Чехийн Сенатын танхим дахь уулзалт ба олон нийтэд яриа хийв

12-11-2016, 04:28  |  Хэвлэх

2016 оны 10 дугаар сар 20

Чех улс. Прага. 2016.10.20 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочид буудлаасаа гаран Прага хотын дундуур машинаар явсаар Чехийн парламентын сенатын танхимд морилон ирэхэд бороо орж байлаа. Түүнийг Сенатын танхимын орлогч дарга Милусе Хорска угтан авч, сенатын танхимын 14 гишүүд болон 34 Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзах уулзалтанд түүнийг дагуулан орж ирэв. Тэд бүгдээрээ ширээнд суусны дараа Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан:

Чехийн  Сенатын  танхим дахь уулзалт ба олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чехийн Парламентын Сенатын
танхимд Чехийн парламентын гишүүдтэй уулзаж байгаа нь.
Чех улс. Прага хот. 2016.10.19. Зургийг Жереми Рассел /ДЛО/
“Ард түмний төлөөлөл болсон та бүхэнтэй энд уулзаж байгаа минь нэр төрийн хэрэг болж байна. Би хүүхэд байхаасаа л ардчилалыг сонирхож түүнд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Би Төвөдөд байхдаа шинэчлэл өөрчлөлт хийхийг оролдсоныг минь Хятадууд зогсоож, өөрсдийнхөө аргаар энэ өөрчлөлт хийхийг хүссэн юм. 1959 онд Энэтхэгт ирээд ардчилалыг хэрэгжүүлэх боломж надад олдсон билээ. Бид цагаачлалын засгийн газар байгуулж, 1963 онд Төвөдүүдэд зориулж Далай Ламын шийдвэрт хурлын төлөөлөгчдийн 2/3 саналаар хориг тавьж болно гэсэн дүрэм баталсан юм.

“2001 онд би сонгогдсон удирдагчдад өөрийн эрх мэдлийн хагасыг шилжүүлэн өгч, 2011 онд бүрэн эрхээ өгснөөр Далай Ламын улс төрийн үүрэг рольд цэг тавигдсан юм.”

Хадагтай Хорскагийн, хууль тогтоох засаглалын гишүүдэд ямар зөвлөгөө өгөх бол гэсэн асуултанд Далай Лам хариулахдаа, тэд ажиллах зарчимаа л баримтлан ажиллах хэрэгтэй гэж хариулав.

“Бид бүгдээрээ бие махбодь, оюун санаа болон сэтгэлээрээ адилхан гэдгийг би хүмүүст байнга хэлдэг. Бид бүгдэд аливаа сайн сайхныг бүтээх нөөц боломж байдагтай адил бас эвдэн сүйтгэх хор хөнөөлтэй хүч агуулагдаж байдаг. Аливаа шашин шүтлэгийн ялгаанаас үл хамааран бид адилхан хүмүүс. Бид өөрсдийн саруул ухааны ачаар уур хилэн, атаа жөтөө, аминч үзэл нь бидэнд ямар их хор уршиг авчирдаг ба бусдын төлөө гэх энэрэнгүй сэтгэл ямар их ач тустайг үнэлэн дүгнэж чадна. Үүнийг би хүмүүстэй уулзах бүртээ байнга хэлдэг. Би үүнийг бурханы шашин шүтдэг, эсвээс Далай Лам гэдгээрээ бус хүн гэдэг утгаараа хүмүүс бидний нийтлэг туршлагаас үндэслэн яридаг юм."

Чехийн  Сенатын  танхим дахь уулзалт ба олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Чехийн парламентын Сенатын
танхимд Чехийн парламентын гишүүдтэй уулзаж байгаа нь.
Чех улс. Прага хот. 2016.10.19. Зургийг Ондрей Бесперат
“Хэрэв үндсэн зарчмаасаа ухрахгүй байж чадвал улс төрчдөд зайлшгүй шаардлагатай үнэнч шударга зан чанар аяндаа бий болно.”

Дээрхийн Гэгээнтэн дөнгөж чөлөөлөгдөөд байсан Чехослав улсад анх ирснээ дурсаад эдийн засгийг хөгжүүлэхдээ ядуусын төлөө санаа тавидаг социалист үзэл санааг хадгалж, капитализмын эрч хурдацтай чанарыг хослуулбол гайхалтай үр дүнд хүрнэ гэж зөвлөж байснаа ярисан юм. Тэрээр саяхан Оросын хэсэг эрдэмтэдтэй уулзахад тэд одоо үед аливаа зүйлс маш их хяналт хязгаарлалтын доор явагдаж байгаа талаар ярисан байна. Дээрхийн Гэгээнтэн Чехүүд боломжтой тохиолдол бүрт Оросын жуулчид болон оюутнуудад эрх чөлөө, ардчилалын үнэ цэнийн талаар ярьж байхыг зөвлөв.

“Хэд хоногийн өмнө би Словакийн ерөнхийлөгч Андрей Кискатай уулзсан юм. Тэрээр ерөнхийлөгч Хавелийн бодлогыг тууштай даган мөрдөж байгаа нь миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн.”

Дээрхийн Гэгээнтэн түүнчлэн өчигдөр Египт, Саудын Араб болон Израйлын төлөөлөгчидтөй уулзахдаа мөн сэтгэл их хөдөлснөө хэлээд гагцхүү тэдэнтэй уулзаж ярилцах цаг богино байсан нь харамсалтай байлаа гэв. Форум 2000 уулзалттай холбогдуулан оюутнуудыг, ялангуяа мөргөлдөөнтэй байгаа газраас ирсэн бол тэднийг семинар уулзалтанд урьж өргөн хүрээтэй хэлэлцүүлэгт оролцуулж байх нь зүйтэй гэдгийг санал болгов. Тэрээр мөн Америкаас Энх Тайвны институтын хэсэг оюутнууд түүнийг Дарамсалад байхад ирж уулзсан талаар ярисан юм.

Уулзалт товлосон цагаас хэтэрч дуусахад оролцогчид Дээрхийн Гэгээнтэнтэй үг солих, гар барих, гарын үсгийг нь авах, түүнтэй хамт зургаа авхуулахаар тойрон бүчив.

Чехийн  Сенатын  танхим дахь уулзалт ба олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Прагын Люсерна ордонд үг хэлж
байгаа нь. Чех улс. Прага хот. 2016.10.19. Зургийг Оливер Адам
Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн 2800 гаруй хүн түүнийг хүлээж байгаа Люсерна ордонд хүрэлцэн ирлээ.

“Хүндэт ах эгч, дүү нар аа,” хэмээн тэрээр яриагаа эхлээд “Би байнга энэ үгээр яриагаа эхэлдэг. Танай орон ерөнхийлөгч асан Хавелийн удирдлагаар ардчилалын замаар замнасан. Хэд хоногийн өмнө би Храдчаны талбай дээр та бүхэн Төвөдийг байнга дэмжиж, хүч үл хэрэглэх замаар тэмцэж байгаа бидний тэмцлийг сайшааж байгааг олж харсан билээ. Төвөдийн ард түмний өмнөөс болон хүч үл хэрэглэх явдлыг дэмжигч олон хүний өмнөөс би чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүсч байна.” гэлээ.

“Сэтгэл амар амгалан байсан цагт хүн аз жаргалтай байх болно гэдгийг таниулах нь миний үүрэг гэж бодож байна. Үүнд хүрэх хамгийн сайн арга бол энэрэнгүй нинжин сэтгэлийг хөгжүүлэх явдал юм. Бүх гол шашнууд хайр энэрлийг сургадаг. Үүний зэрэгцээ эрдэмтэд хүний төрөлхи чанарыг энэрэнгүй гэж нотолсон нь маш их итгэл найдварыг төрүүлж байна.”

“Миний хоёр дахь үүрэг шашин хоорондын эв нэгдлийг дэмжих ба гурав дахь үүрэг маань Төвөд улстай холбоотой. Би улс төрийн эрх мэдлээ бүрэн хүлээлгэж өгсөн боловч төвөд хэл, соёлыг хадгалж үлдэх, Төвөдийн онгон байгаль орчныг хамгаалах тал дээр маш их анхаарал хандуулж байна.”

“Би өмнөх өдрүүдэд ярисан зүйлээ давтан ярихыг хүсэхгүй байна, ийм учраас одоо та бүхний асуултанд хариулья. Хүссэн бүхнээ асууж болно.”

Чехийн  Сенатын  танхим дахь уулзалт ба олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үг хэлж буй Прагын Люсерна
ордон. Чех улс. Прага хот. 2016.10.19. Зургийг Ондрей Бесперат
Эхний асуултыг асуусан хүн өөртөө энэрэнгүй нинжин сэтгэлийг бий болгохоос гадна уур уцаартай хүмүүсийг яаж үүнд хэвшүүлэх талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн бидний ууртай хэмээн дүгнэж буй хүмүүс эхээс төрөхдөө ууртай байдаггүйг онцлов. Тэдэнд эрдэмтдийн судалж нээсэн төрөлхийн энэрэнгүй чанар бий гэлээ.

Түүний үзэж байгаагаар, дэндүү их үндэсний үзэл гэж туйлшрах, амиа бодох, хүний өөрийн гэж ангилах явдал энэрэнгүй нинжин сэтгэлийг хөгжүүлэхэд садаа болдог ажээ. Нийтийг хамарсан дотоод үнэт зүйлд анхаарал хандуулахын оронд материаллаг зүйлд дэндүү их ач холбогдол өгдөгт өнөөгийн боловсролын системийн дутагдалтай тал оршиж байна гэв. Дээрхийн Гэгээнтэн цааш нь өөрийн байнга ярьдаг иргэний ёс зүй нь өнөөгийн бидний амьдарч буй харилцан уялдаатай энэ дэлхийд маш их ач холбогдолтой гэлээ.

“Эдгээр үнэт зүйлсийг шинжлэх ухааны ололт, нийтлэг туршлага болон эрүүл ухааны үндсэн дээр хөгжүүлж болох юм.”

Хүнд заяагдсан төрөлхийн эерэг чанарын талаар илүү дэлгэрэнгүй ярихдаа Дээрхийн Гэгээнтэн хүүхдүүд яс үндэс, сүсэг бишрэлийн ялгааг огт тоодоггүй, нэгнийгээ яг л өөртэйгээ адилхан үзэж хамтран тоглодог гэдгийг цохон хэлэв. Тэрээр мөн сонсогчдыг эзэнгүй арал, эсвэл элсэн цөлд ганцаараа төөрөх үедээ алсад хэн нэгэн байгааг олж харж байна гэж төсөөлөхийг хүсэв. Өөрийн эрхгүй гарах анхны үйлдэл нь баяр хөөр байх бөгөөд энэ үед тэр хүн хаанаас ирсэн, ямар шүтлэгтэй нь огт хамаагүй байх болно. Энэ жишээ нь бидэнд өөрсдийгөө хүн төрөлхтний нэгээхэн хэсэг гэх мэдрэмж хичнээн гүнзгий суусан байгааг харуулж байна гэж ярьлаа.

Нэлээдгүй олон хүн Чех, цаашилбал АНУ-д үйл явдал хэрхэн өрнөж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн хэрвээ аливаа зүйлийг өргөн хүрээнд харж чадахгүй бол сэтгэл дундуур байдалд амархан автдаг гэдгийг давтан хэллээ.

Чехийн  Сенатын  танхим дахь уулзалт ба олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай ламаас Прагын Люсерна ордонд үг хэлж
байх үеэр асуулт асууж байгаа нь. Чех улс. Прага хот.
2016.10.19. Зургийг Оливер Адам
“Яг одоо Ирак болон Сирийн байдалтай харьцуулбал бид муугүй амьдарч байна. Дэлхий дахины байдалд хий дэмий санаа зовнихын оронд өөрийн сөрөг сэтгэл хөдлөлөө хязгаарлаж сурвал амжилтад хүргэх чухал хүчин зүйл болоод зогсохгүй өөдрөг үзэл, итгэл найдварыг авчирна. Бидэнд нөхөрлөл маш чухал байна. Үүнийг эрх мэдэл, мөнгө санхүүгээр бус, бусдын төлөө гэх энэрэнгүй сэтгэлээр олж авна.”

“Би энд ирсэндээ их баяртай байна. Хэдийгээр би ерөнхийлөгч Хавелийг их санадаг ч гэсэн найз нөхөд нь түүний хүслийг биелүүлэхийн төлөө тууштай ажиллаж, үйл хэргийг нь үргэлжлүүлж байгааг харахдаа баяртай байна. Мэдээж, намайг хаана ч явсан Хятадын элчин сайдын яамнаас байнга саад тотгор хийдэг боловч үүгээрээ тэд намайг улам их алдаршуулж байна. Намайг олны дунд шүүмжилдэг хүмүүстэй нүүр тулан уулзахад тэд шал өөр болчихдог. Дарангуйлан захирах системтэй улс оронд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байдаггүйг Чех хүмүүс та нар сайн мэдэж байгаа.”

Үзэгчдийн дундаас хэрхэн энэрэнгүй сэтгэлтэй болох вэ гэж асуухад Дээрхийн Гэгээнтэн Японд болсон үйл явдлын талаар ярив. Тэрээр Хирошимад болсон Нобелийн шагналтнуудын уулзалтанд оролцож байхад түүний нөхдүүд нэг нэгээрээ “Энх тайвны төлөө залбирья” хэмээн давтжээ. Дээрхийн Гэгээнтний ээлж ирэхэд тэрээр “Энх тайвны төлөө залбирах нь үнэхээрийн сайн хэрэг. Гэвч бид идэвхитэй үйлдэл хийсний үндсэн дээр энх тайвныг авчирна. Бид ажил хэрэгч, аливаад бодитой ханддаг, мөн шийдэмгий тууштай байх ёстой.” гэж хариулав.

Танхимаас түүнийг юунд итгэдэг талаар асуухад:

“Хүний төрөлх чанар энэрэнгүй учир хэрэв бид хичээвэл илүү аз жаргалтай, амар тайван эх дэлхийг хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэж байна.” хэмээн хариуллаа.

Ирээдүйд түүнийг дахин ирэх үү гэж асуухад Дээрхийн Гэгээнтэн, ерөнхийлөгч Хавелтай ойр дотно нөхөрлөж байсан тул дахин ирэх нь миний үүрэг гэсэн юм. Тэрээр:

“Мэдээж би ирнэ, гэхдээ та нар надад урилга явуулах хэрэгтэй шүү дээ. Маргааш та нарыг эндээ байж байхад би Итали явна. Бэрхшээлтэй асуудлуудад өргөн хүрээтэй хандаж өөртэй итгэлтэйгээр түүнийг даван туулаарай. Бурхан Багшийн айлдсанаар бид өөрөө өөртөө эзэн юм. Амжилт бол итгэлтэй, өөдрөг байхаас л хамаарна. Баяртай.” гэлээ.

Танхим дүүрэн баяр хөөрийн алга ташилт удтал чангаар нижигнэж байлаа.
Үзсэн: 2 252
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц