Зүүн Өмнөд Азийн сүсэгтнүүдэд зориулсан номын айлдварын хоёр дахь өдөр

3-09-2017, 03:20  |  Хэвлэх

2017 оны 8 дүгээр сар 30

Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглаг Хан – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг сэнтийндээ заларсан даруй Тайландын лам хуврагууд Мангала судрыг пали хэлээр уншлаа. Өнөөдөр ихэвчилэн Солонгос сүсэгтнүүд дуганы дотор суусан байх бөгөөд Мангала судрыг уншиж дууссаны дараа “Билгүүний зүрхэн” судрыг солонгос хэлээр уншсан юм.

Зүүн Өмнөд Азийн сүсэгтнүүдэд зориулсан номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварын хоёр дахь өдөр эхэлж байна. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.08.30. Гэрэл зургийг Лувсан Гунга (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөөний уншлагыг билиг барамидын ерөөлөөр өндөрлөв.

“Өнөөдөр номын айлдварын хоёр дахь өдөр тохиож байна.” хэмээн айлдвараа эхэллээ.

“Амьд амьтан бүгд зовлон, жаргалыг мэдэрдэг. Бид төрөлхийн зовлонг үл хүсэж, жаргалтай байхыг хүсдэг. Тэгвэл зовлон, жаргал бүгд нөхцөл, шалтгаанаас хамааралтай байдаг юм. Саруул оюун ухаант хүн төрөлхтөн энэхүү нөхцөл, шалтгааныг олж чадах бөгөөд өнгөрсөн, ирээдүйг тодорхойлох чадвар ч бас бий. Бие махбодийн жаргал, зовлонтой харьцуулбал сэтгэл санааны жаргал, зовлон нь илүү хүчтэй бөгөөд илүү нөлөөтэй байдаг нь маш тодорхой байна.”

Тэрээр шашин нь зөвхөн хүний хэрэгцээг хангах хэмжээтэй, адгуус амьтанд шашин гэж байхгүй талаар ярьсан юм. Томоохон шашин бүгд энэрэл хайрын үнэ цэнийг номлодог. Хэдий олон зууны турш шашнууд энэрэл хайрыг номлосоор ирсэн ч өнөөдөр энэрэл хайрыг хэрхэн хөгжүүлэх талаар улам илүү бодох цаг болж байна гэлээ.

“Бурхан Багш айлдахдаа “Өөрөө өөрийнхөө аврагч” гэж айлдсан бөгөөд мөн “Нүгэл хилэнцийг өчүүхэн ч бүү үйлд, буяныг агуу ихээр үйлд, өөрийн сэтгэлийг бүрэн гүйцэд номхоруул. Энэ л Бурханы сургаал мөн” хэмээн айлдсан билээ.”

Зүүн Өмнөд Азийн сүсэгтнүүдэд зориулсан номын айлдварын хоёр дахь өдөр
Номын айлдварт хүрэлцэн ирсэн сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.08.30. Гэрэл зургийг Лувсан Гунга (ДЛО)
“Бид оюун санааны сахилга бат сахиагүйн улмаас зовж байна. Тиймээс сахилга батгүй оюун санааг бид засах хэрэгтэй. Барууны зарим эрдэмтэд надад “Буддизмд шашинлаг талаасаа илүү шинжлэх ухаанч тал нь илүү их байна” гэж хэлж билээ. Бурханы шашин нь оюун санааг өөрчлөхдөө ерөөл залбиралаар бус, судалж шинжилсний үр дүнд догшин муу сэтгэлийг арилгах ёстой гэж номлодог тул тэдний зөв байж болох юм. Сөрөг сэтгэл хөдлөл аяндаа төрж байдаг, харин хүчин чармайлт гаргасны үр дүнд их энэрэнгүй сэтгэлийг төрүүлдэг юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа бурханы шашнаас бусад Энэтхэгийн шашны олон уламжлалд ч сэтгэл төвлөрөлийн гэх мэт арвин туршлага байгаа гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэрээр иогч нар дотоод биеийн илчийг хөгжүүлж Гималай уулын өндөрт амьдардаг тухай сонссон байна. Дээрхийн Гэгээнтэн тэдэнтэй уулзаж тэдний туршлагыг судлах зорилгоор Хүмб Мела баярт оролцохыг хүссэн боловч цаг агаарын улмаас очиж чадаагүй ажээ.

“Би хаашаа ч явсан сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах талаар хүмүүст зөвлөсөөр байгаа. Энд цугласан номын ахан дүүс минь, бид дэлхий дахинд амар амгаланг түгээж чадна. Гэвч үүнд хүрэхийн тулд бурханы шашныг хөгжүүлэх бус, нэг нэгэндээ сөрөг сэтгэл хөдлөлөө арилгах арга замыг зааж өгснөөр үр дүнд хүрэх болно.”

Зүүн Өмнөд Азийн сүсэгтнүүдэд зориулсан номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын хоёр дахь өдөр Буддапалита номыг үргэлжлүүлэн тайлбарлав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.08.30. Гэрэл зургийг Лувсан Гунга (ДЛО)
Буддапалита номыг үргэлжлүүлэн тайлбарлахдаа тэрээр хутагт Нагаржуна “Билгүүний үндэс” номондоо хоосон чанарыг бүрэн гүйцэд тайлбарлахыг голчилж анхаарсан юм гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номыг үзэж судлахдаа эхлээд 26-р бүлгийг судлах хэрэгтэй гэв. Учир нь энэ бүлэг уг номын ерөнхий утга буюу мунхаг нь зовлонгийн үндэс болохыг пали уламжлалтай адилхан тайлбарласан байна. Харин үүнийг хэрхэн арилгах талаар 18, 24-р бүлэгт тодорхой гаргадаг. Мөн энэ бүлгүүдэд буддын гүн ухааны сэтгэл төдийтөн болон төв үзэлтэн нарын харилцан мэтгэлцээнийг тодорхой гаргадаг ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тасралтгүй уншсаар эхний бүлгийг өндөрлөсөн юм. Номын айлдвар маргааш үргэлжилнэ.
Үзсэн: 2 028
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц