Дээрхийн Гэгээнтэн хэвлэл мэдээллийн төлөөлөл болон Төвдийн төвийн удирдлагатай уулзаж, ухамсар, нигүүлсэхүйн талаар айлдав

16-05-2014, 14:18  |  Хэвлэх

2014 оны 5 дугаар сарын 15

Герман, Франкфурт, 2014.5.14 – Франкфурт дахь хоёр дахь өдрийн өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй ярилцсаныхаа дараа Төвдийн төвийн удирдлагатай уулзлаа. Хэвлэлийн төвд хуран цугласан олонд хандан тэрээр, дэлхий дээрх 7 тэрбум хүний нэг нь болсныхоо хувьд хүний үнэт зүйлийг бэхжүүлэх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, Төвдийн буддист соёлыг хамгаалах гэсэн 3 үүргийг хүлээж байдгаа эн тэргүүнд тэмдэглэн хэлэв.

Олон түмнийг мэдээллээр хангах үйлст хэвлэлийн оруулах үүрэг хариуцлагыг тэр мөн өндрөөр үнэллээ. Болж байгаа үйл явдлыг үнэрлэхийн тулд тэд нэг талаас заан шиг урт хамартай байж, нөгөө талаас олж мэдсэнээ олон түмэнд хүртээхдээ үнэн хийгээд шударга ёсыг удирдлага болгох хэрэгтэй хэмээн тэрээр хэлэв.
Түүнд тавьсан олон асуултын дунд түүнийг уурладаг эсэхийг асуусан асуулт байлаа. “Мэдээж, би хүн учраас уурладаг. Гэхдээ уур хүрдэг, бас арилдаг. Арилан одоход нь би дотроо хадгалаад байдаггүй” хэмээн тэр хариуллаа.

Дээрхийн Гэгээнтэн хэвлэл мэдээллийн төлөөлөл болон Төвдийн төвийн удирдлагатай уулзаж, ухамсар, нигүүлсэхүйн талаар айлдав
Хүүхдийн нэвтрүүлгийн сурвалжлагч бяцхан охин Дээрхийн Гэгээнтэн
Далай ламд асуулт тавьж байгаа нь. Герман, Франкфурт. 2014.5.14.
Гэрэл зургийг Мануэл Бауэр
Хүүхдийн сувгийн сурвалжлагч, залуу охин Элизабетта Шадт Далай Лам байхын юунд нь дуртай, юунд нь дургүй талаар Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Түүнийг Төвдөд байхад дэндүү их ёслол, албаны ёс журам байдаг байсан ч, амьдралд ойр, энгийн шулуун арга барилыг илүүд үздэг байсан хэмээн тэрээр хариулав. Хэрвээ өөрийгөө туйлын чухал хүн хэмээн бодвол энэ нь түүний болон бусад хүмүүсийн хооронд зайг бий болгож, эцсийн дүнд ганцаардалд оруулах болно хэмээн тэр хэлэв.

“Хэдийгээр чи залуу, би хөгшин, чи эмэгтэй, би эрэгтэй боловч эцсийн дүндээ бид бүгд адилхан хүмүүс” гэв.

Шүгдэнгийн талаархи маргааныг шийдвэрлэж чадах эсэхийг түүнээс асуухад, тухайн асуудлын түүхийг товч танилцуулаад, энэ уламжлалаас болж хүмүүс муу ёрын сахиусыг шүтэх болоод байгааг тэдэнд ойлгомжтой хэлж өгөх нь түүний хариуцлага хэмээн хариулав. Хүмүүс түүний үгийг сонсох эсэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал хэмээн тэр давтан хэлэв. Энэ талаар нарийн тодорхой өгүүлсэн, Италийн сэтгүүлч Раймондо Бултринигийн ‘Далай Лам ба Савдгийн Хаан’ номонд хүмүүсийн анхаарлыг хандуулсан бөгөөд уг асуудлын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа хүмүүс унших хэрэгтэй гэлээ.

Ирэх жил түүний 80 насны төрсөн өдрийг Весбаденд тэмдэглэхээр урьж байгаа сураг гараад байгаа талаар асуусан асуултад, өглөө үүрийн 3 цагт босч, орой 6 цагт орондоо ордог амьдралын хэв маягтай буддист ламын хувьд үдэшлэгт гаргах цаг зав байхгүй хэмээн хариулав.

Дээрхийн Гэгээнтэн хэвлэл мэдээллийн төлөөлөл болон Төвдийн төвийн удирдлагатай уулзаж, ухамсар, нигүүлсэхүйн талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай лам хүүхдийн сувгийн сэтгүүлчийн
асуултад хариулж байгаа нь. Герман, Франкфурт. 2014.5.14.
Гэрэл зургийг Мануэл Бауэр
Төвдийн төвийн удирдлагатай уулзах үедээ Төвдийн төв нь Төвдийн буддист соёлын тухай мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх үүрэг гүйцэтгээд зогсохгүй, сургалтын төвийнхөө хувьд сэтгэл оюун хийгээд сэтгэл хөдлөлийн асуудалд анхаарлаа хандуулахыг онцлон тэмдэглэв.

“Нигүүлсэхүйн сэтгэлийг үүсгэхийн тулд оюун ухааны талаар бид илүү ихийг мэдэх шаардлагатай. Оюун ухааны шинжлэх ухааныг энд хичээлийн нэг сэдэв байгаасай гэж би хүсч байна” хэмээн тэрээр хэллээ.

Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн жаргалтай амьдралыг цогцлоохын тулд дотоод үнэ цэнийг төлөвшүүлэхийн ач холбогдлын талаар ярихаар 4,800 орчим хүн хуран цугласан Фрапорт цэнгэлдэх хүрээлэнг зорилоо.

“Аз жаргалыг олох нь бидний амьдралын зорилго байдаг. Бидний амьдрал ямар нэг сайхан зүйлийн төлөв, итгэл найдвар дээр суурилдаг. Итгэл найдвар алдагдахад амьдрал богиносох магадлалтай” хэмээн тэрээр яриагаа эхэллээ.

Оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн тухай мэдэх нь бүх хүний хийж чадах зүйлсийн нэг хэмээн тэр хэлэв. Үүнийг боловсролын нэг бүрэлдэхүүн хэсэг болгох шаардлагатай. Өнөөдөр бид бүгд амин хувиа хичээх үзэлд ямар нэг хэмжээгээр хөтлөгдсөн байгаа үед хувийн тэнэг хонжооноос илүү ухаалаг байх хэрэгтэй болоод байна. Бусдын төлөө сэтгэл гаргах тусам, бид бие биетэйгээ улам ойр байх болно. Бид бүгд найз нөхөд учраас бидэнд чухал ач холбогдолтой зүйл болох нөхөрлөлийн үндэс суурь буюу итгэл бэхжинэ.

Дээрхийн Гэгээнтэн хэвлэл мэдээллийн төлөөлөл болон Төвдийн төвийн удирдлагатай уулзаж, ухамсар, нигүүлсэхүйн талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Фрапорт цэнгэлдэх хүрээлэнд
"Нигүүлсэхүй ба ухамсар "сэдвээр яриа хийж байгаа нь.
Герман, Франкфурт. 2014.5.14. Гэрэл зургийг Мануэл Бауэр
“Хэрвээ та нигүүсэхүйн сэтгэлийг хөгжүүлэх аваас таны оюун ухаан тайван, хөнгөн амар байна. Айдас, хардалт нь бидний сэтгэлийг үймүүлэх бөгөөд ийм нөхцөлд хэдий баян чинээлэг байсан ч аз жаргалгүй болно. Бусад хүмүүсийг өөрийн ах дүүс мэт бодох сэтгэл нь сэтгэл оюуныг тайвшруулна. Материаллаг амьдралын хэв маягтаа хөтлөгдөн бид аз жаргалтай байхын тулд эд зүйлст ач холбогдол өгдөг. Одоо бидний хийх шаардлагатай зүйл бол иргэний ёс зүй дээр суурилсан боловсролын тогтолцоонд дотоод үнэ цэнэ, нигүүлсэхүй, хайр энэрлийн тухай ойлголтыг тусгах явдал мөн.”

Дээрхийн Гэгээнтэнд маш олон асуулт тавилаа. Тэдгээрт хариулахдаа, дэлхийн дахинд энх тайвныг тогтоохын тулд сэтгэлийн амар амгаланг буй болгох, зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд яриа хэлцлийг өрнүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэж байлаа. Хүүгээ автомашины ослоор алдсан хос уй гашуутайгаа хэрхэн тэмцэх талаар зөвөлгөө хүсэхэд тэрээр,

“Энэ үнэхээр гунигтай. Гүн эмгэнэл илэрхийлье. Гэхдээ энэ нэгэнт болоод өнгөрсөн, ийм явдал сая сая хүнд тохиолддог. Гуньж гутраад суух нь одоо ямар ч тусыг эс үзүүлнэ” хэмээн хариулав.

Дээрхийн Гэгээнтэн хэвлэл мэдээллийн төлөөлөл болон Төвдийн төвийн удирдлагатай уулзаж, ухамсар, нигүүлсэхүйн талаар айлдав
Фрапорт цэнгэлдэх хүрээлэнд болмон уулзалтын үеэр Дээрхийн
Гэгээнтэн Далай ламд асуулт тавьж байгаа нь. Герман, Франкфурт.
2014.5.14. Гэрэл зургийг Мануэл Бауэр
Зовж шаналж байгаа хүмүүст туслах замаар энэрэнгүйн үйлст оролцохыг зөвлөөд, адилхан уй гашуу амссан хүмүүсийг тайтгаруулах нь өөрсдийн уй гашууг мартах хамгийн үр дүнтэй арга хэмээн хэлэв. Ганц түшиг тулгуур нь болж байсан багшийгаа таалал төгсөхөд хамаг зүйлээ алдсан мэт болж байснаа тэр дурсан хэллээ. Гэхдээ түүний хийх зүйл бол багшийнхаа хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстойгоо ойлгосон гэлээ.

Хойд төрлийн тухай асуултад, энэ насандаа бусдад гэм хор хийлгүй энэрэнгүй амьдарсан амьдрал нь хойд насандаа сайн төрлийг олох баталгаа болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Далай Ламыг юу аз жаргалтай болгодог вэ гэсэн асуултад хэсэгхэн зуур бодолхийлснээ,

“Яг эн мөчид та бүхэнтэй энд хамт байгаадаа аз жаргалтай байна” хэмээн хариулахад танхим талархан алга ташив.

Дээрхийн Гэгээнтэн маргааш шашнаас ангид ёс суртахууны талаар яриа хийнэ.
Үзсэн: 2 391
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц