Шүтээнд равнай өргөж, Дагток хийдэд айлдвар айлдлаа

13-08-2016, 04:56  |  Хэвлэх

2016 оны 8 дугаар сар 6

Энэтхэг, Ладак, Лех. 2016.08.05 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөө эрт өөрийн Шивацал ордноос 40 гаруй км зайтай орших Дагток хийдэд морилохоор хөдөлсөн юм. Тэрээр зам зуур түүнийг хүлээн гартаа хадаг, цэцэг барин зогсож байгаа төвөд, ладак олон хүмүүсийн зүг гар даллан явлаа.

Шүтээнд равнай өргөж, Дагток хийдэд айлдвар айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дагток хийдэд цогчод өргөв.
Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.05.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Сакти тосгонд орших Дагток хийдэд морилон ирэхэд хийдийн шинэ, хуучин ловонгууд угтан авав. Шинэ дуганд морилон орохын өмнө тэрээр Дагток хийдийн лам нар болон Намжал дацангийн лам нарын хамт товч равнай өргөв. Шинэ дуганы гол шүтээн нь ловон Бадмасамбхава байх бөгөөд түүний хоёр талд ловон Дорж Долой, ловон Бадмажалбу нарыг хүндэтгэлтэйгээр залсан байлаа. Ийнхүү нэгэн дор залсан Ловонгийн гурван дүрийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам равнайлж, дараа нь мандал өргөсөн юм.

Дараа нь ловон Дорж Долойд цогчод өргөсөн бөгөөд лам хуврагууд ловон Бадмасамбхавагийн олон уншлага, тарнийг уншлаа.

Цогчод өргөж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладак дахь энэ жилийн анхны айлдвараа айлдсан юм. Дагток хийдийн талбайд гадаад, дотоодын олон мянган хүмүүс түүний айлдварыг сонсохоор хуран цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн юуны түрүүнд ловон Дорж Долойгийн шүтээнийг бүтээсний учрыг тайлбарлан ярив. Нинма урсгалын өмнөх тэргүүн Даглүн Цэдүл ринбочэ түүнд уг шүтээнийг богсох талаар захьсан ажээ. Ладакт энэхүү шүтээнийг бүтээсэн нь оюун санааны болон цаг үеийн төвөдийн асуудлыг шийдэхэд нэмэртэй гэж Дээрхийн Гэгээнтэн үзэж байгаа аж. Үүнтэй адил шүтээнийг Сикким, Аруначел Прадеш болон өөр бусад хилийн бүс нутгуудад бүтээн залах төлөвлөгөөтэй байгаагаа тэрээр дурдлаа.

Шүтээнд равнай өргөж, Дагток хийдэд айлдвар айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дагток хийдэд гадаад, дотоодын
олон мянган хүмүүст айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК,
Ладак, Лех. 2016.08.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа долоо хоногийн турш ловон Дорж Долойн бясалгалыг үйлдэн дөнгөж өчигдөр дууссан тул өнөөдөр Дагток хийдэд хүрэлцэн ирж мандал, цогчод өргөж байгаагаа тайлбарлав. Мөн тэрээр “Энэ үйл ажиллагаанд олон нийтийг хамруулах бодолгүй байсан ч та нар олуулаа цугласан байх тул та бүхэнтэй би мэнд мэдэхийг хүслээ” хэмээн ярив.

“Та бүгд энд сүсэг бишрэлдээ хөтлөгдөн ирсэн. Бурханы шашин нь дан ганц сүсэг бишрэлийг хангалтгүй гэж үздэг. Энэ нь саруул ухаанаас гарсан судалгаа шинжилгээнд итгэх хэрэгтэй гэсэн үг юм.”
Тэрээр:

“Гэлэнгүүдээ, шижир алтыг шатаах, таслах зэргээр таних мэт миний сургаалыг ч тэр адил нягталж үзээд дагахтун. Зөвхөн сүсэг бишрэлээр бүү дага” гэж айлдсан Бурхан Багшийн айлдварыг эш татлаа.

Нэгэнт Бурхан Багш өөрийн сургаалыг нягталж судлах хэрэгтэйг айлдсан байх тул сүсэг бишрэл гэхээсээ илүү судалж нягтлах нь чухал болохыг онцлов. Харин дэлхийн бусад шашны үндэслэгчид өөрсдийн сургаалд итгэх хэрэгтэй гэж шавь нараас хүсдэг ажээ.

Шүтээнд равнай өргөж, Дагток хийдэд айлдвар айлдлаа
Ахмад хөгшчүүл Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсож байгаа нь.
Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.05. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“Учир шалтгааны арга ухаан нь Бурхан Багшийн номлолыг судлахад маш чухал байдаг. Тийм ч учраас хутагт Нагаржуна, цогт Чандракирти тэргүүтэн учир шалтгааны арга ухаанаар Бурхан Багшийн айлдсан сургаал номлолыг нарийвчлан судалж, шууд хүлээн авах, эсвээс далд утга бүхий сургаалуудыг ялгасан юм.”

Энэ хэсэгт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам билгүүн, үнэмлэхүй билгүүн гэх зэргийн ялгааг тайлбарлав.

Тийм учраас учир шалтгааны арга ухаан нь буддын гүн ухаанд суралцах хамгийн чухал зүйл болохыг дурьдаад гурван ухагдахуун болох ил ухагдахуун, далд ухагдахуун, машид далд ухагдахууныг өөр өөр учир шалтгааны арга замаар судалдаг тул олон талд судалгаа маш чухал болохыг тайлбарласан юм.

Энэ цаг үед орчин үеийн шинжлэх ухааны олон эрдэмтэдтэй уулзаж байгаа нь буддын гүн ухааныг судлахад нэлээдгүй нэмэр болж байгааг дурьдав. Тэдгээр эрдэмтэд сүсэг бишрэлээс хамааралгүй буддын гүн ухааныг зөвхөн учир шалтгааны үүднээс судалж байгаа бөгөөд 30 гаруй жилийн турш хамтран ажилсан нь маш их үр дүн өгч байгаа гэлээ. 40 жилийн өмнө уг ажлыг эхлүүлж байхад барууны зарим нөхдүүд энэ тал дээр таатай хандаагүй байна. Гэсэн ч шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран ажиллаж эхэлжээ. Тэрээр “30 жилийн турш орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй ажилсны дараа эргэн харахад би ялсан мэт санагдаж байна” хэмээв.

Шүтээнд равнай өргөж, Дагток хийдэд айлдвар айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакийн Дагток хийдэд айлдвар
айлдах үеэр. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.05.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь буддын гүн ухаанд суралцах, сурсан зүйлээ дадлага болгохыг зөвлөв. Ганжуур, Данжуурын 300 гаруй боть ном нь учир шалтгааны арга замаар чин үнэнийг таньж мэдэхийг номлосон байх бөгөөд түүнийгээ бясалгалын арга замаар дадлага болгохыг заасан байдгийг онцоллоо.

“Бид бурханд сүсэг бишрэлтэй байдаг. Түүний үнэн зөв сургаалыг дагахын тулд бид зайлшгүй учир шалтгааны арга замаар түүний сургаалыг судлах явдал юм.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь Наланда уламжлалд буддын гүн ухааны дөрвөн түвшин байдгийг тайлбарлав. Энэ нь Бурхан Багшийн айлдсан нэг сургаалыг дөрвөн өөр өнцгөөс тайлбарладаг болохыг харуулж байгаа аж. Энэ мэтчлэн буддын гүн ухааны олон түвшинд тайлбарласан асар олон ном сургаал зөвхөн төвөд хэлэнд орчуулагдан өнөөгийн бидэнд өвлөгдсөн байгааг онцлов.

Төгсгөлд нь тэрээр “Өдгөө би 81 насанд хүрлээ. Гэсэн хэдий ч хэзээ надад боломж гарна тэр болгонд би Ганжуур, Данжуур болон бусад ном судруудыг үзэж судалдаг” гэсэн юм. Ийн айлдахдаа тэрээр ном судар үзэж судлах нь зөвхөн залуу хүний ажил бус, ахмад хөгшчүүлд ч ийм боломж байгааг сануулсан юм. Тэрээр үхэн үхтлээ дээдийн ном сургаалд суралцах хэрэгтэй гэж айлдсан Сажа бандидагийн айлдварыг эш татлаа.


Тэрээр удахгүй номын айлдварын үеэр энэ тухай дэлгэрэнгүй ярих болно хэмээн мэдэгдээд энэ өдрийн айлдвараа дуусгасан бөгөөд өөрийн Шивацал ордны зүг хөдөллөө.
Үзсэн: 2 468
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц