Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тронхейм, Копенгагенд буддистууд болон төвөдүүдтэй уулзлаа

20-02-2015, 03:54  |  Хэвлэх

2015 оны 2 дугаар сарын 11
Дани, Копенгаген, 2015 оны 2 дугаар сарын 10 – Тронхейм орчмын далай тэнгисийг нөмөрсөн харанхуй замхарч амжаагүй байхад Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзахаар төвөд хүмүүс буудалд нь хүрэлцэн ирлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тронхейм, Копенгагенд буддистууд болон төвөдүүдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн нийгэмлэгийн төлөөлөлтэй
уулзав. Норвеги, Тронхейм, 2015.2.10. Фото/ Жереми Рассел
“Бид бараг 56 жил цагаачийн амьдралаар амьдарцгааж байна,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. “56 жил гэдэг ард түмний хувьд тийм ч урт хугацаа биш боловч, хувь хүний хувьд маш урт хугацаа билээ. Төвөдөд үлдсэн төвөд хүмүүсийн сэтгэл зүрх хатуу чанга хэвээр байна. Тэднийг маш хатуужилтай болсон гэж миний хятад анд хэлж байсан. Учир нь тэд хатуу чанга бодлогыг сөрөн зогсч байгаа. Хятадуудын алсын хараагүй бодлого л тэднийг Хятадаас салан тусгаарлах үзэл рүү түлхэж байна.”

“Хятадууд өөрийн соёлоо хайрлан хүндэтгэдэг шиг, төвөдүүд мөн хэл соёлоо хайрлаж, хадгалан хамгаалахыг эрмэлзэж байна. Хятадууд өөрсдийгөө Нагаржуна гэгээний үзэл санааг баримтлагчид хэмээн үздэг ч, түүний сургаалийг төвөд хэлнээ яруу тод буулгасан шиг хятад хэл дээр илэрхийлэх боломжгүй байна хэмээн зарим хятад хүн хэлж байсан. Хятадууд ч мөн Наланда уламжлалыг дагадаг, гэхдээ бидэн шиг чанд баримталдаггүй. Хятадын залуус буддизмын сонгодог бүтээлийг уншиж чадахгүй бол бид буддын гүн ухааны олон үзэл баримтлалыг нарийвчлан хэлэлцэж чадна. Энэ бол бидний бахархах ёстойл зүйл мөн.”

Зуу бурхныг Лхаст буцааж залахаас өмнө Сианд байлгаж байсан бөгөөд тэнд очиж үзсэнээ Дээрхийн Гэгээнтэн хүүрнэв. Бурхан байсан газар одоо хоосон болсон. Түүнчлэн хотын ханан дээр Төвөдийн арми 763 онд хотыг эзэлж, өөрийн хааныг залсан тухай тэмдэглэгээ байсныг тэр олж харсан ажээ. Төвөдийн цэргийн хүч хэдийгээр буурч, улс төрийн хувьд улс орон хуваагдсан ч, шашин төвөдүүдийг нэгтгэж байгааг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

“Хятадад нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Бид эх орондоо харих боломж бүрдэнэ. Тиймээс бид уйгагүй сайн хөдөлмөрлөх ёстой бөгөөд тэр билэг дэмбэрэлтэй өдөр тохиох болно. Сэтгэлээр битгий унацгаа” хэмээн Далай Лам өгүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тронхейм, Копенгагенд буддистууд болон төвөдүүдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тронхеймийн Буддист Холбооны
гишүүдтийн хамт. Норвеги, Тронхейм, 2015.2.10.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Төрөл бүрийн орны буддистуудыг нэгтгэдэг Тронхеймийн Буддист Холбооны төлөөлөл Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд бараалхлаа. Энэ холбоонд Тайланд, Бирм, Вьетнамын лам, эмэгтэй хувраг, хар хүмүүс багтдаг ажээ. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан,

“Бид Европ тивийн хойд хязгаарт байж байна. Азид зарим Христийн шашинтнууд байдаг ч, Бирм, Тайланд, Шри Ланка, Лаос, Камбож, Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Төвөд болон Монгол нь уламжлалт буддист орон билээ. Би буддизмыг хэзээ ч сурталчилдаггүй ч, Монгол зэрэг оронд христийн номлогч нартай нүүр тулж байсан. Хэрвээ хүмүүст туслах гэж байгаа бол сайн хэрэг боловч, буддистуудыг өөр шашинд урвуулах гэж байгаа бол зохисгүй гэж би тэдэнд хэлсэн.

Ямар ч байсан бид 21 дүгээр зууны буддистууд байх ёстой гэдгийг би очсон газар бүртээ уулзсан буддистуудад үргэлж хэлдэг. Лам Гурван Эрдэнэ, Хутагтын Дөрвөн Үнэний утгыг ойлгохгүйгээр зүгээр л гараа хавсран залбирах нь тус нэмрийг үзүүлж эс чадна. Бид зовлонгоос ангижрах гэж юу болох, ямар зам мөрөөр явах тухай ойлголттой байх хэрэгтэй. Бид бүтээгч эзэнд итгэдэггүй, бид өөрөө өөрсөддөө эзэн. Бурхан Багш өөрийн ухаарлыг бидэнд дамжуулж чадахгүй, харин бидний явах зам мөрийг зааж чадна. Тиймээс би хятад ахан дүүс болон төвөдүүдэд Аюуш бурханд мөргөж, маань унших нь хангалттай бус гэж хэлдэг. Бурхан Буддагийн сургаалийг ойлгох шаардлага байгаа учраас бид судалж суралцах ёстой.” хэмээн айлдав.

Пали хэлний буюу Бага Хөлгөний буддизмыг дагагсад бол Бурхан Буддагийн ахмад шавь нар хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Гэхдээ санскрит болон пали уламжлалд адилхан байдаг Бурхан Багш шавь нартаа түүний сургаалийг сохроор бус, харин үнэн гэдгийг нь батлахын тулд нягталж шинжилсний үндсэн дээр хүлээн авахыг зөвлөсөн хэмээн тэмдэглэсэн байдаг. Судалгаа шинжилгээг лабораторит бус, харин сэтгэл оюундаа тунгаах ёстой.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тронхейм, Копенгагенд буддистууд болон төвөдүүдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтнийг Копенгагенд Төвөдийн нийгэмлэгийн төлөөлөл
төвөд уламжлалаар угтан мэндчиллээ. Дани, Копенгаген, 2015.2.10.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Олон Улсын Оюутны Их Наадмын төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтнийг Тронхеймийн нисэх буудал хүртэл гаргаж өгсөн бөгөөд тэрээр Копенгагенийг зорин нислээ. Зорьсон газар ойртох тусам цас мөсөөр хучигдсан байгалийн төрх шинэхэн хагалсан газраар солигдон, онгоц газардахад нар ээн дулаахан байв. Түүнийг Копенгагенд газардахад Лакха ринбучигийн удирдлаган дор энэхүү аяллыг зохион байгуулсан Данийн сайн дурын 7 байгууллагын төлөөлөгчид болон Энэтхэгийн ЭСЯ-ны ажилтнууд угтан авсан байна. Дээрхийн Гэгээнтэн үг хэлэх хурлын төвийн хажууханд байрлах зочид буудалдаа тийм ч их цаг зарцуулалгүйгээр хүрлээ. Төвөдүүд түүнийг өөрсдийн зан заншлаар угтан мэндчилэв.

Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн Төвөдийг дэмжигч байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрээр Лакха ринбучи, мөн түүний эхнэрийн Энэтхэгт болон Данид өрнүүлж байгаа идэвхтэй үйл ажиллагааг өндрөөр үнэлж, талархлаа илэрхийлэв. Далай Лам МЭ150 оны үеэс зохиогдсон Рун бичгийн гарал үүсэл хийгээд археологийн олдворын талаар яриа өрнүүллээ.

Зочид буудлын хаалган дээр Шүгдэнг шүтэгчтэй тааралдсан нь Дээрхийн Гэгээнтэнд Шүгдэнгийн талаар ярих сэжүүр болсон байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тронхейм, Копенгагенд буддистууд болон төвөдүүдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийг дэмжигч байгууллагуудын
төлөөлөлтэй уулзаж байгаа нь. Дани, Копенгаген, 2015.2.10.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
“Энэ бол саяхны асуудал биш ээ. Энэ сахиустай холбоотой асуудал 400 жилийн өмнө үүссэн бөгөөд тэр 5 дугаар Далай Ламтай харилцаа сайнгүй байсан байна. Тэр цагаас хойш 13 дугаар Далай Ламын эрин хүртэл энэ сахиус нь орон нутгийн шүтээн маягаар шүтэгдэж, хүмүүс түүнд онцгой анхаарал хандуулдаггүй байсан. Үүнийг дэлгэрүүлсэн хүн нь Пабонка ринбучи юм. Тэр энэ сахиусыг зөв учир шалтгааны улмаас бус, харин айдас хүйдсийнхээ улмаас шүтдэг байсан. Амьдралынхаа эхний жилүүдэд тэр урсгал чиглэлээр явцуурдаггүй байсан. Тижан ринбучиг бага залуу байхад, Пабонка ринбучи машид нууц Хаяагрива –г бясалгахын тулд даяанчлалд сууж, тэр хугацаандаа үрэл бэлтгэдэг байсан тухай Трижан ринбучи надад ярьж байсныг санаж байна. Хожим нь 13 дугаар Далай Лам түүнд хэрвээ Шүгдэнг хэт их шүтэх аваас лам Гурван Эрдэнэд аврал одуулах үүргээ зөрчсөн болохыг сануулсан байна. Тэрээр 13 дугаар Далай Ламыг амьд сэрүүнд шүтлэгээ багасгасан боловч, түүнийг таалал төгссөний дараа дахин сэргээсэн юм.

1951 онд Ядүнд байхдаа би алдаа гаргаж, тэр сахиусыг шүтэх болсон. Хожим нь 1960-аад онд би илүү нарийн судалж үзээд, учир юунд оршиж байгааг ойлгож, шүтлэгээ зогсоосон. Энэ тухайгаа хоёр багшдаа айлтгахад тэд намайг дэмжсэн юм. Би буддизмын доторхи урсгал чиглэлийг ялгаварладаггүй. Би няма, сажа, гаржүд болон гэлүгба урсгалын номыг үздэг. Энэ асуудлын талаар үнэн мөнийг хэлэх нь миний үүрэг гэж үздэг. Бүрэн мэдэлээл үгүй эдгээр жагсагчдыг турхирч байгаа хүмүүст өөрийн гэсэн шалтгаан байгаа л байх. Мунхгийн харанхуйд будилж байгаа эдгээр хүмүүсийг хараад би өрөвдөн нигүүлсэж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тронхейм, Копенгагенд буддистууд болон төвөдүүдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн нийгэмлэгийн төлөөлөлтэй
уулзлаа. Дани, Копенгаген, 2015.2.10. Гэрэл зургийг Жереми Рассел
Дээрхийн Гэгээнтэн дараа нь тэнд амьдарч байгаа төвөд хүмүүс, тэдний гэр бүл болон найз нөхдийг хүлээн авч уулзаад, төвөдүүдийн хадгалан авч үлдсэн эртний Энэтхэгийн мэдлэг, тухайлбал сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн тухай мэдлэгийн талаар бахдан ярилаа. Энэхүү мэдлэгийг бусадтай хуваалцсанаараа төвөдүүд дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа билээ. Даруу төлөв байж, эрдэм номд шамдан, үнэнч шударга зан, сайхан сэтгэлтэй гэсэн нэр алдраа хадгалахыг тэрээр зөвлөлөө. Дромтонбын эрин үе буюу 1000 жилийн өмнө Төвөдийн хүн ам 10 сая байсныг Дээрхийн Гэгээнтэн дурдаад, тэр цагаас хойш хүн амын тоо буурсан ч, олон хүүхэд төрүүлж, тэдэндээ төвөд хэл заахыг уриаллав.

Хятадад нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа, тэнд 400 сая орчим буддист бий гэсэн тооцоо байдгаас зарим нь Төвөдийн буддизмыг сонирхож байгаа талаар тэр хүүрнэлээ. Буддизм Хятадын соёлын сэргэн мандалтад чухал үүрэг гүйцэтгэх тухай Си Жиньпиний Парис болон Делид хийсэн мэдэгдлээс тэр эш татаад, энэ бол сайны дохио хэмээн хэлэв.

Хэдийгээр 80 дөхөж байгаа ч, эмч нар түүнийг сайн гэж хэлсэн тул түүнд санаа зовох хэрэггүй хэмээн тэр хэллээ. Аз жаргалтай амьдрахыг Дээрхийн Гэгээнтэн тэдэнд ерөөв. Копенгагенд байх хугацаандаа тэрээр олон нийтэд яриа хийж, ‘Оюун Судлахуйн Найман Бадаг’ зохиолыг хөтлөн тайлбарлана.
Үзсэн: 2 493
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц