Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулж урт наслахын даншүг ёслол үйлдлээ

7-03-2015, 03:31  |  Хэвлэх

2015 оны 3 дугаар сарын 4

Энэтхэг, Химачал, Прадеш, Дарамсала, 2015 оны 3 дугаар сарын 4 – Уулын орой дахь шинэхэн цас хөх тэнгэрийн өнгөн дээр гялалзсан, цэлмэг атлаа жихүүн энэ өглөө Насны бурхан болох Аюуш бурхны урт наслахын даншүг ёслолыг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулан үйлдлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулж урт наслахын даншүг ёслол үйлдлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслахуйн даншүг өргөхийн
өмнө Гонгар Чойдэ хийдийн лам нар цам бүжлээ. Энэтхэг, Химачал
Прадеш, 2015.3.4. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтнийг өргөөнийхөө хаалгаар гарч ирэх мөчид нуруундаа том бөмбөр үүрсэн Гонгар Чойдэ хийдийн лам нар Цам бүжиг бүжин түүнийг угтав. Энэхүү арга хэмжээг Белгийн Төвөдийн Холбоо, Төвөдийн Нэгдсэн Хороо, Урт наслахуйн ёслолын Лхасын дүүргийн Хороо, Лхока Ардын Холбоо болон Дарамсалагийн Төвөдийн Бизнесийн Холбоо гэсэн таван байгууллага нэгдэн зохион байгуулж байгаа ажээ.

Мөргөлийн үеэр гүрү Бадамсамбава, Наландагийн 17 их бандида, Далай Ламын дамжлагын магтаалыг уншсан байна. Аюуш бурхантай холбоотой уг ёслолыг нямава урсгалын өнөө цагийн тэргүүн Даглүн Цэбрүл ринбучигийн удирдлаган дор Миндроллин болон Дорж Даг хийдийн лам нар үйлдлээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулан Жамьяан Чэнзэ Чожи Лодойгийн зохиосон залбирал, Дээрхийн Гэгээнтний багш Лин ринбучи болон Тижан ринбучи нарын зохиосон урт наслахуйн залбирлыг мөн уншив.

Арга хэмжээний төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн энэхүү санаачлагыг гаргасан 5 байгууллагын гишүүдэд хандан, хоёргүй сэтгэлээр түүнд итгэж зүтгэж байгаад нь талархал илэрхийллээ. Дорж Дак болон Миндроллин хийдийн лам нар уг арга хэмжээний зан үйлийг хамтдаа гүйцэтгэснийг тэрээр тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд талархаад, 5 дугаар Далай ламтай Дорж Дак хийдийн Пема Дринлей болон Миндроллин хийдийн Тердаг Линпа нар онцгой харьцаатай байсныг тэмдэглэлээ. Даглүн Цебрүл ринбучигийн оролцоог тэр мөн өндрөөр үнэлсэн байна.

“Энэхүү өргөлд оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Энэ мөргөлийн мөн чанар нь багш шавийн бат бөх холбоонд оршино. Лам багшийн зааж сургасныг оюун тархиндаа шингээж, сургаалийг нь амьдралд хэрэгжүүлэх нь чухал,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Бурхад бусдын буруу үйлийг усаар угаадаггүй,
Хамаг амьтны зовлонг гараар арчин арилгадаггүй
Ухаарч ойлгосноо бусдад шилжүүлдэггүй
Үнэний тухай сургаалиаараа хамаг амьтныг чөлөөлдөг

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулж урт наслахын даншүг ёслол үйлдлээ
Даглүн Цебрүл ринбучи Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулсан
даншүгийн ерөөлийг уншиж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
2015.3.4. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Хэрвээ лам багш ямар нэг үндэслэл муутай зүйлийг сургавал та бүхэнд багштайгаа энэ талаар чөлөөтэй мэтгэлцэх эрх байгаа ч, хэрвээ багш тань зөв зүйл сургасан бол шууд амьдралд хэрэгжүүлэх ёстой.”

Дэлхий дахинд төвөд хүмүүсийн халуун дулаан сэтгэлийг үнэлдэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглээд, хувь хүний зөв үйлдэл нь хамгийн сайн өргөл болно хэмээн нэмж хэллээ. Тэрээр бардам зан гаргахгүй байхыг анхааруулаад, хэрвээ төвөдүүд эрхэлсэн ажил төрөлдөө бодитоор, чин сэтгэлээсээ хандаж зүтгэвэл Төвөдийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан эсэх талаар ямар нэг байдлаар эргэлзээ төрөхгүйгээс гадна хорвоогоос халихын цагт харамсах зүйлгүй байна гэдгийг тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн “Даши Дэлэг, баярлалаа” хэмээн яриагаа өндөрлөхөд хурсан олон “Үнэний Үг“ хэмээх залбирлыг уншллаа.

Бурхад хийгээд бодьсатва нарын өмнө
Төвөд нутаг зоны төлөө Жанрайсиг Бурханы үйлдсэн
Хүсэл тэмүүллийн асар их залбирал
Яг одоо бөгөөд энд үтэр түргэн үр шимийг өгөх болтугай
Үзсэн: 2 576
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц