Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын захирлуудтай уулзлаа

7-06-2015, 03:42  |  Хэвлэх

2015 оны 5 дугаар санын 15

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин, 2015 оны 5 дугаар сарын 15 – Дээрхийн Гэгээнтэн Далай лам өнөөдөр өөрийн өргөөндөө Вьетнамын Гүйцэтгэх Захирлуудын клубын гишүүн 112 хүнийг хүлээн авч уулзлаа. Ирсэн хүмүүсийн 60% нь эмэгтэй, 40% нь эрэгтэй хүмүүс байв. Тэдний ихэнх нь Дарамсалад анх удаа ирж байгаа ажээ. Уулзалтын эхэнд зочид Дээрхийн Гэгээнтэнд Шантидева гэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’ бүтээлийн англи болон вьетнам хэл дээрх хоёр боть номыг гардууллаа. Эдгээр ном 600 орчим хүний хандиваар бүтсэн байна. Дээрхийн Гэгээнтэн талархлаа илэрхийлэн хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын захирлуудтай уулзлаа
Вьетнамын Гүйцэтгэх захирлуудын клубын гишүүд Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламд Шантидева гэгээний "Бодьсатвын явдалд
орохуй" зохиолын хувийг гардуулж байгаа нь. Энэтхэг, Химачал
Прадеш, Дарамсала, 2015.5.15. Гэрэл зургийгТэнзин Чоежор/ДЛО
“‘Бодьсадвын явдалд орохуй’ номын дамжлагыг би анх 1967 онд Хүннү Лама ринбучигээс авах үед тэрээр боломж гарах бүрийд энэхүү сургаалийг түгээх хэрэгтэй гэж надад захьсан юм. Би ч түүний захиасыг биелүүлэхийг хичээсээр ирлээ. Сэтгэлээ засахад энэ бүтээл маш тустай хэмээн би боддог. Боломж гарах бүрт би энэ номыг дахин дахин уншиж, судалдаг” хэмээв.

“Энэхүү бүтээлд амин хувиа хичээх үзэл, гаднаа оршин байгаа мэт харагдах эд юмсад хэт автагдах хандлагыг сааруулахад тус нэмэр болохуйц зүйлийг сургасан байдаг. Бидэнд саад болдог сэтгэлийн сөрөг хандлагыг дарахад энэ ном тусална. Бид албан ёсоор шашны аль нэг уламжлалыг дагадаг, эс дагадгаас үл хамааран дотоод үнэт зүйлсдээ илүү их анхаарал тавих хэрэгтэй байна.”

Бид аз жаргалын тухай ярихдаа сайхан байгаль, тайвшруулах хөгжим зэрэг гадаад мэдрэхүйгээр мэдэрсэн зүйлтэй ихэнхдээ холбодог хэмээн тэр үргэлжлүүлэн хэлэв. Бидний дотоод ертөнцөд байгаа аз жаргалын эх сурвалж болсон сэтгэлдээ бид хангалттай анхаарал хандуулдаггүй. Өнөө өглөөний БиБиСи-гийн эхний мэдээ нь бүрэн бус усан онгоцонд суусан Хойд Африкийн хууль бус цагаачид Европ тивийн эргийг зорин тэмцэж байгаа, тэдний ихэнх нь зам зуураа амь үрэгдэж байгаа тухай байсныг Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэ бол хүмүүсийн өөрсдөө бий болгосон хүндрэлийн нэг жишээ мөн. Хүндрэлтэй ихэнх асуудал бид ба тэд гэсэн бидний сэтгэлгээ, зөвхөн өөрийн талд үйлчлэх гэсэн бидний хандлагаас улбаатай үүсдэг. ‘Бодьсадвын явдалд орохуй’ бүтээл бол дээрх хандлагыг сөрөх тухай номлодог.

Сэтгэлээ засахын тулд түүнийг хэрхэн олж харах вэ гэсэн эхний асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,

“Эн тэргүүнд аль нэг эд зүйл дээр өөрийн нүд болон сэтгэлээ төвлөрүүлэх хэрэгтэй. Дараа нь нүдээ аних үед тухайн зүйлийн дүр төрх сэтгэлд хадгалагдан үлдэнэ. Ийм замаар өөрийн анхаарлыг илүү тогтвортой болгож сурах боломжтой. Дараа нь, анхаарлаа сэтгэл рүү чиглүүлэх боломжтой болно.

Уг номын 6 дугаар бүлэгт тэвчээрийн тухай өгүүлсэн байдаг. Бид ихэнхдээ сэтгэлийн сөрөг хандлагадаа итгэж, түүнд тулгуурлаж ирсэн бол энэ бүлгийг уншвал сөрөг сэтгэл ямар хор хөнөөлтэй болох, түүнийг хэрхэн хянах тухай тодорхой заасан байдаг. 8 дугаар бүлэгт эд юмсад хэт автагдах, амин хувиа хичээхийн сөрөг тал хийгээд бусдад туслахын давуу талын тухай өгүүлдэг.

Шашны аль нэг зам мөрийг дагадаг, эс дагадгаас үл хамааран бид аз жаргалгүй байхын шалтгаан болох сэтгэлийн сөрөг хандлагын талаар болон түүнийг хэрхэн дарах арга замын талаар судлах нь чухал. Түүнчлэн аз жаргалын шалтгаан болох хайр, нигүүлсэхүй сэтгэл хийгээд тэдгээрийг хэрхэн төлөвшүүлэх арга замд анхаарлаа хандуулах хэрэгтэй” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын захирлуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын төлөөлөгчидтэй уулзаж
байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015.5.15.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн ирсэн зочдоос Вьетнамд амиа хорлох явдлын тоо хэмжээний талаар асууж, харьцангуй бага гэсэн хариулт сонслоо. Тэрээр амиа хорлох явдал хот хөдөөгийн алинд нь их тохиолддог талаар үргэлжлүүлэн асуув. Хотод илүү тохиолддог тухай хариулт сонсоод, хотод хүмүүс бие биенээсээ тусгаарлагдмал, ганцаардмал байдлыг амархан мэдэрдэг бол хөдөөд хүмүүс бие биенээ илүү мэдэрч дэмждэг хэмээн тэр тэмдэглэн хэллээ. Үүнд хайр энэрэл гол үүргийг гүйцэтгэнэ хэмээн онцлов. Нийгмийн амьтдын хувьд хүмүүсийн харилцаанд нөхөрлөл чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нөхөрлөл нь итгэл дээр суурилж, бусдын төлөө санаа тавьж, бусдыг хүндэлснээр итгэл бий болно. Сайхан сэтгэлийн үнэ цэнийн тухай мэдлэгийг хүмүүст олгох шаардлага хаа сайгүй байгаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн нэмж хэллээ.

Вьетнамд баян ядуугийн ялгаа болон авилга, хээл хахууль хэр байгаа талаар түүний асуултад вьетнамчууд хоёуланд нь “Маш их” гэсэн хариулт өглөө. Материаллаг хөгжил чухал гэдэг нь ойлгомжтой ч, дотоод сэтгэлээ хөгжүүлэх нь үүнээс дутахгүй ач холбогдолтой гэдгийг тэрээр цохон тэмдэглэв. Бид бүгдэд асуудал тулгарч байдаг тул тэдгээрийг шийдвэрлэх арга замыг олох ёстой хэмээн тэр хэллээ.

Амиа хорлох явдлын тухай яриа дахин өрнөхөд, 1958-59 оны үед ‘ангийн тэмцэл’ нэрийн дор Хятадын эрх баригчид нэгэн төвөд ламыг баривчилсан түүхийг Дээрхийн Гэгээнтэн хүүрнэв. Ламыг өөр газар луу шилжүүлэн байрлуулах замдаа дагалдагсад амрахаар үдлэх үед тэр ухамсраа шилжүүлэх бясалгал хийх замаар амиа егүүтгэсэн байна.

Дараагийн асуулт өөрт ялагдлыг авч, бусдад ялалтыг өгөн, сайн үйл хийснээс чинь үл хамааран таньд хор хөнөөл хийж байгаа хүмүүст талархах тухай сургасан ‘Оюун судлахуйн найман бадгийн’ 5 ба 6 дугаар бадгийн талаар байлаа. Хор хөнөөл хийж байгаа хүмүүст уурлахгүй ч, тэдний үйлдлийг өөгшүүлэхгүй байх нь чухал хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. “Тэрхүү үйлдлийг та зогсоож чадна, зогсоох ч ёстой.”

Хоосон чанарыг маш энгийнээр тайлбарлахыг түүнээс хүсэхэд юмс харагдаж байгаа шигээ оршдоггүй хэмээн хариулав.

Бизнесийн үйл ажиллагааны явцад төрөн гарах сэтгэлийн сөрөг хандлагаа хэрхэн дарах тухай дараагийн хүн асуув. Өөрийн ашиг хонжооны төлөө бус, бусдыг хууран мэхлэх, ашиглах, эсвэл залилахын тулд бус, харин нийгэмд бүхэлд нь хувь нэмрээ оруулах үүднээс бизнес хийх хэрэгтэй хэмээн Далай Лам зөвлөв.

“Сэтгэлийн сөрөг хандлагын талаар, түүнтэй хэрхэн тэмцэх арга замын талаар сурч мэдэцгээ. Амьдрал ахуйдаа хэвшүүл. Бизнесменүүд гагцхүү сөрөг сэтгэлд автагддаг юм биш, даяанчдын хувьд хүртэл уул агуй нь атаа жөтөө, өрсөлдөөний шалтгаан болдог. Гэвч та бүхэн сөрөг хандлагыг таньж мэдэж чадвал хэрхэн тэмцэх талаар суралцаж чадна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө.

Үзсэн: 1 616
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц