Дүйнхорын их авшигийн эхний өдөр. Шавь нарыг хот мандалд оруулах зан үйл

28-01-2017, 10:13  |  Хэвлэх

2017 оны 1 дүгээр сар 11

Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017. 01. 11 – Өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Намжал дацангаас номын айлдварын талбайд морилон ирж 5 цаг гаруй Дүйнхорын авшиг хүртээхийн өмнөх хувийн зан үйл үйлдэв.

Үүнд ерөөл унших, бумба бүтээх, бурханыг өөрийн өмнө бясалгах, тахил балин өргөх, өөрийгөө бурхан болгож бясалгах зан үйлүүд багтсан байлаа.

Үдийн хоолны цагаар түр зуур завсарлаад номын айлдварын талбайд ирэв. Дээрхийн Гэгээнтэн зүг бүрт даллан олон түмэнтэй инээмсэглэн мэндчиллээ. Үүний хариуд олон мянган хүн баяр хөөртэйгээр алга ташин угтав. Ойролцоогоор 95 орны 200,000 хүн Дүйнхорын их авшиг хүртэхээр цугласан байна.

Дүйнхорын их авшигийн эхний өдөр. Шавь нарыг хот мандалд оруулах зан үйл
Дүйнхорын их авшиг хүртэж буй адил бус урсгалын тэргүүн лам
нар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.11.
Гэрэл зурийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн зам зуураа түүний сэнтийн баруун, зүүн талд сууж буй томоохон лам хуврагуудтай мэндлэв. Түүний сэнтийн зүүн талд гэлүгба урсгалын тэргүүн Гандан Ширээт Лувсантэнзин, дараа нь хуучин Гандан Ширээт Ризон ринбочэ, түүний дараа нинмава урсгалын Гадок Гэцэ ринбочэ, түүний дараа Жанзэ цорж болон Шарба цорж нар, түүний дараа Монголын Гандантэгчэнлин хийдийн хамба лам Чойжамц, түүний дараа Намжал дацангийн хамба лам Тамток ринбочэ, Найчун болон Цэринма гүртэн нар суусан байлаа.

Дээрхийн Гэгээнтний баруун гар талд сажа урсгалын тэргүүн Сажа Тизин ринбочэ, түүний дараа гамсан гаржүд урсгалын тэргүүн Жалван Гармаба, түүний дараа таглүн гаржүд урсгалын тэргүүн Таглүн Шавдүн, түүний дараа сажын урсгалын Занабазар ринбочэ, Түлшиг ринбочийн шинэ дүр, Монголоос ирсэн Осэр ринбочэ, Гүндэлин ринбочэ нар тус тус суусан байв.

Өнөөдөр Билгүүний Зүрхэн судрыг эхлээд япон, дараа нь англи хэлээр уншлаа.

Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа эхлэхийн өмнө “Илт онохуйн чимэг” шастрын Бурхан Багшийг магтсан мөргөлийн шүлэг, мөн хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номын шүтэн барилдлагыг магтсан мөргөлийн шүлгүүдийг уншив.

“Эх болсон хамаг амьтан зовлонг бус аз жаргалыг хүсдэг тул гэгээрэлд хүрэх зам мөр рүү хөтлөн оруулах нь бидний үүрэг хариуцлага юм. Тиймээс нэн тэргүүнд ямар нэгэн байдлаар бодь сэтгэлийг төрүүлэх нь чухал юм шүү.”

Дүйнхорын их авшигийн эхний өдөр. Шавь нарыг хот мандалд оруулах зан үйл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дүйнхорын их авшиг хүртээх эхний
өдөр. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.11. Фотог Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн сургаалыг хураангуйлан айлдахдаа Бурхан багш анх номын хүрд эргүүлж хутагтын дөрвөн үнэний сургаалаа айлдсан, номын хүрдийг хоёр дахь удаагаа эргүүлэхдээ билиг билгүүнийг танин мэдэх сургаал айлдсан, гурав дахь удаа номын хүрдийг эргүүлэхдээ сэтгэлийн мөн чанарыг айлдсан гэв.

Дээрхийн Гэгээнтэн ухамсарын янз бүрийн түвшний онцгой тайлбарууд байдаг талаар ярьлаа. Ердийн сэрүүн үеийн сэтгэл харьцангуй ерөнхий түвшинд байдаг бол унтаж байхад болон зүүдний үед ухамсарын нарийн түвшин давамгайлдаг байна. Үүнээс цаашлаад зүүдгүй гүн нойронд ухамсар илүү нарийсдаг бөгөөд ухаан алдсан үед бүр ч илүү нарийн түвшний ухамсар оршдог. Ингээд үхлийн үед гэгээн гэрлийн хамгийн нарийн ухамсар гарч ирдэг ажээ.

Тэрээр: “Зарим нэг тохиолдолд клиник үхлийн дараа цусны эргэлт болон тархины үйл ажиллагаа зогссон үед ухамсарын хамгийн нарийн түвшинд ороод 3-4 долоо хоног болоход биед нь үхжилт явагдаагүй тохиолдол хэд хэдэн удаа тохиолдоод байна. Эрдэмтэд үүнийг судалж эхэлж байгаа.” гэлээ.

“Эдгээр нарийн үе шатуудыг эзэмшихийн хэрээр зүүдний йогийг ашиглах чадвартай болж ирнэ. Үр дүнд нь мах цусан биеэс тусдаа зүүдэн биеэ ашиглах чадвартай болж байгаа юм. Үүнийгээ ашиглан гэгээн гэрэл, илбийн биеийг олох хэрэгтэй. Дүйнхорын авшиг хүртэж буйн гол зорилго нь гэгээн гэрлийн эрдмийг олох явдал юм.”

“Би өглөө Дүйнхорын их авшиг өгөхийн тулд хувийн бясалгал зан үйлийг гүйцэд хийсэн бөгөөд тахил өргөх зэрэг тусгай зан үйлүүдийг бүрэн гүйцээснээр эхний долоон авшиг өгөхөд бэлэн болж байна.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь: “Дүйнхорын нууц тарнийн ёсонд аль болох олон шавь нарт авшиг хүртээх уламжлал байдаг. Энэ удаагийн арга хэмжээнд оролцохыг хүсч байгаа ч янз бүрийн саад бэрхшээлийн улмаас ирж чадаагүй хүмүүс Төвөдөд болон Хятадад бий. Авшиг хүртээх үед би тэдгээр хүмүүсийг сэтгэл оюундаа бодож байх болно гэдгийг бүгд мэдээсэй гэж хүсч байна.” гэлээ.

Дүйнхорын их авшигийн эхний өдөр. Шавь нарыг хот мандалд оруулах зан үйл
200,000 гаруй хүмүүс Дүйнхорын их авшиг хүртэв. Энэтхэг,
Бихар, Бодьгаяа. 2017.01.11. Фотог Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэний хийж буй зан үйлийг чин сэтгэлээсээ сүсэглэн дагаж хийхэд алсаас ч гэсэн авшигийн адистид хүртэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаарай гэв. Үүнийг тэрээр винайн сургаалд Бурхан Багш алс холоос үүлэн зардсаар дамжуулж гэлэн санваар хайрлаж байсантай зүйрлэн айлдав.

Авшигийн зан үйл эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөсөн бөгөөд үүнд сижон Лувсан Сэнгэгийн удирдаж буй Төвөдийн төв захиргааны бүх гишүүд оролцов. Үүний дараа барцад саадыг арилгахын тулд тусгай үйл үйлдсэн ба цэцэг хаях, санваар хүртэх, мандалд орох, нүдээ хаах, мандалд ороод нүдээ нээх гэх мэт зан үйлүүд үргэлжиллээ.

Дээрхийн Гэгээнтэн эхний долоон авшиг хүртээж дууссаны дараа хүмүүсийг амар тайван тарахыг зөвлөөд, мөн элсэн хот мандалд мөргөхдөө алгуур мөргөхийг уриалсан юм. Элсэн хот мандалд мөргүүлэх ажил үдэш хүртэл үргэлжилэх аж.

Дүйнхорын их авшиг өгөх зан үйл маргааш үргэлжилнэ.
Үзсэн: 1 512
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц