Дээрхийн Гэгээнтэн хоосон чанар хийгээд шүтэн барилдлагын тухай айлдлаа

4-07-2014, 19:00  |  Хэвлэх

2014 оны 7 дугаар сарын 2

Энэтхэг, Ладак, Ликир. 2014.7.1 –Ликир хийдийн гадаа шинээр бэлтгэн зассан номын өргөөнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөө эртлэн морилон ирлээ. Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсохоор хуран цугласан 15,000 орчим хүний дээр тэнгэр бүрхсэн хөвсгөр үүлийн сүүдэр нөмөрсөн байв. Айлдварын эхэнд мөргөлийн ном уншсаны дараа Далай Лам, буддын аливаа номлолын үед багш шавийн аль аль нь зөв сэдлийг төлөвшүүлэхийн чухлыг анхаарууллаа. Дараа нь тэрээр хуран чуулсан олныг хөтлөн Лам Гурван Эрдэнэд аврал одуулах, бодийн сэтгэлийг үүсгэх уншлагыг уншив.

Дээрхийн Гэгээнтэн хоосон чанар хийгээд шүтэн барилдлагын тухай айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа эхлэхийн өмнө
хуран цугласан олонтой мэндчилж байгаа нь. Энэтхэг,
Ладак, Ликир. 2014.7.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Өнөөдрийн номлол нь удахгүй тавих гэж буй Дүйнхорийн вангийн бэлтгэл болох тухай Дээрхийн Гэгээнтэн сануулаад, 12 жилийн өмнө Наландагийн агуу мэргэн 17 бандидад зориулан цуврал шүлэг зохиосон тухайгаа тайлбарлахыг хүсч буйгаа хэлэв.

“Манай шашин бол Наландагийн их бандида нар болох Нагаржуна, Арьяадева, Чандракирти болон Шантидева нарын бичсэн зохиол бүтээлүүдээс уламжлан үүссэн билээ. Тэдний бичиж үлдээсэн судар шастирыг бид томоохон сүм хийдүүддээ судалдаг. Тэдгээр 17 их бандида нар манай шашны уламжлалын хувьд туйлын чухал хүмүүс. Манай шашны Нинма, Сажа, Гаржүд, Жонан болон Гэлүгбын ёсны урсгалуудын хоорондох ялгаа нь анхнаасаа тодорхой бүлэг хүмүүст зориулсан сургааль номд оршдог бол Наландагийн их бандида нарын сургааль нь өчигдөр миний хэлсэнчлэн бүх нийтэд зориулагдсан байдаг. Эндээс дүгнэхэд Төвдийн буддизмын цөм нь Наландагийн уламжлал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн бие, хэл, сэтгэлээр үйлдсэн үйл хэргийн дундаас хамгийн чухал нь хэл болох тухай тайлбарлав. Хэдийгээр бид түүний биеийг гайхалтай сайхан дүр болгон бүтээж байгаа ч, түүний хэлсэн ярьсан нь хамгаас чухал ач холбогдолтой хэмээн тэр хэллээ. Тэрээр шүтэн барилдахын онолыг тайлбарлахдаа, нигилизм ба этернализм гэсэн 2 туйлын аль нь ч бус, харин төв үзэл нь агуу их ач холбогдолтой хэмээн үздэгээ илэрхийлэв. Наландагийн сэтгэгчид энэхүү онолыг илүү ойлгомжтой болгосон олон зохиол туурвисан байна.

Наландагийн 17 их бандида нарт зориулсан түүний шүлэгт Нагаржунагаас эхлээд бүгдийн нэрийг оруулсан ажээ. Эхний шүлэгт шүтэн барилдлагын тухай номлосон Бурхан Багшийг магтан дуулдаг бол, хоёр дахь шүлэг энэхүү ухагдахууныг ойлгомжтой тодорхой болгосон Нагаржунад зориулагдсан байна. Арьяадева гэгээн Нагаржуна хутагтын айлдсаныг боловсронгуй болгосон. Дараа нь Буддапалита төрөн гарч, ойлгомжгүй асуудлуудыг шийдэн, Консеквенциализм буюу Прасангика Мадхьямика сургуулийг бий болгожээ. Бхававивека нь би үгүйг баталдаг хэрнээ салшгүй шинж чанар хэмээн хүлээн зөвшөөрдөг алтернатив үзэл бодлыг баримталдаг Сватантрика Мадхьямика буюу Хараат бус Төв үзлийн номлолыг үндэслэсэн байна. Үүнийг консеквенциалистууд эсэргүүцдэг. Хэдийгээр Бхававивека энэ тухай маш тодорхой зүйл бичсэн ч, оршихуйн зайлшгүй нөхцөл байхгүй тохиолдолд ч юмс ердийн түвшинд оршиж байдгийг тайлбарлах замаар дээрх ойлголтыг улам тодорхой болгосон ажээ. Судруудаас авсан эшлэл дээр үндэслэн ‘Суртгаалаас Хураахуй’ зохиолыг туурвисан Шантидева мөн консеквенциалист байсан. Тэрээр ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ зохиолдоо бодьсадвын зам мөр хийгээд учир шалтгааны үндсэн дээр 6 барамидыг төлөвшүүлэх тухай сургасан юм.

Дээрхийн Гэгээнтэн хоосон чанар хийгээд шүтэн барилдлагын тухай айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт сууж буй хуврагууд.
Энэтхэг, Ладак, Ликир. 2014.7.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дараа нь Иогачара Сватантрика Мадхьямика буюу Иогийн бие даасан Төв үзлийн сургууль болох өөрийн гэсэн сэтгэлгээний урсгалыг бий болгосон Шантаракшита гарч ирсэн ба зайлшгүй мөн чанарыг зөвшөөрсөн хэрнээ биетийн гадаад оршихуйг үгүйсгэсэн юм. Үүнийг консеквенциалистууд эсэргүүцдэг. Шантаракшитаг 70 настай байхад Төвдийн хаан Тисрон Дэцэн Төвдөд урин залсан ба тэрээр өөрийн үлдсэн амьдралын 19 жилийг Төвдөд буддизм дэлгэрүүлэхэд зориулсан ажээ. Тэр мөн Энэтхэгийн буддын утга зохиолыг төвд хэл рүү орчуулах ажлыг эхлүүлсэн нэгэн бөгөөд тэрхүү үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцохын тулд насан өндөр байсан ч төвд хэлийг судалсан байна. Түүний урам зоригийн ачаар өнөөдөр бидэнд Ганжуурын (Бурхан Багшийн айлдварын орчуулга) 100 гаруй боть, Данжуурын (их бандида нарын бүтээлийн орчуулга) 220 боть байна.

Төвдөд баригдсан анхны хийд нь Самъяа хийд бөгөөд бясалгал, дандрын ёс, орчуулга болон бусад асуудлыг эрхэлдэг янз бүрийн хэсгүүдээс бүрдэж байсан байна. Бясалгалын хэсэгт байсан хятад лам нар юу ч үгүйг бясалгах аргыг нэвтрүүлсэн бөгөөд үүнийгээ хамгийн үр дүнтэй хэмээн зарласан. Төвдөд хүрэлцэн ирж, аливаа аргын үр дүнгийн талаар тэдгээр лам нартай мэтгэлцэхийг Шантаракшитагийн шавь Гамалашилад Тисрон Дэцэн хаан санал болгожээ. Камалашила тэднийг няцааж чадсаны улмаас тэд Төвдөөс хөөгдөн гарсан байна. Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэхдээ,

“Юуг үл бодох бясалгалаар Бурханы хутгийг олж болно хэмээн надад ярьдаг буддистуудтай өнөөдөр ч би Японд тааралддаг бөгөөд үүнд эрүүл ухаан үгүйлэгдэж байна. Миний бодлоор гэгээрэлд хүрэх түлхүүр хэмээн онцлон тэмдэглээд байгаа бясалгалын төгс төгөлдөрөөс илүү билиг билгүүний төгс төгөлдрийг мэдэх нь чухал билээ” гэв.

Нагаржуна хутагтаас Гамалашила гэгээн хүртэлх дамжлагын чиг баримтлал нь төгс төгөлдөр гэдгээрээ алдартайг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Сэтгэл төдийтөн гэх чиг баримтлалыг үндэслэгч Асангагаас эхтэй өөр нэгэн урсгал нь бодь мөрийн тухай юм. Асангагийн ах Басубанду Абхидармын чиглэлийн их сэтгэгч байсан. Дараа нь учир шалтгааны ухааны агуу сэтгэгчид болох Дигнага болон Дармакирти нар гарч ирэн, буддын бус үзэл баримтлалыг няцаахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Вимуктисена ‘Илт Онохуйн Чимэг” зохиолыг тайлбарласан бол Харибадра нь Билиг барамидын зохиолуудын гайхалтай эрдэмтэн байсан ажээ. Гунапрабха нь винайн ёс буюу сүм хийдийн сахилгын талаар үндсэн тайлбарыг хийж, түүнийг Сакьяапрабха залгамжилсан байна.

Дээрхийн Гэгээнтэн хоосон чанар хийгээд шүтэн барилдлагын тухай айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварын цайны завсарлагаар
Төвд үндэсний бин зооглож байгаа нь. Энэтхэг, Ладак, Ликир.
2014.7.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Хамгийн сүүлийн их бандида нь өөрийн хамгийн чухал бүтээл болох ‘Бодь Мөрийн Зул’ зохиолыг туурвисан Дибамгара Адиша гэгээн бөгөөд тэрээр бүтээлдээ шашны зүтгэлтнүүдийн гурван төрлийг тодорхойлон бичжээ. Наландагийн эдгээр 17 мэргэн бандида нарын туурвисан зохиол бутээлүүд нь Төвдийн буддизмын үндэс гэдгийг Дээрхийн Гэгээнтэн батлан хэлэв.

“Миний хэлэхийг хүсч байгаа зүйл бол Наландагийн агуу мэргэн эдгээр бандида нар үлэмж хэмжээгээр суралцаж, сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлсэн бөгөөд бид ч тэдний үлгэр дууриалыг Төвдөд хэрэгжүүлсэн билээ.”

Билиг барамидын сургаалийн дэлгэрэнгүй, дунд, хураангуй хувилбарууд байдгийн дотор Билгүүний Зүрхэн судар бол хураангуй хэлбэрийн зохиолуудын нэг юм. Билгүүний Зүрхэн судрыг Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Төвд, Монгол болон Гималайнй бүс нутаг зэрэг буддизм тархсан хойд чиглэлийн орнуудад уншдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн дурдав. Сударт өгүүлсний дагуу ямар ч үзэл баримтлалыг дагасан бай, бид хоосон чанарыг гүнзгий ойлгох ёстой бөгөөд эс бөгөөс гэгээрэлд хүрч үл чадна. Сударт өгүүлснээр Бурхан Багш нэгэнтээ мэргэн ухааны тухайд шимтэн бодож байх үед хүний үндэс болсон таван цогцос бодгаль хэрхэн хоосон тухай бодьсадва Жанрайсиг мөн бодож байжээ. Энэ хэсэг дэх ‘мөн’ гэсэн үг санскрит хэл дээрх эх зохиол болон төвд хэлний хувилбарт байдаг бол хятад хэлний хувилбарт орхигдсон байдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.

Зохиолд ‘Хэлбэр бол хоосон, хоосон бол хэлбэр,’ хэмээн бичсэн нь өөрийн мөн чанараар хоосон гэсэн утгатай хэмээн Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Бусад шалтгаан хийгээд нөхцлийн үндсэн дээр юмс оршдог учраас мөн чанартаа хоосон. Юмс үзэгддэг ч, мөн чанартаа байдаггүй хэмээн үүнийг бас хэлж болно. Үүнийг ойлгож, орчуулахын тулд юмс ердийн түвшинд оршдог ч, дотоод мөн чанартаа оршдоггүй гэсэн Нагаржунагийн тайлбарыг бид ойлгох шаардлагатай. Хоосон чанар нь шүтэн барилдаж үүсэхтэй утга нэгэн юм. Үр дүн шалтгаанаас хамаардаг ч, шүтэн барилдлагын онолоор шалтгаан үр дүнгээс хамаарна, үйл хөдлөл, хүчин зүйл ба юмс харилцан бие биенээсээ хамаардаг хэмээн бас хэлж болно.

Дээрхийн Гэгээнтэн хоосон чанар хийгээд шүтэн барилдлагын тухай айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 15,000
гаруй хүн сонслоо. Энэтхэг, Ладак, Ликир. 2014.7.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
‘Даяата Гади Гади Пара Гади Парасам Гади Боди суха’ гэсэн Билгүүний зүрхэн судрын тарни нь шашин номын зам боловч амжилт гаргаж буй нэгний өөрчлөлтийн тухай хэмээн Дээрхийн Гэгээнтэн сануулав. Бид ч бас эцсийн дүнд Бурханы хутгийг олох хүртэл уламжлалаа тасралтгүй сайжруулах ёстой хэмээн тэр хэлэв. Үүний гол түлхүүр нь хоосон чанарыг ойлгох явдал юм. Зовлонгийн шалтгаан бол сэтгэлийн сөрөг хандлага мөн. Билиг барамидын сургааль нь Нагаржуна хутагтын тайлбарласан хоосон чанар ба Асанга хутагтын тайлбарлсан бодь мөрийн үе шат гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн хоосон чанар хийгээд шүтэн барилдахын аль алиныг чухалчлан бичсэн богд Зонховын ‘Шүтэн Барилдахуйн Магтаал’ зохиол руу шилжих хүсэлтээ илэрхийллээ. Өдөр бүр Билгүүний Зүрхэн судрыг, дараа нь дээрх зохиолыг уншиж байх нь зүйтэй хэмээн тэр зөвлөв. Хоосон чанар ба шүтэн барилдан үүсэхийн тухай ойлголт нь бие биенээ нөхдөг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Хэрвээ шүтэн барилдаж үүсэх тухай ойлголт нь хоосон чанарын тухай бодоход хүргэдэг бол хоосон чанар нь шүтэн барилдаж үүсэхийн тухай бодоход хүргэхийн хамт тэр цаг мөчид та хоосон чанарын талаар зохих ойлголтыг авна.

Хоосон чанарын тухай бичсэн зохиол бүтээл, тэдгээрийн тайлбарт богд Зонхов сэтгэл дундуур байсан учраас зөв үзэл бодолд хүрэхийн тулд уншсан зүйлдээ дүн шинжилгээ хийсэн байна. Тэрээр Манзушри бурханы онолыг дагаж Буддапалитагийн тайлбарыг уншсаныхаа дараа хоосон чанарыг гүйцэд ойлгосон ажээ. Юмс бусад хүчин зүйлсээс хамаардаг учраас дотоод оршихуйдаа хоосон боловч тэд огт оршдоггүй бус гэдгийг ойлгосон байна. Огт оршдоггүй ч бус, дотоод мөн чанараараа оршдоггүй ч, юмс үйл хөдлөлийн үзэгдэл маягаар, гагцхүү зориулалтын дагуу оршдог. Дээрхийн Гэгээнтэн үүнийг эртэмтдэд танилцуулснаар энэхүү тайлбарыг тэд үнэлсэн байна.

Биднийг харахад юмс өөрөөрөө оршдог мэт харагддаг ч, бусад хүчин зүйлсээс хамаардгийг нь бид хардаггүй гэдгийг тэр тэмдэглэн хэллээ. Түүнийг хүмүүс харах үед тэр бодитойгоор байгаа мэт харагдах ч, учир шалтгааны ухагдахуунаар тийм биш юм.

Дээрхийн Гэгээнтэн хоосон чанар хийгээд шүтэн барилдлагын тухай айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонссоны
дараа сүм хийдүүд рүүгээ буцах гэж буй лам нар.
Энэтхэг, Ладак, Ликир. 2014.7.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан наслахыг ерөөсөн богино хэмжээний залбирлаар арга хэмжээ өндөрлөлөө. Ийм төрлийн ёслол нь бидний чухалчлан үзэх ёстой зүйл биш гэдгийг тэрээр сануулан хэлэв. Бидний бодит хэрэгцээ бол шүтэн барилдаж үүсэхийг ойлгохын тулд суралцах явдал юм. Мөргөл дууссаны дараа тэрээр энэхүү арга хэмжээ хэрэгжих боломжийг бүрдүүлсэн бүх хүнд талархлаа илэрхийлэв.

Лех хот руу буцах замдаа Дээрхийн Гэгээнтэн сургалтын төв баригдаж байгаа Басго дахь эмэгтэйчүүдийн сүмээр зочилсон байна. Харсан бүхэндээ тэрээр сэтгэл хангалуун байсан бөгөөд гэлэнмаа нар болон Голландаас ирэн дэмжиж тусалж байгаа хүмүүст хандан буянт ажлаа үргэлжлүүлэх урам зориг хайрлав.

Дүйнхорийн авшиг хүртээх ёслолын ажиллагааны бэлтгэл 7 дугаар сарын 3-ны өдөр эхлэх ба бэлтгэл айлдвар 7 дугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.

Үзсэн: 6 074
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц