‘Бодьсадвын Явдалд Орохуй’ ба ‘Бодьсадвын Гучин Долоон Гарын Авлага’ номын тайлбар өндөрлөв

28-08-2014, 10:29  |  Хэвлэх

2014 оны 8 дугаар сарын 26

Герман, Гамбург, 2014.8.25- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Гамбургийн Угсаатны зүйн музейд зочиллоо. Музейд яг одоо ‘Tөвд – Эрсдэлтэй нүүр тулсан нүүдэлчид” сэдэвт үзэсгэлэн гарч байгаа ажээ. Нүүдэлчин ардын амьдралын хэв маяг, зан заншил, тэднийг эрсдэл рүү түлхэж байгаа аюул заналын талаар өгүүлсэн гэрэл зургуудыг Дээрхийн Гэгээнтэн өндрөөр үнэлэв. Ой модыг сүйтгэх, эрдэс баялгийг замбараагүй олборлох, малчдыг албадан нүүлгэснээс эцэст нь амьжиргааны эх сурвалжаас нь салгаж байгаа үйл явцын сөрөг үр дагаврын талаар тэр ярилаа.

‘Бодьсадвын Явдалд Орохуй’ ба ‘Бодьсадвын Гучин Долоон Гарын Авлага’ номын тайлбар өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гамбургийн Угсаатны зүйн музейд
нээгдсэн "Төвд –Эрсдэлтэй нүүр тулсан нүүдэлчид" сэдэвт
үзэсгэлэн дээр. Герман, Гамбург. 2014.8.25.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Төвдийн тугийг хараад, Мао Зэдун дарга тугаа мандуулах зөвшөөрлийг түүнд хэрхэн өгсөн тухай Далай Лам дурсан хүүрнэв. Шоронд хоригдож байгаа Нобелийн шагналт Лю Сяобогийн гэрэл зураг дээр түр саатсаны дараа Дээрхийн Гэгээнтэн сарлагийн зургууд дээр очин, сарлагийн туурай нь илүү тулгууртай байдаг учраас ууланд мориноос илүү сарлаг унахдаа өөртөө итгэлтэй байдаг байсан тухайгаа дурслаа.

Музейн хуучин лифтний эвдэрлээс болж Дээрхийн Гэгээнтэн Хурлын төвд айлдах хоёр дахь өдрийнхөө айлдварын арга хэмжээнд ялигүй хоцорч ирсэн байна. Тэрээр суудалдаа заларсныхаа дараа хуран чуулсан олноос асуулт тавихыг хүслээ. Асуулт тавьсан эхний хүн NKT/ISC жагсагч байж таарсан бөгөөд Тижан ринбучи Шүгдэнг гэгээрсэн нэгэн байсан гэж тодорхойлсон байхад яагаад өөрийн ламын хэлснийг эсэргүүцэж худлаа ярьж байгаа юм бэ хэмээн Дээрхийн Гэгээнтнийг шүүмжлэн хашгирлаа. Дээрхийн Гэгээнтэн мушилзан инээгээд,

“Энэ бол та нарын зохиосон түүх байна. Би бараг насаараа лам байсан, одоо 80 нас руу дөхөж байна. Лам хүний сахилын үндсэн зүйл бол худлаа хэлэхгүй байх явдал. Миний бүх үйл хэрэг ил тод...” хэмээн яриагаа эхлэв.

Өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж байгааг үл хайхран асуулт асуугч Дээрхийн Гэгээнтний хариултыг сонсох хүндэтгэл үл үзүүлэн, худлаа ярьж байна хэмээн яриаг байнга тасалдуулж байлаа. Тэр танхимын уур амьсгалыг бусниулж эхэлсэн тул аюулгүй байдлын ажилтнууд түүнийг танхимаас тайвнаар авч гарсан юм.

Өчнөөн хүүхдүүд өлөн зэлмэн, аюул дунд амьдарч байгаа энэ дэлхийд бид хэрхэн амьдарч чадах юм бэ хэмээн дараагийн хүн асуулаа. Бидний өдөр тутмын мэдээгээр сонсож байгаа хүчирхийлэл, санаанд багтамгүй аллага, авилга хээл хахууль нь ёс суртахууны зарчим алдагдсаны тод илрэл билээ хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Тэрээр боловсролоор дамжуулан иргэний ёс зүйг өргөн хүрээнд хэвшүүлэх шаардлага байгаа, ийнхүү хэвшүүлснээр 21 дүгээр зууны төгсгөл үед дэлхий дахин илүү амар амгалан, илүү энэрэнгүй болно гэдэгт итгэл үнэмшилтэй байгаагаа дахин илэрхийллээ.

‘Бодьсадвын Явдалд Орохуй’ ба ‘Бодьсадвын Гучин Долоон Гарын Авлага’ номын тайлбар өндөрлөв
Танхимаас Дээрхийн Гэгээнтэнд асуулт тавьж байгаа нь.
Герман, Гамбург. 2014.8.25. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Газын зурвас, Ирак болон Сирид болж байгаа хүчирхийллийн тухай дээрхтэй төстэй асуултад, нэгэнт хүмүүсийн сэтгэлийн хөдлөл дээд цэгтээ хүрсэн үед тэднийг ухааруулах хэцүү байдаг ч, алс хэтээ бодож, ирээдүйд ийм нөхцөл байдал дахин давтагдагдахаас сэрэмжлэхийг бид одооноос хичээж чадна хэмээн Далай Лам хариулав. Бусад хүмүүсийн зовлонгийн тухайд хоосон чанарын талаар бодох нь хэцүү гэсэн саналын хариуд, сэтгэлийн эерэг хандлага нь тодорхой нэг зорилгыг эрэлхийлдэггүй учраас хамаг амьтныг нигүүлсэх сэтгэлийг бид хөгжүүлэх боломжтой, харин тэдэнд уур хилэн тээхгүй байхын чухлыг Дээрхийн Гэгээнтэн тодруулан тайлбарлав. Сэтгэлийн сөрөг хандлага нь үнэн оршихуйн тухай ташаа ойлголт дээр суурилдаг бөгөөд хоосон чанарыг ойлгох ойлголт нь түүний эсрэг ерөндөг юм.

Хоосон чанарыг ойлгосноор сэтгэлийн сөрөг байдлыг арилгана гэж ойлголоо хэмээн нэгэн залуу хэлээд, үүнийг үргэлжлүүлэн хийсэн нь дээр үү, эсвэл бусдад нь тусалсан нь дээр үү хэмээн асуув. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, бага залуу насандаа бусдад хүндэтгэлтэйгээр, зөв эрмэлзэлтэйгээр туслах нь амьдралд илүү ойр байж болох бөгөөд үүний ачаар хожим хоосон чанарыг илүү хялбар ойлгох буянг бүрдүүлэх буй заа хэмээв.

Шантидева гэгээний ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ бүтээлийн тайлбарт эргэн ороод, Дээрхийн Гэгээнтэн энэрэнгүй үзэл хийгээд бодийн сэтгэлийг үүсгэх талаар ярих гэж буйгаа хэллээ.

Бүтээлийн нэгдүгээр бүлэгт байдаг “Хамаг амьтны хүндрэлийг арилгаж, баяр баяслыг төрүүлэхийг хүсч байгаа хүн бол бодийн сэтгэлийг үүсгэхээсээ шантарч болохгүй” хэмээсэн шүлгийг тэр уншлаа. Бодийн сэтгэлийг үүсгэсэн хүн Бурханы хөвгүүн хэмээн алдаршиж, хүндлэл хүлээсэн нэгэн болдог. Нигүүлсэхүй хийгээд хамаг амьтныг хэмээсэн сэтгэлд анхаарлаа хандуулах нь бодийн сэтгэлийг үүсгэх арга зам мөн хэмээн хэлсэн Вимуктисенагийн үгээс Далай Лам эш татав. Түүнээс гадна жирийн сайн үйл нь гадилын мод лугаа ганддаг бол бодийн сэтгэл эцэс төгсгөлгүй цэцэглэдэг. Тухайн бүтээлд өгүүлснээр, зөвхөн хүсэл эрмэлзэл ба идэвхтэй оролцоо гэсэн бодийн сэтгэлийн хоёр төрөл байдаг ажээ.

‘Бодьсадвын Явдалд Орохуй’ ба ‘Бодьсадвын Гучин Долоон Гарын Авлага’ номын тайлбар өндөрлөв
Гамбургийн Дэлхийн Шашны Академийн Их сургуулиас зохион
байгуулсан Орчин үеийн нийгмийн тухай хэлэлцүүлэгт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцон үг хэлж байгаа нь.
Герман, Гамбург. 2014.8.25. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Үдийн цайны завсарлагаар профессор, доктор Вольфрам Вайсийн хүсэлтээр шашин хийгээд орчин үеийн нийгмийн сэдвээр ярилцлага хийхээр Гамбургийн их сургуулийн багтай Дээрхийн Гэгээнтэн уулзлаа. Шашны бусад уламжлалтай яриа өрнүүлэх нь буддизмын мөн чанар мөн үү хэмээн профессорыг асуухад, Дээрхийн Гэгээнтэн,

“Бурхан Багш амьд сэрүүн ахуйдаа бусад эрдэмтэд, шашны төлөөлөлтэй учирч байсан ч, тэдний дунд яриа хөөрөө өрнөж байсан гэж бид хэлж болох үгүйг би мэдэхгүй байна. Нөгөө талаас ямар нөхцөл байдалд, хэнд зааж байгаагаасаа хамааран тэр янз бүрийн үзэл бодлын үүднээс сургаалиа айлдсан мэт харагддаг. Өнөө үед Ромын поп Иоанн Павел II Ассисийн шашин хоорондын уулзалтыг санаачилж, шашныг олон тоон дээр хэлэх боломжтой болсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй” хэмээн хэлэв.

Айлдвар айлдахаар танхимд эргэн ирээд, Дээрхийн Гэгээнтэн дахин асуулт хариултын цаг гаргалаа. Буддын уламжлал таалагдаж байгаа боловч, түүнийг судлах тал дээр залхуурч байгаа тухайгаа нэгэн эмэгтэй илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө залхуурах хандлагатай хэмээгээд, гэхдээ зорилго тодорхой бус байхад залхуу байсан нь дээр, харин зорилго тодорхой болбол түүнд хүрэхэд хялбар болдог гэдгийг ухаарч мэдсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн эмэгтэйд хэллээ. Хоосон чанарыг бясалгах талаар хүүхдүүд болон том хүмүүст сургууль дээр хэрхэн заах талаар өөр нэгэн эмэгтэй зөвөлгөө хүссэн байна. Далай Лам хариулахдаа,

“Хүүхдүүдийг хайр энэрэл, нигүүлсэхүйн талаар зааж сургасан нь дээр. Гэхдээ дан үгээр зааж сургах нь хангалттай бус бөгөөд та бүхэн өөрийн биеэр мөн үлгэр дууриал үзүүлэх ёстой. Хэрвээ та догшин дүртэйгээр нигүүлсэхүйг заахаар оролдвол, хэн ч юу ч сурахгүй” хэмээв.

‘Бодьсадвын Явдалд Орохуй’ ба ‘Бодьсадвын Гучин Долоон Гарын Авлага’ номын тайлбар өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь өдрийн айлдварын үдээс
хойш. Герман, Гамбург. 2014.8.25. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Бидний амьдралыг утга учиртай болгодог чин сэтгэлийн тухай ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ зохиолын дөрөвдүгээр бүлэгт өгүүлдэг. Тавдугаар бүлэгт биеэ шинжих болон анхааралтай байхын тухай бичсэн байдаг. Харин зургаадугаар бүлэгт тэсвэр тэвчээр хийгээд уур хилэн, үзэн ядалтын сул талын тухай өгүүлнэ. “Үзэн ядалт лугаа муу үйл үгүй, тэвчээр лугаа сайн дадал үгүй. Тиймээс би тэвчээрийг янз бүрийн аргаар чин сэтгэлээсээ хэвшүүлдэг.” Энд амьдралд хэрэгтэй, бодит зөвөлгөө мөн агуулагдаж байдаг. “Залруулж болох тохиол аваас уурлаж ундуйцахын хэрэг юун, залруулж болшгүй тавилан бол уурлаж ундууцлаа ч нэмэр юун”. Тэсвэр тэвчээр гаргаснаар агуу давуу талыг олдог. Хэн нэгэн таныг өдөөн хатгасан ч, та уур хилэндээ дийлдэхгүйгээр барахгүй, сэтгэл оюун тань амгалан байдлаа хадгалж чадна.

Долдугаар бүлэгт өөдрөг сэтгэлийн тухай, наймдугаар бүлэгт бясалгалын тухай өгүүлдэг. Салан задгай байдал болон сэтгэл хөөрөл гэсэн хоёр саадыг засахын тулд анхаарлаа дайчлах тухайд нэг чигт анхаарлаа хандуулах бясалгалын зөвөлгөө байдаг. Энэ бүлэгт мөн бодийн сэтгэлийг үүсгэх тухай өгүүлнэ. Шалтгаан, үр дагаврын долоон арга байдаг ч, Нагаржунагийн залгамжлагч Шантидева өөрийгөө бусадтай адилтгах, өөрийгөө бусдаар солин үзэх аргыг санал болгосон. Тэрээр хэлэхдээ, “Тусгаарлагдмал байдлын давуу тал хийгээд өөрийн жолоогүй бодлыг номхотгох бясалгал хийсний дараа бодийн сэтгэлийг үүсгэх явдлыг хэвшүүлэх ёстой” хэмээсэн. Яагаад?

“Бусад хүний зовлон миний зовлонтой адил учраас бусдын зовлонг би нимгэлэх ёстой. Би бас бусадтай л адил амьд амьтан учраас тэдний төлөө санаа тавих ёстой”

“Аз жаргал миний ч, бусдын ч хувьд адилхан эрхэм зүйл мөн юм бол, гагцхүү өөрийнхөө аз жаргалын төлөө тэмцэхээр би тийм онцгой нэгэн юм уу? “

“Айдас хийгээд зовлон надад ч, бусдад ч адилхан тэвчихийн аргагүй зүйл юм бол, бусдыг бус, өөрийгөө гагцхүү тэдгээрээс хамгаалах тийм онцгой нэгэн би мөн үү?”

‘Бодьсадвын Явдалд Орохуй’ ба ‘Бодьсадвын Гучин Долоон Гарын Авлага’ номын тайлбар өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь өдрөө айлдвар айлдаж
байгаа нь. Герман, Гамбург. 2014.8.25. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Дээрхийн Гэгээнтэн уг зохиолыг гүйлгэн үншихдаа, хэрэгтэй газар нь тайлбар хийн, “Өөрийн аз жаргалыг бусдын зовлонгоор сольж чадахгүй нэгэн яагаад ч Бурханы хутгийг олохгүй. Тэрээр ертөнцийн эргүүлэг дотор ч жаргалыг олж яахан чадах билээ?” гэсэн Шантидева гэгээний үгээр номын тайлбарыг өндөрлөлөө.

Дараа нь тэрээр Төвдийн их багш Тогмэд Санбогийн туурвисан ‘Бодьсадвын Гучин Долоон Гарын Авлага’ зохиолыг хурдан уншлаа. Тогмэд Санбо Байлдан дагуулагчийн хүү, эсвэл Бодьсадва гэсэн утга бүхий Гял-Сэ чимэг нэрээр алдартай ажээ. Тэрээр манай эриний 14 дүгээр зуунд амьдарч байсан агуу эрдэмтэн Бутон Ринчин Дүвийн нэг эрин үеийн хүн байсан байна. Ламримын нэгэн эдил энэхүү зохиол нь жижиг, дунд, том цар хүрээтэй хүмүүсийн ахиц дэвшлийг харуулж, зургаан барамидыг дадуулах тухайд тодорхой өгүүлдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

Тэрээр төвд хэл дээр зохиолыг уншиж дуусаад, сонсогчдод зохиолын хувийг түгээсэн байгаа тул түүний уншсаныг герман хэл рүү орчуулахгүй байхыг орчуулагчаас хүссэн байна.

Маргааш Жанрайсигийн авшиг хүртээхийн өмнө бодийн сэтгэлийг үүсгэх, бодьсадвын тангараг өргүүлэх ёслолыг удирдана гэдгээ Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан хэллээ. Өнөөдрийг хүртэл түүний айлдсан ном хэн бүхэнд нээлттэй байсан, харин Шүгдэнг шүтэх эсэх нь тухайн хүний асуудал боловч, хэрвээ шүтдэг хүн байгаа бол багш шавийн цэвэр барилдлагаа үүсгэх үүднээс маргаашийн номонд суухгүй байхыг тэрээр хүсэв. Маргааш бодийн сэтгэл хийгээд хоосон чанарын ойлголтын тухайд хамтдаа бясалгах боломж бүрдэх учраас өнөө орой бэлтгэл хийж тэр талаар бодож хонохыг хүмүүст хандан Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө.
Үзсэн: 2 817
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц