тухай тайлбартай харьцуулан тайлбарлалаа.

Юмс бие даан оршдоггүй, харин гагцхүү зоригдлын дагуу оршдог гэж төв үзлийнхэн үздэг. Үзэгдэх болон бодит байдлын дундах ангалыг үл ойлгох болон мунхгийн харанхуйгаасаа болж бид зовж шаналж байна. Хэрвээ бид ямар нэг зүйлд уурлавал уур хилэнг маань бадраасан тэр зүйл бүхэлдээ сөрөг харагдаж, түүний бараг 90% нь бидний оюун ухааны төсөөлөл байдаг гэж Дээрхийн Гэгээнтэнд Америкийн сэтгэл сэдлаач Аарон Бек хэлж байжээ. Энэ нь Нагаржунагийн тайлбартай мөн тохирч байгаа юм.

Дээрхийн Гэгээнтэн буддизм хийгээд иргэний ёс суртахууны талаар айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ном айлдаж байгаа нь.
Голланд, Роттердам. 2014.5.11. Гэрэл зургийг Жеппе Шилдер
“Төрлөө дээшлүүлэх, орчлонгоос чөлөөлөгдөх гэсэн хоёр зорилго бидэнд байдаг. Дахин дахин төрөх хорвоогийн эргүүлэгт хүлэгдэж байгаа нь мунхагтай холбоотой. Би-г үгүй гэдгийг ойлгох нь чөлөөлөгдөх замыг заана. Дээд төрөл олохын шалтгаан нь сайн үйл болох талаар шашны бусад уламжлалд байдаг ч, шүтэн барилдлага бол эргэцүүлэх ухааны хаан бөгөөд тэр нь дотоод оршихуйтай зууралдуулах мунхгийн харанхуйг арилгана” гэж Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

Гэгээрэлд хүрэхийн тулд бид зургаан бармидыг дадуулж, бодийн сэтгэлийг үүсгэх замаар хоосон чанарыг ойлгох шаардлагатай. Хязгааргүйн их мэдлэгт хүрэхийн тулд бид мэдлэгт тулгарах саадыг арилгах хэрэгтэй.

Энэ зам мөрийн гурван үндсэн төрөл нь чөлөөлөгдөхөөс татгалзах, эсвэл хатуу шийдэх, гэгээрэлд хүрэхийн тулд бодийн сэтгэл, эсвэл энэрэнгүйг үүсгэх, саруул ухааныг олох явдал мөн. Эн тэргүүнд чөлөөлөгдөх хичээл зүтгэлийг бий болгоно. Дараа нь бусдыг чөлөөлөх хүслийг буюу бодь сэтгэлийг үүсгэнэ. Харин шүтэн барилдлагыг эс ойлговоос чөлөөлөгдөх хичээл зүтгал хийгээд бодийн сэтгэл бий болохгүй. Юмс үзэгдэж буйгаараа бус, харин бусад хүчин зүйлсээс хамаарч оршдог, гагцхүү зориулалтын дагуу оршдог гэдгийг бид ухаарах ёстой.

Үдээс хойш танхимаас ирсэн асуултад хариулах замаар номлолоо үргэлжлүүлэх хүслээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Үдийн зоогийн үеэр тэрээр нэрт сэтгүүлч Флорис ван Страатенд ярилцлага өгөхдөө, Хятадад гарч байгаа нааштай өөрчлөлт, тухайлбал 3 дугаар бүгд хурлын үеэр хөндөгдсөн ердийн ядуу тариачдад тавих анхаарал, эрх зүйн шинэчлэлийн талаар ярилаа. Түүнчлэн тэрээр Хятадын соёлыг сэргээхэд буддистуудын гүйцэтгэх үүрэг хариуцлагын талаархи Си Жинпингийн мэдэгдлийн талаар дурдаад, энэ нь коммунист намын тэргүүний хувьд онцгой дүгнэлт хэмээн тодотгов. Энэ бүхэн юунд хүргэхийг одоо хэлэхэд эрт байгаа боловч, Си Жинпин нь өмнөх Ху Яобангийн нэгэн адил асуудалд арай бодитоор хандах юм шиг харагдаж байна хэмээн тэрээр тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн буддизм хийгээд иргэний ёс суртахууны талаар айлдлаа
Дээрхийн Гэгээнтэй Далай лам болон Эрика Терпстра нар
уулзалтын үеэр. Голланд, Роттердам. 2014.5.11.
Гэрэл зургийг Донкерс
Дээрхийн Гэгээнтний эртний танил Эрика Терпстра үдээс хойших уулзалтыг хөтөллөө. Эрика Терпстра Дээрхийн Гэгээнтэнтэй мөр зэрэгцэн энд байгаадаа туйлын баяртай байгаагаа тэрээр илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтнээс хэнийг оюун санааны анд гэж боддог тухай асуухад, хэсэгхэн бодсон даруйдаа: “Дэлхий дээрх бүх хүн” гэж хариулж байсан хэмээн тэрээр дурсан ярив. Тиймээс ‘Бид бүхний Гэгээнтнийг’ угтан авцгаана уу хэмээн тэр танхимд хандан хэлэв.

Бүх хүн оюун ухаан, бие бялдар, сэтгэл хөдлөлийн хувьд ижил, бүгд жаргалыг хүсдэг хэмээн байнга сануулдаг үгсээрээ Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ.

“Бүх хүмүүс нэгэн гэр бүл доторхи ах дүүс гэдгээ ойлгож үнэлж чадвал ‘бидний’ болон ‘тэдний’ хооронд зөрчилдөх, миний чиний гэх орон зай байхгүй болно. Хүчирхийлэл, хууралт, эсвэл мөлжлөгийн орон зай байхгүй болно. Боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс хүний үнэт зүйлсийг хэрхэн боловсролд тусгах талаар нухацтай бодох ёстой. Шашин, хууль эсвэл цагдаагүйгээр эсэн мэнд амьдрахын тулд хамтдаа ажилладаг зөгийнүүдийн нэгэн адил бид нийгмийн амьтад” хэмээн тэрээр үргэлжлүүлэв.

Танхимаас тавьсан асуултад Далай Лам хариулахдаа, хүүхдүүдэд буддизмыг таниулахын тулд буддист гэр бүл дэх хүүхдүүдэд лам гурван эрдэнийн тухай тайлбарласан нь дээр. Харин тийм бус гэр бүлийн хүүхдүүдэд оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн талаар таниулах нь илүү амар байж болох юм хэмээв. Түүнээс алжаалаа хэрхэн тайлдаг талаар асуухад, унтаж хэмээн хариулаад, гэхдээ цаг чөлөө гарвал ном, ихэнхдээ Наландагийн агуу сэтгэгчдийн бүтээлээс уншдаг хэмээлээ. Хэн нэгэн Далай Лам шумуултай яаж харьцдагийг мэдэхийг хүсэхэд, танхимд цугларсан олны инээлдсэний хариуд, тэдэнтэй тийм ч сайн харьцаатай бус хэмээн хариулав. Талархал илэрхийлэх чавдартай байхын тулд тархи ямар хэмжээтэй байх ёстой юм болоо хэмээн гайхшраад, өөрийн цуснаас сорохыг тэдэнд зарим үед зөвшөөрдөг ч, тэд талархлын ямар ч шинж тэмдэг үзүүлэлгүйгээр нисэн оддог хэмээн наргиан болгов.

Дээрхийн Гэгээнтэн буддизм хийгээд иргэний ёс суртахууны талаар айлдлаа
Ахой цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хүмүүс Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламаас асуулт асуухаар дугаарлан зогсож байгаа нь.
Голланд, Роттердам. 2014.5.11. Гэрэл зургийг Донкерс
Амьдрах найдлагагүй болсон хүмүүсийн амийг таслах тухай асуултад, энэ нь үр хөндөхийн нэгэн адил зайлсхийвэл зохих зүйл боловч, тухайн нөхцөл байдал бүрт үүнийг хийх, үл хийх талаар цэгнэх нь зүйтэй хэмээн хариулав. Иргэний ёс суртахууны тухай ярианыхаа эхэнд шашны бүх уламжлал хайр, хүлээцтэй байдал, өршөөл болон хувийн сахилга батын тухай сургадаг. Гэхдээ өнөөгийн дэлхий дахинд хамгийн багаар 1 тэрбум хүн шашинд ямар ч сонирхол үгүй байгаа учраас дэлхий дахины ач холбогдол бүхий ёс суртахууны тогтолцоо, тухайн нэг шашны хязгаараас давсан иргэний ёс суртахууны тогтолцоог бий болгох шаардлага байна хэмээн тэрээр өгүүллээ.

Уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий нийтийн эдийн засгийн нөлөө үндэстэн хоорондын хил хязгаарыг даван үйлчилдэг гэж тэр хэлэв. Авлига болон баян ядуугийн зааг ялгаатай холбоотой асуудлуудыг шийдэхэд иргэний ёс суртахуун шаардлагатай. Иргэний ёс суртахууныг боловсролын тогтолцоонд оруулах талаар сургалтын хөтөлбөр боловсруулах туршилтын төсөл хэрэгжиж байгаа тухай тэрээр дурдлаа. Дан ганц энэ ажлын үр дүнд найдахгүй байгаа ч, хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл 21 дүгээр зууны иргэд сэтгэлгээний шинэ арга замыг олж чадахаас гадна үүний үр дүнд шинэ зуун үнэхээр энх тайвны зуун болно хэмээлээ.

Танхимын зүгээс тавьсан асуултуудад Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн хариулах явцдаа сэтгэлийн амар амгалан нь хорвоог орхиж байгаа хүмүүст маш чухал ач холбогдолтой, Бурхан Багшийн айлдсан сургааль нь буддын урлагийн бүтээлээс илүү үнэ цэнэтэй тухай дурдлаа. Бие даасан би байхгүй тухай өнөөдөр энд дурдагдсан сургааль нь би огт байхгүй гэсэн үг биш бөгөөд бие, сэтгэлийн суурин дээр тодорхойлогддог хэмээн тэрээр тодруулан тайлбарлалаа.

Гадаа жагсаал хийж байгаа Шүгдэнг баримтлагсдын талаар тэрээр хэлэхдээ,

““Худлаа битгий ярь” гэж тэд хашгирч байгаа ч, худлаа ярих гэж тэд юуг хэлээд байгааг би ойлгохгүй байна. Энэ талаар би үзэл бодлоо маш илэн далангүй ойлгомжтой илэрхийлдэг” гэв.

Дээрхийн Гэгээнтэн буддизм хийгээд иргэний ёс суртахууны талаар айлдлаа
Ахой цэнгэлдэх хүрээлэн дэх номын айлдвар явагдаж буй байдал.
Голланд, Роттердам. 2014.5.11. Гэрэл зургийг Донкерс
Та сүүлчийн Далай Лам гэдэг нь үнэн үү гэсэн асуултад, дараагийн Далай Ламыг тодруулах эсэх нь Төвдийн ард түмний шийдэх асуудал хэмээн 1969 оны эхээр тодорхой хэлсэн гэж хариулав.

Эцэст нь уур амьсгалын өөрчлөлтийн талаархи асуултад, бид илүү сэрэмжтэй байх ёстой хэмээн тэмдэглэн хэлэв. Илэрхий хүчирхийллийн дүр зураг биднийг цочирдуулдаг хэрнээ хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт илүү сэм явагдаж байна. Өөрчлөлт аль хэдийнэ болоод өнгөрсөн, нөхөн сэргээхэд хэцүү болсон үед нь бид ихэнхдээ олж хардаг хэмээн тэр хариулав.

Уулзалтыг зохион байгуулагчид Дээрхийн Гэгээтнийг хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж, тэрээр халуун дотно алга ташилтаар үдүүлэн индрийг орхин гарлаа. Тэрээр маргааш Гааг хотноо парламентын гишүүдтэй уулзаж, ‘Боловсролын зүрх’ сэдэвт семинар уулзалтад оролцох болно.
Үзсэн: 3 196
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц