Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар өндөрлөв

23-01-2017, 13:24  |  Хэвлэх

2017 оны 1 дүгээр сар 8

Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.08 - Өнөөдөр өглөөний Дүйнхорын их авшигийн бэлтгэл зан үйл дуусахад элсэн хот мандлыг бүтээх ажил дуусан байлаа.

Дээрхийн Гэгээнтэн үдийн зоог барьсны дараа номын айлдварын талбайд эргэн ирж цугласан олон руу хандан зүг бүрт гар даллан мэндчиллээ. Хойгуур сууж буй аль болох олон хүнтэй мэндлэхээр Дээрхийн Гэгээнтэн сэнтий дээрээ хэсэг зуур зогсов.

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар өндөрлөв
Тамток ринбочэ бүрэн гүйцэд дууссан элсэн хот мандлын зан
үйлийг гүйцэтгэв. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Түүнийг сэнтийдээ суусны дараа орон нутгийн сургуулийн сурагчид өмнө нь уншиж байсан Билгүүний Зүрхэн судрыг санскрит хэл дээр дахин уншиж сүсэгтэн олныг баярлуулав. Дараа нь Вьетнамаас ирсэн лам хуврагууд ном уншлаа.

Бурхан Багшийн сургаал Азид эрт дээр үеэс түгэн дэлгэрсэн боловч эдгээр Азийн орны бурханы шашинтнууд өөр хоорондоо тийм ч их холбоотой байсангүй гэж Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Одоо цагт нэг нэгэнтэйгээ уулзахад улам хялбар болсон байна.

“Бид Бирм, Тайланд, Шри Ланка зэрэг улсуудын лам хуврагуудын адил винайн ёсыг дагахын зэрэгцээ хятад, солонгос, япон, вьетнам лам нарын адил санскрит уламжлалыг дагаж билиг барамидын сургаалийг үзэн судалж байна. Бид бүгдээрээ Бурхан Багшийн шавь нарын хувьд харилцан бие биендээ тусалж, туршлагаа хуваалцаж, номын хэлэлцүүлэг өрнүүлж, нэг нэгнээсээ суралцах хэрэгтэй. Би Хятадын хотуудаар явах зуур ахмад настай гэлэн нартай уулзаж байсан. Би 1960-аад онд анх удаа Сингапурт хятад хэл дээр “Билгүүний зүрхэн” судрыг уншиж байхыг сонссон юм.”

Дээрхийн Гэгээнтэн “Бясалгалын дунд зэргэмж” номын айлдварт эргэн оров. Буяны болон билгүүний чуулганыг хурааж бурханы номын лагшин, дүрст лагшин гэх хоёр лагшинг олох болтугай гэж айлджээ. Бурханы хутагт хүрэхийн тулд юуны түрүүнд “би үгүй”-н талаар сайтар сонсож, сонссон зүйлээ ахин дахин тунгаан бодсоны үндсэн дээр жинхэнэ утгыг олж авна. Ийн ойлгосон зүйлээ сэтгэлдээ дадуулж бясалгал хийнэ.

Дараа нь “Бодьсадвын явдалд орохуй” номыг үргэлжлүүлэн тайлбарлав.

Өөрийгөө энхрийлэхүйд автаж, зөвхөн өөрийн амар амгаланг горилвол Бурханы хутгийг эс олно, нирваанд хүрэх төдий юм гэлээ. Үүний ерөндөг нь бусдыг хайрлан энхрийлэх сэтгэлийг төрүүлэх явдал ажээ.

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн удиртгал номын айлдварын сүүлийн өдөр
айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа.
2017.01.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Наймдугаар бүлгийг уншиж дуусгаад есдүгээр бүлэг болох билгүүний бүлгийг эхлүүлэв.

Энэ хэсэг дээр буддын гүн ухааны хамгийн дээд түвшин буюу төв үзлийн үүднээс буддын бусад үзэл онолууд, мөн бусад шашны гүн ухааны үзэл онолыг судалж няцаасан байна.

Хүмүүсийг үзэл бодлоор нь егүзэр буюу юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгосон, ажиглан шинжилдэг хүмүүс ба юмс үзэгдлийг байгаагаар нь хүлээн авдаг, задлан шинжилгээ хийдэггүй эгэл хүмүүс гэж хоёр хуваадаг гэв.

Есдүгээр бүлгийг дуусгаад Дээрхийн Гэгээнтэн “Бясалгалын дунд зэргэмж” номонд анхаарлаа хандууллаа. Энэ номонд бодьсадвын арван газар, таван мөр зэргийг гаргажээ. Товчдоо бол гэгээрлийн мөрд анхлан суралцаж буй үеэс бурханы хутагт хүрэх бүхий л эрдмүүд, үүнд хэрхэн суралцах, ямар дэс дараалалаар явах зэргийг бүрэн дүүрэн үзүүлсэн ном юм.

“Бясалгалын зэргэмж” ном нь анхдугаар, хоёрдугаар, гуравдугаар зэрэг гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд энэхүү номыг Төвөдийн хаан Тисрон Дэцэн хүссэний дагуу Гамалашила гэгээн зохиосон байна.

Номын бүх шүлгийг Дээрхийн Гэгээнтэн уншиж дуусгаснаар шавь нар аман эшийг бүрэн дүүрэн хүртэж байна гэсэн үг юм. Аман эш гэдэг нь тухайн номын зохиогч нь шавьд өөрийн номоо уншиж өгсөнөөс эхлэн үеээс үед тасралтгүй дамжигдаж ирсэн дамжлагыг хэлж буй.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадвын явдалд орохуй”-н 10 дугаар бүлэг болох зориулгын бүлгийг уншиж эхлэв.

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар өндөрлөв
Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсож байгаа нь.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.08. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр зориулгын бүлгийн 44 дэх шүлгийн эмэгтэй хуврагуудын тухай гарсан хэсэг дээр зогсоод гэлэн санваартай эмэгтэй хуврага байх эсэх талаар ярьсан юм. Хэрэв эмэгтэй гэлэн санваарын тасраагүй цэвэр уламжлал байгаа тохиолдолд винайн их багш нартай зөвшилцсөний үндсэн дээр шинээр гэлэнмаа санваар хүртэж болох талаар тайлбарлав.

“Манай Төвөдийн бурханы шашинд эмэгтэй гэлэн санваартан байхгүй байна. Винайн ёсыг дагахын тулд бүрдүүлэх ёстой нэлээдгүй зүйл бий. Энэ бүгдийг бүрдүүлж байж эмэгтэй гэлэн санваартан гарна. Үүнийг нэг хүн дангаараа шийдэх боломжгүй. Хэрхэн яаж сахих, дамжлага яаж өгөх зэргийг харж судлах хэрэгтэй. Гол нь винайн сурвалжийг хатуу баримтлах хэрэгтэй. Энэ тухай яриж хурал хийсэн боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна.”

“Гэхдээ би эмэгтэй хуврагуудыг ном үзэх хэрэгтэй гэж уриалсан. Ингээд хорин жилийн турш ном үзээд энэ жил Өмнөд Энэтхэгт анхны хорин эмэгтэй хуврагуудад эрдмийн цол болох гэвшмаа цол олгох ёслолын ажиллагаа болсон юм. Анхны гэвшмаа нар энд сууж байгаа.”

“Вьетнамд эмэгтэй гэлэн санваарын уламжлал тасраагүй явагдаж байгаа гэж сонссон боловч хятадын зарим хамба үүнд болгоомжтой хандаж байна. Энэ бүгдийг эцэслэн шийдэх хэрэгтэй. Ямартаа ч ирээдүйд олон олон гэвмшаа нар төрөн гарна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.”

Дээрхийн Гэгээнтэн: “Бурханы шашин саруул,билиг оюунтай уялдаж явах ёстой. Тиймээс бодьсадвын ерөөлийн бүлэгт оюун ухааны Манзушри бурханд залбирдаг юм. “Ган ло ма” гэх Манзушри бурханы магтаалыг уншиж байвал их сайн. Мөн Манзушри бурханы зүрхэн тарнийг өдөр бүр уншиж байгаарай” гэж айлдлаа.

“Бодьсадвын явдалд орохуй” номын төгсгөлийн үгийг унших үедээ тэрээр энэхүү номыг орчуулж, нягталж, нотлон буулгасан Энэтхэгийн бандида Сарважнадева болон төвөдийн орчуулагч лам Гава Балзэг нарын тухай дурьдлаа. Дараа нь төвөдийн орчуулагч лам Ринчинсанбу болон Шагжа Лодой, Энэтхэгийн бандида Дармашрибадра ахин нягталж нотлон буулгасан байна. Үүний дараа Энэтхэгийн бандида Сүмадикирти болон төвөдийн орчуулагч лам Ог Лодэншэйрав ахин хянажээ.

Шантаракшита гэгээний Төвөдөд эхлүүлсэн нэгэн чухал зүйл нь энэтхэг хэлнээс буддын ном сургаал орчуулахдаа заавал Энэтхэгийн бандида болон Төвөдийн орчуулагч лозова нар хамтрах орчуулах ёс гаргасан байна. Үүний үр дүнд өнөөгийн олон эрдэмтэд төвөд хэл дээрх ном сургаал нь санскрит сурвалжтай дүйцэхүйц байгааг тэмдэглэн хэлж байгаа аж.

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар өндөрлөв
Номын айлдварт сууж буй зарим хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг
ойроос харж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа.
2017.01.08. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадвын явдалд орохуй” болон “Бясалгалын дунд зэргэмж” хэмээх энэ хоёр номын тайлбарт аман эшийг бүрэн гүйцэд өглөө” гэж хэлээд “Та бүгдэд ном бий, өөрт буй номоо байнга үзэж судлах хэрэгтэй. Үүгээр Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар өндөрлөж байна. Нөгөөдөр Дүйнхорын авшигийн бэлтгэл өдөр бөгөөд хот мандалд орох зан үйлээс эхлээд нийт арван нэгэн авшиг хүртээнэ. Дүйнхорын авшигийн дараа насны авшиг өгдөг уламжлалтай боловч энэ удаа Жанрайсиг бурханы жэнан (даган соёрхол) өгнө.” хэмээн айлдав.

Сэнтийгээс буухын өмнө Дээрхийн Гэгээнтэн олуулаа цуглаж номын айлдварт сууж буй боломжийг ашиглан хоорондоо танилцаж, туршлага хуваалцах нь чухал юм шүү гэлээ. Урьд өмнө ийм боломж ховор тохиодог байсан бол өдгөө илүү хялбар болжээ.

Тэрээр Шүгдэнгийн тухай айлдахдаа хэрэв гэлүгба урсгалын хүн нинма урсгалын ном үзэж судлах, бүр гэртээ нинмавын номыг хадгалах аваас Шүгдэн хорлодог гэж үздэг нь үнэхээр зүйд нийцэхгүй болохыг тайлбарлав. Төвөдийн бурханы шашны урсгал бүгд Наланда уламжлал дээр үндэслэж бий болсон тул харилцан эв нэгдэлтэй байх бүрэн боломжтой ажээ.
Үзсэн: 1 871
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц