Леура дахь айлдварын эхний өдөр

10-06-2015, 11:20  |  Хэвлэх

2015 оны 6 дугаар сарын 5

Австрали, Нью Саус Уэльс, Леура, 2015 оны 6 дугаар сарын 5 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөөний 8 цагийн орчим, хүмүүс цугларахаас өмнө танхимд мориллоо. Тэрээр Важрабхайравагийн авшиг өгөх бэлтгэл ажлыг эхлэв. Цаг хагасын дараа хүмүүс аажмаар цугларан, суудлаа эзэлцгээлээ. Эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд эхний эгнээнүүдэд сууцгаав. Зан үйлийн үйл ажиллагаа дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн

Леура дахь айлдварын эхний өдөр
Дээрхийн Гэгэээнтэн Далай Лам Важрабхайравагийн авшиг
өгөхийн өмнө бэлтгэл ажлыг хангаж байгаа нь. Австрали, Леура,
2015.6.5. Гэрэл зургийг Расти Стьюарт
“Ахан дүүс нар аа, та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Австраличууд, Шинэ Зеландчууд та нарын ихэнхийг би олон жилийн өмнөөс мэдэх учраас энэ удаагийн уулзалтыг би зарим утгаараа хуучин андуудтайгаа эргэн уулзах, мөн шинэ анд нөхөдтэй болох боломж хэмээн үзэж байна. Бид бүгд ахан дүүс бөгөөд аз жаргалд хүрэх ижил боломж бидэнд бий. Гэхдээ аз жаргалын гол эх сурвалж нь эд баялагт бус, харин дотоод сэтгэлд оршдог. Бидэнд гэгээрлийн уг үндэс орших тул зовлонгоос ангижрах боломж байна. Исуст,эсвэл Буддад итгэж, шүтдэгээс маань үл хамааран бурханы сургааль бидэнд өөртөө итгэх итгэл, дотоод хүч чадлыг олгодог.

Бидний ирээдүй нийт хүн төрөлхтөнөөс хамаарна. Хүн болж төрсний хувьд илүү эрүүл, аз жаргалтай хүн төрөлхтнийг цогцлоох үүрэг хариуцлага хүн бүрт ногдож байна. Бүх шашин хайр, нигүүлсэл, өршөөл уучлалыг номлодог учраас бүгд хүний сэтгэлийн амар амгаланг бий болгох чадвартай. Тэдгээр шашин гүн ухааны үзэл баримтлалаараа ялгаатай ч, энэхүү ялгаа нь нийтлэг нэгэн зорилгод хүрэх өөрийн гэсэн хандлагын илрэл төдий юм. Гэтэл шашин хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан болж байгаа нь туйлын харамсалтай.

Би амьдралдаа гурван үүргийг хүлээсэн. Хүн болж төрсний хувьд би бусад хүмүүст аз жаргалаа олоход нь туслах, буддын лам хүний хувьд шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, төвөд хүний хувьд хэдийгээр би 2011 онд улс төрийн бүхий л үүрэг хариуцлагаас чөлөөлөгдсөн ч, Төвөдийн шашин соёл, байгаль орчныг хамгаалах үүрэгтэй.”

Австралид хоёр жилийн өмнө хийсэн өмнөх айлчлалынхаа үеэр тарнийн ёсны сургаалийг эрэгтэй эмэгтэй лам хувраг хийгээд буддизмыг чин сэтгэлээсээ сонирхсон хар хүмүүст зориулан айлдаж болохыг анзаарсан гэдгээ Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Сургаалийг зааж эхлэхийн өмнө Төвөдөд буддын ном хэрхэн хоёр үе шаттайгаар дэлгэрсэн тухай тайлбарлахыг хүсэв. Эхний үе шат нь Адиша гэгээн болон орчуулагч Ринчен Санбуугийн эрин үеэс өмнө нинмагийн уламжлал дэлгэрсэн үе юм. Хоёр дахь үед сажа, гаржүд, гэлүг болон жонан урсгал дэлгэрсэн байна. Эдгээр бүх урсгалын зам мөрийн ерөнхий бүтэц адил бөгөөд бүгд учир шалтгааны ухаанд тулгуурладаг ажээ. Харин тэдний номлож байгаа тарнийн ёс нь тодорхой шавь нарт зориулагдсан байдаг учраас өөр хоорондоо ялгаатай. Жишээ нь судал, эрчим хүч болон дуслыг Гухясамажа болон Дүйнхорийн тарнийн ёсонд өөрөөр тайлбарладаг байна.

Леура дахь айлдварын эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Австрали дахь айлдварын
эхний өдөр. Австрали, Леура, 2015.6.5.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Зарим хүмүүс Төвөдийн буддизмыг лам нар бодож олсон мэт ламаизм хэмээн нэрлэдэг учраас өнөөдөр би Төвөдийн буддизм бол жинхэнэ утгаараа Наландагийн буддизмын үргэлжлэл гэдгийг цохон тэмдэглэж байна. Нинма урсгалыг үндэслэгч нь Наландагийн их багш нарын нэг Шантаракшита гэгээн бөгөөд түүний гүн ухаан хийгээд учир шалтгааны ухааны сэдвээр зохиосон зохиол бүтээл нь үүнийг гэрчилнэ. Өөр нэгэн үндэслэгч болох Бадмасамбхавагийн их багш нар нь Нагаржунагаас эхлээд Наландагийн найман их сэтгэгч байсан юм. Гаржуд урсгал нь Наландагийн их сэтгэгч Наропагаас эхтэй бол сажа урсгал Дармапала нэрээр алдаршсан, Наландагийн их сэтгэгч Вирвапагаас эхтэй ажээ. Түүний эрдэм мэдлэг төгс байснаас Хэважраг бясалгагч эмэгтэйчүүд түүнээс ном сургаал сонсохын тулд агуйд нь цуглардаг байсан гэдэг. Сүмийн дэг сахиулагч эмэгтэй хүмүүсийн дуу хоолойг сонсоод Дармапалаг сүмээс хөөсөн учраас тэр иог Вирвапа болсон байна. Гаадамба урсгалыг үндэслэгч Адиша гэгээн бол Наландагийн уламжлалыг залгамжлагч Викрамашила хийдийн их багш байсан. Тиймээс Төвөдийн буддизм бол учир шалтгааны ухаан дээр суурилдаг Наландагийн уламжлалын үргэлжлэл хэмээн хэлэх бүрэн үндэс байгаа юм.”

Сургааль ном хийгээд багшийн шинжийг нягтлах шаардлагын тухайд Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа, хүмүүс эрдэнэс болон бусад том зүйл худалдан авахдаа туйлын няхуур нямбай ханддаг гэж айлдсан Сажа Бандидагийн үгнээс эш татав. Тэд эд бараагаа бүхий л аргаар нягталж үздэг. Тэгвэл Дээдийн номын тухайд, хүмүүс сонсож байгаа сургаалиа болон зааж байгаа багшаа жинхэнэ, найдвартай гэдгийг танихын тулд сайтар таниж мэдэх хэрэгтэй. Богд Зонхов ‘Бодь мөрийн зэрэг’ номондоо бусдыг номхруулах гэж байгаа лам хүн өөрөө номхорсон байх ёстойг тайлбарласан байдаг.

Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэхдээ,

“Өнөөдөр, Бурхан Багшийн сургаалийг дагагсад 21 дүгээр зууны буддистууд байхын тулд буддизм юуны талаар номлодог болохыг мэддэг байх хэрэгтэй. Наландагийн их сэтгэгчдийн сонгодог бүтээл номыг уншиж судалснаар ийм байх боломж бүрдэнэ. Тэд бусдын үзэл бодлыг няцааж, өөрийн үзэл бодлыг баталж, дараа нь шүүмжлэлд нь хариу өгдөг байсан. Буддын үндсэн сургааль бол сэтгэлээ төвшитгөхийн тулд оюун ухаанаа хэрхэн ашиглах тухай сургааль билээ.

Леура дахь айлдварын эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австралид эхний өдрөө ном
айлдаж байгаа нь. Австрали, Леура, 2015.6.5.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд би Төвөд лам нарыг, тэр дундаа зөвхөн зан үйл хийх үйлст зориулагдсан сүм хийдүүдийн лам нарт хүртэл судалж суралцахыг уриалж байгаа. Энэ шааардлагыг эмэгтэй лам нарт мөн тавьж байгаа бөгөөд гэвшмаа цолд тавигдах шаардлага үндсэндээ шийдэгдээд байна. Үүний зэрэгцээ хар хүмүүс мөн ном үзэж, судалж эхлээд байна” хэмээв.

Тэрээр хэдийгээр Дээд тарнийн иога ёсны талаар ном айлдах гэж байгаа боловч бодь сэтгэл үүсгэж, хоосон чанарыг ойлгох билиг ухааныг төлөвшүүлэлгүйгээр тарнийн ёсыг дагах боломжгүй учир Богд Зонховын ‘Мөрийн гурван эрхэм’ номыг удиртгал болгож номлохоо дуулгав. Юмс харилцан шүтэлцэж үүсдэг, тэд жинхнээсээ оршдоггүй, гагцхүү нэр төдий оршдог гэдгийг ойлгох замаар мунхгийн харанхуйг гэтлээгүй цагт бид (зовлонгоос) ангижирч, (ертөнцийн хүлээснээс) чөлөөлөгдөхгүй.

‘Би’ гэдэг нь ердөө л тодорхойлолт бөгөөд Би-тэй нөхцөлдсөн оюун сэтгэл хийгээд бие махбодид мөн дотоод оршихуй үгүй гэдгийг ойлгосноор сэтгэлийн сөрөг хандлагаа дарж чадна гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Бодийн сэтгэл нь амин хувиа хичээх хандлагыг дардаг учраас тухайн сэтгэлийг үүсгэснээр сэтгэлийн сөрөг хандлагыг дарах хүч нэмэгдэнэ. Хоосон чанарыг ухаарснаар мунхгийн харанхуй хийгээд мэдлэгт тулгарах саад бэрхшээлийг арилгана хэмээн ‘Мөрийн гурван эрхэм’ номонд сургасан байдгийг Дээрхийн Гэгээнтэн тодорхой тайлбарлалаа. Нигүүлсэл дээр суурилдаг бодийн сэтгэл гэдэг нь бусдыг зовлонгоос ангижруулахын тулд идэвхтэй үйлдэл хийх чин хүсэл юм. Гэхдээ өөрийн зовлонг ухааралгүйгээр бусдыг зовлонгоос гэтэлгэж чадахгүй. Тиймээс эн тэргүүнд өөрөө чөлөөлөгдөх хүсэл зоригтой байх хэрэгтэй.

Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн Наландагийн 17 их бандида нарт зориулан өөрийн зохиосон магтаалаас уншиж тайлбарлав. Эртний Энэтхэгийн эрдэмтэд, сэтгэгчдийн эзэмшиж байсан сэтгэлийн талаарх гүн гүнзгий мэдлэг өнөөдөр нимгэрч байгаа ч, буддистууд тэрхүү мэдлэгийг бүрэн бүтнээр нь хадгалж үлдсэн гэдгийг тэмдэглэн хэлэв. Урьд нь уншдаг байсан “Ертөнцийн Зургаан Чимэг ба 2 Дээд” дээдэд зориулсан залбиралд Шантидева болон Вимуктисена гэгээнийг оруулаагүй байсан учраас тэднийг магтан дуулсан залбирлыг зохиохоор шийдсэн гэдгээ тэр хэллээ. Их сэтгэгчдээс сүүлийнх нь болох Адиша гэгээний ‘Бодь мөрийн зул’ бүтээл Төвөдийн буддизмд бүхэлд нь хүчтэй нөлөө үзүүлсэн бөгөөд зохиолд зам мөр бүрийг тодорхойлон заасан байдаг ажээ.

Эцэст нь, Их Хөлгөний буддизм төдийгүй, тарнийн ёсыг буддын сургааль биш хэмээн үгүйсгэх хүмүүс өнгөрсөн үед байсныг Дээрхийн Гэгээнтэн дурдав. Энэтхэгийн агуу, нэр хүндтэй их багш нар энэхүү хоёр ёсны буддын гарал үүслийг хамгаалан баталсан.

Важрабхайравагийн авшиг өгөх удиртгал ажилд орохын өмнө тэрээр авшгийг анх Тагдраг ринбучигаас, хожим нь хэд хэдэн удаа Лин ринбучигаас авснаа дурдлаа. Авшиг авах үед хэрэглэх эд зүйлсийг тараах ажлыг эмэгтэй лам нар голлон гүйцэтгэж байлаа. Авшиг өгөх үйл ажиллагаа маргааш мөн үргэлжилнэ.

Үзсэн: 1 949
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц