“Таван”-д Дээрхийн Гэгээнтэн ном айлдсаны ойн баяр, Лам Римын сургааль ба Урт наслахуйн даншүг ёслол

18-01-2015, 05:45  |  Хэвлэх

2014 оны 12 дугаар сарын 26

Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 26- Өчигдрийн айлдварынхаа дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Шарзэ хийд рүү нүүдэллэсэн ба тэнд гурав хоног саатах ажээ. Өнөө өглөө тэрээр Лам римын номлолоо үргэлжлүүлэхээр Жанзэ дацанд эргэн ирсэн юм. Дээрхийн Гэгээнтний сэнтийн өмнө хагас дугуй маягаар сандлуудыг байрлуулсан байв. Аруначал Прадеш мужийн Таван хотноо байрлах Намжил Лхазэ хийдийн хамба лам Гүрү ринбучиг үг хэлнэ үү хэмээн урьсан байна.

“Таван”-д Дээрхийн Гэгээнтэн ном айлдсаны ойн баяр, Лам Римын сургааль ба Урт наслахуйн даншүг ёслол
55 жилийн өмнө Таван хотноо анхны номоо айлдсан үйл явдалтай
холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд шагнал гардуулан
өглөө. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.26.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн Төвөдийг орхин гарсныхаа дараа цагаачлалданх удаагийн номлолыг 55 жилийн өмнө Таван хотноо айлдсан хэмээн тэр хэлэв. Тавангийн ард түмэн энэхүү үйл явдлыг тэмдэглэн Дээрхийн Гэгээнтэнд шагнал гардуулахаар шийдсэн ажээ. Дээрхийн Гэгээнтний нигүүлсэхүй сэтгэлийг бэлгэдэж мөнгөөр сийлсэн бадамлянхуа цэцэг, дээр нь түүний дэлхий нийтийн хэмжээнд хийж байгаа үйлсийг нь бэлгэдэж бөмбөрцөг, бүр дээр нь Дээдийн номын хүрдийг байрлуулсан цомыг түүнд гардуулсан байна.

Дараагийн үг хэлсэн Карнатака мужийн аялал жуулчлалын сайд РВ Дешпанде Дээрхийн Гэгээнтний буянт үйлсийг үнэлээд, Карнатакад дахин дахин морилохыг урилаа.

Төвөдийн ард түмнээс сонгогдсон удирдагч, сикён доктор Лувсан Сэнгээ Дээрхийн Гэгээнтэн 55 жилийн өмнө цагаачлалд анх удаа номлолоо айлдсан хэмээн давтан хэлэв. Тэр цагаас хойш 55 жилийн турш Дээрхийн Гэгээнтэн ядрахыг умартан ажиллаж, дэлхий дахинаар аялан, нигүүлсэхүйн үзлийг түгээж, Наландагийн уламжлалын үзэл санааг хуваалцаж ирсэн хэмээн тэр нэмж хэллээ. Тэрээр Дээрхийн Гэгэнтнийг итгэл найдварын гэрэлт цамхаг, Төвөдийн ард түмний зүрх, сэтгэл хэмээн тодорхойлов. Энэ удаагийн завшааныг ашиглан тэрээр Төвөдийн ард түмнийг дэмжиж тусалдаг Энэтхэгийн ард түмэн ба засгийн газар, ялангуяа Карнатака мужийн засгийн газар, ард түмэнд дахин талархлаа илэрхийлсэн байна.

Энэтхэгчүүд бидний гүрү буюу багш, төвөдүүд бид чела буюу шавь хэмээн Дээрхийн Гэгээнтний байнга хэлдэг үгийг Дотооод хэргийн төрийн сайд Кирен Рижижи эш татаад,

“Гэхдээ Дээрхийн Гэгээнтэн бол дэлхий дахины багш гүрү. Түүний адислал бидэнд хэрэгтэй” хэмээв.

Дээрхийн Гэгээнтнээс үг хэлэхийг хүсэхэд,

“Өнөөдөр бидний дунд Гандан Ширээт, Шарба болон Жанзэ цорж нар, Карнатака мужийн хоёр сайд, Аруначал Прадеш мужийн хүндэт зочид байна. Төвөд оронтой шашны ойр хэлхээ холбоотой Мон үндэстний төлөөлөл мөн ирсэн байна. Аруначал мужийн засгийн газар Таванд миний ном номлосны 55 жилийн ойг тэмдэглэхийг зорьж байна. Би тэдэнд талархлаа иэлхийлэхийг хүсч байна” хэмээв.

“Таван”-д Дээрхийн Гэгээнтэн ном айлдсаны ойн баяр, Лам Римын сургааль ба Урт наслахуйн даншүг ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цагаачлалд анхны номоо айлдсаны
55 жилийн ойн арга хэмжээн дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Мундгод, 2014.12.26.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Тэрээр замдаа цусан суулга туссан боловч, Меман хүрэх үед бие нь тэнхэрч ирснээ дурсан ярив. Тэрээр ноён Меноныг харангуутаа нилээд тайвширсан тухайгаа хуучлав. Менонтой Бээжинд танилцах үед тэр Деки Линхад ажиллаж байсан бөгөөд дараа нь Лхаст эхлээд Британийн, дараа нь Энэтхэгийн элчээр томилогдож байсан ажээ.Энэтхэгийн засгийн газрын өмнөөс тосон угтаж буйгаа Менон түүнд хэлжээ.

Дараа нь Неру Энэтхэгийн холбооны улсуудаасаа цагаачлан ирсэн Далай Ламыг дагалдан ирсэн хэдэн арван мянган төвөдүүдийг ивээлдээ авах газар байгаа эсэхийг асуусан байна. Хамгийн нааштай хариуг тэр үеийн Мисор муж улс, одоогийн Карнатака муж улсын тэргүүн сайд Нижалингаппа ирүүлжээ. Дээрхийн Гэгээнтэн түүнд дахин талархал илэрхийлэв. Тэр үеийн дэмжлэг туслалцаа өнөөдөр харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагаа болон хөгжсөний илрэл нь Тумкур их сургааль ба Сера Жэ хийдийн лам нарын сургуулийн харилцан ойлголт гэдгийг тэрээр тэмдэглэн хэллээ.

Богино хугацааны завсарлаганы дараа Дээрхийн Гэгээнтэн эргэж ирээд, хурсан олонд хандан, бага балчир үеэсээ мэддэг байсан Дагчав ринбучи түүнд зориулж насны ерөөл айлтгах зөвшөөрөл хүссэнийг дуулгав. Тэрээр,

“Надтай адил тэр ч бас Дорж Шүгдэнг шүтдэг байсан ч, миний үгэнд орж, миний хэлснийг ойлгосны үндсэн дээр шүтэхээ больсон. Миний нягтлал судалгаанд тэр итгэсэн. Хэрвээ хэн нэгэн надад итгэж буйгаа харуулбал, итгэлийг итгэлээр хариулах нь зүй ёсны хэрэг. Тиймээс надад зориулж насны ерөөл хийх гэж байгаа хүсэлтийг би хүлээн авсан” хэмээв.

Унзад эхлээд номыг тэргүүлэн уншсаны дараа лам хүсэлт хэллээ. Дагчав ринбучи, дагчав иргэд ба цагаачлалд байгаа Төвөдийн парламентын гишүүн Ган Лхамо нар мэдэгдэл хийлээ.

“Дээрхийн Гэгээнтэн бол бүх хүнийг алагчлалгүй хайрлаж, нигүүлсдэг, энх тайвны элч, үүгээр нь бид түүнийг хүндэтгэн биширдэг. Төвөдийн Дагчав бүс нутгийн иргэд бид танд итгэж, танд үнэнч байж, талархсан сэтгэлээсээ танд урт удаан наслахыг ерөөж байна. Энэ үйлийг хийх зөвшөөрөл авах аз завшаан бидэнд тохиолоо.”

“Таван”-д Дээрхийн Гэгээнтэн ном айлдсаны ойн баяр, Лам Римын сургааль ба Урт наслахуйн даншүг ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд насны ерөөл айлтгах ёслолын үеэр
Дагчав ринбучи мэдэгдэл хийж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Мундгод, 2014.12.26. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Радэн ринбучи, Тадаг ринбучи, Лин ринбучи болон Трижан ринбучи зэрэг багш нарынхаа удирдлаган дор сурах, сурснаа хэрэгжүүлэх замаар их эрдэм мэдлэгийг эзэмшсэн хүн бол Та мөн. Та бол тэдгээр багш нарынхаа гайхалтай шавь нь байсан. Та өмнөх Далай Ламуудын адил Төвөдийн төлөө хариуцлага үүрч, Төвөд орны цорын ганц итгэл, аврал нь болсон. Та ном айлдаж, авшиг өгөн, шавь нарынхаа итгэл, үнэмшлийг бэхжүүлсэн. Богд Зонховын 18 боть ном нь Энэтхэгийн их багш нарын агуу бүтээлийг ухан ойлгох түлхүүр гэдгийг та тодорхой тайлбарлан ойлгуулсан. Төвөдийн буддизм нь цэвэр Наланда уламжлалд харьяалагдана гэдгийг та тодорхой тайлбарласан. Бурхан Багшийн зөвлөсөн лугаа та түүний сургаалийг сүсэг бишрэлээр бус, харин шинжлэн нягталсан билээ. Та бол өнөөгийн дэлхий ертөнцөд хэнтэй ч харьцуулшгүй их багш мөн.”

“Та буддын ихэнх сургаалийн шинжлэх ухаанч мөн чанарыг илрүүлж, буддын шинжлэх ухаан хийгээд гүн ухааныг бүх нийтээр судлахыг уриалсан. Энэ бол буддизмд хандах шинэ хандлага мөн билээ. Та энх тайван хийгээд эв зохицлын асуудлаарх цуглаан уулзалтад оролцон дэлхийн өнцөг булан бүрт очдог.”

“14 дүгээр Далай Ламын үйл хэрэг нь өмнөх бүх Далай Ламуудын үйл хэрэгтэй тэнцэнэ хэмээн Тижан ринбучи хэлсэн. Дагчав нутагт анхны Дагчав лам тодорсноос хойш 393 жил өнгөрчээ. Тэр төв Төвөд рүү сурахаар яваад, Дагчав нутагтаа эргэн ирсэн юм.Өнгөрсөн хугацаанд тэр болон түүний залгамжлагчид Далай Ламууд хийгээд төвөдийн засгийн газруудад үйлчилсээр ирсэн билээ. Бид Дээрхийн Гэгээнтний сайхан сэтгэлд бүрэн дүүрэн хариу барихыг хүсч байна.”

“Таван”-д Дээрхийн Гэгээнтэн ном айлдсаны ойн баяр, Лам Римын сургааль ба Урт наслахуйн даншүг ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншүг өргөх ёслолын эхэнд
Дагчав ринбучигийн үг хэлэх үеэр ёслолд бэлтгэн зогсч байгаа
лам хуврагууд. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.26.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Дорж Шүгдэнгийн тухайд гэвэл, та няхуур судалгаа шинжилгээ хийж, шүтлэгээ зогсоохдоо Тижан Дорж Чан багшаасаа зөвшөөрөл авсан. Та энэ асуудлыг гүн гүнзгий судалсан байхад, таны зөвөлгөөг сөрөх нь ухаантай үйлдэл биш байх байсан. Дээр үед Дагчав Магон ба Бугон хийдүүдэд Шүгдэнг шүтдэггүй байсан боловч, 80-аад оноос том жижиг хийдүүдэд шүтэж, зарим зан үйлийг хийх болсон.”

“Шүгдэнг шүтэх эсэх нь мэдээж хувь хүний сонголт. Зарим нэг хүмүүс эрх мэдлээ ашиглан Дагчав бүс нутагт шүтэх явдлыг нууцлаг сэдлээр өөгшүүлж байна. Тэр л хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг элдвийн үгээр доромжилж байгаа нь Төвөд хүмүүсийн зүрхийг шархлуулж байна. Дагчав бүс нутагт Шүгдэнгийн сурталчилгааг дэлгэрүүлж байгаа хүмүүс байна. Тэд өмнөх лам нарынхаа үйл хэргийг залгамжилж байна хэмээн хэлдэг ч, энэ нь багшаа магтах зохистой арга биш юм. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг эсэргүүцсэн хэрнээ өөрсдийн багш нарыг дагаж байгаа хэмээн батлах нь тэдгээр лам нарын зүгээс тохуурхаж байгаа хэрэг юм. Дагчавт Шүгдэнг шүтэж, сурталчилж байгаа хүмүүс өөрсдийнхөө хүрээлэлд л сурталчилгаагаа түгээж байна.”

‘Олон Улсын Шүгдэнгийн эвслийн тухайд гэвэл хамгаалагч нэрийдэлтэй сахиусыг хамгаалахын тулд хүмүүс холбоо байгуулна гэдэг нь урьд хожид байгаагүй үзэгдэл. Хэдийгээр надад эрх мэдэл байхгүй ч, Төвөдийн гадаад ба дотоодод надад итгэдэг хүмүүс байдаг. Дагчавын ард түмний төлөө, Дээдийн номын төлөө, бидний амар амгалангийн төлөө, 3000 гаруй эр, эм лам шашин номын үйл хийж байгаа сүм хийдүүдэд эв зохицол тогтоохын тулд би үгээ хэлэх ёстой. ”

“Таван”-д Дээрхийн Гэгээнтэн ном айлдсаны ойн баяр, Лам Римын сургааль ба Урт наслахуйн даншүг ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслахын ерөөл айлтгах үед
Дагчав ринбучи Бурхан Багшийн бие, хэл, сэтгэлийг бэлгэдсэн
өргөл өргөж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.26.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Шүгдэнг үргэлжлүүлэн шүтэж байгаа хүмүүс буруу үйлдлээрээ бусдыг харлуулж байна. Тэд Далай Ламын чиг шугамыг баримтлахыг үл хүлээн зөвшөөрч, сүсэг бишрэлт хүмүүсийг зовлон хийгээд гай түйтгэр лүү түлхэж байна.”

“Өнөөдөр бид Дээрхийн Гэгээнтэнд урт наслахыг ерөөн залбирахын тулд энд цуглараад байна. Ийм үед дээрх асуудлыг хөндсөндөө та бүхнээс хүлцэл өчье. Бидний мөргөл өчүүхэн цэцэг лугаа ч, өргөл болон дэлгэрэх болно.”

“Төвөдүүд бид энэ цаг үед эд материалын хувьд баян биш ч, бидэнд баялаг соёл байна, бидний талд үнэн байна, бид таны зөвөлгөөг дагана гэдгээ андгайлж байна. Биднийг нигүүлсэхүйн сэтгэлдээ болгоож хайрла. Энэ бол бүх Төвөд хүн, түүний дотор Дагчавын ард түмний сэтгэл зовнил билээ. Бид бүхний хамгаалагч хийгээд аврал болж хайрла. Урт удаан насалж хайрла.”

Дагчав ринбучи, түүний нөхөд болон Кёнла ринбучи нар Бурхан Багшийн бие, хэл, сэтгэлийг бэлгэдсэн өргөлийг Дээрхийн Гэгээнтэнд барьсан байна.

Шинэ гарсан номыг Дээрхийн Гэгээнтэн олон түмэнд таниулахдаа, хэрвээ бид Ганжуурын 100 боть, Данжуурын 220 ботийн агуулгыг харах аваас өөрсдийн сэтгэл оюуныг Бурханы сэтгэл оюун хэрхэн болгон хувиргах мэдлэг байгааг олж харна. Үүнийг бид зөвхөн сэтгэл дээр суурилж байж хийж чадна. Энэ нь сэтгэлийн сөрөг хандлагыг таньж мэдээд, түүнийг хэрхэн өөрчлөх талаархи мэдлэг юм. Энэ сэтгэл зүйн ухааныг хэрвээ бид боловсролын тогтолцоонд нэвтрүүлж чадвал туйлын ач тустай зүйл болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

“Таван”-д Дээрхийн Гэгээнтэн ном айлдсаны ойн баяр, Лам Римын сургааль ба Урт наслахуйн даншүг ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ганжуур, Данжуурт тусгагдсан
шинжлэх ухааны мэдлэгийг нэтгэсэн номыг Дээрхийн Гэгээнтэн
Далай Лам танилцуулж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.26. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Ганжуур, Данжуурт агуулагдаж байгаа шинжлэх ухааны мэдлэгийг товч нэгтгэсэн номыг бид өнөөдөр танилцуулж байна. Энэ номын англи, хятад, хинди хэлнээ орчуулах ажил ид явагдаж байгаа бөгөөд цаашид монгол, герман, итали болон япон хэлнээ орчуулах ажлыг төлөвлөж байгаа. Хүмүүст асар их ач тустай үйл болно гэдэгт би итгэж байна.”
Энэхүү төсөлд оролцсон гэвш нар болон бусад хүмүүст Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийлэв. Тэрээр үргэлжлүүлэн,

“Дагчав ринбучи болон Дагчав нутгийн ард түмэн өргөл барьж, ринбучи яриандаа асуудлыг тодорхой илэрхийллээ. Эртний гэсэн бүх заншлыг дагах ёстой гэж туйлшралгүй Төвөдийн гадна ч, дотор ч ард түмэн ухаалаг, асуудалд бодитой ханддаг байх ёстой. Бидний төвөдүүд нутагтаа буцаж очвол Дагчавд мөн очихыг ринбучи санал болголоо. Тэгнэ гэж найдаж байна” хэмээв.

“Гэхдээ Шарзэгээс ирсэн гэвш нар та бүхэн миний өмнө нь хэлснийг санаж байгаа байх. Та бүхэн тэр уламжлалдаа баригдсаар байх юм бол би Шарзэд ирэхгүй, түүнийгээ болихоос өмнө ахиж ийшээ ирэхгүй. Энэ бас Дагчавд хамаатай. Миний амь насанд аюул заналхийлэх тийм газар луу яагаад би явах ёстой гэж? АНУ болон Энэтхэгийн аюулгүйн албад тийм аюул байгааг баталж байгаа. Хэрвээ Дагчав болон Чамдогийн ард түмэн надтай шашны хэлхээ холбоотой байхыг хүсэхгүй бол яагаад би тийшээ явах ёстой гэж? Хэрвээ та бүхэн намайг урьсан хэрнээ, миний юу хэлэхийг сонсохыг хүсэхгүй бол яагаад би очих ёстой гэж? “

“АНУ болон миний очсон бүхий л газарт миний эсрэг жагсаал хийж байгаа Шүгдэнг баримтлагсад намайг ‘хуурамч Далай Лам’ хэмээн нэрлэж байна.Тэдний хэрэглэж байгаа муу муухай цол гуншинг би тоодоггүй, би тэднийг гагцхүү нигүүлсэн бодож байна. Боломжийнхоо хэрээр христийн сум, буддын сүм дуган, лалын мечеть сүмд орж, хүндэтгэл үзүүлэх нь миний хувьд заншил болсон зүйл. Саяхан тэдгээр жагсагсад миний зургийг лалын малгайтай дүрсэлсэн самбар хийж, намайг лалын шашинтан хэмээн батлан хэлж байсан. Нэг талаас тэдгээр хүмүүс намайг хуурамч Далай Лам хэмээж, нөгөө талаас Тижан ринбучи Монголд очсон үедээ миний нэрийг ашиглан, миний багшийн хойд дүр хэмээн өөрийгөө зарлаж явна.”

“Шүгдэнг шүтэх эсэх нь хувь хүний асуудал ч, Шүгдэн 5 дугаар Далай Ламд өргөсөн тангаргаа эвдсэн. Дагчавын ард түмэн миний хэлснийг сонсоно гэдэгт найдаж байна. Та бүхэн надтай маргалдаж болох ч, хэрвээ тэгэх аваас Олон Улсын Гэлүгбагийн Холбооноос гаргасан номонд тодорхойлсон лугаа 400 жилийн түүхтэй мөн маргана гэсэн үг болно.”

Үүний дараагаар Дээрхийн Гэгээнтэн Пабонха ринбучигийн ‘Гэтлэхүйн Гарын Авлага’ номыг уншлаа.
Номын айлдвар маргааш үргэлжилнэ.

Үзсэн: 1 931
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц