Жанрайсиг бурханы авшиг ба иргэний ёс зүйн сэдэвт яриа

18-02-2015, 10:45  |  Хэвлэх

2015 оны 2 дугаар сарын 9

Швейцарь, Базел, 2015 оны 2 дугаар сарын 8. Гадаа гудманд зэврүүн хүйтэн, харанхуй, хөл хөдөлгөөн эхлээгүй байхад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн буусан зочид буудлаас гаран, ном айлдах газрын зүг хөдөллөө. Ариун Якобсхаллын гадаа залуу төвөд дуучид бүжигчид урлагийн тоглолтоор түүнийг угтан авав. Тэрээр хормын төдийд тэдэнтэй хамт зургаа авахуулаад Жанрайсиг бурханы авшгийн бэлтгэлийг хангахаар шууд дотогш орсон байна.

Жанрайсиг бурханы авшиг ба иргэний ёс зүйн сэдэвт яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг
хүртээхийн өмнөх бэлтгэл ажлын үеэр. Швейцарь, Базел,
2015.2.8. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Агуу нигүүлсэхүйн бурхантай (Махаруника Локешвара/Жанрайсиг Жигдэн Ванчүг) холбоотой бурхдын танка зураг болон их мандлын өмнө түүнийг суудлаа эзлэхэд танхимд хэн ч ирээгүй, бараг хоосон байлаа.

Бэлтгэл ажлын дараа Дээрхийн Гэгээнтэн номын сэнтийд залран, хурсан олны зүг харан инээмсэглээд,

“Өглөөний мэнд! Та бүхэн сайхан амарсан гэдэгт, мөн өнөөдөр нойрмоглохгүй гэдэгт найдаж байна” хэмээн хэлэв.

Тэрээр Нагаржуна гэгээний ‘Билгүүний Үндэс’ зохиолоос эш татсан ба энэ эшлэл нь “Би” ба түүнийг бүрдүүлдэг элемент, хэсгүүд ялгаатай гэсэн үзлийг үгүйсгэсэн байдаг.

Хүн бол газар биш, ус биш
Гал биш, салхи биш, огторгуй биш
Ухамсар биш, эдний аль нь ч биш
Тэгвэл эдгээрээс өөр юу бэ?

Зургаан бүрэлдэхүүн хэсгээс бүрддэгийн хувьд
Хүн бодит бус байдаг хэмээх мэт
Нийлмэл бүтэцтэй болохын хувьд
Бүрэлдэхүүн бүр нь түүнчлэн бодит бус

Дээрхийн Гэгээнтэн ‘Бодь Сэтгэлийн Тайлбар’ зохиолыг уншиж дуусаад, бодийн сэтгэлийг үүсгэх, бусдын сайн сайхны төлөө нигүүлсэхүй сэтгэлээр хандахыг магтан дуулсан шүлгээс эш татлаа.

76 Хамаг амьтанд тусалсны, эсвээс
Хор хөнөөл үйлдсэний үрээр
Ертөнцөд зовлон ба жаргалтай төрлөөр
Хүссэн, хүсээгүй үр жимс боловсорно

77–78 Хамаг амьтан, бусдад найдсанаар
Хүршгүй дээд Бурханы хутгийг олдог юм бол
Ертөнцийн хамгаалагч болсон
Брахма, Индра, Рудра нарын эдэлсэн лугаа
Бурхад хийгээд хүмүүний чинээлэг амьдралд
Гайхаад байх зүйл юу буй
Бусдад туслахгүйгээр болдог юм бол
Гурван ертөнцийн тогтолцоонд юу ч алга

Дээрхийн Гэгээнтэн дараа нь Жанрайсигийн авшиг хүртээх зан үйлийг хийлээ. Энэ уламжлал нь 5 дугаар Далай Ламын айлдвараас эхтэй гэдгийг тэр тайлбарлав. Тэрээр энэхүү цуглуулгыг өөрийн багш Тагдраг ринбучигээс авснаа батлаад, өөрийн болгохын тулд шаардлагатай хугацаанд тунгаан бясалгасан байна. Авшиг хүртээх зан үйлийн хүрээнд Дээрхийн Гэгээнтэн хурсан олныг хөтлөн, бодийн сэтгэл үүсгэж, бодьсатвын тангараг өргүүлэв. Эцэст нь тэрээр хэлэхдээ, бодь сэтгэл төлөвшүүлэх, хоосон чанарыг бясалгахдаа Жамьян Чэнзэванбугийн зохиосон садхана-г өдөр тутам анхаарч байвал илүү үр дүнтэй хэмээлээ.

Жанрайсиг бурханы авшиг ба иргэний ёс зүйн сэдэвт яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн дуурийн тоглолтыг
шимтэн үзэж сонирхлоо. Швейцарь, Базел, 2015.2.8.
Гэрэл зургийг Оливер Адам
Үдээс хойш танхимд эргэн ирээд, Төвөдийн залуу дуучид бүжигчдийн тоглосон дуурийг үзсэн Дээрхийн Гэгээнтний сэтгэл ихэд хөдөлж байгаа нь илт байлаа. Хот-кантоны ерөнхийлөгч Гай Морин нээж хэлсэн үгэндээ, эхний цагаач төвөдүүд 55 жилийн өмнө буюу цагаачлах болсныхаа дараахан Базелд ирж суурьшсан болохыг тэмдэглэн хэлэв. Гуугл хайлтаар шалгахад Базелийн ард түмэн Швейцарь дотроо хамгийн аз жаргалгүй хэмээн гарсныг тэр хэлж, танхимд хурсан олныг хөгжөөлөө. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс, “Бид хэрхэн илүү аз жаргалтай болох вэ?” хэмээн асуув.

“Ахан дүүс нар аа, Та бүхэнтэй уулзаж байгаадаа би туйлын баяртай байна. Энд ирсэн та бүхний царайг харахад бүгд жаргалтай мэт харагдаж байна. Тиймээс таны асуултыг нилээн нягт нямбай шинжлэх шаардлагатай юм байна” хэмээн Далай Лам хариуллаа.

“Өнөөдөр амьд мэнд байгаа 7 тэрбум хүн бүгд асуудалтай байгаа. Асуудалгүй нэгээхэн ч хүн үгүй бөгөөд харин асуудал тулгарсан үед хэрхэн хариу үйлдэл хийх нь бидний оюун ухаан, арга барилаас хамаарч өөр өөр байдаг. Бодит орчин, тав тух мэдээж чухал бөгөөд өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй. Гэхдээ орчин нөхцөл, тав тух, хүсч болох бүхнээ бүрдүүлсэн хэрнээ аз жаргалгүй хүмүүстэй би уулзаж байсан. Нөгөө талаас, зөвхөн талх, усаар хоолооод, агуйд даяанч маягаар 5 жилийг өнгөөрөөсөн католик ламтай Испанийн Монсерратад уулзсанаа би байнга дурсан санадаг. Түүнээс юу хийснийг асуухад, хайрыг бясалгасан гэж хариулсан. Энэ тухайгаа ярихад түүний нүд нь гялалзаж байсан юм. Түүний энэ байдлаас дүгнэхэд бидний оюун санааны байдал бие махбодийн байдлаас дээгүүр байдаг гэдэг нь харагдаж байна. Бидэнд хэрэгтэй зүйл бол хүндрэл асуудалтай тулгарсан ч үл хөндөгдөх сэтгэлийн буюу дотоод амар амгаланг бий болгох явдал юм.”

Сэтгэлийн амар амгалан хийгээд хүлээцтэй байдал, тэвчээр, уучлан өршөөх чанар зэрэг нь хүний бие махбодийн эрүүл мэнд болон оюун санааны хөгжилд тустай болохыг эрдэмтэд баталсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Сэтгэлийн амар амгаланд хүргэх дотоод үнэт зүйлсийг хөгжүүлэхэд асуудал оршиж байгаа гэдгийг Далай лам өгүүлээд, шашинд гэхээсээ илүү учир шалтгаан, эрүүл ухаан, шинжлэх ухааны ололтод тулгуурлахыг зөвлөсөн байна.

Жанрайсиг бурханы авшиг ба иргэний ёс зүйн сэдэвт яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварынхаа үеэр. Швейцарь,
Базел, 2015.2.8. Гэрэл зургийг Оливер Адам
Хүмүүст дотоод амар амгалангийн боловсролыг олгох төрөл бүрийн арга замын дотроос тэрээр иргэний хандлага буюу секуляризмын Энэтхэг хувилбарыг эш татсан бөгөөд Энэтхэг нь иргэний хандлага бүхий үндсэн хуультай гэдгийг онцлон тэмдэглэв. Шашны янз бүрийн хийгээд шашингүйн үзэлтний үзэл бодолд тэгш хүндэтгэлтэй ханддаг Энэтхэгийн арга барил нь ялангуяа өнөөгийн дэлхийн ертөнцөд чухал ач холбогдолтой байгаа билээ. Иргэний ёс зүй хэмээн түүний нэрлээд байгаа зүйлийг тодорхойлохдоо ямар ч үг хэллэг хэрэглэсэн бай, энэ нь аль нэг шашны итгэл үнэмшлээр үл хязгаарлагдах хүний үнэт зүйлсийн тухай ойлголт хэмээн төсөөлдгөө Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Өчигдөр ба өнөө өглөө тэрээр буддист лам хүний хувьд яриа хийсэн бол одоо энгийн хүний хувьд үг хэлж буйгаа тэр өгүүлсэн байна.

“Та нарт асуудал тулгардаг шиг надад ч мөн байдаг. Та бүхэнд уур хилэн, атаа жөтөө төрдөг шиг надад ч ийм зүйл тохиолддог. Сэтгэлийн амар амгаланг бий болгохыг хичээж, би дотоод үнэт зүйлсдээ анхаардаг шиг та бүхэн ч өөрөө, гэр бүлээрээ, нутаг нугаараа илүү аз жаргалтай амьдрахын тулд ийнхүү хичээж чадна. Бид үндэс сууриараа бүгд адилхан хүмүүс” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Танхимд суугаа 30-аас дээш настангууд 20 дугаар зуунд, 30-аас доош настангууд 21 дүгээр зуунд харьяалагдана хэмээн тэр нэмж хэллээ. Бид өнгөрснийг нэгэнт засч залруулж чадахгүй ч сургамж авах боломжтой хэмээн Далай Лам айлдлаа. Хэрвээ залуучууд өнөөдөр хэрэгтэй алхмыг хийж чадвал 21 дүгээр зууныг яриа хэлэлцээний эрин зуун болгох, дэлхийг илүү аз жаргалтай, амар тайван болгох боломжтой хэмээн тэр хэлэв.

Асуулт хариултын үед эрх чөлөөгүй байж, хэрхэн аз жаргалтай байж чадаж байгаа тухай түүнээс асуусан байна. Энэтхэгт хүрэлцэн ирээд, жинхнээсээ чөлөөлөгдлөө гэсэн мэдрэмж төрсөн хэмээн тэр хариулав. 15 дугаар Далай Лам төрөх эсэх тухай асуултад, энэ асуудал Төвөдийн ард түмний хүсэл зоригоос хамаарна гэдгийг аль эрт 1969 онд тодорхой илэрхийлсэн хэмээн тэр хариуллаа. Гэхдээ энэ асуудлыг түүнийг 90 нас хүртэл хөндөхгүй байхаар Төвөдийн шашны тэргүүн лам нар 2011 онд шийдсэн байна. Тэрээр инээгээд “Ахиад 10 жил хүлээх нь дээ” хэмээн хэллээ.

Жанрайсиг бурханы авшиг ба иргэний ёс зүйн сэдэвт яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын үеэр асуулт
асууж байгаа нэгэн. Швейцарь, Базел, 2015.2.8.
Гэрэл зургийг Оливер Адам
Амьтад Бурханы хутгийг олох боломжтой юу гэсэн асуултад, ухамсар бол гэгээрэхийн үр үндэс хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Зарим амьтад зарим нэг хурц мэдрэмжтэй байдаг ч агуу боломж бүхий оюун ухаантай байдаг нь хүн л учраас хүний амьдрал үнэ цэнэтэй хэмээн тэр хэллээ. Сургууль дээр хүмүүс түүнийг яагаад тайван байлгадаггүй тухай асуултыг тавьсан нэгэн хүүд тэр хариулахдаа, хүү даруухан, эелдэг харагдаж байгаа учраас яагаад гэдгийг ойлгохгүй байна гэв. Гэхдээ заримдаа түүнээс давуу гэдгээ хүмүүс илэрхийлэх гээд байвал хатуу чанга байх нь зөв хэмээн хүүд тэр зөвлөлөө.
“Шүгдэнг шүтдэг хэдэн мянган хүн ...” хэмээн нэг хүн хэлэхэд түүнээс микрофоныг авснаар тэрээр яриагаа дуусгаж чадсангүй. Харин Дээрхийн Гэгээнтэн тайвнаар,

“Тийм ээ, гадаа хүмүүс над руу хашгичиж байгаа. Тэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байна. Энэ асуудал бол шинэ биш, аль 17 дугаар зууны үеэс буюу 5 дугаар Далай Ламын үеэс үүдэлтэй. Тэр цагаас хойш Төвөдийн алдартай лам нар бүгд Шүгдэнг муу ёрын сахиус хэмээн тодорхойлсон байдаг. Энэ сахиус нэг л биш гэдгийг сэжиглэх хүртлээ буюу 1970-аад он хүртэл би энэ сахиусыг шүтэж байсан юм. Миний ахмад багш үүнийг маш хүчтэй эсэргүүцэж байсан. Би нягтлан судлаад, муу ёрын сахиус гэдгийг маш сайн ойлгосон. Сахиусыг шүтэхээ больсны дараахан манай сүм хийдүүдийн нэгэнд томоохон асуудал тулгарсан юм. Миний залуу багш хэлэхдээ, нэр хүнд муутай энэ сахиусанд найдсанаас болсон тул уламжлалт хамгаалагч Балдан Лхам хилэгнэсэн гэж хэлж билээ.”

“Би энэ сахиус шүтэхийг хориглохгүй ч, зөв бурууг илчлэн хэлэх нь миний үүрэг. Эдгээр хүмүүст ч сонголт хийх эрх чөлөө байгаа.”

Танхим түүнийг дэмжиж, алга ташилт нижигнүүллээ. Үхэхэд бэлтгэхтэй холбогдсон асуултад, эн тэргүүнд аль болох бусдад туслах замаар утга учиртай амьдрах, тусалж чадахгүй бол ядаж л хор хөнөөл хийхгүй байх нь маш чухал хэмээн тэр хариулсан байна. Өөр нэг эмэгтэй Facebook-ээр танилцсан хүн нь хууран мэхэлсэн тухай, тэр хүн нь Шүгдэнг шүтэгч байсан тухай түүхийг хүүрнэлээ. Time сэтгүүлд Бирмийн нэгэн ламыг ‘Буддист террорист’ хэмээн нэр хаяг зүүн сэтгүүлийн нүүрэнд гаргасан шиг нөхцөл байдал байх ёсгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Жанрайсиг бурханы авшиг ба иргэний ёс зүйн сэдэвт яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа өндөрлүүлээд хурсан
олонд талархлаа илэрхийлж байгаа нь. Швейцарь, Базел,
2015.2.8. Гэрэл зургийг Оливер Адам
Швейцарь болон Лихтенштейний Төвөдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч санхүүгийн тайланг тавьж, Дээрхийн Гэгээнтний хоёр өдрийн айлчлалыг амжилттай болгоход хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархал илэрхийлсэн байна. Энэ арга хэмжээний дараа төвөдүүдтэй хийсэн уулзалтын үеэр Төвөдийн дотоод ба гадаадад байгаа төвөд хүмүүсийн эв нэгдэл хийгээд эх оронч үзлийг Дээрхийн Гэгээнтэн магтан сайшаалаа. Тэрээр тэдэнд хандан, сайн сурч, өөрийн хэл, соёлын мэдлэгээ хамгаалан хэрэглэж, төвөд хүний үнэнч, сайхан сэтгэлийн нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалав. Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь,

“Базелд та бүхэн намайг зочломтгой зангаараа угтлаа. Баярлалаа. Даши Дэлэг! Аз жаргалыг ерөөе” хэмээн өгүүллээ.

Дээрхий Гэгээнтнийг зочид буудалдаа эргэн ирэхэд гадаа хэдийгээр харанхуй болсон боловч төвөдүүд түүнийг дуу бүжгээрээ угтан мэндчиллээ. Маргааш тэр Норвегийг зорин ниснэ.

Үзсэн: 2 266
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц