Америкийн конгрессийн гишүүдийг Тэгчэнчойлинд халуун дотноор хүлээн авлаа

12-05-2017, 17:52  |  Хэвлэх

2017 оны 5 дугаар сар 10

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэнчойлин – Энэ өглөө Тэгчэнчойлин дуганы өмнөх талбайд төвөдийн олон иргэд Нанси Пелоси, Жим Сенсенбреннер тэргүүтэй АНУ-ын хоёр намын конгрессийн гишүүдийг халуун дотноор угтан авахаар цугласан байлаа. Төлөөлөгчид Дарамсала хотод хоёр өдрийн турш айлчлахаар өчигдөр хүрэлцэн иржээ. Тэд ирсэн даруйдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт үдийн зоог барив. Үдээс хойш Төвөдийн ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулагдсан Төвөдийн гашагийн гишүүд, мөн эмэгтэй удирдагч нарын төлөөлөлтэй уулзсан байна. Тэднийг Төвөдийн Төв Захиргааны урилгаар оройн зоог барих үед төвөдийн үндэсний дуу, бүжгийн тоглолт болжээ.

Америкийн конгрессийн гишүүдийг Тэгчэнчойлинд халуун дотноор хүлээн авлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Цагаач төвөдийн төв захиргааны ерөнхийлөгч Лувсан Сэнгэ нар Америкийн конгрессийн гишүүдийн хамт Зүглаг Хан дуганд ирж байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2017.05.10. гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Энэ өдөр Зүглаг Хан дуганы дэргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам АНУ-ын сүүлийн дөрвөн ерөнхийлөгчтэй уулзаж байгаа зурагт самбар өлгөсөн байх бөгөөд дээр нь “Америкт баярлалаа” гэж бичсэн байв. Зочид хүрэлцэн ирж суудлаа эзлэх үеэр цугласан олон хүмүүс нижигнэтэл алга ташлаа. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн болон хатагтай Нанси Пелоси нар хамтдаа алхан гарч ирэхэд бүгд босон зогсож хүндэтгэл үзүүлэв. Ингээд Төвөдийн төрийн дуулал эгшиглэх үеэр ерөнхийлөгч Лувсан Сэнгэ төвөдийн төрийн далбааг өргөн барьж байсан юм. Эрдмийн дээд цол хамгаалсан дөрвөн эмэгтэй хувраг хийгээд дуучид хамтдаа “Үнэний үг” хэмээх ерөөлийг хамтдаа дуулсан юм.

Ерөнхийлөгч Лувсан Сэнгэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд хүндэтгэл үзүүлснийхээ дараа сэтгэл хөдөлгөм сайхан үг хэлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Төвөдийн ард иргэд хэзээ ч салшгүй холбоотой болохыг нотлохдоо “Хэдийг хүртэл Төвөд орон оршино тэр хүртэл Жанрайсиг бурхан байсаар байх болно” гэж мэдэгдсэн юм. Хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлэхдээ “Та бүхний энэхүү айлчлал нь Төвөд орондоо буй төвөдүүдэд урам зориг өгсөн, Хятадад шудрага үнэн хичнээн чухал байгааг харуулсан, мөн Төвөдийн ард түмний төлөөх дэлхий даяны нөхөрлөл, дэмжлэгийн илрэл мөн.” хэмээн тэмдэглэн хэллээ.

Ерөнхийлөгч Лувсан Сэнгэ хатагтай Нанси Пелосигийн дан ганц ярих бус бодит алхам хийдэг занг нь биширдэгээ хэллээ. Тэрээр хатагтай Нанси Пелоси Төвөдөд айлчлах үедээ Хятадын эрх мэдэлтнүүдэд “Далай Лам дэлхий нийтийн хүндэтгэлийг хүлээж байна. Бид ч мөн адил түүнийг хүндэтгэдэг.” хэмээн шулуун хэлснийг дурдлаа.

Америкийн конгрессийн гишүүдийг Тэгчэнчойлинд халуун дотноор хүлээн авлаа
Төвөдийн Төв Захиргааны ерөнхийлөгч Лувсан Сэнгэ Америкийн конгрессийн гишүүдэд хандан үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2017.05.10. гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Төвөдөд 147 төвөд хүн өөрсдийгөө шатаасан нь тэнд нөхцөл байдлыг хүлээн авахын аргагүй, тэсэшгүй хүнд байгааг дэлхий нийтэд харуулахыг хүссэн тууштай тэмцэл байсан гэлээ. Тэрээр:

“Бидний шудрага үнэний төлөөх үйл хэргийг дэмжиж байгаа анд нөхөд та нарын дэмжлэгээр төвөдүүдийн сэтгэл зүрх амьд цохилсоор байх болно. Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельт бага залуу Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд захидал болон бугуйн цаг бэлэглэсэн тэр цаг үеэс Америкчуудын дэмжлэг төвөдүүдэд ирж эхэлсэн билээ.” гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ Нелсон Мандела эрх чөлөөтэйгээр алхан Өмнөд Африкт ардчилалыг тогтоосон, мөн Аун Сан Сү Ки ч Бирмд эрх чөлөөтэй алхан үйл хэргээ гүйцэлдүүлсэнтэй адил энд хүрэлцэн ирсэн зочид тэргүүтэй олон анд нөхдийн дэмжлэгээр төвөдүүдэд ч тийм нэгэн өдрүүд ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Лхас хотын гудамжаар чөлөөтэй алхаж, Потала ордны өмнө олон түмэнд Дүйнхорын их авшиг хүртээхийг хүсэж байгаа бөгөөд үүнд Төвөд болон Хятадын олон сүсэгтнүүд дуртай байх болно гэсэн юм.

“Төвөдүүдийн мөрөөдөл биелэж Төвөдөд эрх чөлөөний хонхны дуу цангинасан тэр л өдрүүдэд бид та бүхнийг ахин урих болно. Шудрага үнэн хийгээд эрх чөлөө Төвөдөд ялах болно. Анд нөхөд та бүхнийхээ дэмжлэгт гүн талархал илэрхийлье. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам урт наслах болтугай!”

Америкийн конгрессийн гишүүдийг Тэгчэнчойлинд халуун дотноор хүлээн авлаа
Төлөөлөгч Жим Сенсенбреннер үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2017.05.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Олон жилийн турш Висконсинын 5-р дүүргээс сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч, ноён Жим Сенсенбреннер Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө үг хэлж байгаадаа туйлын баяртай байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Америкийн Бүгд Нараймдах нам болон Ардчилсан нам хоёул Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд гүн хүндэтгэлтэй ханддаг бөгөөд бүгд Төвөдийн ард түмэнд эрх чөлөөг хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр нэмж хэлэхдээ шашны эрх чөлөөнд мөн адил дэмжлэг үзүүлэх болно хэмээгээд шудрага үнэн байхгүй бол эрх чөлөө ч байхгүй гэлээ.

Массачусетээс сонгогдсон төлөөлөгч Жим Макговерн Дээрхийн Гэгээнтэнд хандан “Бид танд итгэж байна. Бид тантай хамт, мөн ерөнхийлөгч Лувсан Сэнгэ, төвөдийн ард түмэнтэй хамт байх болно. Бид таныг Төвөдөд эргэн очихыг, тэнд хоригдон буй XI Банчэн Эрдэнэ тэргүүтэй улс төрийн хоригдлуудыг суллахыг хүсч байна. Бид Америкийн засгийн газрыг тантай болон ерөнхийлөгч Лувсан Сэнгэтэй тогтмол уулзаж байхыг уламжилна. Төвөдийн болон Хятадын төлөөлөгч хамтдаа уулзаж яриа хэлцэл хийх тал дээр бид дэмжлэг үзүүлэх болно.” гэлээ.

Америкийн конгрессийн гишүүдийг Тэгчэнчойлинд халуун дотноор хүлээн авлаа
Төлөөлөгч Жим Макговерн үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2017.05.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Цагаач Төвөдийн парламентийн дарга Сонам Темпел англи хэлээр үг хэлэхдээ юуны түрүүнд хатагтай Нанси Пелоси болон бусад төлөөлөгч нарт тавтай морилохыг хүсэв. Тэрээр Төвөдөд хүний эрх хангалтгүй байгаа талаар дурдаад шашны эрх чөлөө эвдэгдэж, мөн төвөд хэл, соёл хязгаарлагдмал байгааг онцолсон юм. Төвөдүүд байгалын гамшигт нэрвэгдэхийн зэрэгцээ нийгмээс гадуурхагдаж байгаа талаар мэдэгдлээ.

Нью Йоркоос сонгогдсон төлөөлөгч Еллиот Энжел үг хэлэхдээ “Та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Ялангуяа өчигдөр Төвөдийн хүүхэд багачуудтай уулзсандаа туйлын баяртай байна. Бид хүн төрөлхтөнд эрх чөлөө, ардчилалыг хүсдэг бөгөөд үүнд Төвөдүүд ч багтаж байгаа билээ. Миний сонгогдсон Нью Йоркт эрх чөлөөний хөшөө сүндэрлэн байдаг. Тэрхүү хөшөөг харсан хүн бүхний эрх чөлөөг хүсэх тэмүүлэл улам их бадардгийн адил төвөдүүд ч эрх чөлөөг хүсэн тэмүүлж байна. Өөрсдийгөө зоригжуулах нь юу юунаас чухал билээ. Өөрсдийн ирээдүйг өөрсдөө шийдэх хэрэгтэй. Америкийн ард түмэн та нарыг мартахгүй. Бид Вашингтонд эргэн очоод та нарын төлөө юу хийж чадах бүхнээ хийх болно.” гэв.

Сиэтлээс сонгогдсон төлөөлөгч Прамила Жаяпал үг хэлэхдээ энэхүү багт багтаж Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, мөн төвөдийн нийгэмтэй танилцаж байгаадаа баяртай байна гэв. “Дээрхийн Гэгээнтэн Далай Лам та дэлхий даяар энх тайван хийгээд шудрага үнэнийг эрэлхийлж буй олон мянган хүний итгэл найдвар билээ. Би Энэтхэгт төрсөн. Миний төрсөн нутаг Төвөдүүдэд гүн туслалцаа үзүүлсэнд би сэтгэл хангалуун байна. Бид Америкийн конгресст эргэн очсон хойноо төвөдүүд амар тайвнаар шашин, соёлоо дагах үйл хэргийн төлөө дуу хоолойгоо нэмэх болно.”

Америкийн конгрессийн гишүүдийг Тэгчэнчойлинд халуун дотноор хүлээн авлаа
Төвөдийн үндэсний дуу бүжгийн жүжигчид дуу дуулж, бүжив. Энэтхэг, Дарамсала. 2017.05.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Төвөдийн дуу бүжгийн чуулга гартаа цэцэг барин дуулж бүжсэн бөгөөд дараа нь Дээрхийн Гэгээнтний 80 насны ойгоор зохиогдсон дууг дууллаа.

Төлөөлөгч Нанси Пелоси үг хэлэхийн өмнө төвөд хэлээр олон түмэнд мэнд дэвшүүлэв. “Америкийн ард түмний мэндийг та бүхэнд уламжлая. Америкийн хоёр нам Төвөдийн ард түмний хүсэл эрмэлзэлийн төлөө дэмжлэг үзүүлэх болно гэдгийг мэдэгдэж байна.”

“Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бол энэрэн нигүүлсэхүйн төлөөлөл билээ. Тэрээр энэрэн нигүүлсэхүйд итгэсэн өөрийн итгэл найдвараар бидэнд урам өгдөг юм. Та бүхэн өөрсдийн өвөрмөц байдлаа хадгалахын тулд итгэл найдвар дүүрэн байна. Та бүхнийг Төвөд нутагтаа эргэн очихыг хүлээж байна. Бетти Макгуллум болон Жим Макговерн бид Төвөдийн Потала ордонд очсон бөгөөд тэр үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эндээ эргэн ирээсэй гэж хүсэн залбирч билээ. Хэрэв Төвөдүүдэд дэмжлэг үзүүлэхгүй бол бид ёс суртахуунгүй байдалд хүрнэ.”

Америкийн конгрессийн гишүүдийг Тэгчэнчойлинд халуун дотноор хүлээн авлаа
Төлөөлөгч Нанси Пелоси үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2017.05.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Би Хятадад байхдаа та нар гэрэл гэгээ харна гэдэгт итгэлтэй байна гэдгээ хэлсэн юм. Төвөдөд зарим зүйл үнэхээр дутагдаж байна. Зарим хүмүүс Хятадад эрх чөлөөг бий болгоно гэдэг санаанд багтамгүй зүйл гэдэг боловч бид үүнийг зайлшгүй бий болгох ёстой гэж үзэж байна. Бид амжилтанд хүрнэ.”

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд хэлээр үг хэллээ.

“Энд цугласан олон хүмүүс, бага залуу болон ахмад настай лам хуврагууд, мөн энгийн олон ард иргэд, энд ирээгүй ч бусад улс оронд эрх чөлөөгөө эдлэн яваа, мөн айдас, түгшүүртэйгээр эх орондоо амьдран буй бүх төвөд хүмүүст энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Археиологийн олдвороор төвөд хүмүүс Төвөд нутаг орондоо 30,000 гаруй жил амьдарсан, эртний иргэншилийн нэг нь болохыг баталжээ. 1959 онд олон хүн Төвөд эх орноосоо дүрвэн гарч цагаачлах болсон юм. Тэр үед бидний дээр тэнгэр, доор газар байгаа гэдэгт л итгэлтэй байлаа. Бидэнд юу тохиолдож болох талаар урьдчилж тооцохын аргагүй байсан юм. Бид тэр үед айдас түгшүүртэйгээр амьдарч байсан.”

“58 жилийн дараа урд өмнө огт мэдэхгүй, дуулж сонсож байгаагүй хүмүүстэй бид найз нөхөд болсон байна. Хүмүүс зөвхөн улс төр, эдийн засгийн зорилгоор бус, бид ядуу учраас бус, гагцхүү шудрага үнэнд итгэдгийн хувьд бидэнд дэмжлэг үзүүлж байгаа билээ. Үнэн бидний талд байгаа бөгөөд бид хүчирхийллийн замыг сонгоогүй тул Нанси Пелоси болон түүний удирдаж буй Америкийн төлөөлөгчид олон жилийн турш бидэнтэй нөхөрлөж, мөн бидэнд дэмжлэг үзүүлсээр байна. Өнөөдөр Хятадын ард иргэд ч биднийг харилцан ашигтай хэлцэл хийхийг хүсч байгаа гэдгийг улам их ойлгож байгаа билээ. Бид бусдад илэн далангуй болоод энэрэнгүй ханддаг өөрсдийн уламжлалт соёлын ачаар бусдаас дэмжлэг авч байна.”

Америкийн конгрессийн гишүүдийг Тэгчэнчойлинд халуун дотноор хүлээн авлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америкийн конгрессийн гишүүдийг хүлээн авч үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2017.05.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Хүн төрөлхтний тэмцэл нь зэвсэг болон хүчирхийллийн замаар шийдэгдэхгүй. Судлаачдын үзэж байгаагаар 20-р зуунд хүчирхийллийн улмаас 200 сая хүн амь насаа алдсан нь ямар ч эерэг үр дагаварыг авчирсангүй. Төвөдүүд бид өнгөрсөн хугацаанд асуудлыг хүчирхийлийн замаар шийдсэнгүй, цаашид ч энэ замыг сонгохгүй. Бид илэн далангуй бөгөөд шудрага үнэн, хүчирхийллийн бус замыг сонгосон учир хүмүүс бидэнд дэмжлэг үзүүлж байна. Энэрэнгүй үзэл дээр суурилсан энэхүү соёлыг бид Наландагаас уламжилж авсан бөгөөд эдүгээг хүртэл 1000 гаруй жил амьд хадгалж чадсан юм.”

“Наландагийн бүрэн гүйцэд уламжлалыг эдүгээ цагт зөвхөн Төвөдүүд бид хадгалж байна. Үүндээ бид сэтгэл хангалуун байгаад зогсохгүй бусадтай хуваалцах бүрэн боломжтой байгаа билээ. Анх цагаачилж байх үед асар хүнд санагдаж байсан ч энэрэн нигүүлсэхүйн мэдлэгийг дэлхий нийтэд түгээж чадах юм байна гэдгийг бид олж харсан юм. Ингэж төвөдүүд бидэнд шинэ өдрүүд эхэлж билээ. Бидний төлөө бэрхшээлийг сөрөн зогсож буй та бүхний тууштай нөхөрлөл, дэмжлэг бүхэнд гүн талархал илэрхийлэе.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа бидний оюун санаа амгалан байхын хэрээр зөвхөн аз жаргалтай байгаад зогсохгүй бие эрүүл саруул байх болно гэсэн юм. Тэрээр төвөдийн соёл нь дотоод өөрчлөлт дээр төвлөрсөн байдгийг тайлбарлалаа. Энэхүү өөрчлөлт нь мухар сүсэг бус, юмс үзэгдлийн мөн чанар-шүтэн барилдахуйн онолыг хэдий хэмжээнд ухаарснаас шалтгаалдаг гэв. Түүний амьдралдаа хуримтлуулсан бодит туршлага нь төвөдүүд хичнээн гайхамшигтай уламжлалыг хадгалан үлдсэн гэдгийг улам ихээр нотлох болсон хэмээн ярив.

Америкийн конгрессийн гишүүдийг Тэгчэнчойлинд халуун дотноор хүлээн авлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам соёлын хувьсгалын үед эвдэрч сүйдсэн нандин шүтээний хэсгийг Америкийн конгрессийн гишүүдэд танилцуулж байгаа нь. Энэтхэг, Дарамсала. 2017.05.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Төвөдийн Төв Захиргааны Мэдээлэл, Олон улсын харилцааны газрын дарга Дардон Шарлин талархал илэрхийлсний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочдыг дагуулан шатаар дээш гарлаа. Тэрээр эхлээд Дүйнхорын дуганд тэднийг урьсан бөгөөд тухайн үед Намжал дацангийн лам хуврагууд хамба лам Томтог ринбочийн хамт Дүйнхор бурханы хот мандлын хурал хурж байгаатай таарав. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн зочдыг гол дуганд урьж тэнд байх олон бурхадын дүр хөргийг тайлбарлан ярьсан юм.

Мянган мутарт Жанрайсиг бурханыг тэрээр тайлбарлахдаа үүнтэй яг адилхан нандин шүтээн Лхасын Зуу бурханы дуганд залаатай байдаг байсан ч соёлын хувьсгалын үеэр эвдэрч сүйдсэн талаар ярив. Зарим үлдсэн зүйлийг хүмүүс Төвөдөөс авчирч Дээрхийн Гэгээнтэнд өгсөн байна. Мөн Зүглаг Хан дуганы гол шүтээний нэг Бадмасамбхава бурханы дүрийг тайлбарлахдаа 8 зууны үед Төвөдийн Тисрон Дэзан хаан, ловон Шантаракшита, ловон Бадмасамбхава нар Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлэхийн төлөө асар их хичээл зүтгэл гаргасан талаар тайлбарлалаа. Ловон Шантаракшита гүн ухаантан, агуу сэтгэгч, учир шалтгааны ухааны гарамгай мастер байсан тул төвөдийн бурханы шашин эхнээсээ л энэ зарчмыг баримталж байсан талаар ярив.

Тэрээр Бурхан Багшийн талаар дөрвөн ойлголтой явдагаа ярьсан юм. Бурхан Багш бурханы шашныг үндэслэсэн нь мэдээжийн хэрэг бөгөөд үүнтэй зэрэгцэн тэрээр гүн ухаантан, агуу их сэтгэгч, шинжлэх ухаанч байсан гэж үздэг гэв. Иймийн тул Бурхан Багш шавь нартаа миний сургаалыг учир шалтгааны үүднээс сайтар нягталж судалсны дараа хүлээн авах хэрэгтэй гэж зөвлөсөн ажээ. Гол шүтээний хоёр талаар эгнүүлэн залсан олон судрын тухай Нанси Пелоси сонирхон асуусанд Дээрхийн Гэгээнтэн эдгээрээс 100 боть бүтээл нь Бурхан Багшийн айлдсан ном сургаалын эмхэтгэл бөгөөд 225 гаруй хэсэг нь эртний Энэтхэгийн буддын их мэргэдийн сонгодог шаструуд байгаа гэж тайлбарлав.

Дараа нь бүх зочид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өргөөнд түүний хамт цай ууж тухлан саатсаны дараа Дели хотын зүг нисэхээр нисэх буудлын зүг хөдөллөө.
Үзсэн: 2 493
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц