“Буддизм ба Шинжлэх ухаан” сэдэвт олон улсын бага хурал

22-11-2016, 18:47  |  Хэвлэх

2016 оны 11 дүгээр сарын 21

Монгол улс, Улаанбаатар, 2016.11.21 – Нар ээсэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг дагалдах машины цуваа замын түгжрэлийг гэтэлсээр өнөөдрийн арга хэмжээ зохиогдох газрыг чиглэн хөдөллөө.

Дээрхийн Гэгээнтэн эн тэргүүнд Жавзундамба төвийн 150 орчим гишүүдтэй уулзав. Үйл ажиллагааныхаа тайланг тавьсан тус төвийн тэргүүн нийгэмд хандсан үйл ажиллагаа, тухайлбал хоригдлуудад болон Хавдар судлалын эмнэлэгт хэвтэж байгаа эдгэршгүй өвчтэй өвчтөн, тэдний гэр бүлд шашны талын дэмжлэг туслалцаа үзүүлдэг тухайгаа Дээрхийн Гэгээнтэнд танилцуулсан юм.

“Буддизм ба Шинжлэх ухаан” сэдэвт олон улсын бага хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жавзундамба төвийн гишүүдтэй
уулзаж байгаа нь. Монгол, Улаанбаатар, 2016.11.21.
Гэрэл зургийг Тэнзин Такла /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн тэдний үйл ажиллагааг үнэлээд, Австрали дахь Их Хөлгөний уламжлалыг хадгалах төв өвчтөнүүдэд мөн ийм үйл ажиллагаа явуулдгийг дурдлаа.

“Урьд өмнө лам нар хүмүүст бодитоор туслах үйлчилгээ хийдэггүй байсан. Лам нар үүнийг хийж чадах аваас энэ нь туйлын үр өгөөжтэй хэрэг болно. Намайг нэгэн удаа Аруначал Прадеш мужид очих үед бодит тусламж үзүүлдэг христийн шашныхныг нутгийн иргэд магтан сайшааж байсан юм. Буддын шашны лам нар тусламж үзүүлдэггүй хэрнээ хандив авахдаа дуртай хэмээн гомдоллож байсан.”

Дээрхийн Гэгээнтэн Тайландад анх очиж байснаа, Сангхаражатай уулзан ярилцсанаа дурслаа. Буддын лам нар Христийн шашны ахан дүүс нарын нэгэн адил нийгэмд хандсан үйлчилгээ хийдэг эсэх талаар тэрээр асуусан байна. Сангхаража хариулахдаа, буддын шашны лам хүн бусдаас тусгаарлан даяанчилж, өөрийн ном эрдэмдээ төвлөрөх ёстой гэсэн ажээ. Гэвч Дээрхийн Гэгээнтэн энэ үг хэдийгээр үнэний талтай ч бусдад туслах нь тусалсан туслуулсандаа харилцан ашигтай гэж хариулсан байна.

Буддын гүн ухаан хийгээд учир шалтгааны ухааныг судлахдаа шашны өнцгөөс илүү шинжлэх ухааны өнцгөөс хандахыг тус төвийнхөнд Дээрхийн Гэгээнтэн захиад, Ладакт очихдоо буддистуудад хандан хэлж байснаа давтан хэлэв.

“Ихэнх хүмүүс сүм хийдийг эргэл мөргөлийн газар гэж боддог. Харин та бүхэн хүмүүст буддын шинжлэх ухаан, гүн ухааны судалгааг илүүтэй таниулан шашны зан үйл төдийхнөөр өөрсдийгөө хязгаарлахгүй байж чадвал хүмүүс энэ газарт эрдэм номын төв гэдэг утгаар нь ирэх болно. Ингэснээрээ аль нэг шашны сүсэгтэн, эсвэл шашин шүтдэггүй хүн ч өдөр тутмын амьдралдаа хэрэг болох мэдлэгийг эндээс олох боломжтой болно.”

“Шашны зан үйл, мөргөлд лам нар зонхилох үүрэг гүйцэтгэдэг учраас зарим барууныхан Төвөдийн буддизмыг үл тоомсорлон Ламаизм хэмээн нэрлэдэг байсан үе бий. Гэвч Төвөдийн буддизм бол Наландагийн их сургуулиас шууд эхтэй гэдгийг би хүмүүст байнга сануулсаар ирсэн. Өнөөдөр Төвөдийн буддизм нь Буддизмын цогц хэлбэр мөн гэдгийг улам олон хүн ойлгож эхэлж байна. Төвөдийн буддизм нь сургалт судалгаанд ач холбогдол өгдөг, Төвөдийн эрдэмтэд мөргөл, зан үйлээс гадна эрдэмд сайтар мэргэшсэн багш нар гэдгийг Хятадын олон буддистууд үнэлж байгаа. Тиймээс Төвөдийн буддизмыг Хятадын буддистууд улам ихээр сонирхох болсон. Сүүлийн үед Төвөдийн буддизмын учир шалтгааны мөн чанарыг шинжлэх ухаантай дүйцүүлж болно хэмээн өрнөдийн эрдэмтэд хүртэл үзэх боллоо."

“Буддизм ба Шинжлэх ухаан” сэдэвт олон улсын бага хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Буддизм ба Шинжлэх ухаан” олон
улсын бага хурал дээр үг хэлж байгаа нь. Монгол, Улаанбаатар,
2016.11.21. гэрэл зургийг Игор Янчоглов
Трития Дарма Чакра сан болон Жавзундамба төвөөс зохион байгуулсан “Буддизм ба Шинжлэх ухаан” сэдэвт бага хуралд Дээрхийн Гэгээнтэн үг хэлэхдээ, өрнөдийн орнууд, мөн Энэтхэг, Япон зэрэг олон оронд зохиогдсон эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан бөгөөд энэ удаад Монголд ийм төрлийн хуралд оролцох гэж байгаадаа баяртай байхын зэрэгцээ нэр төрийн хэрэг гэж бодож буйгаа илэрхийллээ.

“Би заримдаа өөрийгөө хагас буддист, хагас шинжлэх ухааны хүн гэж тодорхойлдог. 30 гаруй жилийн турш би шинжлэх ухааны эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлж ирэхдээ ихэнхдээ нейробиолог, сансар судлал, физик, ялангуяа квантын физик болон сэтгэл судлалд анхаарлаа хандуулсан юм. Дээрх дөрвөн салбарыг ойлгоход буддын ном судар томоохон дэм болж байлаа. Бидний хэлэцүүлэг олон хүнд өгөөжтэй байсан. Буддын лам хуврагууд физикийн тухай суралцаж мэдсэн бол орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх буддын мэдлэгийг улам их сонирхох болсон юм.”

Монгол Төвөд хоёр ард түмний түүхэн харилцааны тухайд тэрээр, буддизм дэлгэрэхээс ч өмнө хоёр орны ард түмэн ахан дүүсийн барилдлагатай байсныг тэмдэглэн хэлэв. Түүхийн улбаагаар хожим нь хоёр ард түмэн Наландагийн уламжлалыг цэврээр нь хадгалан үлдсэн байна.

Ёс зүй хийгээд ёс суртахуунтай аж төрөхийн тухай Гандантэгчинлэн хийдийн гавж Д.Нямсамбууг ярьсны дараа Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухааныг хоёр чиглэлээр сонирхож буйгаа хэллээ. Шинжлэх ухаан нэг талаас бодит амьдралыг илүү ухаарч ойлгоход хөтөлж, нөгөө талаас хүний үнэт зүйлийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны ололт тусалж чадна.

Сан Франциско хотын Калифорнийн их сургуулийн уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны Ошер төвийн нейро судлалын эрдэмтэн, клиникийн сэтгэл зүйч Хелен Ванг илтгэлдээ бясалгалын нейро шинжлэх ухаан ба нийгэмд үйлчлэх буддизм сэдвийг хөндсөн юм. Нигүүлсэхүйг бясалгаснаар энэрэнгүй зан төлөвтэй болохоос гадна зовлон шаналалд хариу үйлдэл өгдөг тухай олж мэдсэнээ тэрээр танилцуулав. Түүнчлэн хэлбэр таних технологийг ашиглан тархины болон оюуны төрөл бүрийн үйл ажиллагааг илүү тодорхой хэмжих боломжтойг тайлбарлан ярьсан юм. Нэгэн үзүүрт бясалгалаар уур хилэнг түр зууртаа дарж чадах ч, яагаад уур хилэн үүсдэг, уур хилэнг дарснаар ирээдүйд хэрхэн энэрэнгүй болох тухай ойлгоход аналитик бясалгал тусална хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

Үдээс өмнөх хурлын дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн элчин сайдын урилгаар ЭСЯ-нд үдийн зоог барилаа.

Үдээс хойш хурлын танхимд буцаж ирээд тэрээр буддизм шинжлэх ухаантай хэрхэн холбогдож болох талаар тайлбарлан ярив.

“Буддизм ба Шинжлэх ухаан” сэдэвт олон улсын бага хурал
Буддизм ба Шинжлэх ухаан бага хуралд оролцогсод. Монгол,
Улаанбаатар, 2016.11.21. Гэрэл зургийг Игор Янчоглов
“Би ерөнхийдөө буддизмыг гурван хэсэгт хуваадаг бөгөөд эдгээр нь нэгдүгээрт шинжлэх ухаан, хоёрдугаарт ердийн ба туйлын үнэний асуудлыг авч үздэг гүн ухаан, гуравдугаарт шашны зүтгэлтэн, сүсэгтэн олны эрх ашгийг хамгаалдаг шашны хэсэг юм. Гагцхүү буддын шинжлэх ухаан болон гүн ухаан дээр суурилан сүүлийн 30 гаруй жилийн турш орчин үеийн эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлж чадаж байгаа билээ.”

Үдээс хойших хуралдааны эхний илтгэлийг Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Системийн Шинжлэх ухааны судалгааны институтын багш Б.Болдсайхан тавьж, Буддизм ба Шинжлэх ухаан сэдвийн дор анагаах ухаан ба учир шалтгааны ухааны талаар ярьсан байна. Дараа нь ахмад физикч К.Намсрай квантын физик ба буддын гүн ухааны тухай илтгэл тавилаа. Тэрээр абстракт физикийн онол ба байгалийн холбоо харилцааны асуудлыг хөндсөн байна. Төгсгөлд нь тэр жирийн малчид, нүүдэлчин ардыг ивээлдээ авч, мөргөл залбиралдаа багтаахыг Дээрхийн Гэгээнтнээс хүслээ.

Вейк Форест сургуулийн дэргэдэх Нэгдмэл Анагаах ухааны төвийн нейро шинжлэх ухааны дэд захирал, нейробиолог ба анатомийн багш, профессор, Оюун ухаан ба Амьдрал хүрээлэнгийн гишүүн, др. Фадель Зейдан төвлөрөл, бясалгал ба өвчин зовиур сэдвээр ярив. Өвчин зовиурыг эмийн бус аргаар эмчлэхийн ач холбогдлыг тэрээр тэмдэглэн хэлээд, бясалгал хийснээр тайван бус байдал, сэтгэлээр унахаас сэргийлж, цусны даралт ихсэх зэрэг эрүүл мэндийн бусад хүндрэлээс хэрхэн ангижирдаг тухай ярьсан юм.

Эцэст нь биологч Н.Ариун биологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт ба буддизмын талаар ярив.

Дээрхийн Гэгээнтэн хуралдааны төгсгөлд тэмдэглэж хэлэхдээ, хүн мөн чанартаа энэрэнгүй гэдгийг шинжлэх ухаанаар баталж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэ зан чанарыг боловсролоор тэтгэж бэхжүүлэх боломжтой гэв. Хүний энэрэнгүй мөн чанарт суурилан нийт хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ухаамсарлах нь хичнээн чухал болохыг тэрээр тэмдэглэн хэллээ. Үүний тулд алсын хараа, хоёргүй сэтгэл шаардлагатайг Дээрхийн Гэгээнтэн цохон онцлоод өнөөдрийнх шиг ийм бага хурал энэ үйлст зохих хувь нэмрийг оруулна гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн маргааш Монголын оюутан залуусын төлөөлөлтэй уулзах болно.
Үзсэн: 2 796
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц