Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Карнатака мужийн Дипломат корпусын ажилтнуудтай уулзаж, Нарийвчилсан Судалгааны Үндэсний Институт (НСҮИ) дээр яриа хийв

9-01-2016, 17:05  |  Хэвлэх

2015 оны 12 дугаар сарын 6

Энэтхэг, Карнатака муж, Бангалор. 2015.12.06. Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Карнатака мужийн дипломат консулын корпусын зочин байлаа. Түүнийг Францын Анатоле Кушпета хаалган дээр угтан авч, энэхүү уулзалтын үйл ажиллааг баяр ёслолын байдлаар эхлэхэд зориулж уламжлалт дэнлүү асаахыг хүсэв. Босни Герцогивины эрхэм дээд элчин сайд Сабит Субасик Дээрхийн Гэгээнтнийг 20 гаруй орны төлөөлөл бүхий дипломатуудад танилцуулав. Элчин сайд түүнийг итгэл найдвар, гэрэл гэгээ, шударга ёс, хүнлэг ёсны элч гэж үздэг гэлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд эрүүл энх байж урт наслахыг хүсээд, үг хэлэх индэрт урьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Карнатака мужийн Дипломат корпусын ажилтнуудтай  уулзаж, Нарийвчилсан Судалгааны Үндэсний Институт (НСҮИ) дээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дипломат консулын корпусын
ажилтнуудын уулзалтан дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Бангалор. 2015.12.06. Зургийг Дэнзэн Чойжир/ДЛО/
“Хайрт ахан дүүсээ, би бусадтай уулзахдаа тэднийг дандаа ах дүү шигээ боддог. Урьд цагт хүн төрөлхтний нэгдмэл байдлын талаарх үзэл санаа хүмүүсийн өдөр тутмын амьдралд төдийлөн ач холбогдолгүй, хол хөндий байжээ. Үүний тухай зөвхөн шашны мөргөл залбирлын үеэр л санадаг байв. Харин өнөө цагт хүн төрөлхтний нэгдмэл байдал бодит амьдрал дээр чухал болсон байна. Бид хүмүүс хоорондын яс үндэс, сүсэг бишрэл, баян хоосон, боловсролтой боловсролгүй гэх зэрэг хоёрдогч ялгаан дээр хэт их ач холбогдол өгснөөр зөрчилдөөн үүсч байна. Үүний оронд бид цөмөөрөө адилхан хүн гэдгээ л санаж явах ёстой. Бид цөмөөрөө эхийн хэвлийгээс төрж эхийн сүүгээр өсч бойжсон. Хүмүүст гай түйтгэр авчирсан дарангуйлагч Сталин, Гитлер нар ч энэ л замаар явсан. Бид бүгдээр хайрыг үнэлдэг бөгөөд хүн бүрт бусдыг хайрлах чадвар бий."

“Эрдэмтэд бага насны хүүхэд оролцуулан судалгаа хийхэд хүүхдүүд бусдыг хайрлаж буй зургийг үзээд баясч, харин бусдыг зовоож буй зургийг хараад дургүйцэж байгааг тогтоосон байна. Янз бүрийн туршилт судалгаанаас харахад байнгын уур уцаар, айдас бидний дархлааны системийг эвддэг болох нь тогтоогдсон. Туршилтаар хүний жинхэнэ төрөлх чанар эерэг бөгөөд энэрэнгүй гэдэг нь тогтоогдсон тул энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлж болох юм гэсэн их итгэл найдварыг надад өгсөн юм.”

“Бидэнд тулгарч буй олон асуудлууд аливаад атгаг муу санаа, алсын бодолгүй явцуу байдлаар хандсаны үр дагавар билээ. Аргентинд уулзаж байсан миний найз Франциско Варелогийн багш, биологч Нумберто Матурана нэгэн удаа хэдийгээр биологийн шинжлэх ухаан нь түүний судалдаг салбар боловч түүнд хэтэрхий их автагдах ёсгүй гэсэн юм. Тэр үед би ч бас “Хэдийгээр би буддын шашинтан боловч атгаг өчүүхэн санаа өвөрлөхгүйн тулд буддын шашинд хэтэрхий туйлширч уягдах ёсгүй” гэж бодсон юм.”

“Өнөөдөр хамгийн чухал зүйл бол хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ухамсартайгаар хөгжүүлэх явдал болоод байна. Учир нь бид бүгд нэг нэгнээсээ маш их хамааран амьдарч байна. Энэ нь аяндаа бүх нийтийг хамарсан хариуцлагын тогтолцоог бий болгох ёстойг харуулж байна. Тиймээс дэлхий дээр болж буй дүрвэгсдийн асуудлыг ч үл тоомсорлох нь ёс зүйгүй асуудал юм."

“Энх тайван, эдийн засаг” сэдэвтэй энэ хуралд энх тайвантай холбоотой зүйлийг би ярьж чадна, харин эдийн засагтай холбоотой зүйлийг би мэдэхгүй.”

“Бид бүгд нэг том гэр бүлийн гишүүд гэдгийг ойлгохын чухал жишээ нь цаг уурын өөрчлөлтийн тухай асуудал юм. Бид улс үндэстний явцуу сонирхлыг дэлхий дахиныг хамарсан асуудлаас илүү дээр тавьж болохгүй. Хэрэв бид энх тайванч байдлаар харилцан ярилцах юм бол илүү энх амгалантай дэлхийг бүтээж чадна.”

Өсөн нэмэгдэж байгаа үл тэвчих байдлыг шийдвэрлэх арга зам байна уу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн Энэтхэг орон хэдэн зуун жил олон шашинтны өлгий нутаг байсныг онцлов. Тэрээр тэмдэглэхдээ, баруунд иргэний гэсэн үг нь шашныг үл тоосон, түүнд хүндэтгэлгүй ханддаг гэсэн утгаар хүмүүс ойлгодог байхад Энэтхэгт энэ нь бүх шашны уламжлал болон сүсэг бишрэлгүй хүмүүсийн ч үзэл бодлыг хүндэлдэг санааг агуулдаг гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Карнатака мужийн Дипломат корпусын ажилтнуудтай  уулзаж, Нарийвчилсан Судалгааны Үндэсний Институт (НСҮИ) дээр яриа хийв
Дипломат консулын корпусын уулзалтанд дээр Дубайгаас ирсэн
хадагтай Торояа Ал Авадхи Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас
асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор.
2015.12.06. Зургийг Дэнзэн Чойжир/ДЛО/
“Өөрөө өөрийнхөө аврал мөн” гэсэн Бурхан Багшийн сургаалийг тайлбарлаж өгөхийг хүссэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, бид амар амгалан болон аз жаргалыг эдлэх эрхтэй бөгөөд эдгээрийн хамгийн гол эх үндэс нь дотоод амар амгалан юм гэлээ.

Хадагтай Торояа Ал Авадхи өөрийгөө Арабын Эмират, Дубайгаас ирсэн гэж танилцуулаад Дээрхийн Гэгээнтнээс эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулахад туслахыг хүсэв. Дээрхийн Гэгээнтэн Вашингтонд 9 дүгээр сарын 11-ний халдлагад зориулсан анхны дурсгалын үйл ажиллагаанд оролцохдоо лалын шашинтнууд хийгээд лалын шашныг өмгөөлсөн гэдгээ хэллээ. Тэрээр цөөн хэдэн хүмүүсийн хийсэн буруу үйлдлийг бүхэл бүтэн шашин, олон нийтэд нялзаах нь маш буруу гэдгийг онцолсон юм. Болж буй үйл явдал нь иргэншил хоорондын мөргөлдөөн болж байгааг харахад маш их аюултай байна хэмээн санаа зовиж буйгаа ярив. Түүнчлэн Европ дахь дүрвэгсдийн асуудалд санаа зовж буйгаа илэрхийлээд тэдний дүрвэн зугтааж байгаа газар нутагт энх тайвныг тогтооход их хүчин чармайлт хэрэгтэй гэсэн өөрийн үзэл санаагаа дахин давтан хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь, эрт дээр үеийн хүмүүс удирдагчгүй байсан бөгөөд яваандаа хүмүүсийг удирдах шаардлага гарахад биеийн хүч чадал давамгайлсан хүмүүс буюу эрчүүл нь удирдагч болж байсан. Орчин цагт хүмүүсийн боловсрол нь биеийн хүчээр бусдыг давамгайлах явдлыг арилгасан гэв. Мөн Парист болсон цаг уурын өөрчлөлтийн хуралд оролцсоноо дурслаа. Уг хуралд оролцсон хүмүүсийн ерин хувь нь эрэгтэй, таван хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд энэ нь дэлхий ертөнцийг маш түргэн аюулгүй газар болгож чадах эсэх дээр эргэлзээ төрүүлж байна гэлээ.

Тэрээр цааш нь ярихдаа, Парисын цаг уурын өөрчлөлтийн хуралд оролцсон олон хүмүүс юу хийх ёстойгоо мэдэж байгаа боловч түүнийгээ амьдралд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой улс төрийн хүсэл зорилго шаардагдана гэлээ. Мөн цаг уурын өөрчлөлт нь зөвхөн дэлхий нийтийг хамарсан асуудал төдийгүй өнөөгийн залуу хүмүүсийн хүүхдүүд, тэдний хүүхдүүдэд нөлөөлөх хүчин зүйл гэдгийг санаж явах хэрэгтэй гэлээ.

Бурханд залбирахад дээрээс хүч чадал бууж ирдэг үү гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, залбирал дотоод амар амгаланг хөгжүүлэхэд үүрэг гүйцэтгэдэг, гэхдээ дэлхий дээр энх тайвныг цогцлооход энэ хангалтгүй. Үүнд идэвхтэй үйл ажиллагаа хэрэгтэй гэлээ. Тэрээр цөмийн зэвсгийн талаар, “Өнгөрсөн жил Римд болсон Нобелийн шагналтнуудын уулзалтан дээр цөмийн зэвсгийн аюултай хор хөнөөлийн тухай тодорхой мэдээлэл сонссон. Хуралд оролцогчид бүх төрлийн цөмийн зэвсгийг бүрэн устгах, багасгах тал дээр тодорхой хөтөлбөр гаргаж ажиллах хэрэгтэй гэж шийдвэр гаргасан” гэж ярив. Тэр үед Дээрхийн Гэгээнтэн цөмийн зэвсэг хэрэглэхийг тууштай эсэргүүцдэг Япон улсаар уг компанит ажлыг удирдуулах уриалга гаргажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Карнатака мужийн Дипломат корпусын ажилтнуудтай  уулзаж, Нарийвчилсан Судалгааны Үндэсний Институт (НСҮИ) дээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нарийвчилсан Судалгааны
Үндэсний Институт /НСҮИ/ дээр хүрэлцэн ирж байгаа нь.
Энэтхэг, Карнатака, Бангалор. 2015.12.06.
Зургийг Дэнзэн Чойжир/ДЛО/
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Нарийвчилсан Судалгааны Үндэсний Институт /НСҮИ/ дээр хүрэлцэн ирэв. Институт нь мод хулсаар битүү хүрээлэгдсэн газар байрладаг ажээ. Энэ нь Ж.Р.Д Taтaгийн үүсгэн байгуулсан институт бөгөөд байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, соёл урлаг болон хүмүүнлэгийн салбар, салбар дундын болон олон талт судалгааг гүнзгий түвшинд судалдаг төв юм. Дээрхийн Гэгээнтнийг НСҮИ-ын захирал эрдэмтэн, боловсролын асуудлаар мэргэшсэн нэрт сурган хүмүүжүүлэгч Доктор Балдев Раж хүндэтгэн хүлээн авав. Дээрхийн Гэгээнтэн айлчлалын дурсгал болгож зулзган мод суулгалаа.

НСҮИ-ын танхимд Доктор Балдев Раж Дээрхийн Гэгээнтнийг цугларсан олонд танилцуулаад үндэсний уламжлалт ороолт өргөн барив. Дараа нь НСҮИ-ын хүрээнд явагддаг “Гайхамшигт хүмүүсийн яриа” цуврал лекцэнд анхныхаа лекц яриаг эхлүүлэхийг хүсэв. Дээрхийн Гэгээнтэн уг үйл ажиллагаанд урисан нь түүний хувьд нэр төрийн хэрэг мөн хэмээн яриагаа эхэллээ.

“Бидний амьдралын утга учир юу юм бэ гэж би байнга өөрөөсөө асуудаг бөгөөд эцэст нь амьдралын зорилго бол аз жаргалтай байх явдал гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ирээдүйд юу болох талаар бидэнд баттай мэдэх зүйл байхгүй. Гэсэн ч бид итгэл найдвар дүүрэн амьдарч байна. Итгэл найдвар л биднийг урагш хөдөлгөж байна. Ихэнх хүмүүсийн дунд өргөн тархсан зөвхөн материаллаг, эд баялагийн аз жаргалаас сэтгэлийн баяр баясгалан нь илүү билээ. Бид заримдаа мэдрэхүйн эрхтнүүдийн тусламжаар авдаг мэдрэмж хийгээд оюун санааны ухамсар хоорондын ялгааг хангалттай ойлгодоггүй. Материаллаг зүйлс зарим талаар сэтгэл хангалуун байдлыг авчирдаг боловч энэ нь түр зуурын л байдаг. Энэ нь сэтгэл зовних болон айдсыг даван туулахад тус дэм болдоггүй. Харин сэтгэл санааны баяр баясгалантай, тайван байдал бидэнд найдвартай түшиг тулгуур болдог.”

Дээрхийн Гэгээнтэн Испаны Барселон хотын ойролцоо байдаг Монцеррат сүмийн католик сүмийн ламтай уулзсанаа ярив. Тэр лам ганцаараа ууланд бясалгал хийн таван жилийг өнгөрөөхдөө өчүүхэн цай, талх, ус гурваар л амь зогоож байжээ. Дээрхийн Гэгээнтэн түүнээс ямар төрлийн бясалгал хийж байсан талаар асуухад тэр лам зөвхөн хайр дээр төвлөрч бясалгадаг байсан гэж хэлэхэд түүний нүднээс дотоод баяр баясгаланг илчилсэн гэрэл цацарч байсныг ажиглажээ.

“Энэ тохиолдлоос үүдэн би аливаа зүйлийг сэтгэл санаагаараа мэдрэх нь мэдрэхүйн эрхтний тусламжаар бие махбодиор мэдрэхээс хавьгүй илүү юм байна гэж дүгнэсэн. Аз жаргалтай байхын тулд бидэнд дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэл хэрэгтэй. Ингэснээр халуун дулаан сэтгэл нь дотоод хүч чадлын эх үүсвэр юм шиг надад санагддаг” хэмээн айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Карнатака мужийн Дипломат корпусын ажилтнуудтай  уулзаж, Нарийвчилсан Судалгааны Үндэсний Институт (НСҮИ) дээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам НСҮИ дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Карнатака муж, Бангалор. 2015.12.06.
Зургийг Дэнзэн Чойжир/ДЛО/
“Эртний Энэтхэгийн сэтгэл судлалын ухаан орчин үеийн сэтгэл судлалын ухаанаас хавьгүй өндөр түвшинд хүртлээ хөгжсөн байсан. Харамсалтай нь өнөөгийн энэтхэгүүд төвөдүүдийн бүрэн бүтнээр нь хадгалж ирсэн энэ уламжлалт мэдлэг дээр төдийлөн анхаарал хандуулахгүй байна. Эртний сэтгэл судлалын энэ шинжлэх ухаан мэдлэгийг орчин үеийн боловсролтой хамтатган судлах юм бол асар их ач тустай байх болно гэдэгт би итгэдэг” гэв.

Орчин үеийн энэ их завгүй нөхцөл байдалд бясалгалын нам гүм орчинд ганцаараа байх нөхцлийг хэрхэн бий болгох вэ гэж танхимаас асуухад Дээрхийн Гэгээнтэн: “Ихэнхи хүмүүс хэрэв хүсэх юм бол өөртөө өдөрт хагас цаг, эсвэл нэг цагийг зориулж чадна” гэлээ. Тэрээр тодруулж хэлэхдээ бясалгалын 2 үндсэн төрөл байдаг бөгөөд төвлөрөх бясалгал нь нам гүм газарт биеийн тодорхой байрлал шаарддаг, харин задлан шинжлэх бясалгал нь аливаа зүйлийг задлан шинжилдэг тул ийм бясалгалд орчны нөхцөл байдал төдийлөн чухал биш талаар ярьлаа.

Өөр нэгэн хүн, бүх шашин хайр энэрэл, уучлал өршөөлийн талаар сургадаг атал яагаад шашны нэрийн дор ийм их хүчирхийлэл гарч байна вэ хэмээн асуулаа. Дээрхийн Гэгээнтэн үүнд хариулахдаа, сүсэг бишрэлийн хэт их туйлшралаас энэ бүгд гарч байна гэв. Өөр нэг хуралд оролцогч энэрэл нигүүлсэл, өршөөл уучлал таныг бусдад ашиглуулах үүд хаалгыг нээж өгдөг эсэхийг асуухад, бусдыг уучлахдаа гэм буруутай үйлдлийг үйлдсэн хүнээс нь зааглаж ялгах чухал болохыг тайлбарласан юм. “Тэвчин өнгөрүүлэх ба уучилж өршөөх нь хийсэн буруу зүйлийг хүлээн зөвшөөр гэсэн үг биш ээ, гэвч уг хүнийг нь энэрэн хайрлах сэтгэлтэй байх хэрэгтэй.”

Эцэст нь орчин үеийн хүмүүст юу хэлэхийг хүсч байна вэ гэсэнд, "Энэтхэг орон ахимса буюу үл хүчирхийлэх, шашин хоорондын эв нэгдлийн уламжлалыг урт удаан хугацааанд хадгалж ирсэн бөгөөд ирээдүйн сайн сайхны төлөө энэ уламжлалаа орчин үеийн хөгжилтэй хослуулах нь чухал байна" гэлээ.

Дээрхийн Гэгээнтэнд НСҮИ-ыг үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтний эхнэр Ража Раманна танхимд байгааг дуулгахад тэрээр түүнд хандаж, “Би танай нөхрийг ихэд хүндэлдэг байлаа. Тэр нэг удаа надад хэдийгээр квантын физик нь орчин үед мэдлэгийн шинэ салбар болон гарч ирсэн болов ч хоёр мянга гаруй жилийн тэртээ Нагаржунайн сургаалтай таарч байсныг олж мэдсэндээ ихэд гайхаж бас сэтгэл дүүрэн байсан гэж хэлж билээ. Тэрээр Энэхэг хүний хувьд энэ нь түүний бахархал байсан” хэмээгээд яриагаа өндөрлөв.
Үзсэн: 2 276
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц