Салваны сургуульд бүх нийтийн үнэ цэнийн тухай ярьлаа

20-11-2017, 04:27  |  Хэвлэх

2017 оны 11 дүгээр сар 18

Энэтхэг, Шинэ Дели – Өчигдөр үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотоос Дели хотод хүрэлцэн ирэв. Өнөөдөр тэрээр Ражиндер Нагар дахь Салваны дунд сургуульд урилгаар илтгэл тавина.

Сургууль дээр түүнийг угтахын тулд төвөд хэлээр тавтай морилохыг хүссэн том тууз, мөн тайзны дотоод чимэглэлийг төвөд маягаар зассан байлаа. Үүний зэрэгцээ сурагч хүүхдүүдийн бэлдсэн сургуулийн танилцуулга олон янзаар байв.

Салваны сургуульд бүх нийтийн үнэ цэнийн тухай ярьлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Салваны сургуульд хүрэцэн ирж сурагч хүүхдүүдтэй мэндэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.11.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтнийг урин хотын иргэдийн хурлын гишүүн Кирпал Синх үг хэлэхдээ түүнийг энэрэл хайрын бэлгэ тэмдэг, дэлхийн оюун санааны удирдагч, ардчилалыг тууштай дэмжигч хэмээн тодорхойлсон юм. Тэрээр сурагч хүүхдүүдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг анхааралтай сайн сонсохыг зөвлөөд 1997 оноос хойш 20 жилийн дараа уулзаж байгаадаа эцэг эх, багш, ажилчдын өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Хүндэт ахан дүүс минь!” хэмээн тэнд цугласан багш нар, ажилчид, эцэг эхчүүд, мөн сурагч хүүхдүүдтэй мэндэллээ.

“Хүүхэд залуучууд та нартай энд уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Мөн ирээдүй хойч үеийн залуучууд та нартай уулзаж байгаа минь нэр төрийн хэрэг билээ. Би өнгөрсөн зууны хүн бөгөөд миний аав ээж, миний багш нар, мөн олон найз нөхөд минь аль хэдийнээ насан эцэслэсэн юм. Гэвч хүүхэд залуучуудтай уулзах бүрт надад эргээд залуу болсон мэт санагддаг. 21-р зуун эхэн үедээ явж байна. Та нар энэ зууны хүмүүс мөн. Илүү амар тайван, энэрэнгүй эрин зууныг бий болгох үүрэг хариуцлага, боломж та бүхэнд бий. Миний үеийн олон хүмүүс ийм цаг үеийг үзэж чадахгүй ч та нар хийж чадна гэдэгт бид итгэж, найдаж байна.”

Салваны сургуульд бүх нийтийн үнэ цэнийн тухай ярьлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Салваны сургуульд бүх нийтийн үнэ цэнийн талаар илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.11.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Манай дэлхий маань улам л өөр хоорондоо уялдаа холбоотой болсоор байна. Хуучин бид зөвхөн “миний гэр бүл, манай улс орон” гэдэг байсан бол өдгөө өргөн хүрээнд дэлхий дахинд, эдүгээ амьдран буй 7 тэрбум хүний төлөө бодох хэрэгтэй болж байна. Бид бүгдээрээ амар тайван, эв найртай амьдарч чадвал бидэнд л ашигтай. Бид дэлхий дахины хэмжээнд бүх нийтийн үнэ цэнийн талаарх ойлголтыг нэвтрүүлэх хэрэгтэй. Ингэхгүй зөвхөн өөрийгөө бодоод суувал айдас, хардалт, стресс нэмэгдэж, үүний улмаас нэг нэгэндээ итгэл алдарч, цаашлаад хүчирхийллийг дуудах болно. Нийгмийн амьтдын хувьд бидэнд найз нөхөд хэрэгтэй. Бидний эргэн тойронд олон найз нөхөд маань байвал бид аюулгүй бөгөөд амар тайван байж чадна. Тийм учраас би хүн төрөлхтний нэг хэсэг гэсэн ойлголт дээр үндэслэн бүх хүн төрөлхтний төлөө гэх сайхан сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй билээ.”

“Би хүмүүстэй уулзах бүртээ өөрийгөө тэдэнтэй адилхан хүн гэж боддог. Би өөрийгөө онцгой, өөр нутгаас ирсэн, өөр соёлтой гэж огт боддоггүй. Тэр бүү хэл би өөрийгөө цорын ганц Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гэж ч боддоггүй. Бид бүгдээрээ адилхан. Бид бие махбодь болон оюун санаа, сэтгэл хөдлөлөөрөө адилхан. Бид хоёр дугаар түвшний ялгаанд анхаарлаа хандуулаад байвал асуудал л үүсэх болно. Нэгэнт хүн төрөлхтөн энэрэнгүй мөн чанартай учир энэрэнгүй сайхан сэтгэл дээр илүү их анхаарч чадвал бид улам л аз жаргалтай болох болно.”

Салваны сургуульд бүх нийтийн үнэ цэнийн тухай ярьлаа
Салваны сургуулийн сурагчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.11.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Материаллаг хөгжил хэдий сайн байгаа ч дэлхийн олон газарт ёс суртахууны үнэ цэнийг үнэлээгүйн улмаас аймшигт гэмт хэргүүд гарсаар байна. Шашин ч тэмцлийн шалтгаан болж байна. “Бид” ба “тэд” гэсэн бодол нь талцал, хуваагдлыг улам их өдөөж байна. Орчин үеийн боловсрол аз жаргалтай, амар тайван дэлхийг бий болгоход хангалттай биш байна. Дотоод сэтгэлийн талаарх ойлголтыг үүнд оруулснаар нөхцөл байдлыг өөрчлөх боломжтой болно. Сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах талаар заасан эртний Энэтхэгийн сэтгэл судлаач нарын үзэл нь аз жаргалтай хувь хүн, гэр бүл, амар тайван улс орон, цаашлаад аз жаргалтай эх дэлхийг бүрдүүлэхэд чухал үнэтэй хувь нэмэр оруулах болно.”

Тэрээр хүн төрөлхтний үнэ цэнийг хөгжүүлэхийн төлөө өөртөө үүрэг хүлээн ажиллаж байгаа талаар ярьлаа. Мөн шашин хоорондын эв нэгдлийн төлөө ажиллаж байгаа талаар дурдаад Энэтхэг орон дэлхийн томоохон шашнууд эв найртайгаар зэрэгцэн оршиж болохын томоохон жишээ болж байгаа тул урам зоригтой байдаг гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа Энэтхэг улсад сэтгэл төвлөрөл болон судлан бясалгах арга замыг олон уламжлал дагадаг нь сэтгэл судлалын талаар нарийн ойлголттой байгаагийн шинж юм. Эдгээрийг хөгжүүлж чадах аваас аз жаргал, амар тайван байдлыг олох ба энэ нь өнөөгийн цаг үед чухал холбогдолтой гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэрээр биеийн эрүүл мэндийг сахидагтай адил сэтгэлийн эрүүл мэндийг ч сахих шаардлагатай гэлээ.

Салваны сургуульд бүх нийтийн үнэ цэнийн тухай ярьлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Салваны сургуульд бүх нийтийн үнэ цэнийн талаар илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.11.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг сэргээх тал дээр үүрэг хүлээн ажиллаж байгаа талаар дурдсан юм. Энэхүү ажлыг өргөн хүрээнд явуулахын тулд Наландагийн уламжлалыг судалж буй Өмнөд Энэтхэгийн буддын гүн ухааны хийдийн мэргэшсэн лам нарыг англи, хинди хэл суралцуулж байгаа ажээ.

“Түүхэн талаасаа төвөдүүд бид Энэтхэгийг багш, өөрсдийгөө тэдний шавь гэж үздэг. Олон мянган жил салшгүй явж ирсэн эртний Энэтхэгийн мэдлэг боловсрол төрөлх орондоо мартагдаж, харин Төвөдүүд бид өнөөг хүртэл амьд хадгалж ирсэн билээ. Үүгээрээ бид сайн шавь гэдгээ харуулж чадсан.”

“Материаллаг соёл, материаллаг амьдрал нь олон асуудал, сэтгэл ханамжгүй байдлыг авчирдаг нь нэгэнт тодорхой байгаа тул бид өөр арга зам хайх хэрэгтэй. Оюун санаа хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх эртний мэдлэг боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулж чадвал илүү амар тайван, энэрэнгүй дэлхийг бий болгож чадна гэдэгт би бүрэн итгэдэг.”

Асуулт хариултын үеэр уур хилэн, үзэх ядах гэх мэт муу сэтгэлийг хэрхэн арилгах тухай тайлбарлаж энэ нь ахархан бодол, амин хувиа хичээснээс үүдэлтэй гэдгийг ярив. Тиймээс өдөр бүр үүнийг арилгахыг хичээх хэрэгтэй гэлээ. Байгал хамгаалах талаар ярилцахад чөлөөт ертөнцийн тэргүүлэгч орон Америк улс Парисын гэрээнээс татгалзсанд сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэв. Мөн дэлхийн олон газарт баян, хоосны ялгаа улам их гарч байгааг тэмдэглэн хэллээ.

Тэрээр яриагаа төгсгөхдөө 20-р зуун хүнд цаг үе байсан бол 21-р зууны залуучууд чиг хандлагаа өөрчилж, сайн сайхныг хүссэн дан ганц мөргөл залбиралд найдалгүй бодитой алхам хийж эх дэлхийгээ амар тайван, аз жаргалтай гариг ертөнц болгох хэрэгтэй гэсэн юм.

Талархалын үг хэлэх үеэр сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтний зөвлөгөөг дагаж үзэн ядах, уурлах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөө арилгаж, хүнлэг энэрэнгүй байх болно гэж амлаж байлаа.

Хүүхдүүдийн эцэг, эхчүүд Дээрхийн Гэгээнтан Далай Ламыг буцах замын хоёр талаар жагссан байв. Тэрээр эцэг, эхчүүдтэй гар барьж, олон хүмүүстэй зургаа татуулсан юм. Тус сургуулиас хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн дурсгалын мод тарив.

Салваны сургуульд бүх нийтийн үнэ цэнийн тухай ярьлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн ерөнхий сайдын орлогч асан Л.К Адвинтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.11.18. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)
Тэрээр буцах замдаа хуучин анд Л.К Адванигийн гэрт зочиллоо. Л.К Адвани нь 2002-2004 оны хооронд Энэтхэгийн ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан бөгөөд энэ сарын эхээр 90 насны ойгоо тэмдэглэсэн байна.
Үзсэн: 1 252
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц