Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Ланкийн лам хуврагууд болон АНУ-ын дипломат албаныхантай уулзлаа

26-03-2015, 17:13  |  Хэвлэх

2015 оны 3 дугаар сарын 19

Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 3 дугаар сарын 19 – Дарамсалад сүүлийн 7 хоног гаруйн хугацаанд зэврүүн, чийглэг уур амьсгал зонхилж байсан бол өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Дели хотноо морилон ирэхэд таатай дулаан уур амьсгал угтлаа. Энэ өглөө винайн ёс буюу сүм хийдийн сахилга батын тухай хэлэлцэн ярилцахаар Дээрхийн Гэгээнтэн Шри Ланкийн лам хуврагуудтай уулзсан байна. Лам хуврагуудтай мэндчилээд тэрээр,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Ланкийн лам хуврагууд болон АНУ-ын дипломат албаныхантай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Ланкийн дээд мяндагт лам
нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.19.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
“Бид бүгд Бурхан Багшийн шавь нар билээ. Шинжлэх ухааныг баримтлагчид хэдийгээр шашинд эргэлзэнгүй ханддаг ч, тэдний ихэнх нь Бурхан Буддагийн сургаалийн зарим асуудлыг сонирхож буйгаа илэрхийлдэг. Бурхан Багш дараагийн төрлийн тухайд номлоод зогсоогүй, энэ төрөлдөө хэрхэн аз жаргалтай амьдрах тухайд номоо айлдсан учраас түүний сургааль иргэний ёс зүйтэй авцалддаг. Зарим эрдэмтдийн хэлсэнчлэн, буддизмыг энэрэнгүй ёсны нэгэн салбар ухаан хэмээн үзэж болно” хэмээн хэлэв.

Тэрээр хүмүүстэй уулзахдаа, тэдний хэн байхаас үл хамааран өөрийгөө тэдгээр хүмүүсийн нэгэн адил хүн гэж үздэг тухайгаа Дээрхийн Гэгээнтэн тайбарлан ярилаа. Өөрийгөө бусдаас өөр, онцгой нэгэн хэмээн үзэх аваас өөр хийгээд өрөөлийн хооронд зай завсар, ангал үүсч, улмаар ганцаардал болон тусгаарлагдмал байдалд хүргэнэ. Шри Ланкийн лам нар өөрсдийн зүгээс танилцуулахдаа, Шри Ланкийн буддизмын гурван том уламжлал болох Раманьяа, Шияам, Амарапура Никаяасын тэргүүн дээд лам нар болон Асгири бүлгийн гишүүд, Махабоди нийгэмлэгийн ерөнхийлөгч ирсэн болохыг мэдэгдсэн байна. Тэдний төлөөлөгч хэлэхдээ,

“Өчигдөр бид винайн ёсны талаар бүтэн өдрийн турш авч хэлэлцсэн. Бид Шри Ланка болон Төвөдийн винайн уламжлал болох Тревада хийгээд Муласарвасти уламжлалыг харьцуулж үзээд, ноцтой ялгаа байхгүйг олж мэдлээ” хэмээв.

Шри Ланкийн дийлэнх иргэд Дээрхийн Гэгээнтнийг өөрийн оронд айлчлахыг хүсч байгааг тэдгээр лам хуврагууд нэгэн дуугаар уламжлав. Дээрхийн Гэгээнтэн урилгыг дуртайяа хүлээн авч буйгаа илэрхийлэхийн хамт Шри Ланкийн лам нар Энэтхэгт хүрэлцэн ирж, Төвөдийн лам нартай санал бодлоо хуваалцахыг харахдаа баяртай байх болно хэмээв. Түүний эрүүл мэнд ерөнхийдөө сайн байгаа ч, өвдөгний өвчин зовоож байгаа, шатаар дээш доош явахад хүндрэлтэй болж байгаа тул тэргэнцэр дээр сууж яриа хийх хүслээ Далай Лам илэрхийллээ. Гадаадад хийдэг айлчлалынхаа тухайд,

“Буддын шашинт бус оронд айлчлахдаа нэг талаас шашны бусад уламжлалыг хүндэтгэх үүднээс, нөгөө талаас шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх үүднээс би хэзээ ч буддизмыг сурталчилдаггүй. 21 дүгээр зуунд амьдарч байгаа буддист хүний хувьд бидний мэдэх ёстой зүйл бол ёс зүй, төвлөрөл ба билиг билгүүн билээ. Би үгүй хэмээх буддист сургааль нь квантын физикийн үзэл санаатай нийцдэг гэдгийг бид ойлгох ёстой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Ланкийн лам хуврагууд болон АНУ-ын дипломат албаныхантай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Ланкийн ламд Бурхан Багшийн
дүр бэлэглэж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.19.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Гэвш цолыг авахын тулд тэр ердөө 13 жил сурсан бол зарим хүмүүс 20 жил, харин Төвөдөд дээр үед гэвшийн дамжаа барихын тулд 20-30 жил сурах нь ердийн асуудал байсан тухай Дээрхийн Гэгээнтэн хүүрнэлээ. Шри Ланкийн лам хуврагуудын цол хэргэм нь мөн адил тэдний он удаан жилийн хөдөлмөрийг илэрхийлдэг бөгөөд 10 жилийн дараа ставира лам теро болж, 20-30 жилийн дараа махатеро болдог талаар тэд танилцуулав. Санал бодлоо солилцохын тулд тогтмол уулзаж байхын ач холбогдлыг талууд онцлон тэмдэглэлээ.

Аз жаргалын жинхэнэ эх сурвалж нь бидний дотоодод байдаг, дотоод үнэт зүйлс бол сэтгэлийн амар амгалангийн эх сурвалж гэдгийг энгийн ард иргэдэд таниулан ойлгуулах арга замыг олох хүсэлтэй байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлсэн байна. Дараа нь Хутагтын Дөрвөн Үнэний үндсэн билгүүнийг хийгээд санскрит уламжлалаар Дөрвөн Үнэний 16 шинж тэмдгийг хэрхэн тайлбарладаг талаар бишрэн ярилаа. Шри Ланкийн ахмад нэгэн лам үзэл бодлоо солилцож байгаа явдлыг үнэлээд, хоёр сард нэг удаа нүглээ наминчлан, ариусах зан үйлийг илүү хатуу чанга хийх аваас сүм хийдийн сахилга бат сайжирна хэмээн тэмдэглэн хэлэв.

Билиг билгүүнийг хөгжүүлэхийн тулд Шри Ланкийн лам нар чухам ямар судрыг уншдаг талаар асуусан Дээрхийн Гэгээнтний асуултад тэд Буддагошагийн ‘Висудхимарга’ эсвэл ‘Ариусахуйн зам мөр’ хэмээн хариуллаа. Дээрхийн Гэгээнтэн,

“Бид Шагжамуни Буддаг залгамжилсан номын ахан дүүс боловч, та бүхэн ахмад шавь нар нь яах аргагүй мөн. Бурхан Буддагийн номлолыг хятадууд мөн биднээс урьтаж үзсэн гэдгийг би байнга дурсдаг. Гэхдээ төвөдүүд тэрхүү сургаалийг илүү гүн гүнзгий судалж, ойлгосноороо хожуу үеийн шавийн байр сууриа өргөсөн. Бид цаашдаа бие биенээсээ суралцах зүйл байгаа гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт үүний сайхан эхлэл боллоо” хэмээн айлдав.

Эртний буддын дурсгалт газруудыг мөргөлийн газар болгон хөгжүүлэх төслийн талаар Дээрхийн Гэгээнтний болон Шри Ланкийн ахмад лам нарын саналыг Энэтхэгийн Гужарат мужийн иргэн асуусан байна. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,

“Нэгэнт эдгээр газар нь буддизмтай холбоотой учраас өнөөгийн буудист орнуудын төлөөллийг тусгах арга замыг хайх нь зүйтэй. 2600 жилийн өмнө Будда Энэтхэгт амьдарч, сургааль номоо айлдсан ч, түүний сургааль өнөөдөр ч дэлхийн өнцөг булан бүрт цэцэглэн хөгжсөөр байгааг та бүхэн харуулах боломжтой. Мөргөлийн газар төдийг байгуулж, жуулчдыг татахаас илүү буддизмын пали хийгээд санскрит уламжлалын талаар илүү ихийг мэдэх боломжийг хүмүүст олгосон сургалтын төвүүдийг байгуулах нь хамаагүй үнэ цэнэтэй байх болно” хэмээв.

Уулзалт семинарт оролцохоор Шинэ Делид цугларсан, АНУ-ыг төлөөлж 8 оронд сууж байгаа элчин сайдуудтай уулзахдаа,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Ланкийн лам хуврагууд болон АНУ-ын дипломат албаныхантай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам АНУ-ын дипломат төлөөлөгчидтэй
уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.19.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
“АНУ -ыг чөлөөт ертөнцийн тэргүүлэх орон гэж үздэгээ би тодорхой илэрхийлдэг. Европоос Америк руу нисч байсан нэгэн нислэгийнхээ үеэр би АНУ-ын эдийн засаг муудаж, Хятадын эдийн засаг сайжирч байгаа тухай бичсэн сонины нийтлэлийг уншсан юм. Ерөнхийлөгч Обаматай уулзах үедээ чөлөөт ертөнцийн бусад улс оронд нөлөөлж болох үр дагаврын талаар санаа зовниж байгаагаа би хэлсэн. АНУ-ын эдийн засаг зарим хүмүүсийн бодож байгаагаас хамаагүй илүү сайн, Хятадын эдийн засгаас ч сайн байсаар байгааг ерөнхийлөгч хэлээд, үүнд санаа зовохгүй байхыг надаас хүссэний дараа миний сэтгэл хөнгөрсөн.

Дэлхийн хамгийн олон хүн амтай ардчилсан орны хувьд Энэтхэг мөн чухал ач холбогдолтой. Энэ орон бол шашны эв зохицлыг бодит болгон харуулсан орон. Эцэст нь Япон бол Азийн хамгийн хүчирхэг аж үйлдвэржсэн ардчилсан орон. Энэ гурван орны харилцаа туйлын чухал ач холбогдолтой бөгөөд Хятадыг гутаах үүднээс үүнийг би хэлээгүй. Хятад эцсийн дүндээ чөлөөт ертөнцтэй хөл нийлүүлэн алхана гэдэгт би итгэдэг ч, үүнд хэдэн арван жил шаардагдаж магад” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ.

Дээрхийн Гэгээнтэн асуултад хариулахдаа, Хятадын шашингүйн үзэлт, коммунистууд түүний хойд төрөлд өөрөөс нь илүү санаа тавьж байх шиг байгааг дурдаад, Далай Ламаас өмнө эн тэргүүнд Мао, эсвэл Дэн даргын хойд дүрийг тодруулах нь илүү үнэмшилтэй байх болно гэдгийг тайлбарлан ярив. Дараагийн Далай Ламыг тодруулах эсэх нь Төвөдийн ард түмний хүсэл эрмэлзлээс хамаарна хэмээн аль 1969 онд зарласнаа тэрээр давтан хэллээ.

Саяхан болсон үйл явдлын үр дагавар төвөдийн ард түмэн хийгээд уламжлал соёлд тусах эсэх тухайд, одоогоор дүгнэж хэлэхэд эрт байна хэмээн тэр хэлэв. Гэхдээ өөрийн уламжлал соёлд хэт автагдах нь ‘бид’ ба ‘тэд’ гэсэн явцуу хуваагдалд хүргэж, улмаар сөрөг үр дагаврыг дагуулдгийг тэрээр сануулав. Лалын шашинт орнуудад өрнөж буй суннит ба шиитийн зөрчилдөөний талаар бодож үзэхийг Дээрхийн Гэгээнтэн сонсогчдоосоо хүслээ. Төвөдийн буддистуудын дунд хүртэл ийм хагарал байдаг, Шүгдэнгийн талынхан түүнийг ‘хуурамч Далай Лам’ хэмээдэг хэмээн тэрээр ёжтойгоор инээмсэглэн хэлэв. Түүний гэрэл зурган дээр лалын шашинтны малгай өмсгөж, энэ бол буддист бус, харин лалын шашинтан гэдгийн нотолгоо хэмээн тайлбарладаг тухай Далай Лам хүүрнэлээ. Тэрээр бусад шашны мөргөлийн газарт очиж үзэх дуртай бөгөөд тухайн сүм хийдийн уламжлалыг хүндэтгэх үүднээс малгайг нь өмссөн болохоо тайлбарлав.

“1951-ээс1970 оны хооронд би ч гэсэн алдаа эндэгдэл гаргаж Дорж Шүгдэнг шүтдэг байсан. Дараа нь нягталж судалсны үндсэн дээр, 5 дугаар Далай лам тэрхүү муу ёрын зэтгэрийг шүтэхийг хориглож байсныг олж мэдсэн. Хэрвээ би Шүгдэнгийн хүмүүсийн нэгэн адил зам мөрөөр явах аваас би өмнөх төрлүүдийнхээ үйл хэргийг зөрчиж, жинхнээсээ ‘хуурамч Далай лам’ болно гэдгээ ухаарсан” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Ланкийн лам хуврагууд болон АНУ-ын дипломат албаныхантай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам АНУ-ын дипломат ажилтнуудтай
хамт. Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.19. Фото Жереми Рассел /ДЛО
Дундаж хандлага хийгээд Төвөдийн бүрэн тусгаар тогтнолыг дэмжигчдийн тэнцвэртэй байдлын тухай асуултад, ихэнх боловсролтзалуу төвөдүүд бодит нөхцөл байдлыг үнэлж Дундаж хандлагыг дэмжиж байгаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулаад, харин өөрөөр бодох нь идеализм хэмээв. 7,8,9 дүгээр зуунд Хятад, Монгол, Төвөд гэсэн гурван өөр эзэнт гүрэн байсан хэмээн тэрээр батлан хэлэв. Тэр эрт цагт өөр хоорондоо ураг барилдсаны улмаас Төвөд Хятадын нэг хэсэг болсон хэмээн Хятадын хатуу бодлоготнууд хожим нь батлах болсон. Дараа нь 13 дугаар зуунд Хятад Төвөд хоёулаа Монголын эзэнт гүрний хяналтан дор орох үед Төвөд эргэлт буцалтгүй Хятадын нэг хэсэг болсон хэмээн тэд батлан хэлдэг. Ийм замаар эрт дээр үеэс эхлэн Төвөдийг Хятадын нэг хэсэг байсан хэмээн үзэж болно гэж Зянь Зэнмин хэлж байсан.

“Хэрвээ хятадууд Төвөдийн материаллаг сайн сайхныг батлах аваас Хятадын бүрэлдэхүүн хэсэг байх нь бидний эрх ашигт нийцэж болох ч, амар амгалан, нигүүлсэхүйн соёл болохынх нь хувьд бусдад ач тустай Төвөдийн соёлыг хамгаалах эрх чөлөөг өгөх нөхцөлтэйгээр энэ нь хэрэгжинэ.”

Төвөдийн тусгаар тогтнолыг дэмжигч нэгэнтэй уулзсанаа Дээрхийн Гэгээнтэн дурсаад, хятадууд тусгаар тогтнолыг зүгээр нэг олгохгүй нь ойлгомжтой учраас төвөдүүд үүний төлөө тэмцэх ёстой гэдэг дээр харилцан ойлголцсон хэмээн мэдэгдэв. Tүүний тулд зэвсэг хэрэгтэй болж, хаанаас авах нь тодорхой болсон ч, тэд хэрхэн төлбөрийг хийх билээ гэсэн асуулт гарна. Зэвсгээ Энэтхэг, Балбаар дамжуулах боломжгүй, мөн Бутанаар ч дамжуулахгүй нь ойлгомжтой. Зэр зэвсэг олсон ч, гарз хохирлыг хэрхэн давах вэ? 100 хүнээ алдахад төвөдүүдийн хувьд асар том гарз болох бол 100000 хүн хятадуудын хувьд мэдрэгдэх төдийн байна. Ийм ярианы дараа түүний ярилцагч нулимстай нүдтэй өрөөнөөс гарсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Өөр хүмүүсийн маргааны үйл явцад эерэг нөлөө үзүүлэх боломжтой эсэх талаархи асуултад, хүмүүсийн дунд байдаг ялгаанд анхаарлаа хандуулахын оронд бидэнтэй адил хүн гэдгийг онцлон анхаарах ёстой хэмээн тэр давтан хэллээ. Асуудалд бодитоор хандаж, эрүүл ухаанд найдахын ач холбогдлыг тэрээр онцлон тэмдэглээд, дэлхийн олон орныг ардчилалд хөтлөх АНУ болон бусад улсын үүрэг хариуцлагыг давтан санууллаа.

Үзсэн: 2 663
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц