Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд Сандуйн авшигийн бэлтгэлд зориулж ном айлдав

14-01-2016, 05:04  |  Хэвлэх

2015 оны 12 дугаар сарын 10

Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.09. Дээрхийн Гэгээнтэн өчигдөр Бангалораас Хүнсүр хотод байрлах нууц тарнийн Жүдмад дацан луу шууд явах байсан хэдий ч Мундгод явахаар шийдэв. Зорилго нь Гандан Ширээтийн шинээр баригдсан албаны өргөөг нээж, аравнайлах явдал байлаа. Дараа нь үдээс хойш Хүнсүрийг зорьсон бөгөөд үдийн хоолны дараа яг 12 цагт номоо айлдаж эхэлсэн юм. Тэрээр сэнтийн өмнө хүндэтгэл үзүүлээд Гандан Ширээт, Сажа Дагти ринбочэ, Шарба цорж, Жанзэ цорж, Лин ринбочэ, мөн хамба лам нар болон хуучин хамбуудадтай мэндчилээд сэнтийдээ залрав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд Сандуйн авшигийн бэлтгэлд зориулж ном айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд явагдах номын
айлдварын өмнө уншлага уншиж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Хүнсүр. 2015.12.09. Зургийг Тэнзэн Чойжор /ДЛО/
Бурхан Багшийн магтаалууд, “Билгүүний зүрхэн” судрыг уншаад мандал өргөсний дараа Наландагийн 17 их бандида нарын магтаал, нууц тарнийн их дацанг үндэслэгч Жэвзүн Шэйрав Сэнгээд зориулсан соёрхолыг уншив. Уншлага дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн цугларсан олонд хандан үг хэллээ.

“Энэ цаг үед материаллаг зүйл маш ихээр хөгжжээ. Үүний зэрэгцээ Төвөд орон хямран үймсээр л байна. Бидний зарим нь дүрвэн ирсэн бөгөөд зөвхөн амь насаа авраад зогсохгүй ёс уламжлалаа хадгалж үлдсэн юм. Үүнд бидний соёл болон учир шалтгааны логик ухааны суурь дээр үндэслэсэн Наландагийн их багш нарын билиг оюун, мэдлэг багтдаг юм. Гурван гол хөлгөн хийд болох Сэра, Брайбун, Гандан хийдүүд ба Жүдмад болон Жүдод дацангууд, Даш Лхүмбо хийд энэ үйл хэрэгт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулжээ.”

“Бид дүрвэн ирснээс хойш бараг 60 гаруй жил өнгөрсөн байна. 1959 онд ирсэн хүмүүсийн олонхи нь нас барсан. Тэдний дунд Наландагийн их багш нараас үлгэр жишээ аван залуу үеийг халамжилж тэдэнд зааж сургаж байсан олон сайхан багш нар байсан юм.”
“Богд Зонхов өөрийн сургааль номыг, ялангуяа түүний Сандуйн ном уламжлалыг хэн үргэлжлүүлэн авч явах талаар өөрийн шавь нараасаа асуухад Жэвзүн Шэйрав Сэнгэ босоод “Үүнийг би хийе” хэмээн амалсан юм.

“Өнөөдөр би Сандуйн авшигийг та бүхэнд хүртээх, та нар ч энэхүү авшигийг сайтар хүртэе гэсэн хүслээр энд цугласан байна. Сандуй нь нууц тарнийн номын хаан гэгддэг. Нууц тарнийн ёс нь бурханы гурван лагшинг олох түргэн арга замыг номлодог. Сандуйн номлолд үхлийн гурван үе шат, зуурдын болон төрөх явцыг хэрхэн өнгөрөөх талаар онцгой тайлбарласан байдаг. Нагаржуна, Аряадева болон Чандракирти нар бүгд Сандуйн ёсны талаар ном зохиол бичсэн бөгөөд Богд Зонховын айлдсан 18 боть номын тавад нь Сандуйн ёсны уламжлалыг тайлбарласан байдаг. Нууц тарнийн номлолыг судалдаг их дацангууд байгаагүй бол Сандуйн ном сургаал, уламжлал алдагдах байсан юм. Энэ их боломжийг бий болгож ажилласан бүх хүнд би талархал илэрхийлэхийг хүсч байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд Сандуйн авшигийн бэлтгэлд зориулж ном айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Жүдмад дацан дахь номын
айлдварт суухаар 10,000 гаруй лам нар цугларсан байлаа.
Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.09. Зургийг Тэнзэн Чойжор
Дээрхийн Гэгээнтэн сүүлийн гурван жил дараалан явагдсан “Бодь Мөрийн Зэрэг”-ийн цуврал айлдварыг Лин ринбочийн хувилгааны хүсэлтээр хийж байгаа гэдгээ дурьдаад сүүлийн хэсгийг энэ жил Даш Лхүмбо хийдийн шинэ дуганд уншиж дуусгахаа зарлав. Даш Лхумбо хийд нь логик болон танин мэдэхүйн сургалтын чанараараа алдартай бөгөөд уг хийдийг Далай Ламын анхдугаар дүр Гэндүндүв гэгээн байгуулжээ.

Дээрхийн Гэгээнтэн өөрийн багш Лин ринбочэгээс Сандуйн авшиг хүртсэнээс хойш өдөр бүр Сандуйн бясалгалуудыг хийж байгаа гэдгээ айлдлаа. Дээр дурьдсанчлан Богд Зонхов Сандуйн бясалгалыг маш ихээр анхаардаг байсан тул бид ч гэсэн энэ тал дээр сайтар анхаарах хэрэгтэйг онцоллоо. Тийм учраас энэхүү авшиг хүртсэн хүн бүр Сандуйн бясалгалыг өдөр бүр хийж, боломж байвал хэсэг хугацаанд бусдаас ангид ганцаараа байж бясалгахыг зөвлөв.

Тэрээр хэлэхдээ, уншлага тарнийг цээжлэн унших бөгөөд зарим үед Хайдүв ринбочийн зөвлөснөөр үгээ хэлэхгүйгээр дотроо уншдаг байх хэрэгтэй гэв. Дээрхийн Гэгээнтэн зарим үед ингэж уншдаг тухайгаа ярьсан юм. Түүний багш Лин ринбочэ бясалгал хийх үед нь ямар нэг зүйл түүнийг сатааруулбал хэсэг бүрээр дахин дахин давтан уншдаг байсан гэлээ. Энэхүү нууц тарнийн нарийн бясалгалыг хийхийн тулд бодь сэтгэлийн бясалгалыг сайн давтан хэвшүүлж, хоосон чанарын утга учрыг ойлгон ухаарах явдал чухал гэдгийг онцолсон юм.

Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын “Шүтэн Барилдахуйн Магтаал" гэх зэрэг хэд хэдэн ном айлдахаа мэдэгдэв. Хэрэв та ертөнцийн найман зүйлд автагдсан бол дээдийн номыг хэвшүүлээгүй гэсэн үг бөгөөд бодь сэтгэлийг үүсгэхгүйгээр их хөлгөний ёсонд дэвшин орж чадахгүй гэлээ.
-Буддын сургаалийг айлдахын өмнө би зарим түүхээс өгүүлэхийг хүсч байна. Энд маш олон хүн дэлхийн өнцөг бүрээс иржээ. Бид “Хамаг амьтан аз жаргалтай байж аз жаргалын шалтгааныг олоосой” гэж хүсдэг. Шантидева гэгээн “Өөрийн аз жаргалыг бусдын зовлонтой хуваалцдаггүй хүн гэгээрлийн хутгийг олохгүй нь ойлгомжтой. Дэлхий дээр хүмүүс хоорондоо байлдаж, шашны ялгаанаас болж бие биеэ алан хядаж байна. Бид бүгдээрээ л адилхан хүмүүс, бүгдээрээ л зовлонг биш аз жаргалыг хүсдэг. Тэгээд яагаад ийм байдалд хүрээд байна? Яагаад бусдыг зовоогоод байна? Хэрхэн аз жаргалыг бий болгох вэ? Ийм нөхцөлд “Эх болсон хамаг бүхэн аз жаргалтай байгаасай” гэж залбирах нь маш чухал хэрэгцээтэй юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд Сандуйн авшигийн бэлтгэлд зориулж ном айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд ном айлдаж
байгаа эхний өдөр. Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.09.
Зургийг Тэнзэн Чойжор /ДЛО/
“Бид бусдын төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй. Бусдыг энэрч хайрласан сэтгэл бол аз жаргалын үндэс суурь юм. Шашны мөн чанар нь сайхан сэтгэлтэй байх явдал билээ. Бүх шашинд үүнийг зааж сургадаг. Ялгаа нь үзэл онолын хувьд зарим нь бүтээгч-эзэн байдагт итгэдэг, зарим нь итгэдэггүй. Гэсэн хэдий ч бүх шашны ерөнхий зорилго нь энэрэл хайрыг түгээх явдал юм.”

“Төвөдийн бурханы шашны уламжлал бүгд Энэтхэг эх сурвалжаас үүсэлтэй. Бид бүгдээрээ нэг багшийн шавь нар бөгөөд Наландагийн ариун ёс, уламжлалыг сахин хадгалж байна. Урьд нэгэн удаа намайг Сандуйн авшиг өгөх үед хамба Жигмэд Пунцаг оролцож байсан, харин энэ удаа Сажа Тизин ринбочэ бидэнтэй хамт байна. Түүнийг хүрэлцэн ирсэнд би баяртай байна. Төвөдөд байхдаа бид бусад уламжлалын их багш нартай уулзалдах нь ховор байсан, харин дүрвэж цагаачилсан энэ үед бид зөвхөн уулзаад зогсохгүй бие биетэйгээ улам дотно болж байна.”

“Бид бүгд адилхан хүн учраас би хүний үнэ цэнийг хөгжүүлэхийн тулд хувь нэмрээ оруулах нь миний үүрэг гэж боддог. Хувраг хүний хувьд би шашны эв нэгдлийг хөгжүүлэх болон тэдгээрийн хооронд харилцан бие биенээ ойлгох явдлыг бэхжүүлэхийг хичээдэг. Мөн би нутаг нэгт олон мянган Төвөд хүмүүс итгэл найдвараа надад хүлээлгэсэн Төвөд хүн билээ. Ийм учраас би хэдийгээр улс төрийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдсөн боловч Төвөд хэл, философын гүнзгий үзэл онолыг агуулсан Наландагийн уламжлалыг хэвээр нь хадгалж үлдээх, оюун ухаан хийгээд хүний сэтгэл хөдлөл хэрхэн явагддаг үйл ажиллагааг бусдад ойлгуулахад туслах үүрэг хариуцлагыг өөртөө хүлээсэн билээ. Түүнээс гадна Төвөдийн байгаль экологийн асуудал миний санааг зовоож байна.”

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн “Шүтэн Барилдахуйн Магтаал”-ыг эрчимтэйгээр айлдаж эхлэв. Тэрээр мунхагийг даван дийлэх хэрэгтэй гээд шүтэн барилдахуйн онол нь хоёр туйлшралд автдаггүй болохыг онцлов. Тэрээр төв үзлийн талаар ном хаялцдаг байсан туслах багш нарын дунд өөрийн онцгой хурц ухаанаараа ялгардаг байсан Монгол Ойдүв Цогнигийн талаар дурсан ярив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд Сандуйн авшигийн бэлтгэлд зориулж ном айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацангийн хурлын дуганд
ном айлдах үеэр. Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.10.09.
Гэрэл зургийг Тэнзэн Чойжир /ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ тэрээр гайхуулахыг хүсээгүй боловч хүүхэд байхаасаа л төв үзлийн тухай сургаалыг сонсч судалсан ажээ. Бодь сэтгэлийг үүсгэх нь маш холын юм шиг санагдаж байсан авч Хүннү Лама ринбочэгээс “Бодьсадвын Явдалд Орохуй”-н тайлбарыг сонссоноос хойш энэ нь боломжийн санагдаж үүнийг өөртөө төрүүлэхийн төлөө шамдсан байна. Тэрээр мөн 60-аад оны үед “Төвд Орохуй” номын Богд Зонховын тайлбар дээрхи “юмс зөвхөн” гэсэн мөрийг уншаад цахилгаанаар цохиулах мэт болсон тухайгаа ярьсан юм.

Эцэст нь тэрээр:

“Суралцаж, судлахаас өөр ямар ч сонголт энд байхгүй. Хэрэв та нар тууштай байж чадах аваас та нарын дотоод сэтгэлд өөрчлөлт гарах нь гарцаагүй.” хэмээн айлдаад энэ өдрийн номын айлдвараа өндөрлөсөн бөгөөд хуран цугласан олон мянган хүмүүс алгуур тарцгаалаа.



Үзсэн: 2 012
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц