Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех хотын Жокан сүм болон Жамъян сургуульд айлчлав

6-08-2015, 06:25  |  Хэвлэх

2015 оны 7 дугаар сарын 28

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлчлалынхаа хоёр дахь өдрийг Лех хотод эхлүүлсэн бөгөөд энэ үеэр Жокан ордонд айлчлав. Хотын гудамжаар Ладак, Төвөд болон бусад орны хүмүүс түүнийг зөрөн өнгөрөх мөчид хараанд нь өртөж түүнд хүндлэл үзүүлэхээр дүүрсэн байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хийд хүрэх замдаа хуучны олон танилуудтайгаа мэндлэв. Гэгээрлийн хутгийг олсон бурхадын дүрүүдэд итгэл одуулсны дараа тэрээр өмнө нь байх өөрийн сэнтийд залархад түүний баруун талаар Гандан Ширээт болон бусад нэр хүндтэй лам нар, зүүн талд нь Ладакын засаг захиргааны төлөөлөгчид суув. Тэд хамтдаа Богд Зонховын Шүтэн барилдлагын магтаал, Наландрын арван долоон их бандида нарын залбирал зэргийг хурж байх үед шар тостой цай, амталсан будаан зоогоор үйлчлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех хотын Жокан сүм болон Жамъян сургуульд айлчлав
Дээрхийн гэгээн Далай Лам БНЭУ-ын Ладакын Лех хотын
Жокан ордонд. 2015.07.28. Зургийг Тэнзин Чойжир
Дээрхийн гэгээн сэнтий дээрээсээ тахил, өргөлийг харж байснаа яагаад алтан дэнлүүг чухалчлан байрлуулсан болохыг дурьдлаа. Тэрээр, “Жокан ордонд Ганжуур, Данжууртай бий юу? Урьд сонсож байснаар бол зөвхөн Ганжуур судрын хуулбартай байхаа” гэж хэлээд иж бүрэн Данжуур судар залаарай хэмээн айлдаж эдгээр судруудыг байнга хурж байвал сайн байх болно гэв.

“Ганжуур, Данжуур судар залахын гол зорилго нь зөвхөн хүндлэл үзүүлэх, хааяа нэг хуралд гарган унших бус эдгээрийг судлахад оршино” хэмээн нэмж хэллээ.
Мөн “Буддын сургаалууд бол Бурхан Багш түүний туршлагын үр дүн юм. Эдгээрт түүний мөн чанарыг илэрхийлсэн. Ладакын ард түмэн та бүгд энгийн иргэн, хийдийн хувраг хэн ч бай Будда яг юу номлосон бэ гэдгийг судлах хэрэгтэй” хэмээв.

Тэрээр улс төрч нөхөд рүү хандаж тэднийг шоолонгуй инээснээ:

“Хэрэв та нар эдгээрийг судлан ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал магадгүй сонгуульд ялахад чинь туслана шүү. Түүнээс ч илүүтэйгээр та тэтгэвэрт гарахдаа үлдсэн амьдралаа утга учиртай байлгах боломжийг олж авах болно” гэв.

Жоканаас гараад тэрээр Жамъян сургууль руу явсан ба тэнд Лэ хотын сургуулиудын хэдэн мянган сурагчид түүний айлдварыг сонсохоор цугласан байлаа. Эхлээд тэрээр улс төрч нөхдийн хамт дурсгалын самбарын бүтээлгийг аван эмэгтэй сурагчдын шинэ байрны нээлтийн ёслол үйлдэж гар барилцав. Мөн хаалгыг хөндлөн уясан туузыг хайчилж цэцэг, арвай тэргүүтнийг тэнгэрт өргөн сайн сайхныг билэгдэн залбирч аврал одуулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех хотын Жокан сүм болон Жамъян сургуульд айлчлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жамъян сургууль дээр хүрэлцэн
ирсний дараа хурсан олонтой мэндчилэв. Энэтхэг, Ладак, Лех.
2015.07.28 Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн гэгээнтэн зассан индэр дээр гарч лам нар болон орон нутгийн түшээдийн хамт сууцгаав. Дээрхийн гэгээний зохиосон “Янагуух үгийн ерөөл” –ийг уншиж алга хавсран зогсох Жамъян сургуулийн сурагчдын өмнө албан ёсны мэндчилгээ дэвшүүлэв.
Сургуулийн захирал Гэвш лхаарамба Лувсансамдан Дээрхийн гэгээнтнийг морилон ирсэнд талархалаа илэрхийлж саяхан тохиосон түүний 80 насны ойн баярын мэнд хүргэв. Тэрбээр Ладакын ард түмэнд хандаж, “Ямар шашны зам мөр дагаж байгаагаас үл хамааран энх тайванч бүс нутаг болгохын тухайд үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй” гэв. Түүнчлэн сургуулийнхаа сүүлийн гурван жилийн үйл ажиллагааны тайланг айлтгахын сацуу Далай Ламын дэргэдэх сангийн бүх хандивлагч өглөгийн эзэд болон захиралуудад талархсанаа илэрхийлээд танилцуулга-мэндчилгээгээ өндөрлүүлэв.
Дээрхийн гэгээн тэдэнд хандаж хэлсэн үг, яриагаа Төвөд хэл дээр, заримдаа Англи хэл дээр илэрхийлж байсан ба тэдгээр нь Ладак хэл аялага руу орчуулагдаж байв.

“Бэтүв хийдийн урилгаар, тэдний билиг брамидын зуны ном хаялцах үйл ажиллагаанд оролцохоор би өнөөдөр Ладакт хүрэлцэн ирээд байна. Энэ үйл ажиллагаанд оролцвол тун сайн үйл хэрэг байх болно гэдгийг Гандан Ширээт надад хэлсэн. Хэдэн жилийн өмнө Дай-Хану тосгоноос ирсэн өндөр настай эмэгтэйтэй уулзаж байхдаа би эдгээр хүмүүс болон тэдний өвөрмөц хийцтэй толгойн өмсгөлийн талаар ойлголттой болсон. Миний ойлгосноор тэд өөрсдийгөө тийм ч сайн анхаарч халамжилж чадаагүй ч тэдний буддизмын талаарх ойлголт нь маш сайн байсан. Бид энэхүү сургуулийг тэдний үр хүүхдүүдэд зориулан байгуулсан. Ийм хувь ерөөлөөр энэ сургууль өөрсдийн сурагчид болон ойр хавийн сургуулиудаас цугласан сурагчдын өмнө үг хэлж өгнө үү хэмээн надад хандсан юм. Энэхүү боломжийг бүрдүүлсэн зохион байгуулагчдад талархсанаа илэрхийлэхийн сацуу энд цугласан бүх хүнд өөрийн зүгээс мэндчилгээ дэвшүүлье”.

Буддизм ба орчин үеийн шинжлэх ухааны хооронд хэрэгжиж буй хэлэлцүүлэгийн талаар ярина уу хэмээн хандсан тухай ба буддизмыг бусад ёс уламжлалаас илүү гэж хэзээ ч сурталчилж байгаагүй гэж тэр яриагаа эхлэв. Түүний үзэж буйгаар бүх шашины ёс уламжлалд шашны, гүн ухааны, соёлын шинжүүд хадгалагдсан байдаг. Мөн тэрээр“Шашны үүднээс авч үзвэл бүх шашин хайр энэрэл үүсгэх, нигүүлсэл, хүлцэнгүй байдал гэх мэтийг адилхан авч үзсэн байдаг. Харин ялгаа нь тэдгээрийн гүн ухаан болон соёлын шинжээр илэрдэг. Шашинлаг үзлээр бол бүтээгч бурхан байдаг гэж номлодог ч жайнизм, буддизм зэрэгт тохиолдлын зүйл гэж байдаггүй талаар номлодог. Хэдийгээр гүн ухааны чиг хандлага нь ийнхүү өөр ч тэдгээрийн зорилго нь адилхан байдаг ба энэ нь хайр, энэрэл нигүүлсэлийг дэмжих үйл юм” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех хотын Жокан сүм болон Жамъян сургуульд айлчлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жамъян сургууль дээр үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2015.07.28
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Шашны гол үзэл санаа бол энх тайванч байдал юм. Хэрхэн сайн хүн байх талаар бүх шашин бидэнд зааж сургадаг. Жишээлбэл, исламын шашинд Аллахын бүх бүтээлд чин сэтгэлээсээ хандахыг дагагч нартаа ухуулдаг байтал Сунит болон Шитүүдийн хооронд гарч буй мөргөлдөөнийг харахаар үнэхээр таагүй санагддаг. Ладакт шашны олон зам мөр бүхий хүмүүсээс бүрдсэн сайхан нийгэм оршин буйг хараад би маш их биширч байна. Бирмад буддист болон лалын шашинтнуудын хооронд үүсээд буй зөрчилдөөн бол сэтгэл өвдмөөр үйл явдал. Түрүүнд хэлснээ дахин давтан хэлэхэд, Ладакын лалын шашинтанууд дэлхийн бусад лалын шашинт ахан дүүсийнхээ зөрчилдөөнд эерэг нөлөөлөл үзүүлэх тал дээр хүчин зүтгэл гаргах хэрэгтэй шүү гэж хэлэх байна. Бидний оюун ухаанд сөрөг байдал үүсвэл үйл амьдрал дээр илүү ноцтой зүйл хийж эхэлнэ. Энэ бол хамгийн аюултай юм”.

“Ганцаараа залбирч суух биш үйл хэрэг бүтээснээр бид ертөнцийг өөрчилнө. Бид олон зуун жил олигтой үр дүнгүй залбирсаар ирсэн. Шүүмжлэлт үзэл бодол бидэн дундаас өөрөөр хэлбэл хүний гэр бүлээс л үүсэж гардаг. Талархууштай нь гэвэл хүмүүс бид уг чанараараа бүгд адилхан байдаг. Гэтэл бид ямар хандлагатай байна вэ гэвэл бидний дундах арьс өнгө, шашны зам мөр, нийгмийн байдал гэх мэт хоёрдогч ялгаануудад хэтэрхий их анхаарал хандуулсаар байна”.

Буддист шинжлэх ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны талаарх сэдэвтээ эргэн ороод Гадны шашин хэмээн үздэг орнуудад буддизмыг хэзээ ч сурталчилж ятгахгүй гэдгээ Дээрхийн Гэгээнтэн дахин илэрхийлсэн ба харин Энэтхэгийн хувьд буддизм бол уугуул шашин юм гэв. Төвдийн Хаан Тисрон Дэзон бээр Шантаракшитаг Төвөдөд залахдаа буддын сургаалийг жинхэнэ эх сурвалжаас нь олж судлахаар сайтар цэгнэсэн шийдвэр гаргаж байжээ хэмээн тэрээр цугласан сонсогчдод эргэн сануулав. Жокан ордонд түүний өгсөн Ганжуур, Данжуур судрын талаарх зөвлөгөөг ажвал Будда яг юу гэж үзэж бодож байсан дээр олигтой анхаарахгүйгээр түүнийг хий хоосон шүтээд байна гэв. Энэ байдал нь мухар сүсгийн зам мөр, ёс заншилыг өөрчлөх цаг нь болсон гэдгийн илрэл ба тэрээр яриаг сонсогч нарт хандаж хэрэв тэд зөвшөөрч байгаа бол үүний төлөө хийсэн өөрчлөлтөө надад хэлээрэй гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех хотын Жокан сүм болон Жамъян сургуульд айлчлав
Жамъян сургууль дээр цугласан олон Дээрхийн Гэгээнтний
айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2015.07.28
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Түүний бодит байдалд хийсэн дүн шинжилгээний дүгнэлтээс үзвэл Будда зовлонгийн шалтгааныг тайлбарласан. Тэр ухамсарт үйл ажиллагааны мөн чанарын тухай, мөн сөрөг сэтгэл хөдлөлийг бид хэрхэн ойлгох вэ гэдэг талаар ярьсан. Бид өөрийн оюун ухааны хүрээнд оюун бодолтойгоо ажиллах, уур болон түүний шинжүүд нь хэрхэн сэтгэцийн үзэгдэл болж байгааг шалгаж үзэх хэрэгтэй. Анхлан Энэтхэгт үүссэн оюун ухааны талаарх гүнзгий эрэл хайгуул буюу буддист шинжлэх ухаан нь орчин үеийн шинжлэх ухаантай харилцан ярилцах түвшинд ирсэн. Нөгөө талаар атомын талаарх энгийн тайлбарыг Абидармад тусгасан байдаг бол эдгээр нь орчин үеийн шинжлэх ухаанаар нарийн судлагдсан байна. Нагаржунагийн зохиолын санаа нь өнөө үеийн квантын физик гэж үзсэн Ража Раманагийн ажиглалттай адил билээ. Буддист шинжлэх ухаан болон орчин үеийн шинжлэх ухаан аль аль нь ашиг тустай байгааг харуулж байна”.

Орчин үеийн боловсрол материаллаг үзэлд хэт тулгуурласан байгаа нь дутуу дульмаг явдал. Боловсролын хөтөлбөртөө хүний ёс зүйн хэм хэмжээ, уужим сэтгэлт оюун ухааныг хөхиүлэн дэмжсэн хэсэг хэрэгтэй байгааг Дээрхийн гэгээнтэн зөвлөв. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бүтээлч бие хүн хөгжүүлэх явцдаа бид сөрөг сэтгэл хөдлөлөө барьж дадуулах талаарх судлагдахуун юм. Тэрээр Ганжуур, Данжуураас түүвэрлэсэн буддист шинжлэх ухааны талаарх төвөд хэл дээр саяхан хэвлэгдсэн номыг сонсогчдод сайшаан дурьдлаа. Бусад хэл дээрх орчуулгууд хийгдэж байгаа аж.

Дээрхийн гэгээн үйл ажиллагаанд оролцогчдын зүгээс ямар асуултууд ирэх бол гэдгийг сонирхож байсан бөгөөд хэд хэдэн асуултанд дэлгэрэнгүй хариулсан юм. Ингээд тэрээр Жамъян сургууль дээр өдрийн зоог барьсаны дараа Спүтик хийдлүү буцав.
Үзсэн: 2 119
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц