Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Австрали дахь айлчлал өндөрлөлөө

27-07-2015, 12:29  |  Хэвлэх

2015 оны 6 дугаар сарын 15

Сингапур, 2015 оны 6 дугаар сарын 15 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австралийн Перт хотод хийх айлчлалынхаа эхэнд Севен Вест Медиа группийн сэтгүүлч Моника Кос-т ярилцлага өглөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Австрали дахь айлчлал өндөрлөлөө
Моника Кос Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас ярилцлага авч
байгаа нь. Австрали, Перт, 2015.6.15. Фото Жереми Рассел /ДЛО
Сэтгүүлч маш олон асуудлыг хөндөн асуулт тавьсны нэг нь хүүхдүүдэд үзүүлж буй интернэтийн сөрөг нөлөөллийн талаар байв. Сэтгэлийн үнэт зүйлс бол аз жаргалын эх үүсвэр гэдэг талаар хэрвээ хүүхдүүд мэдлэгтэй бол тэд аливааг шүүн тунгаах чадвартай болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Тэрээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хандаж, илүү хариуцлагатай байхыг уриалдаг гэдгээ тэмдэглэн хэлэв. Тэд сөрөг мэдээллийг илүү түгээж, хайр шингэсэн эерэг түүхийг байх л ёстой зүйл хэмээн үзэж орхигдуулдаг. Хүний үндсэн мөн чанар бол эерэг шинж чанартай гэдгийг түлхүү сурталчилж байх ёстой хэмээн үздэгээ тэр илэрхийлэв.

Тэрээр мөн “Хүмүүс бид бие биенээ ‘бид’ ба ‘тэд’ гэсэн өнцгөөс хардгийн улмаас өнөөдөр хүн төрөлхтөн олон асуудалтай тулгарч, ийнхүү хуваан гадуурхах үзэлд зөрчилдөөний үр үндэс боловсорч, зэр зэвсэг хэрэглэх нөхцөл бүрддэг. Харин оронд нь хүн төрөлхтний нэгдмэл байдлын талаар бодох хэрэгтэй бөгөөд энэ нь энх тайвны төлөө хамтдаа хөдөлмөрлөхийн үндэс юм” хэмээн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Австрали дахь айлчлал өндөрлөлөө
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Перт хотод аж төрдөг төвөд
хүмүүстэй уулзлаа. Австрали, Перт, 2015.6.15.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Дараа нь тэрээр 50 орчим төвөд хүнтэй уулзаж, тэдэнд урам зориг өглөө.

“Буддизм бол зөвхөн залбирч мөргөх бус, харин сэтгэл оюунаа төвшитгэх тухай сургааль мөн” гэв. “Үүнийг та бүхэн сайн судлах хэрэгтэй. Буддын сургааль номыг зөв тайлбарлахад хамгийн тохиромжтой хэл бол төвөд хэл гэдгийг та нар мэддэг байх ёстой. Бидний бахархах ёстой зүйл бол бидний төрөлх хэл юм. Та бүхэн төвөд хүн гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Залуу хойч үеийнхэн маань төвөд хэлээрээ ярьж чаддаг байна гэдэг хичнээн чухал болохыг битгий мартаарай. Хэрвээ тэд эх хэлээ мартвал биднээс холдоно. Үүний зэрэгцээ Төвөд нутагтаа үлдсэн элэг нэгтнүүд тань дарангуйллын дор 60 жил амьдарч байгаа ч, тэдний сэтгэл зүрх гайхалтай хүчтэй байгаа гэдгийг санаж явцгаагаарай.”

Уулзалтын дараа Дээрхийн Гэгээнтэн Баруун Австралийн их сургуульд зочилж, тус сургуулийн оюутан, орон нутгийн ахлах сургуулийн сурагчдаас бүрдсэн 700 хүний өмнө боловсрол хийгээд үйлчилгээ гэсэн сэдвийн хүрээнд яриа хийсэн байна. Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө доктор Валл нутгийн уламжлал ёсоор шившлэг болон диджеридо үлээвэр хөгжмийн мэндчилгээг хийж үзүүлллээ. Тэрээр “Сайхан сэтгэл бидний бүү орхиг. Бид сайн мэдлэгийг эндээс хүртэж, хэрэгтэй байгаа бусад хүмүүст түгээх болтугай” гэсэн ерөөлийг хэлэв.

Дээрхийн Гэгээнтнийг танилцуулж, үг хэлэхийг урьсны дараа тэрээр индэрт гарлаа.

“Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн бүгд ахан дүүс учраас би яриагаа ихэвчлэн ‘ахан дүүс нар аа’ гэж эхэлдэг. Бидэнд байдаг хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зааг ялгаа болох яс үндэс, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл зэргээс үл хамааран хүн төрөлхтний нэгдмэл чанарыг ой ухаандаа ухамсарлаж байх нь зөв гэж би боддог. Би хүмүүстэй, ялангуяа удирдагч нартай уулзах бүртээ тэднийг бусадтайгаа л адил хүн гэдэг утгаар нь харьцдаг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Австрали дахь айлчлал өндөрлөлөө
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Баруун Австралийн их сургуулийн
оюутнуудын өмнө үг хэлж байгаа нь. Австрали, Перт, 2015.6.15.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
“Хүмүүсийн хоорондох ялгаанд хэт их ач холбогдол өгснөөс бидэнд тулгарч байгаа олон асуудал, тэр бүү хэл ичимхийрэх явдал хүртэл үүсдэг. Оюун санаа, бие бялдар, сэтгэл санааны түвшнээрээ үнэндээ бид бүгд ав адил. Бидний төрөх үхэх ч адил, үхэх төрөхийн заагт бүгд аз жаргалыг хүсдэг. Нийгмийн амьтдын хувьд бид бусдаас хайр энэрэл авахдаа баяртай байдаг юм.”

Танхимд цугларсан 700 хүний ихэнх нь оюутнууд байгааг хараад тэдэн шиг залуу хүмүүс бол ирээдүйн итгэл найдвар юм гэдгийг онцлон тэмдэглэв.

“21 дүгээр зууны төлөөлөл болсон хүмүүстэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Над шиг насалсан хүмүүс 20 дугаар зуунд харьяалагдаж, бидний эрин үе дуусч байна. Бидний үүсгэсэн асар их хүндрэлийг та бүхэн шийдэх хэрэгтэй болоод байна. Авилга, хээл хахууль хийгээд өнөөдөр дэлхийн зарим хэсэгт өрнөөд байгаа аллагыг зогсоох арга замыг хайх үүрэг та нарт оногдож байна. Үүнийг хийхэд компьютер та нарт тусалж чадахгүй, харин уураг тархиа ашиглах ёстой болно. Бидний сэтгэлийн мухарт хайр, нигүүлсэл агуулагдаж байдаг бөгөөд өршөөх үзэл хийгээд хүлээцтэй байдал тэдгээрийн нөлөөгөөр урган гардаг гэдгийг санах хэрэгтэй.”

“Та бүхэн шиг залуу хүмүүстэй уулзах нь миний хувьд нэр төрийн хэрэг мөн. Өөртэйгөө адилхан өндөр настнуудтай уулзах бүрт надад ‘Бидний хэн нь түрүүлж хорвоог орхих бол?” гэсэн бодол байнга төрдөг. Харин та нар шиг залуу хүмүүстэй уулзахад би өөрөө залуу болсон шиг санагддаг. Сайхан сэтгэл бол оюун санааны хийгээд бие махбодийн эрүүл мэндийн үндэс гэдгийг та бүхэнд онцгойлон хэлэхийг хүсч байна. Илүү эрүүл, илүү тэнцвэртэй хувь хүн, гэр бүл, улс үндэстнийг бүрэлдүүлэх үндэс суурь нь энэ мөн. Хэрвээ бид сайхан сэтгэл үүсгэж чадвал аз жаргалтай, амар амгалан хүн төрөлхтнийг цогцлоож чадах учраас олон олон хүн үүнийг хэрхэн хэвшүүлэх талаар сонирхдог болоод байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Австрали дахь айлчлал өндөрлөлөө
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хийсэн уулзалтад 700 орчим
оюутан сурагч оролцлоо. Австрали, Перт, 2015.6.15.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Орчин үеийн боловсрол эзэмшихийн зэрэгцээ төрөлх соёл, үнэт зүйлсээ хадгалахыг хичээж буй тухайгаа Австралийн уугуул иргэдийн төлөөлөл болсон нэгэн оюутан яриахад, Дээрхийн Гэгээнтэн Улуруд нэг өдрийн өмнө зочилсон тухайгаа хэллээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа нутгийн уугуул иргэдийн соёлд хүндэтгэлтэй ханддагаа Дээрхийн Гэгээнтэн давтан илэрхийлэв. Үүсч бүрэлдсэн орчин нөхцлөөсөө хамаарч тэдний соёл өөр өөр байдаг. Түүнтэй уулзаж учирч байсан бүхий л уугуул иргэд өөрсдийн хэл, соёлыг хадгалах талаар санаа зовж байсан. Сами, Маори нар орчин үеийн соёл иргэншлээс татгалзахгүй байгаа бол өөр зарим нь өөрсдийн алслагдмал байдлаа хадгалан үлдэхийг хүсдэг байна. Гэхдээ уураг тархины хувьд бид бүгд ижил хэмээн тэр хэллээ.

Сири болон Иракийн тулалдаанд татагдан орсон залуу хүмүүсийн тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, зарим хүмүүсийг удирдан залахад хялбар байдаг гэв. Тэдэнд ‘бид’ ба ‘тэд’ гэсэн эрс хатуу ойлголтыг суулгаснаар дайснаа нухчин дарах нь ялалт гэж итгэцгээдэг. Ийм төрлийн ойлголт бол үеэ өнгөрөөсөн зүйл. Олон шашин, олон үндэстний орчин нөхцөлд өсч торнисон Энэтхэг, Малайзын лалын шашинтнуудад ийнхүү ангилж зааглах хандлага ажиглагддаггүй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

Дэлхий дахины боловсролын тогтолцоо шаардлага хангахгүй байгааг Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Багш нар нигүүлслийн тухай зүгээр нэг ярих бус, харин өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлэх замаар нигүүлслийн үнэ цэнийг сурагч оюутнууддаа үзүүлэх ёстой. Багш хүн хайр, нигүүлслээр дүүрэн бол заасан зүйл нь ч хүнд хүрэх нь илүү байдаг тухай ярив.

Оюутны байгууллагын тэргүүнээр ажиллаж буй нэгэн залуу шийдвэр гаргахдаа анхаарах зүйлийн талаар зөвлөхийг хүсэхэд, эн тэргүүнд ёс суртахууны зарчмын хүрээнд сэтгэх, дараа нь гаргасан шийдвэр нь амьдралд хэр нийцэхийг анхаарах, эцэст нь найз нөхдийн санал бодлыг сонсох хэрэгтэй гэж зөвлөв. Дараа нь тэрээр оюутнуудыг хэд хэдэн удаа инээлгэсэн бөгөөд оюутнууд Дээрхийн Гэгээнтэнд талархсанаа илэрхийлж халуун алга ташилтаар түүнийг үдлээ.

Австрали-Израилын Худалдааны танхимаас зохион байгуулсан өдрийн зоогт уригдсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хатагтай Сью Клаф дэлхий дахины энх тайван, аз жаргалын элч хэмээн танилцууллаа. Тэрээр хэзээ нэгэн цагт түүнийг эх орондоо очоосой хэмээн залбирдаг тухайгаа ярилаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Австрали дахь айлчлал өндөрлөлөө
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австрали-Израилын Худалдааны
танхимын өдрийн зоог дээр цуглсан 560 хүнтэй мэндчилж байгаа нь.
Австрали, Перт, 2015.6.15. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн хуран цугласан 650 хүнтэй ахан дүүс ээ хэмээн мэндчилээд хүний аз жаргалын тухай ойлголтыг хөгжүүлэх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, нигүүлсэл хийгээд хүчирхийллийн бус Төвөдийн соёлыг хамгаалах тухайд өөртөө хүлээсэн гурван үүргийнхээ талаар ярилаа. Аз жаргалтай байхын тулд хүн сайхан сэтгэлтэй байх ёстой. Израиль улсыг, хөдөлмөрч хичээнгүй ард түмнийг нь хүндэтгэн биширдэгээ Далай Лам илэрхийлэв. Түүнчлэн эв зохицлыг бэхжүүлэх талаар хамтын хүчин зүтгэл гаргаж байгаа палестин, израиль иргэдтэй уулзсан тухайгаа мөн ярисан бөгөөд ийм үйл хөдлөл нь ирээдүйн сайн сайхны үр шим хэмээн хэллээ.

Өөр нэгэн хүндэт зочин нь Шотланд, Австрали гаралтай филантропист Скот Нисон байлаа. Тэрээр Холливудад ажиллаж байгаад 20 дугаар зуун Фокс Интернэшнл компанийн захирал болтлоо ахиж дэвшсэн нэгэн ажээ. Дараа нь тэр Камбожид очоод Пном Пен хотын захад орших асар том хогийн цэг дээр амь зуух хүмүүс, ялангуяа хүүхдүүдийг харж, тэдний төлөө цаг заваа зориулахаар шийдсэн байна. Тэр өөрийн орон байр, эд хөрөнгөө зараад Камбожийн Хүүхдийн Санг байгуулжээ. Өдгөө тэрээр Камбожийн өнчин хүүхдүүдийг аврах, нөхөн сэргээх, боловсрол олгох үйл хэрэгт өөрийгөө зориулж байгаа нэгэн юм.

Дээрхийн Гэгээнтэн сая сая хүнд урам зориг өгдөг бол хэн түүнд урам зориг өгдгийг асууцгаав. Асуултад хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн Наландагийн их сэтгэгч нар болох Нагаржуна хийгээд Шантидева гэгээн нарын тухай дурдав. Мөн тэрээр хүч үл хэрэглэх зарчмыг өөрийн тэмцэлдээ ашигласан Махатма Гандигийн үйл хэргээс эш татлаа. Англи улсад хуулийн цогц боловсрол эзэмшсэн хэрнээ эх орондоо буцаж ирээд энгийн энэтхэг хүний амьдралаар амьдрах болсон Гандигийн амьдралаас ярив. Түүнчлэн Энэтхэг улсын анхны ерөнхийлөгч Ражендра Прасадын эгэл даруу занг дурсан ярив.

Камбож хүүхдүүд, хоёр эмэгтэйн хамт Дээрхийн Гэгээнтэнд зориулж төрсөн өдрийн дууг камбож хэлээр дуулсан бичлэгээр энэ удаагийн уулзалт өндөрлөсөн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Австрали дахь айлчлал өндөрлөлөө
Дээрхийн Гэгэнэтэн Далай Лам бутан иргэдтэй уулзаж байгаа нь.
Австрали, Перт, 2015.6.15. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн анх удаа 700 орчим бутан иргэдтэй уулзав.

“Бид бол Бурхан Багшийн сургаалийг дагагсад” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. “Энэ сургааль Наланда их сургуульд цэцэглэн хөгжсөн. Өнөөдөр шинэ зуунд бид, Бурхан Багш чухам ямар сургааль айлдсаныг сайтар ойлгодог 21 дүгээр зууны буддистууд байх хэрэгтэй байна. Ном судартай уншиж танилц. Бурхан Багш, лам багшид зөвхөн мөргөн залбирах нь хоцрогдсон аргаас гадна хангалттай биш. Таны мэдлэг гүн гүнзгий бол таны сүсэг бишрэл учир шалтгаан дээр суурилах болно. Сургалтын төвүүд энд тэнд байгаа ч энгийн хүмүүст зориулж ийм төвийг мөн нээх хэрэгтэй.”

Түүнээс ном айлдахыг хүссэнийг тэрээр тэмдэглэн хэлээд, Лам Гурван Эрдэнэд аврал одуулах хийгээд хамаг амьтны төлөө гэгээрлийг олох хүслийн талаар тайлбарлан ярив. Дараа нь тэр Бурхан Багш болон Жанрайсиг, Манзушир бурхан, Дарь эх, Гүрү ринбучигийн тарнийн дамжлага өгч, нэг амьсгаагаар 100 ‘ди’ тарнийг унших аргыг заалаа. Тэрээр хэд хэдэн асуултад хариулсныхаа дараа нисэх онгоцны буудлыг зорьсон юм.

Нар жаргахын өмнөхөн түүний онгоц агаарт хөөрч, таван цагийн дараа Сингапурт газардсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн тэнд нэгэн шөнийг өнгөрөөлөө. Маргааш тэрээр Энэтхэг рүү нисч, тэндээсээ шууд Дарамсала руу буцах болно.
Үзсэн: 2 727
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц